УИХ-ын гишүүд эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгууллаа. Тодруулбал, тус бүлэг нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ажиллах аж. Тус лобби бүлэгт Ж.Чинбүрэн, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд нэгдсэн юм.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт даатгалаараа өөрийн сонгосон эмч эмнэлэгт үзүүлэх эрхтэй болох, улсын эмнэлгүүдийн ачаалал дараалал хүлээгдэл буурах, хөнгөлөлттэй үнээр эм олгох, эмийн үнэ хөнгөлөх төсөв мөнгө хуваарилахгүй, рашаан сувилал эмчилгээний нэг хэсэг тул хасаагүй, өндөр үнэ өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалын санхүүжилтэд хамруулдаг бодлогыг хэвээр үлдээх зэрэг өөрчлөлтүүдийг хийнэ гэлээ.
Тус лобби бүлэг 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд:
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх,
- “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх,
- Нийгмийн эрүүл мэндийн салбарын өвчин болон нэвчиж, олон талын урхагт үр дагаврын уг шалтгаан болсон архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах
- Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, ажиллагсад иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэргээр ажиллах байна.