Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын бага хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Бага хурлаараа тус нам олон зүйлийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа билээ. Тусгаар тогтнолын ордонд өрнөж буй ярианы нэг томоохон сэдэв нь МАН өнгөрсөн сонгуульд ялагдсан тухай асуудал байв.
Сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын удирдлага хүлээх ёстой гэдгийг бага хурлын гишүүд илэрхийлж байна. Ер нь тус нам УИХ-д цөөнх болсныхоо хувьд ирэх дөрвөн жилд намын удирдах бүрэлдэхүүн чадварлаг байх ёстой гэдэг дээр санал нийлээд байгаа юм. Энэ утгаараа МАН-ын ирээдүйг тодорхойлох өөрөөр хэлбэл, цаашдаа өөдлөн дэвших үү, уруудан доройтох уу гэдгээ шийдэх чухал хурал болж байгаа юм. Аливаа намын Удирдах зөвлөл бол тэрхүү намын уураг тархи нь. Тийм учраас тэд энэ удаа алдаа оноогоо дэнсэлж, нэлээд чамбай шийдвэр гаргах байх.
Бага хурлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг 200 гаруй хүн дэмжиж, тэрбээр үнэмлэхүй ялалт байгуулан намын даргаар сонгогджээ. Харин УИХ-ын гишүүн асан Р.Раш 22 хүний санал авсан аж. Өдгөө тус намынхан ерөнхий нарийн бичгийн дарга болон намын бусад удирдах албан тушаалтнуудаа сонгохоор хуралдаж байна. МАН-ын дүрмээр бол намын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргаа санал болгодог. Үүний дараа намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга хоёр бусад удирдах албан тушаалтнуудаа томилох учиртай аж. Мөн энэ бага хурлаар тус намын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох тул шинээр сонгохоор болоод байгаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарыг дэвшүүлсэн. Харин бага хурлын танхимаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нарыг дэвшүүлжээ. Шинээр сонгогдсон намын дарга Ө.Энхтүвшинд Д.Цогтбаатар, Г.Занданшатар нарын нэрийг санал болгоход тэрбээр “бодох хугацаа өгөөч” гэсэн байна. Үдээс хойш намын бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээр санал хураахад Г.Занданшатар 44.6 хувь, Д.Цогтбаатар 29.1, Ж.Сүхбаатар 25.5 хувийн санал тус тус авч, Ж.Сүхбаатарын нэр хасагджээ. Үүний дараа хурал түр завсарлаад дахин санал хураахад Г.Занданшатар 55.6 хувийн саналаар ялалт байгуулж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
Ийнхүү МАН-ын Бага хурлын гишүүд ирэх дөрвөн жилд намаа удирдан шинэчлэлийг гүнзгийрүүлж, бодлого стратегийг тодорхойлох гол хүнээр дээрх хоёр эрхмийг сонгож, итгэл найдвараа хүлээлгэхээр боллоо. МАН-ын бага хурлын үдээс өмнөх хуралдааны завсарлагаанаар гишүүдээс санал бодлыг сонслоо.
Д.Цогтбаатар: Бага хурал зохих журмын дагуу болж байна. Энэ удаагийн хурлаар намын шинэчлэлийн бодлогыг ярих ёстой. Хамгийн гол нь менежментийг сайжруулж, зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгтэй гэж гишүүд үзэж байгаа. Миний нэрийг манай намын удирдах ажилтнууд ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлсэн. Би өөрөө ч өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ асуудал өрсөлдөөний зарчмаар шийдэгдэх ёстой.
Э.Мөнх-Очир: Намын даргаар Ө.Энхтүвшинг сонгосон нь нүдээ олсон шийдвэр боллоо. Ө.Энхтүвшин дарга туршлагатай, зөв бэлтгэгдсэн хүн. Энэ бага хурлаар би шинэчлэлийг эцэслэн шийдэх тухай ярьж байгаа. Намын хариуцлага тооцох тогтолцоо алдагдаад удаж байна. Үүнийг бас ярих ёстой. Миний хувьд ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөнө.
Р.Раш: МАН сонгуульд ялагдсан нь олон шалтгаантай. Бид хэтэрхий хийсвэр байдлаар ажиллаж ирсэн. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг байршуулахдаа алдаа гаргасан. Намын даргаар сонгогдсон Ө.Энхтүвшинг ажил сайжруулна гэдэгт найдаж л байна гэж хэлье дээ.
Ж.БАТДОРЖ