УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр 21 асуудал хэлэлцэхээр товлосон ч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хүсэлтээр Төсвийн байнгын хороогоор оруулах болов. Эл асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн ч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай дахиж ярилцах учраас Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Уг асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх аж.
С.ДАВААСҮРЭН, Н.БАЯРТСАЙХАН НАРЫГ ЧӨЛӨӨЛӨВ
Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхэд, гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэн. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийг улсын эдийн засгийг тэнцвэржүүлэх, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц, дэвшил гаргасан ч итгэл хүлээлгэхүйц ажиллаагүй, 2018 оны үйл ажиллагааны тайлан нь хангалтгүй гэж Эдийн засгийн байнгын хорооноос дүгнэсэн учраас УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 57.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хөгжингүй орны Төвбанкны удирдлага олон дахин солигддоггүй учраас мөнгөний ханш нь тогтвортой байдаг. Манайх үүний эсрэг байх юм.
Эдийн засгийн хүндрэл биднийг угтаж байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийг сольсноор ханш хэлбэлзэхгүй гэх баталгаа бий юү. Үүнээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ” гэж асуухад Т.Аюурсайхан гишүүн “УИХ-ын дарга, холбогдох байнгын хороодын гишүүд үүнд анхаарал тавих ёстой” гэв. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хэлсэн “Төрийн мөнгөний бодлогыг УИХ баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор Н.Баяртсайханд хариуцлага тооцож байгаа бол буруу шүү. Энэ онд эдийн засаг 7-8 хувиар өссөн, валютын нөөц сүүлийн хоёр жилд дөрөв дахин нэмэгдлээ. Төвбанкны алдагдал хоёр жилд 1.5 их наядаар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнд Н.Баяртсайханы оролцоо их” гэх тодруулгад “Эдийн засгийн өсөлт, валютын нөөц нэмэгдсэн нь дан ганц Төвбанкны ерөнхийлөгчийн хийсэн ажил биш. Олон хүчин зүйлээс шалтгаалсан” гэж хариулав.
“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙНХАНТАЙ УУЛЗАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ”
Дараа нь Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уржигдрын байнгын хорооны хуралдаанаар Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах, эсвэл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоолд өөрчлөлт оруулах, Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монголд мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, түүнд үндэслэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулах эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг санал тусгасан. Үүнтэй холбогдуулан гишүүд сонирхсон зүйлээ асууж, санал хэлж дууссанаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураасан. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, төслийг баталлаа. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэе.
Ц.Даваасүрэн: -“Turquoise hill resources” компанийнхан Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээлд мөнгө босгочихоод, түүнийгээ буцаагаад манайд зээлүүлчихсэн юм. Энэ бол луйвар. Ч.Сайханбилэг дураараа тус компаниас 4.7 тэрбум ам.доллар зээлсэн. Тэр мөнгөний хэдэн хувь нь Монголд үр өгөөжөө өгсөн бэ. Гүний уурхайд хоёр тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг нь ч худлаа. Үүнийг одоо буруушийдвэл сөрөг нөлөө их. Сайн хэлэлцэж шийдэхгүй бол нөхцөл байдлыг бүр дордуулах вий.
Б.Баттөмөр: -УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулж байгуулсан. Тус ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан юм. Үүний дараа нь буюу 86 дүгнэлтэд тулгуурлан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг өнгөрсөн зургадугаар сард байгуулж, надаар ахлуулсан. Бид 86 дүгнэлтийн хүрээнд л ажилласан. “Дубайн гэрээ” Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалсан зүйл огт байхгүй. Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсгийнхний дүгнэлтийн 1.12-т “хууль тогтоомжийг зөрчсөн учраас “Дубайн гэрээ”-г хүчингүй болго” гэсэн байгаа. Оюутолгойн орд газраас мөнгө, зэс зэрэг дагалдах элементийн нөөц ашиглахыг мөн тусгасан. Өмнө нь хэн ч ийм санал оруулж ирээгүй. ТЭЗҮ-ийг дахин боловсруулах санал байгаа. Ингэж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү нь явуулах юм. “Дубайн гэрээ” хууль бус учраас цуцлах ёстой. Үүнийг УИХ шийдэх ёстой байсан ч Засгийн газар луу шидчихлээ. Уг нь тус гэрээг хүчингүй болгох эрх УИХ-д байгаа. Гэхдээ тус гэрээг сайжруулахын тулд зээлийн хүүг бууруулах зэрэг саналыг Засгийн газраас тавьсан юм билээ. Тиймээс шууд цуцалснаас засагтай ярилцаж, алдаагаа засах нь зөв гэж үзсэн. Гэрээг шинэчлэх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг асуудлыг авч үзээд ТЭЗҮ-ийг дахин хийх саналыг “Оюутолгой” компанийнхан Засгийн газарт хүргүүлсэн гэсэн.
