Монгол орны ихэнх нутаг энэ зун гандуу байв. Тэр дундаа Баянхонгор аймгийн 60 хувь нь гантай, 30 хувь нь гандуу, тавхан хувь нь зуншлагатай, өвөл, хавар хүндрэх нь нэгэнт тодорхой болсон тул мал, малчид халуун зунаар өвс ургамал, усны эрэлд гарсан. Мал, малчид хамгийн хүнд нөхцөлд байгаа газар бол Баянхонгорын говийн сумууд. Тиймээс байдал ямар байгааг сурвалжлахаар зориод, ирлээ.
Бөөнцагаан нуурандаа залбирдаг Баацагаан нутгийнхан ямархуу байгааг, туурайн зудаас урьтаж малаа хэрхэн цөөлж, бойлж буй талаар өмнөх дугаартаа бичсэн. Харин энэ удаа малаа онд оруулна хэмээн зүтгэж, оторт гарсан малчдын нөхцөл байдал ямар байгааг хүргэе.
Алдарт Их Богд уулаа түшсэн Богд сумынхан ч амаргүй зун, намрыг үдэж, хүндхэн өвөл, хаврыг сэтгэл түгшин угтаж буй аж. Говийн сумуудынхны нэгэн адил Богдынхон ч малаа цөөлж, хэдэн зуу, мянгаар нь борлуулж байгаа гэнэ. Харин Богд сумын IV багийн малчин Б.Баатарцогтынх юу юугүй хотоо харлуулж төвдсөнгүй, мянгаад малынхаа 20-30 хувийг борлуулж, үлдсэн 700 орчим бог, хэдэн адуугаа туугаад бэлчээр хайн нутгаасаа хайлган намраар гарчээ.
Эхнэр, нөхөр хоёулхнаа малаа малладаг учраас аймаг алгасан хол нүүсэнгүй. Аймаг алгасаж хол явахад зардал сүйтгэл нь их тул тэд аймгийнхаа Өлзийт сумын нутаг, Шаргалжуутын рашааны доод бие, Номгон хайрхны өврийг зорьсон байна. Өндөр настай ээж нь тэнд цөөхөн малтайгаа арав гаруй жил нутагласан, өөрийн гэсэн өвөлжөөтэй, бас тэр хавь ам дүүрэн хазах элбэг биш ч арай өл алдуулчихгүй өвстэй учир ийшээ зүтгэсэн юм санж. Есдүгээр сард нутгаасаа гарсан тэднийх малаа хөлөөр нь тууж ирсэн тул замдаа хэд хэд буудаллаж, сар шахмын дараа сая өвөлжих газраа иржээ.
Нутгаасаа олигтой гэр бараа авч гараагүй, аягүйдвэл өөр тийшээ нүүнэ гэсэн нөөц төлөвлөгөөтэй Б.Баатарцогтынх энэ хавьдаа хоног төөрүүлж, хавартай золгохоор нэгэнт шийдсэн тул аймгийн төвөөс айлын гэр авчирч барин, арай тухтай өвөлжихөөр шийдээд байхад нь бид очжээ. Эзэгтэй С.Байгальмаа гэр орноо янзлаад ид ажилтай байсан ч оторт яваа малчдын нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар явааг минь сонсоод уриалгахан гэгч яриа дэлгэв.
С.Байгальмаа: ХҮҮХДЭЭ МАЛ ДЭЭР ГАРГАЖ ЗОВООХГҮЙ ЮМ ШҮҮ ГЭЦГЭЭЖ БАЙНА
-Өвөлжөө тавлаг уу. Нутгаасаа гараад шууд наашаа ирэв үү?
-Сайхан өвөлжиж байна гэж хэлэхэд хэцүү л байна. Манайх Зүүн Богдын айл. Нутагтаа өвөлжихийн аргагүй болоод, арга ядраад явж байна. Богдод хүн бүл муутай хэдхэн айл л үлдсэн. Бүл чадалтай нь мал хуйгаа ачаад хэдэн аймаг алгасаад явсан. Бид хоёр шиг ингээд аймаг дотроо сум дамжиж яваа нь ч олон.
