Сурагчдын сургуульдаа “аж төрдөг” цаг тун удахгүй ирэх нь. Анги танхим, номын сан, спорт зааланд хүүхдүүд бужигналдаж, өдөрт дунджаар найман цагийг сургуульдаа өнгөрүүлдэг билээ. Энэ хугацаанд хүүхдүүд шингэнээ хангалттай нөхөж, хооллож, хүссэн цагтаа бие засаж чаддаг уу. Хичээлийн шинэ жил эхлэх гээд дор бүрнээ бужигнаж буй энэ цагт салбарын сайдаас нь эхлээд эцэг, эхчүүд хүүхдэдээ юу өмсгөх вэ гэдэгт л анхаарал хандуулж байна. Түүнээс биш сургуулийн дотоод орчин, тэр дундаа ариун цэврийн байгууламжийг сонирхох хүн алга. Гэтэл боловсон ариун цэврийн байгууламжгүй сургууль олон бий. Бас ариун цэврийн байгууламжтай ч тэр нь бохир учраас хүүхдүүд хүссэн цагтаа тухтай бие засаж чаддаггүй хэцүүхэн нөхцөлд суралцсан хэвээр. Үүний улмаас тэд эрүүл мэндээрээ хохирох болжээ.
Түрээсийн байранд хичээллэдэг сургуулийн сурагчдын хувьд ариун цэврийн байгууламж нэн тулгамдсан асуудал. Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх 115 дугаар сургуулийнхан өнгөрсөн хичээлийн жилд “Дөл” хотхоны таван давхар барилгын нэгээхэн хэсгийг түрээсэлж байв. Сургуулийн зориулалтын барилга биш учраас анги дотроо ариун цэврийн өрөөтэй. Хүүхдүүд нэгнээсээ санаа зовоод бие засаж чаддаггүй, тэвчихээс өөр аргагүйд хүрдэг талаар ярьж байсан юм. Ийм байдал энэ жил ч давтагдах бололтой.
“ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД ДАВСАГНЫ ҮРЭВСЛЭЭР ӨВДӨЖ БАЙНА”
Улсын хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын 871 сургуульд 771 мянга гаруй сурагч хичээллэжээ. Харин энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн тоо 40 мянгаар өсөх урьдчилсан тооцооллыг Боловсролын ерөнхий газраас гаргасан юм. Энэ хэрээр сургуулийн ачаалал нэмэгдэж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж буурах нь. Хүүхдүүд өдөрт 5-6 цаг тогтмол хичээллэдэг бөгөөд энэ хооронд тав болон 10 минут завсарладаг. Их завсарлагаа буюу 10 минутад л амжиж биеэ засдаг байна. Хичээлийн дундуур ариун цэврийн өрөө оръё гэж багшдаа хэлэхээс хүүхдүүдийн олонх нь эмээдэг учраас тэвчихээс өөр аргагүй байдалд хүрдэг аж. Тэвчиж тэвчиж ариун цэврийн өрөөнд очиход нь уртаас урт дараалал үүсчихсэн, бохир заваан орчин угтдаг тул зарим нь бие засаж чадалгүй, гэртээ харих хүртлээ гүрийдэг гэх. Ялангуяа сургуулийн босго анх алхаж буй зургаан настнууд шээс нь хүрснээ илэрхийлж, хэлж чадахгүй суусаар өмдөндөө дусаасан тохиолдол цөөнгүй гардгийг бага ангийн багш нар ярьдаг. “Ус их уухаар байн байн шээс хүрдэг. Багшдаа хэлэхээс эмээдэг. Тиймээс ангидаа ус уудаггүй” хэмээн тавдугаар ангийн нэгэн хүү хэлсэн юм. Ангидаа ус сайн уух, бие засмаар байвал айж эмээлгүй багшдаа хэлэх хэрэгтэйг хүүхдүүддээ зааж ойлгуулах хэрэгтэй байна. Өглөөний цай уух нь бүү хэл, балга ус амсалгүй сургуульдаа очдог хүүхэд цөөнгүй. Ангид нь ус цэвэршүүлэгч төхөөрөмж бий ч ихэнхдээ усгүй байдаг аж. Тиймээс хүүхдүүд шингэний дутагдалд орохын зэрэгцээ шээсээ тэвчсээр бөөр, давсагны өвчтэй болж буйг эмч нар анхааруулах боллоо.
