УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан уржигдар болж, Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрдэг ч төвийн бүсийнхэнд хангалтгүй байна. Тодруулбал, тус улсын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй 8000 орчим монгол иргэнд консулын газрын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай. АНУ-ын Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газарт долоон хүн ажиллаж буй бөгөөд үүнээс гурвыг нь Чикаго хотод шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн” гэв. Гэхдээ улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүй аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх юм.
“АЙЛЧЛАЛААС ӨМНӨ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ”
Гадаад харилцааны сайд дараа нь Монгол, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д ирэх сарын 10-11-нд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөнтэй холбогдуулан уг төслийг хэлэлцэж буй аж.
Д.Цогтбаатар сайд “УИХ-ын даргын айлчлалын өмнө энэ тогтоолыг батлах нь нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Гуравдагч хөршийн худалдааг дэмжихэд ч чухал түлхэц болно. АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй буйн илэрхийлэл болно. Үүний зэрэгцээ Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Гадаадад ажиллаж буй иргэдтэйгээ ямар холбоотой байдаг вэ. Аль нэг орны Ерөнхий консулын газарт ихэвчлэн ямарваа нэгэн асуудалтай тулгарсан хүмүүс ханддаг болов уу. Тухайн улсдаа олон жил ажиллаж, амьдраад хөлөө олчихсон хүн цөөнгүй бий. Тэд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор төрийн бус байгууллагыг АНУ-д нээсэн юм билээ. Ийм хүмүүстэй хамтрах тухай гэрээ байгуулан, итгэл хүлээлгэж, ажил хариуцуулах боломж байдаг уу. Чадвартай хүмүүст төрийн ажил даалгах нь улсын хөгжилд нөлөөлнө” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Гадаадад ажилладаг дипломат төлөөлөгчтэй холбоотой асуудлыг шуурхай шийддэг болох шаардлагатай. Дипломат албаныхан улсынхаа нэрийг унагасан тохиолдол байгаа. Ямар нэг хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүх байгууллага нь шийтгэж чаддаг юм уу. Түүнийгээ заавал гадаадын хуулийн байгууллагаар шалгуулна гээд зарлаад байх шаардлагатай юу” гэхэд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр “Төрийн байгууллагын албан хаагчдыг цөөлөх хэрэгтэй. Асуудлын гол нь энэ. Дипломат албаныхан хаана, юу хийж яваагаа мэдээлдэггүй. Манай албаны хувьд сахилгын болон ёс зүйн дүрмээ шинэчилсэн. Хар тамхи зөөвөрлөж байгаад баригдвал үүрэгт ажлаас нь шууд хална. Албан тушаалын тодорхойлолтоо ч Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан. Дипломат албаны шалгалт өгөөгүй хүнийг гадаадын оронд ажиллуулахгүй байхаар тусгасан. Түүнчлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд анхаарч, буруутай хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа” гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг батлахыг дэмжив.
ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ЭМХЭТГЭХ, СУРГАЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫНХАНТАЙ ХАМТАРНА
ГХЯ-ныхан өнгөрсөн оны ажлын тайлангаа танилцууллаа. Улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх, эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанад дахь монголчууд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах ажлыг өнгөрсөн онд идэвхтэй хэрэгжүүлсэн гэж сайд нь тодотгов. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар байснаас экспорт долоо тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Харин 2019 онд үүнийг ахиулж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 13.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрсэн аж. Экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 607.9 сая ам.доллар буюу 8.7, импорт 252.6 сая ам.доллар буюу 4.3 хувиар өсөж, гадаад худалдааны тэнцэл 1.49 тэрбум ам.долларын ашигтай гэсэн тооцоо гаргажээ.
Түүнчлэн Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг талууд хугацаагүйгээр байгуулж, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан өнгөрүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах зэрэг асуудлыг шийдсэнээ онцлов. Мөн тэрбээр хилийн чанадад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн, мэргэшсэн түвшинд хэрэгжүүлэх, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрт шилжүүлснээ тодотгосон. Мөн БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод Ерөнхий консулын газар байгуулах шийдвэр гаргасны дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард Шанхай хотод Ерөнхий консулын газар байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цаашид НҮБ, ФАТФ-аас гаргасан зөвлөмж, гарын авлага зэргийг эмхэтгэх, сургалт, семинар зохион байгуулах, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үүргийн биелэлтэд хяналт тавих ажлыг бусад улс, олон улсын байгууллагынхантай хамтран хэрэгжүүлэхээр тус яамныхан төлөвлөж буй аж.