Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Уг төслийг баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үр дүнтэй хэрэгжинэ. Мөн иргэдийн амьдрал, улс орны хөгжил дэвшил тууштай, нэг чигт тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Манай улсын ядуурал, хөгжлийн доройтол нь бодлогын тогтворгүй байдлаас үүдэлтэй гэж гадаад, дотоодын олон эрдэмтэн, судлаач дүгнэсэн. Тиймээс иргэдийн оролцоотойгоор нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэдгийг УИХ-ын дарга онцлов.
Монгол Улсыг 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болгохын тулд есөн зорилго дэвшүүлжээ. Тодруулбал, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар, дархлаатай улс үндэстэн болно”, “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”, “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”, “Нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15 000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”, “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”, “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”, “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад, дотоод таатай орчин бүрдүүлнэ”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”, “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ” гэжээ. Уг есөн зорилгыг хөгжлийн 50 зорилттой байхаар тусгасан бөгөөд үүнийгээ 2020-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улс өдгөө хүний хөгжлийн үзүүлэлтээр 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр 140 орноос 99, бизнесийн орчны индексээр 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаарт эрэмбэлэгдэж байна.