Манайх есдүгээр сарын дундуур нутгаасаа гарч, сар шахам нүүлээ. Говьд ямар ч идэшгүй болохоор замд буудаллаж хонохын аргагүй, мал тонгойх юмгүй говийг гурав хоног туулж, Өлзийтийн нутгийн захад малаа амрааж хэд хонолоо. Сайндаа ч биш, тэнд адуугаа алдаад, 14 хоног хайж, аараг дунд, хүнд харагдах аргагүй нуугдмал газар оччихсон байсныг нь арай гэж олсон. Өөрсдөө тийшээ ороогүй, хүн шахаж оруулсан болов уу. Бид ийш тийш хэл сайн дуулгаж, мэдээлэл өгсөн болохоор шахсан хүн нь гаргаж чадахгүй хараад сууж байсан байх гэж таасан. Иймэрхүү адал явдалтай явж ирлээ.
-Малчид хэд хоног, хэдэн сар нүүдэллэж зорьсон газраа очиж байна. Гэтэл дамжин өнгөрч буй нутгийнхан нь хоноглуулахгүй хөөж туудаг гэсэн. Танайх гайгүй явж ирсэн үү. Энд хэр идээшиж байна?
-Харин тэгдэг гэнэ. Оторт яваа айлууд малаа хөлөөр нь туухгүй, өчнөөн зардал гаргаж том машинд ачаад байгаа нь нэг талаар тууврын замд хөөгдөж, үйлээ үзэхээс залхсаных шүү дээ. Манайх бас ч гэж аймаг дотроо яваа болохоор зам зуур таньдаг айлуудаа бараадаж буугаад, тийм зовлон бага үзлээ.
Энд ээжийн өвөлжөөнд буусан болохоор ойр хавийнхан юу юугүй, байж суух аргагүй болтол хөөх нь гайгүй. Гэхдээ л мал жаахан хоолтой газар луу явах гэхээр ийшээ явж болохгүй, тийшээ явж болохгүй гээд байдаг. Өвөлжөө нь ойр ойрхон болохоор нэг айлд ногдох бэлчээр нь бага. Бараг нэг айлын өвөлжихөөр газар 3-4 өвөлжөө байх юм. Цөөхөн малтай тулдаа л болдог улс бололтой. Манайх уг нь малаа нэлээд цөөлсөн. Мянгаад малаас 600-700-г л авч үлдээд байгаа. Тэгсэн хэр нь л яасан олон малтай юм бэ гэж ад үзэгдээд, мал явах, бэлчих газар олдохгүй царайтай болж байна.
Манай малчин хэд хоногийн өмнө хонь хариулж яваад хажуугийн өвөлжөөний эзэнтэй хэрэлдчихээд ирсэн байсан. Хөөгөөд хашхичаад байхаар нь эхлээд дуугүй л байлаа, сүүлдээ янз янзаар хэлээд дуугүй болохгүй болохоор нь хэрэлдчихлээ гэсэн. Тэгээд одоо хүн ирээд янз бүрийн юм яривал юу гэж хэлэх вэ гээд л бэлдээд суудаг. Хөөгдөж туугдсан ийм газар сэтгэл тэнэгэр байх цаг хором ч алга. Мотоцикл дуугарахаар “Яана аа, мал хөөж байна уу, хэн хөөх гэж яваа бол” гэж бодогдох юм.
Дассан нутгаасаа хол, хүний нутагт иймэрхүү байдалтай байхаар сэтгэл ч тогтохгүй, амьдрал улам хүнд санагддаг юм байна. Өвлийн хоёр, гурван сарыг авчихвал бушуухан нутаг руугаа буцах юм сан, цаг хурдан наашилж ногоо гараасай гэхээр манай хүн “Өвөл эхлээгүй байхад буцна гэлээ. Ойрхон бол юу юугүй ачаалаад хөдлөх нь” гээд шоолж суудаг юм. Нээрэн, өвөл ч эхлээгүй байдаг, хэзээ ч гарах ногоо юм. Лав дөрөвдүгээр сараас наашгүй дээ гэж яриад эзэгтэй санаашран дуугүй болов.
