Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнөх коммунист тогтолцооны үед Зөвлөлт Холбоот Улсын болон хамтын нөхөрлөлийн бусад орны хөрөнгө, тусламжаар олон үйлдвэр, барилга байгууламж барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Тэднээс манай улсад шилжүүлэн өгсөн нь ч бий. Одоо болтол хойд хөршийн өмч хэмээх бүртгэлтэй, эд хөрөнгийн маргааны эх ундарга болсон нь ч байдаг. Тус улсын өмчлөлийн орон сууцууд нэг хэсэг хэл амны бай болж байсан. Үүний нэг болох хуучны Ленин клуб буюу одоогийн Санкт-Петербург төв байршлаасаа эхлээд л бизнес эрхлэгчдийн анхааралд өртсөн.
Энэ төвийн ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй хэсгийг залилж авсан, шүүхэд хуурамч баримт бүрдүүлж өгсөн гэх хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо. Энэ хэргийн талаар уншигчдадаа дэлгэрүүлэн хүргэе.
“БАРИЛГЫГ “ЦАГААН ШОНХОР”-ЫНХОН ДАРАМТЛААД АВСАН” ГЭЖ БАЙЖЭЭ
Автомашины засвар үйлчилгээ, барилгын засал чимэглэл, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулагч У.Болдыг НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
ОХУ-ын өмчид бүртгэлтэй В.И.Лениний нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулагч У.Болд нэлээд олон жилийн өмнөөс түрээсийн гэрээ байгуулан ашиглах болж. Улмаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, кино сангийн барилгыг өөрийн компанийн хөрөнгө, шинээр барьж байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн нийслэлийн Газрын алба болон нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гарган өгч 2014 оны есдүгээр сарын 24-нд 322 ам метр хэмжээтэй газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. У.Болд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, 748 ам метр болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргуулсан гэнэ. Ингэснээр төрд их хэмжээний буюу 61 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
У.Болдын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж 1996 оноос уг барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. Тэрбээр шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Монгол Улсад ажиллаж байсан оросууд манай улсаас гарч яваад өмч хөрөнгүүд нь эзэнгүйдсэн үе байсан. Тэр үед би Ленин клубийн өмчлөгч “Санкт-Петербург холдинг” компанийн захирал Л.И.Абрамоватай танилцаж ярилцаад хоёрдугаар давхарт нь өрөө түрээсэлж, өөрийн хөрөнгөөр тохижуулан биллиард ажиллуулж эхэлсэн юм. Удалгүй “Санкт-Петербург” төвийн хашааны зүүн урд байрлах жижиг байшинг надад үзүүлсэн. Тэр нь дээвэргүй, хаалга, цонхгүй, дотор ханыг нураасан, эд хогшил, халаалт, цахилгааны шугамыг нь салгаж тоночихсон, хаягдсан байшин байсан. “Үүнийг засаад түрээсээр ашигла. Бид засварын ажилд хөрөнгө оруулж чадахгүй” гэж хэлсэн. Ингээд би “Санкт Петербург холдинг” компанийн төв байранд өрөө засварлан биллиард, нураасан барилгыг засаж баар ажиллуулах болсон. Гэтэл “Цагаан шонхор” компанийн Ч.Энхтайван ирээд “Ленин клубийг манайх авсан. Одоо гар” гэж хөөсөн. Би Л.И.Абрамоватай уулзажюу болоод байгааг тодруулахад “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван намайг дарамтлаад шууд авчихлаа” гэсэн. Энэ явдлаас хойш сар орчмын дараа “Манайх мөнгө санхүү муугаас болж хүмүүсээ цалинжуулж чадахгүй нь. “Цагаан шонхор” гэдэг компани байр авчхаад өгөхгүй, түрээсийн төлбөрөө төлөхгүй, цалин мөнгөгүй хэцүү байна. Манай компанид мөнгө зээлээч. Оросоос компанийн санхүүжилт ирэхээр буцааж өгье” гэсэн. Гэтэл мөнгөө өгөхгүй хоёр жил гаруй болсон юм. 2000 онд би Л.И.Абрамовад уг байшинг хоёр давхар болгож өргөтгөх, зарцуулах хөрөнгийн талаар танилцуулахад тэрбээр “Манай компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Харин хөрөнгө оруулах боломжгүй” гэж хэлсэн. Би өөрийн хөрөнгөөр 40 сая орчим төгрөгөөр барилгыг өргөтгөсөн. “Санкт-Петербург холдинг” компанид нийт 200 сая гаруй төгрөг зарцуулсан байдаг. 2000 оны эхээр ОХУ-ын дээрх компанийн төлөөлөл нутаг буцах болоход нь төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардахад “Нурсан, ашиглах боломжгүй төв байрны болон гараашийн байшингийн засвар, өргөтгөлийг танайх өөрийн хөрөнгөөр хийсэн. Бид төлбөрийг нь төлж чадаагүй учир уг байшинг танайх тооцоондоо авчих. Би гүйцэтгэх захирлын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд өр зээлийн асуудлыг ингэж шийдвэрлэчихье” гэсэн. Уг байшинд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримт байгаагүй. Би ОХУ-ын өмчийг залилан мэхэлж аваагүй. Харин “Санкт-Петербург холдинг” компанитай хамтран ажиллаж, өр төлбөртөө энэ байшинг авч, өөрийн хөрөнгөөр засварлан ашиглаж, зээлүүлсэн мөнгөндөө тооцуулсан. Өрөндөө авсан учир өөрийн өмчлөлд бүртгүүлэх нь хууль бус гэж үзэхгүй байна” хэмээжээ.
