Өмнөд хөрш техник, технологийн ололт амжилтаа байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж буйг Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор аялсан багийнхан газар дээр нь үзээд ирлээ. Нар, салхиар тогтохгүй устөрөгчөөс эрчим хүч гарган авахаар зоригч, газарт суулгаж хүнсний ногоо тарих арга хоцрогдох болсныг, хүн бүр хичээл зүтгэл гарга вал байгаль орчноо хэрхэн тордож, арчилж болдгийг Хятадын олон газраас харж болохоор буй.
Хоёр орны сэтгүүлчдийн зорин очсон эртний түүхт Ши Ань хот, Шааньси муж түүхэн аялал жуулчлалаараа гадаад, дотоодынхныг даллахын зэрэгцээ техник, технологийн хөгжил, экологид ээлтэй үйлдвэрлэлээрээ ч дэлхийтэй хөл нийлүүлэхийг зорьж буй бүс аж.
Хөрсгүй технологиор ургуулж буй улаан лооль
УСТӨРӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ НЬ
Хятад улс нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Эрээнээс цаашаа Хөх хот, Бээжин хүртэл галт тэрэг, автобусаар зорчигч иргэд салхин цахилгаан станцын сэнснүүдтэй байнга таардаг. Шааньсид ч ялгаагүй ийм эрчим хүчний эх үүсвэрээс гадна нарны цахилгаан үүсгүүр буюу хавтангуудыг орон сууц, барилга, байгууламжийнхаа дээвэрт байрлуулсан байшингуудтай цөөнгүй таарна.
Энэ бол тус мужид үйл ажиллагаа явуулдаг “Лүнжи” (Longi) ногоон эрчим хүчний компани бүтээгдэхүүнээ орон нутгийн болон олон улсын зах зээлд нийлүүлж буйн илрэл. “Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг эл аж ахуйн нэгжийнхэн 2000 оноос хойш нарны эрчим хүчийг ашиглах технологи боловсруулан, үе шаттайгаар сайжруулан явсаар өнөөдрийг хүрсэн аж. Тус компанийнхан цахиурыг ашиглан монокристалл хавтан үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий дахины сэргээгдэх эрчим хүчний зах зээлд эдний бүтээгдэхүүнүүд өрсөлдөж буйг тус компанийн ажилтнууд бидэнд тайлбарлаж байв. “Лүнжи” компанийнхан газар дээр суурилуулахад зориулсан хавтангууд үйлдвэрлэхийн зэрэгцээ орон сууцын дээврийг нарны эрчим хүчний эх үүсвэрийн хүлээн авагч болгож ашиглах боломжийг бүрдүүлж, 2022 оноос хойш ийм төрлийн хавтан үйлдвэрлэж эхэлсэн байна. Ихэвчлэн орон сууцын зориулалттай барилгад 5-20 кВт-ын хүчин чадалтайг суурилуулж буй бөгөөд 100 кВт-аас нэг мВт хүртэлх хэмжээтэйг үйлдвэрлэж ч чадах хавтангуудыг үйл ажиллагаандаа ашиглаж буй газрууд байгааг дурдсан юм. Өөрөөр хэлбэл, монокристалл нарны хавтанг орон сууц, худалдаа, аж үйлдвэр, нийтийн хэрэглээнд өргөн ашиглаж эхэлснээ тодотгож байлаа.
Тус компани 60 гаруй мянган ажилтантай бөгөөд 2023 оны эхний гурван улиралд 94.1 тэрбум юань буюу 12.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэнэ. “Лүнжи”-гийнхэн дэлхий дахинд харанга дэлдэж буй хүлэмжийн хийг бууруулахын тулд ногоон технологийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаагаа бидэнд тайлбарласан. Манайхан хэдэн жилийн өмнөөс ногоон устөрөгчийн эрчим хүчний талаар ярьж, гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улс энэ салбарт үйл ажиллагаа явуулах, түүнийгээ экспортлох боломжтой хэмээж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй. “Лүнжи” компанийнхны устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааг төр засгаас нь сайшаан, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх чиглэлээр дэмжиж байгаа юм билээ.