ОТРООР ЯВАА ХҮМҮҮСИЙГ ЗОДОХ, ГЭРИЙГ НЬ НУРААХ, МАЛЫГ НЬ ХӨӨХ, ХУЛГАЙЛАХ ЯВДАЛ ХАВТГАЙРЧЭЭ
С.Байгальмаагийн ээж, өвөлжөөний эзэн Ц.Нацаг гуай Өлзийт сумын V багт шилжиж ирээд арав гаруй жил болжээ. Угаасаа олон малгүй тэрбээр шөлний цөөхөн бог авч үлдээд хэдэн малаа борлуулж, төв бараадсан аж. Хүргэнийдээ түр ирээд буй Ц.Нацаг гуай охиныхоо тавгүй байгааг хараад санаа нь чилэв үү гэлтэй болсноо,
-Манай нэг хүргэнийх Зүүн Богдод байгаа. Бас л мал идэх юмгүй хэцүүдлээ, нүүе гэхээр очих газар байхгүй гэж үглээд байна. Юу ч хийж чадахгүй хэрнээ яадаг билээ гэж бодож, сэтгэл зовсоор байгаад ядарчих юм. Энд хэдий тийм тэнэгэр сайхан биш ч холын аймгууд руу явсан заримтайгаа харьцуулахад бас ч гэж жаргалтай байгаа шүү хэмээв. Охин нь ч ээжийнхээ сэтгэлийг зовоосондоо гэмшив бололтой, бушуухан шиг “Тийм, тийм” хэмээн толгой дохиод,
-Манай уулнаас хоёр айл Дорнод руу явсан. Тэднийхэн бүр хэцүү байгаа гэнэ билээ. Долдугаар сарын 20-доор нүүснээсээ хойш гэрээ ч тухтай барьж чадаагүй, байнга хөөгдөж, туугдаж яваа гэсэн. Зүүн аймгуудад малын идэш барж идэхээргүй юм гэнэ. Тэгээд юундаа тэгж хөөдөг юм, зүдэрч яваа улсыг сэтгэл амар ганц хонуулчихгүй их л зовоодог сурагтай. Малыг нь хааш нь хамаагүй хөөдөг, сэм тасдаад аваад явчихдаг, асууж сураглахаар хэлж өгдөггүй, 20 хонь алдчихаад олоогүй л гэсэн. Баахан архидсан хүмүүс л байдаг юм байх. Буриадууд гэдэг чинь зоригтой ч улс байдаг бололтой, юм л бол зодох гэж үздэг, алахгүй л бол дээд нь тэр гэх шив. Цагдаатай, юутай ийтэйгээ ч ирдэг гэнэ вэ, гэр орныг нь нурааж, хэмхчдэг юм байх. Найз маань утсаар ийм л юм ярьсан. 1500-2000 км явж, 10-20 сая төгрөг зарж тийшээ нүүж очсон хүмүүс шүү дээ. Малаа ачиж явсан юм. Малынх нь зарим нь замдаа дарагдаж үхээд, машины зардалд өчнөөн мөнгө өгөөд арай гэж очсон газраа тийм байдалтай байна гэхээр хэцүү еэ. Тэднийх нэгдүгээр ангийн хүүхдээ сумынхаа сургуульд оруулсан байснаа сая ирээд аваад явсан. Нялх амьтан ээж, аавыгаа санаад яаж байж чадах вэ дээ. Тэнд хүүхдээ хичээл сургуульд өгнө гэж байхгүй.