Энэ оны эхний долоон сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тохиолдсон тэргүүлэх өвчний нэг нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг байв. Энэ тухайд хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр цахим хуудсандаа “Өнгөрсөн жилүүдэд ажиглаад байхад сургууль, цэцэрлэгийн насны хүүхүүдийн хамгийн их тохиолддог өвчлөл дундаас давсагны үрэвсэл (цистит), бөөр усжих (гидронефроз) түгээмэл байна. Өсвөр насныханд шээсээ тэвчих, шингэний хэрэглээ бага зэрэг шалтгааны улмаас шээс өтгөрөх, дутуу гарах, дүлэх, дусагнах зэрэг зовуурь илэрдэг. Сургуулийн ариун цэврийн өрөө бохир, завсарлагааны цаг хангалтгүй зэргээс хүүхдүүд шээсээ тэвчдэг гэж хариулсан. Энэ асуудлыг даруй шийдэхгүй бол хожмоо асар хор хөнөөлтэй. Бие засах нь хүний анхдагч хэрэгцээ. Үүнийгээ хангаж чадахгүйгээс болж өвчин тусна гэдэг байж боломгүй” хэмээн бичжээ. “Багш нар хичээлийн дундуур ариун цэврийн өрөө явуулахыг зөвшөөрдөггүй, “Завсарлагаанаар бол” хэмээн хориглодог байдлыг болиулах хэрэгтэй” гэсэн утга бүхий сэтгэгдэл цөөнгүй харагдсан. Мөн сурагчдыг зөв боловсон бие засаж сургахад анхаарч, дан ганц сурлага гэлтгүй хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх цаг болсныг ч хөнджээ. Хүн цэвэрхэн орчинд муухай байхыг хүсэхгүй. Сургуулийн ариун цэврийн өрөөнүүд шил толь шиг гялалздаг бол хүүхдүүд ч мөн хичээх биз. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулийн ихэнх ариун цэврийн өрөөнөөс шивтэр үнэртэж, ариун цэврийн цаас нь савнаасаа хальж асгаран, суултуур нь хагарч, цуурсан байдаг. Зургаан настнуудын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зориулалтын суултуурын тухайд бүр ч ярилтгүй. Хүүхдийн эрхтэй холбоотой асуудал Монголд сүүл мушгидаг учраас арга ч үгүй биз.
НҮХЭН ЖОРЛОНТОЙГОО ЗУУРАЛДСААР Л
Монгол Улс XXI зуунд ч нүхэн жорлонгоосоо салж чадсангүй. Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засаж, гараа угаах бүлээн усгүй өдий хүрэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилт тусгасан. Гэтэл төлөвлөсөн ажлаа бүрэн дуусгаж амжихааргүй хугацаа үлджээ. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн, төсөл, арга хэмжээг эхлүүлж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж буйг Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”- ийн нийт 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр улсын хэмжээнд 217 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 246 дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох их ажил өрнүүлсэн. Нийт 17 аймгийн 294 сумд эл төслийг хэрэгжүүлж буй. Энэ оны наймдугаар сарын байдлаар 32 сумын 91 объектыг ашиглалтад оруулж, 19 сумын 39 сургууль, цэцэрлэгийг хүлээн авахад бэлэн болсон гэнэ. Мөн 10 аймагт цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламж барих ажлын гүйцэтгэл 10-80 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, улсын гурван цэцэрлэгийн нэг, хоёр сургуулийн мөн нэгийг нь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож буй ажээ. Үүнээс харахад хүүхдүүд ямар нөхцөлд сурч байсан юм бол гэж халагламаар. Төслийг хэрэгжүүлэхэд орон нутагт багагүй бэрхшээл тулгарч байгаа аж. Тухайлбал, Говь Алтай аймгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж барих ажлыг гүйцэтгэх худалдан авах ажиллагааг найм дахь удаагаа зарласан ч нэг ч оролцогч санал ирүүлээгүй гэнэ. Өдгөө төслийн хэмжээнд нийт 68.9 сая төгрөгийн санхүүжилт олгоод буй аж. Санхүүжилтийг түргэн шуурхай шийдвэрлэхгүй байгаа нь ажил гүйцэтгэх хугацаанд ихээхэн нөлөөлж буйг албаныхан хэлсэн.
Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг нэг л сайхан барилга, байгууламж барьдаг ч хүндээ ээлтэй байхад анхаарахгүй өдий хүрсний горыг хүүхдүүд амсаж буй нь харамсалтай. Тухайлбал, алслагдсан сум, багт сургууль, цэцэрлэг барьдаг ч төвийн шугамд холбогдоогүй тул хүүхдүүд нүхэн жорлонд бие зассан хэвээр. Мөн ариун цэврийн өрөөтэй байлаа ч суултуур нь цөөн, стандарт хангаагүй, цэвэрлэгээ, үйлчилгээ сайнгүй тул бохир орчинд бие засаж байна. Орон нутаг гэлтгүй нийслэлийн сургуулиудад үйлчлэгч хомсдолтой байгаа. Сургуулийн хонгил, анги танхим, ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх үйлчлэгч хүртээмжгүйгээс бохир байдал газар авсан. Сурагчдаас сар бүр саван, угаалгын нунтаг, алчуур зэрэг ариун цэврийн хэрэгсэл хураадаг ч угааж, цэвэрлэх хүн олдоггүй гэнэ. Тиймээс хүүхдүүд ангиа өөрсдөө цэвэрлэж буй. Бага ангийнхан хүртэл хичээлээ тараад ширээ, сандал, шалаа угаадаг. Анги танхимаа сурагчид цэвэрлэлээ гэхэд ариун цэврийн байгууламжийг ойр ойрхон ариутгаж, хүүхдүүдийг цэвэр орчинд бие засахад сургуулийн удирдлага анхаарах шаардлагатай байна. Бодит байдалд алслагдсан сум, баг бүү хэл, нийслэлийн захын гэр хорооллын зарим сургууль цэвэр, бохир усны төв шугамд холбогдоогүй. Нүүрс түлж, барилга байгууламжаа халааж, зөөврийн усаар ариун цэврийн асуудлаа шийдэж байна. Ийм нөхцөлд сурч буй хүүхдүүдээс их зүйл хүсэх нь хэцүү санагдана.