Үнэнийг хэлэхэд, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд ердөө ганцхан зүйл л сонирхол татдаг. Тэр нь А.Дюплантис дэлхийн шинэ дээд амжилт тогтоох уу гэдэг нь юм. Түүнд ганцхан өрсөлдөгч бий нь Арман өөрөө. Бүр тодруулбал, физикийн хууль, хүний нөөц боломжийн хязгаар.
Парист швед тамирчин физикийн хуулийг дахин нэг удаа ялж, 6.25 метрийн өндөр дээгүүр харайсан нь олимпын наадмын төдийгүй дэлхийн шинэ дээд амжилт байлаа. “Стад де франс” цэнгэлдэх хүрээлэнд цугласан 80 мянган үзэгч зөвхөн түүнийг шимтэн харж байхад тэрбээр сүүлийн буюу гурав дахь оролдлогоороо энэ хязгаарыг давсан юм.
Ийнхүү энэ улирлын хөнгөн атлетикийн гол түүхэн үйл явдал яг л үзэгчдийн төсөөлж байснаар өндөрлөв. А.Дюплантис олимпын хошой аварга болсноос гадна бүх хүний хүсэн хүлээж байсан дээд амжилтыг тогтоолоо.
Тэрбээр дээд амжилт тогтоонгуутаа найз охин, дасгалжуулагч, мөн Р.Лавиллени рүү гүйж очсон. Францын ахмад тулгууртай харайгчтай А.Дюплантис сайн харилцаатайг энэ спортыг сонирхдог хүмүүс сайн мэддэг. Р.Лавиллени Арманыг энэ спортоор хичээллэж эхэлж байхад албан бус багш нь байсан. Тэрбээр олон жилийн өмнө өөрөө дэлхийн дээд амжилт тогтоож байснаас ч илүүтэйгээр шавиа шинэ рекорд тогтооход нь баярлав. Энэ жил 37 настай тулгууртай харайгч нутагтаа болж буй олимпын наадамд оролцохоор хичээсэн ч Францын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулалтын 5.82 метрийн өндрийг давж чадаагүй юм. Тиймээс цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн суудлаас нутаг нэгтнүүдээ, мөн мэдээж А.Дюплантисийг дэмжжээ.
Нөгөө талаар Швед залуугийн өрсөлдөгчид хангалттай өндөр амжилт үзүүлж чадахгүй байна. Тухайлбал, Парисаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тулгууртай харайгчид зургаан метрийн босго даваагүй. Мөнгөн медалийн эзэн, дэлхийн хошой аварга, АНУ-ын С.Кендрикс коронавирусний халдвар авсны улмаас Токиогийн олимпыг өнжиж байв. Түүнээс хойш янз бүрийн шалтгааны улмаас хоёр ч ДАШТ-д оролцоогүй. Тийм учраас түүнийг формоо алдсан гэж үзэх хүн байлаа. Түүнээс гадна АНУ-д дотоодын өрсөлдөөн тун ширүүн, бараг зургаан метрийн босгыг давж байж олимпод оролцох эрхээ баталгаажуулдаг учир С.Кендриксийг Парисыг зорих эрхээ авч чадахгүй гэж үзэж байсан юм. Гэтэл хашир тамирчин эрхээ аваад зогсохгүй олимпоос мөнгөн медаль хүртлээ.
А.Дюплантисийн тухайд тэрбээр 6.10 метрийн өндрийг дэндүү хялбархан давж, олимпын аварга болох болзлоо хангаж, шинэ дээд амжилт тогтоосон. Эхний оролдлогоороо шүү дээ. Дэлхийн дээд амжилт ч шинэчлэгдэх юм байна гэдгийг тухайн мөчид спорт сонирхогчид ойлгосон болов уу. Гэхдээ түүний эхний хоёр оролдлого бүтэлгүйтсэн. Магадгүй А.Дюплантис тэвдсэн мэт зарим хүнд санагдсан байж мэдэх юм.
Түүнээс хойш бүх зүйл яг л кинонд гардаг мэт өрнөсөн. Дээд амжилт тогтоох сүүлчийн боломж, гайхамшгийг хүлээсэн “Стад де франс” цэнгэлдэх хүрээлэн. Энэ удаад Мондо хүмүүсийн урмыг хугалсангүй, ес дэх удаагаа дэлхийн дээд амжилтыг тогтоов. Дөнгөж 24 настай энэ залуугийн дээд амжилтын марафон хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Магадгүй тэрбээр 6.30 метрийг давах болов уу.
А.Дюплантистай өрсөлдөж чадах тамирчин төрөх үү, түүний дээд амжилтыг хожим хэн нэгэн эвдэх боломжтой юу гэх мэт асуултыг тээсээр физикийн хуулийг эвдэгч швед залууг хүндлэн бишрэгчид цэнгэлдэх хүрээлэнг орхисон биз ээ.