Өөр нэг найзынх маань зунжингаа машинаар отор хийсэн. Туувар тууж явна гээд машиндаа хоноглоод явахаар хөөх нь арай бага байдаг. Гэр баривал хөөгөөд байлгадаггүй байхгүй юу. Тэр хоёр “Гэр оронтой байгаад ч хэрэг алга. Машинд зуслаа. Гэр орондоо аятай тухтай амьдарч чадахгүй ингэж явах шиг утгагүй амьдрал байх уу. Хүүхдүүдээ ингэж амьдруулах гээгүй л бол мал дээр гаргахгүй юм шүү” гэж үглэж байна билээ. Манайхыг наашаа нүүх үед манай тэндхийн нэг айл бас наашилсан юм. 200 гаруй км газар малаа туугаад арай гэж малын жаахан идэштэй газар иртэл тэр хавийнх нь айлууд дор нь буцаагаад хөөсөн байна билээ. Монгол хүн байна даа, тэр холоос, хоол ундгүй явж ирсэн хүн, малыг ядаж 2-3 хонуулж, амраагаад явуулдаг байгаа даа. Тэгээгүй гэдэг шүү. Хүмүүс мөн ч хатуу болсон байгаа юм шүү. Морьтой залуус малыг нь туугаад сумынхаа нутгаас гаргаж, бүр Богдын Хүрмэнээс цааш гартал хөөсөн гэсэн. Тэр айл нутагтаа буцаад очсон, хоосон газар хэцүү л байгаа сурагтай гэв.
Б.Баатарцогт: ЭВЭЭР ҮЗЭЭД БОЛОХГҮЙ БОЛ ЭРЭЭР ҮЗНЭ
Биднийг ийн яриа өрнүүлж суутал өрхийн тэргүүн орж ирлээ. Эзэгтэй “За яав, адуугаа усалж чадав уу” гэхэд нөхөр нь “Усаллаа, усаллаа. Нөгөө юмаа Дэрмээд өгөөд, хэдэн адуугаа ханатал сайхан усаллаа. Цаадах чинь Ооёогийнд очиж шараа тайлна гээд л явсан” гэхэд хадам ээж нь хажуугаас “Хаваржаанд нь ойрхон байдаг юм, Дэрмээд өгсөн нь дээр ээ” хэмээн хүргэнээ дэмжив.
Гэрийн эзэгтэй “Энэ нутагт хоног хороох гэж нэлээд юм үзэх шинжтэй. Захынх нь хүн архи нэхэх юм. Манай хүн адуу малаа услахын тулд өдөр бүр нэг шил архи өвөртлөөд гардаг. Тийм юмаар л тал засаж, хоног өдрийг авч байна. Архи өгөөд, манай малыг харж байгаарай гэж захихгүй бол хааш нь ч хамаагүй хөөнө. Арай гэж байрангаа олж, тогтож байсан газраас нь хөөхөөр угаасаа идэш хоол багатай газраас адуу хаашаа ч хамаагүй, ойр тогтохгүй явчихдаг. Түүнээс нь айгаад энэ хавийнхныг архиар аргадна. Гэрт нь очвол боов, чихэр аваачиж өгнө. Юм аваачиж өгөхгүй л бол болохгүй. Нутаг буцтал хэдэн шил архи, хэчнээн төгрөгийн зардал гарах юм бүү мэд. Арга барагдахаараа “Архи өгсөөр муу зан сургачихаж” гэж ээжийг аашлаад, хэдэн малаа хөөлгөчихгүйн тулд байдгаа шавхаж авдар авдар архи аваад л сууж байна” гэв.
Харин ээж нь “Үхлээ шүү эгч минь, шар тайлж өг гээд л ороод ирдэг юм. Би бас хүний арга аргалж суудаг хүн шүү дээ” гэснээ нэгийг санав бололтой “Дэрмээгийн хаваржаа гайгүй идэштэй шүү. Цаадахтайгаа тохирч байгаад зохих хөлсийг нь өгөөд тэнд буувал хэд хоног өнгөрөөнө дөө. Тийшээ буух болбол Туукааг бас аргадах хэрэгтэй болно. Тэдний худгаас малаа усална шүү дээ” гэлээ.