500 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭД ХҮРСЭН ГАЗАР, ОБЪЕКТЫГ ОРОСУУДАД МЭДЭГДЭЛГҮЙ БОРЛУУЛЖЭЭ
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, хуучнаар Ленин клубийн хашаанд байрлах хоёр давхар барилга, эзэмшил газрын хамт “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийнхан 2017 онд “Юнайтед колорс” гэх компанид худалдсан байна. Тухайн барилга, газар нь 500 орчимсая төгрөгийн үнэд хүрсэн гэнэ. Худалдаж авсан газартаа шинээр барилга барихаар болж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Энэ нь ОХУ-ын холбогдох байгууллагаас манай хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаас үүдэлтэй аж. ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудыг хариуцсан төлөөлөгч нь манай цагдаа, прокурорын байгууллагад “ОХУ-ын өмчид хамаарах газарт хууль бусаар барилга барьж байна. Үүнийг шалгаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай гомдол бичиж өгчээ. Гомдлынх нь дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед хохирогч ОХУ-ын талын төлөөлөгч нь “Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн газрын маргаантай холбоотой үйл ажиллагаанд ОХУ-ын талын эрх бүхий байгууллагыг гуравдагч этгээдээр болон хариуцагчаар татан оролцуулаагүй. Монгол-Оросын Засгийн газрын хоорондын ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг хариуцсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан хамтын ажиллагааны комиссын гишүүд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газраас хүмүүсийг оролцуулалгүйгээр “Юнайтед колорс” ХХК-д хуучин В.И.Лениний нэрэмжит клубийн объектуудын цогцолбор газрын хэсэг болох 6185 ам метр газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж манай эрх ашгийг хохироосон. 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс манай эзэмшлийн Ленин клубийн цогцолбор барилгын өмчлөлийн эрхийг хүчингүй болгосон. Үүний дараа хэд хэдэн аж ахуйн нэгжид хэсэгчилсэн байдлаар газар олгосон үйл явц хэрхэн яаж явагдсан нь ойлгомжгүй байгаа юм. Тиймээс эл асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн аж.
Улсын бүртгэлийн байгууллага энэ үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ хуумгай хандсан байж. Энэ талаар УБЕГ-ынхан шүүх, цагдаагийн байгууллагад “Хувийн хэрэгт байгаа баримтаас үзэхэд УБЕГ-ын даргын баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан нотлох баримтыг бүрдүүлж аваагүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, өмчлөх эрх шилжүүлэн авсан гэрээ, хэлцэл, хэрэв уг компани өөрөө барьж гүйцэтгэсэн бол Улсын комиссын дүгнэлт зэргээр нотлогдоно, эдгээр баримтыг бүрдүүлж нотолсон байхыг энэхүү журамд шаарддаг юм. Гэтэл хувийн хэрэгт тус компани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгийг нотлоогүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн, эсэхийг бүрэн тогтоогоогүй байна. Дээрх эд хөрөнгийг анх удаа бүртгэхдээ өмчлөх эрхийн нотлох баримтыг дутуу бүрдүүлж авчээ. Улмаар өмчлөх эрх нь бусдын өмчлөлд гэрээгээр дамжин шилжсээр байгаа юм. Уг барилга нь өнөөдрийн байдлаар устгаж, үгүй болж, суурин дээр нь өөр аж ахуйн нэгж шинээр барилга барьж байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэж мэдүүлжээ.
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХДЭЭ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЭВ
Барилга барьсан үндэслэлээр “Дэлгэр-Интернэшнл” ХХК-нд нийслэлийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 23-ны А/811 тоот захирамжаар 322 ам метр газар эзэмших эрх анх олгосон аж. Уг газар нь нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан 2014 оны тухайн жилийн төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршилд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах журмыг зөрчсөн гэнэ. Тийм байхад нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 18-ны А/546 тоот захирамжаар талбайн хэмжээг нэмж749 ам метр болгон баталгаажуулжээ. Энэ бүхэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх гэснийг зөрчсөн хэмээн шинжээчид дүгнэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Дэлгэр-Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулагч У.Болдод холбогдох хэргийг 2023 оны аравдугаар сард хэлэлцээд “ОХУ-ын өмчид бүртгэлтэй В.И.Ленины нэрэмжит клубийн барилга байгууламжийн цогцолборт хамаарах кино сангийн барилгыг бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдэж, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан атлаа Монгол Улсын бүртгэлд байхгүйг далимдуулан холбогдох бичиг баримт бүрдүүлэн өөрийн эзэмшилд авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулжээ. Шүүгдэгч У.Болдын дээрх үйлдэл нь хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан” хэмээн дүгнэсэн юм. Улмаар У.Болдыг 10 сая төгрөгөөр торгож, угмөнгийг90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхийн эл шийтгэх тогтоолыг У.Болд, түүний өмгөөлөгч П.Баасанжав нар давж заалдан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгуулахаар хандсаныг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг хэвээр нь үлдээсэн байна. Харин Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосноор дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр боллоо.