Нарны цахилгаан үүсгүүртэй зөөврийн хүлэмж
5G ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Шааньси муж бол хөнгөн, хүнд үйлдвэрүүд зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг бүс нутаг. Үүгээр ч зогсохгүй хөдөө аж ахуйг, тэр дундаа байгаль орчинд ээлтэй технологид суурилсан газар тариаланг зэрэгцүүлэн хөгжүүлж буй юм билээ. Энэ нь бидэнд танилцуулсан нэг бус байгууллагаас харагдаж байв. Тухайлбал, ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх парк хэмээн орчуулж буй “Янлин” ургамал, газар тариалангийн хүрээлэнд орчин үеийн дэвшилт технологи ашиглан хүнсний ногоо, гудамж, тасалгааны ургамлыг ургуулж буй. Ингэхдээ хөрсөнд үр суулгаж ургуулдаг уламжлалт арга барилыг хойш тавьж, хөрсгүйгээр, тусгай тавцан, хоргонд ургуулж байгаа юм. Энэ парк нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хөдөө аж ахуйн технологийн сургалтын бааз аж. Тэнд “Нэг төв, таван бүс” хөгжлийн загварыг бий болгосон бөгөөд өмнө өгүүлсэн хөрсгүйгээр хүнсний ногоо ургуулж буй хүлэмж бол зөвхөн нэг хэсэг нь. 720 мү буюу 48 га талбайтай энэ паркт ухаалаг, олон дамжлагатай PC sheet, агаараар хийлдэг хоёр давхар, нарны эрчим хүч ашигладаг гэх зэрэг хэд хэдэн төрлийн олон тооны хүлэмж бий. 5G технологи ашиглан хүний оролцоогүйгээр хүлэмжийнхээ дулаан, агаарын чийгшил, бордоо, усалгаа зэргийг удирдаж байлаа. Робот ашиглан тусгай тавцанд үрсэлгээг нэг бүрээр нь суулгаж буй талбар ч бий. Био бордоо үйлдвэрлэх хэсэг ч байх юм. Бас ягаан, цагаан, хөх гэрлийн орчинд ургамал хэрхэн ургаж буйг судалдаг талбар ч байсан.
Бидэнд үзүүлсэн хэсэгт өргөст хэмх, улаан лооль, олон төрлийн байцай, хүнсэнд өргөн хэрэглэдэг навчит ургамал, цэцэрлэгжүүлэлтэд ашигладаг цэцгүүдийг хөрсгүй PC sheet гэж нэрийдэж буй хавтангуудад робот суулган нэгдсэн том хүлэмжид тодорхой зай, хэмжээнд байрлуулж байв. Энд ургуулсан хүнсний ногоог жилд хоёр ч удаа хураан авах боломжтой гэдгийг тус паркийн мэргэжилтнүүд бидэнд тайлбарласан юм. Түүгээр ч зогсохгүй төмөр чингэлгүүд ашиглан зөөврийн хүлэмж байгуулсан нь өндөр уулын бүс, хүйтэн сэрүүн орчинд ашиглах боломжтой гэнэ. Нарны цахилгаан үүсгүүрээр эрчим хүчнийх нь хэрэглээг зохицуулах эл хүлэмжийг манай оронд авчран жилийн дөрвөн улиралд ашиглаж болмоор санагдав.
Түүнчлэн Шааньси муж дахь ШХАБ-ын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцооны төвтэй биднийг танилцуулсан. Эл төв нь тус байгууллагын гишүүн орнуудаас бараа бүтээгдэхүүн оруулж ирээд цахим платформын тусламжтайгаар орон нутаг, бусад орны зах зээлд борлуулдаг юм билээ. Оросоос чихэр, архи, зөгийн бал, матрёшка, Казахстанаас гурил, гурилан бүтээгдэхүүн, Узбекистан, Киргизстанаас даршилсан ногоо, цай, гар урлалын эд барааг авчран борлуулдаг энэ төвийн үйл ажиллагааг БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар 2019 онд эхлүүлж, 2020 оны аравдугаар сард албан ёсоор нээжээ. Эл төвд бараа бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа явуулахын зэрэгцээ тусгай зассан өрөөнд цахимаар сурталчлагч бүсгүй бараа бүрийг “реклам”-дан сууж байв.
