Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос тур оператор компанийнхан болон хөтөч, тайлбарлагч, жолооч нарт хандан солонгос жуулчдын аюулгүй байдлыг чандлан сахиж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд буюу цар тахлаас хойш манай орныг зорих БНСУ-ын иргэд эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд Монголд ирсэн нийт жуулчны30 орчим хувь нь солонгосчууд байсан бол өдгөө 19.8 хувь (91 174)-ийг нь эзэлж буй. Үүнийг дагаад тус улсын жуулчид аяллын явцдаа бэртэж гэмтэх, осолдох, эд зүйлээ хулгайд алдах, бусдад залилуулах, чанаргүй, хөтөлбөрт нийцээгүй үйлчилгээ авах тохиолдол ч эрс нэмэгдсэн гэнэ. Иймд Өмнөд Солонгосоос жуулчин хүлээж авдаг компаниуд болон тэдэнд үйлчилдэг хөтөч, тайлбарлагч, жолооч нарыг ийм зөрчил гаргахгүй байхад анхаарахыг сануулав. Ялангуяа орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг нягталж, цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг зайлшгүй харж, аюулгүй байдлын санамж, зөвлөгөөг жуулчдадаа өгч хэвшихийг зөвлөлөө.
Н.Мишээл