Ш.Раднаасэд: -Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио тинто” компанийнхан уулзъя гэж и-мэйл болон утсаар олон удаа холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Засгийн газар болон эрх бүхий салбарын сайдаас бусад нь “Оюутолгой” компанийнхантай уулзахыг хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байна шүү. Чуулганаар ярьж, хэлж байгаа зүйлээ бодоорой. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Газрын баялгийн 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө бид өрөнд орж, мөнгө төлөх гээд явж байна.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Түмэнцогт: -Өнгөрсөн хугацаанд Монголын талын өгөөж, хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, аудит, санхүүгийн хороог удирдаж ажиллалаа. Зээлийн хүүг бууруулахаар хэлэлцэж эхэлсэн. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулагч шалгаруулахаар ажиллаж байгаа. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэр баривал түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажлыг Монголын компаниудаар хийлгэнэ. Томоохон асуудлуудыг шийдэхдээ ЗГХЭГ-тай байнга хамтарч буй.
Ш.Раднаасэд: -Анх ярьж байсан гоё үлгэрээ яриад байна. Зэсийн болон алтны үйлдвэр барьсан нь хаана байна. Бид 34 хувь эзэмшдэгийнхээ төлөө яагаад өрөнд орчихов оо. Ийм нөхцөл үүсээд байхад үндэслэлийг нь яагаад ярихгүй байна вэ. “Дубайн гэрээ”-г ямар нэг байдлаар өөрчлөх ёстой шүү.
А.Сүхбат: -Оюутолгойн орд газрын эргэн тойронд цөлжилт үүссэн. Газрын доорх усыг хайр найргүй хэрэглэж байгаа. Ямар үнээр ус ашиглаж байгаагаа тодорхой хэл.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Түмэнцогт: -Манай компани нийт 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашиглаж байгаа.
Б.Баттөмөр: -Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Монголын талын төлөх өр өссөөр байгаа. ТЭЗҮ-ийг таван жил тутамд шинэчлэх учиртай. Жилд 5500 тонн зэс үйлдвэрлэнэ гэвэл үндсэндээ 70 жилийн нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр. Ирэх онд ТЭЗҮ-ийг шинэчлэх үүргийг Засгийн газарт өгөх гэж байна. Мөн Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулна гэж байв. Гэтэл энэ заалтаа явцын дунд хүчингүй болгож, урд хөршөөс эрчим хүч худалдаж авахаар өөрчилсөн. Өнөөдөр анхны гэрээний заалт хэвээрээ байна. Жилд 200 гаруй сая ам.долларыг эрчим хүчний төлбөрт зарцуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос сүүлд өгсөн мэдээллээр “Оюутолгой” компани цахилгаан станц барихад нийтдээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах юм гэсэн. Гэтэл тэнд 1.3 дахин бага үнээр буюу 500 сая доллароор яг адилхан станц барих санал Монголын компаниас дэвшүүлсэн. Татварт мөн асуудал их байгаа. Жил бүр татварын маргаан гардаг шүү.
Л.Элдэв-Очир: -ТЭЗҮ-ийг хэн ч хянаж чадахгүй байгаа. Засгийн газар энэ чиглэлд анхаарахыг хүсье. Асуудлаа зөв харж шийдэхгүй бол Оюутолгойн нөөц дуусах хүртэл бараг 100 жил хэрүүл үргэлжлэх нь л дээ. Алдаа завхралыг засаж, цаашид зөв замд нь оруулах үүргийг Засгийн газар хүлээлээ.
Л.Энх-Амгалан: -Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад талхны зурагтай сурталчилгаа Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн наасан. Энэ талхны 70 хувь нь монголчуудад очно, 30 хувь нь хөрөнгө оруулалтын талынх гэж сурталчилсныг бүгд санаж байгаа. Гэрээ хийгээд 10 жил боллоо, талхны 70 хувь бидэнд ирэв үү. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин өсөөд 11.1 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа татварын маргаантай байгаа. 2023 онд ашиг хүртэх байсан бол 2041 он болж өөрчлөгдсөн. Хэрэв хөрөнгө оруулалт нь нэмэгдэх юм бол хугацаа улам хойшилно. Хөрөнгө оруулагч тал гэрээгээ огт биелүүлэхгүй байна.
Ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Тухайлбал, Далайн хөдөлмөрийн тухай конвенцад 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл болон Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг батлав. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага байгуулснаар БНСУ-ын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтойг БОАЖ-ын сайд танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг батлав. Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал тэлж, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ нэмэгдэн, БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр найман хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай нөхцөл гэнэ. Тиймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.