Гэрийн эзэн “Энд тэндээс ирсэн айлууд малаа услахаас эхлээд бүх зүйл нь асуудалтай юм. Хэд хоногийн өмнө худаг дээр очтол өөр нутгийнх бололтой нэг хөгшин малаа услах гээд ирчихсэн, нутгийн залуучууд малыг нь нүдэж хөөгөөд услуулахгүй байсан. Тэр хөгшин малаа усалж чадаагүй явсан, хэцүү л харагдана лээ.
Энэ жил өвөлжөө түрээслэх гэдэг том бизнес бий боллоо. Өөрөө өвөлждөг ч бай, үгүй ч бай, жаахан нөмөртэй хонд бүрийг манайх гээд, энд тэндээс ядарч ирсэн улсаас түрээс нэхэх юм. Энд манай нутгаас л арай дээр байгаагаас биш мал бүтэн өл авах идэш байхгүй шүү дээ. Тэгэхэд л хүмүүс айл өвөлжих аргагүй шахам хондыг 2-3 саяар түрээсэлнэ гээд сууцгааж байна. Мөнгө өгөөд буулаа гэхэд мал тааваараа яваад идэх бэлчээргүй, ойр хавийнхан нь бас манай бэлчээр, танай бэлчээр гээд амар байлгахгүй.
Тэгэхээр бэлчээр биш, гэрийн буйраа түрээсэлсэн болж байгаа биз. Өчнөөн мөнгө өгчихөөд малаа хөөлгөөд байхаар ямар хэрэг байх вэ. Буух буудал, бэлчээрээ аргаллаа гэхэд худаг усны асуудал гарч ирнэ. Нэг айлаас өвөлжөөг нь түрээслээд буулаа гэхэд ойр хавийнхан нь худгаасаа мал услуулахгүй. Тэгэхээр тэр хавийнхныг бүгдийг нь аргадаж, эвийг нь олох гэдэг амаргүй ажил гарч ирж байгаа юм. Цаг агаар, байгаль дэлхий таагүй болохоор стресс бухимдал ч нэмэгддэг шиг. Хүмүүс шалтаг л гарвал зодолдох гээд байна шүү. Талбиун сайхан байвал юу юугүй хэрүүл зодоон хийхгүй.
Манайхыг нутгаас гарахад нэг нөхөр маань “Хүний нутагт явах хэцүү. Нутгийн хүмүүс хэд хэдээрээ ирж хөөнө. Харж байгаад аль гайгүй хөдөлгөөнтэй, толгойлогч нь бололтойг нь барьж аваад нүдчих. Хэд хэд нүдчихээр нөгөөдүүл нь юм ярихаа болино, тэгж л дардаг юм даа” гэж захисан. Малчин залуус ийм л бодолтой. Тиймээс хаа сайгүй зодоон нүдээн болж байна. Цаашид ер нь юу ч болж мэднэ шүү. Бэлчээр үнэхээр том асуудал боллоо.
Би ч гэсэн “Эвээр үзээд дийлэхгүй бол эрээр үзэхээс аргагүй” л гэж бодож сууна. Ямар ч байсан цаг, ногоо наашилтал эндээ байна, буцаад нүүнэ гэж байхгүй. Тэр болтол хэдэн шил архи, хэдэн төгрөгийн зардал гарах юм мэдэхгүй. Одоохондоо архи дарс өгөөд, эвээр үзэж байгаа. Эвээр үзээд болохгүй бол эрээр үзнэ дээ” гэв.
Түүний яриаг сонсож суусан хадам ээж нь “Хойтон бие биенээ хөөх юмгүй, бүгдээрээ айл буучихаад нэг их сайхан зантай хүмүүс байцгаах биз. Одооны малчид айл аймаг нутаглахаа больсон шүү дээ. Олон малтай учраас олон айл нэг дор байх ч аргагүй юм. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг үг бүр өнгөрсөн. Энэ бүхнийг эв гавд нь оруулах гэж ингэж байгаа юм” хэмээлээ.