Манай орны нийт нутаг өнгөрсөн өвөл зудад өртөж, хүн, малгүй туйлдаж, мал идээшлэх газар, хамар хатгах өвсгүй болсон билээ. Төр засаг, холбогдох байгууллагынхны зүгээс зудад өртсөн хүмүүст бус, мал сүрэгт нь л голлон анхаарч байсан нь манай улсын бодит байдал. Харин зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр, хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ынхан гаргасан. Тодруулбал, НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Энэхүү тусламжийг бүрдүүлэх, эздэд нь хүргэх үйл ажиллагааг НҮБ-ын гурван байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 700, Хүн амын сан 350, Хүүхдийн сан 500 мянган ам.долларыг малчдад үзүүлэх тусламжид зарцуулж буй аж.
Монгол оронд нүүрлэсэн зудад нэрвэгдсэн малчдад зориулсан эл тусламж эздэдээ хэдийн хүрч эхлээд байна. Уг дэмжлэгийн үр шимийг орон нутагт хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх учиртай аж. Тусламж жинхэнэ эздэдээ хүрч буй, эсэхийг дээрх байгууллагуудынхан нэг бүрчлэн хяналт тавих юм билээ. Тусламжийн цувааг баруун, зүүн, төв, хангай, говийн бүсүүдэд хүргэхээр тооцоолжээ. Зун цаг ирж, зарим хүн зуд болсныг мартсан энэ үед НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл говийн гурван аймгийн 12 сумд ажиллаж, гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн. Үүнээс говийн бүсийн малчдад тусламж олгох цуваанд бид нэгдэж, сурвалжилга бэлтгэлээ.
Толь, саван, оо, сойз, гарын алчуур, оймс, дотуур хувцас, ариун цэврийн хэрэглэл. Ээждээ, эгчдээ, эсвэл охин дүүдээ зориулж байгаа юм шиг халуун дулаан сэтгэгдэл төрүүлэх эд зүйлс тусламжийн багцад бишгүй. НҮБ-ын Хүн амын сангаас малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн багцын дөрвөлжин цагаан хайрцаг ийм зүйлсээр дүүрэн. Олон улсын байгууллагынхан хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийг нягт нямбай судалсны үндсэн дээр уг багцыг бэлтгэснээ дурдсан. Гамшигт өртсөн хүмүүсийн бэрхшээл, зүдгүүрийг нимгэлж, арилгахад хувь нэмэр оруулж буй аливаа төрлийн тусламжийг хүмүүнлэгийн гэж тодотгодог билээ.
НҮБ-ын багийнхан Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумд ажиллахад бороо хуртай дэлгэр цагийн өнгө, малын хамар хатгах өвсгүй цагаан талын аль алинтай нь таарч явав. Орон нутгийн удирдлага тусламжийн багийнхантай уулзахдаа ирэх жилийн өвөл, хаврыг эрсдэл багатай давахын тулд эртнээс хашаа хороо, өвс, тэжээлээ бэлтгэж, зудын аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, малчдадаа захиж, сэрэмжлүүлж буй тухайгаа ярьж байлаа.
Халиурсан ногоотой Дэлгэрэхийн уудам талд цөөн мал бэлчинэ. 249 мянган толгой малаас 166 мянгыг нь зудад алдсан тул зориуд цөөн гэж онцлов. Дэлгэрэх сум 521 малчин өрхтэй. Тэднээс өнгөрсөн өвөл зудад малаа алдаагүй айл үгүй аж. 2000 малтай малчин 200 малтай үлдсэн талаар сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Буяннэмэх хэлсэн юм.
Зудыг хэрхэн давсан болон өнөөгийн нөхцөл байдлын талаар малчид сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан. Тухайлбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хадны нэгдүгээр багт хүүхдүүдийн хамт зусаж буй малчин эмэгтэй М.Натар “Зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэж, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох хүмүүс орон нутагт ажиллаж байгаа нь сэтгэл шингэсэн ойр дотно мэдрэмж төрүүлж байна” гэв.
Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин эмэгтэй Д.Энхтуяа НҮБ-ын Хүн амын сангаас өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн, нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцыг онцолсон. Тэрбээр “НҮБ малчин эмэгтэйчүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламжийн гараа сунгалаа. Гамшгийн үеэр охид, эмэгтэйчүүд эрсдэлд өртөх магадлал өндөр гэдгийг олон улсын судалгааны дүнгүүд нотолдог. Тиймдээ ч зудад малаа алдаж сэтгэл зүйн асуудалтай тулгарсан малчин эмэгтэйчүүдэд анхаарч, санаа бодлыг нь хуваалцаж тайвшруулах, сэтгэл зүйн боловсролыг нь дэмжиж, мэдлэг олгож буйд баяртай байна. Мөн хүчирхийлэл эрсдэлээс охидоо хамгаалах аюулгүй орчныг орон нутагт бий болгохоор судалгаатай ажиллаж байгаад талархаад баршгүй. Малчин хүний сэтгэл зүй тэр өдрийн тэнгэрийн араншин, мал ахуйнхаа төлөв байдалд захирагддаг онцлогтой. Тиймээс зудад малаа алдаж, хотоо харлуулсан хүмүүсийн сэтгэл зүйг үгээр онож илэрхийлэхэд бэрх” хэмээн нэмж хэлсэн. Зудын гамшгийн хор нөлөөг их, бага боловч амсаж, бие, сэтгэл зүйгээрээ даван туулж яваа говийн малчин эмэгтэйчүүдэд шүгэлтэй, тольтой багцыг ойр дотнын нэгэн нь илгээсэн мэт дулаахан санагдсан болов уу.
“Нэг удаа өсгөж болсон юм. Дахиад л малаа өсгөнө дөө. Малаа маллаж л амьдарна” гэж эрс шулуун хэлэх бүсгүйчүүдтэй говьд олон таарав. Эрс тэс дөрвөн цагийн эргэлтэд амьдарч дадсан тэдний бодол эрмэг цэх ч өнгөрсөн өвөл, хаврын нүдгүй шуурга, хөлгүй цас сэтгэлд нь дараатай байгааг нүднийх нь харц, хоолойных нь өнгө илтгэнэ. Эзэнгүй өвөлжөөний ойролцоо, замын хажууд хөглөрөх малын сэг зэм өнгөрсний ул мөрийг гэрчилж, магадгүй ирэх цагийн сэрэмжийг сануулна. Говийн зарим малчин сум, аймаг дамнан оторт явжээ. Тиймээс настай голдуу хүмүүс хүүхдүүдийнхээ багцыг авахаар ирэхтэй цөөнгүй таарч байлаа.
Монгол Улс дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн баг нь нийт 200 000 гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатайг тогтоожээ. Тэдгээрийн дотроос хамгийн эмзэг хэсэг болох 77 000 иргэнд материаллаг болон бэлэн мөнгөн тусламж үзүүлсээр байгаа аж. Тухайлбал, алслагдсан сумуудын 12 050 хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээл иргэнд тусламжийн багцтай хайрцаг хүргэнэ. Мөн малаа алдсан 2000 өрх бүрд 660 000 төгрөг олгохоор төлөвлөжээ. Жирэмсэн болон хөхүүл ээжүүд, хөгшдийг шинжилгээнд хамруулж, шаардлагатай аминдэмийг нь хүргэх нь. Мөн сурагчдыг хичээлийн хэрэгслээр хангана гээд тусламж цааш хөвөрнө.
Энэ удаад тус байгууллагынхан зудад нэрвэгдсэн малчдыг хот, суурин газар бараадахаас урьдчилан сэргийлж, нутагт нь үлдээх дэмжлэгийн арга хэмжээг ийнхүү Монгол орны өнцөг булан бүрд ээлж дараатай зохион байгуулж байна. Харин манай төр засаг цаашдаа шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан өвлийг өнтэй давах аргыг эрэлхийлж, малчдаа бодитоор дэмжиж, эдийн засгаа сэргээгээсэй гэсэн хүслээр энэхүү сурвалжилгаа өндөрлөе.