Техник, технологийн хөгжлийг ашиглан хөдөө аж ахуйн салбараа дэмжиж буйг бидэнд үзүүлсэн дараагийн байгууллага нь Хятадын хуурай бүс дэх ус хэмнэх судалгааны хүрээлэн байлаа. Тус улсын баруун хойд бүсийн газар тариалан, ой шугуйг шинжлэх ухааны ололт амжилт, технологийн тусламжтайгаар эрчимжүүлэх зорилготой эл байгууллага эрдэм шинжилгээний олон салбар, судалгааны нэгжтэй юм билээ. Дэлхий дахинаа ган гачиг, хөрсний доройтлын улмаас ургац муудаж, усны эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, ус, хөрс, агаарын, хүний амьдралын харилцан үйлчлэлийн механизмыг шинжилж, усыг газар тариаланд зөв зохистой ашиглах, хурын усыг хуримтлуулан зарцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд орчин үеийн дэвшилт технологийг хэрхэн ашиглаж болохыг энд туршдаг аж. Тухайлбал, хүнсний улаан буудайн талбайн аль хэсэгт бордоо, усалгаа дутагдаж буйг нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан хянаад, тэр хэсгийн усалгаа, бордооны цоргыг хүний оролцоогүйгээр алсаас нээснээр дутагдсан шим тэжээлийг нь өгч, ургацаа бүрэн хурааж авах боломжийг бүрдүүлэхэд эндхийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа чиглэдэг юм байна.
ХАН УУЛАА ЧИНЛИНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ШИГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ Л БАЙЖ
Шааньси мужийн Ши Ань хотын Жөүжы дүүргийн баруун хэсэгт оршдог бөгөөд 639 ам км талбайг хамардаг, хотоосоо 70 км зайд байдаг Чинлиний үндэсний ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол эл мужийн зэрлэг, ховор ан амьтан, эмийн ургамалтай цорын ганц бүс нутаг гэнэ. Эл хүрээлэн нь экологийн болон биологийн нөөцийг хамгаалах, Чинлин уулнаа амьдардаг аварга хулсны баавгайг өсгөж үржүүлэх зэргээр ховордсон зэрлэг амьтад, ургамлуудаа нэн тэргүүнд анхаардаг юм байна. Нам дор хэсэгтээ нуур цөөрөмтэй, уулаа өгсүүлэн тусгай замын автобусаар зорчих зам, амрах талбай байгуулан явган алхагчид, байгаль судлаач, зурагчдыг хоббиндоо хөтлөгдөн явах боломжийг бүрдүүлсэн энэ цэцэрлэгт хүрээлэнд зэрлэг амьтан ч олон бий. Цэцэрлэгт хүрээлэнгийн тайлбарлагчдынх нь хэлснээр зөвхөн Хятадад л байдаг Чинлиний тахь (Чинлин такин) хэмээх нэн ховор, нэгдүгээр зэргийн хамгаалалттай амьтан энэ уулнаа нутагладаг аж. Хүчирхэг биетэй, догшин авиртай, хүнтэй таарвал хазаж, хайрдаг, салаа туурайтай, морин толгойтой, илжгэн сүүлтэй, буга шиг эвэртэй, өвсөн тэжээлт уг амьтан гацуур мод ургадаг бүсээс дээш амьдардаг гэнэ. Ийнхүү итгэл төгс тайлбарлаж буй шалтгаан нь уулаа сайтар судалж, хаана нь ямар мод, ургамал, жимс, жимсгэнэ, амьтантай болохыг нэгд нэгэнгүй мэдсэнтэй нь холбоотой юм билээ. Тус хүрээлэнгийнхэн Чинлин уулнаа 6093 төрлийн ургамал, 154 зүйлийн амьтан, 465 төрлийн шавж бий, тэдгээр нь уулын энэ бүсээс дээш, доош амьдардаг, ургадаг хэмээн тайлбарлахын зэрэгцээ цахим каталог, шавж, ургамлын хатаамал хийж музейдээ байрлуулсан нь экологийн боловсролын хичээлийн үзүүлэн болж чаджээ. Бас хуримлагч хосуудад зориулан тусгай талбай байгуулж, зургаа авхуулах боломж бүрдүүлжээ. Уулнаа модод, ургамал ихээр тарьж, байнга усалж тордон ургуулж, жинхэнэ утгаар нь ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг цогцлоосноо бидэнд ийнхүү “гайхуулсан” юм. 1999 оноос Шааньси мужийн Ардын засгийн газраас Чинлин ууланд эл хүрээлэнг байгуулах шийдвэр гаргаж, 20-иод жилийн хугацаанд бүхнийг цогцлоож чаджээ.
Харин бид 1999 оноос хойш ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат ууландаа хэрхэн хандсан билээ дээ. Дэлхийн хамгийн эртний дархан цаазат уулаа аялал жуулчлалын отог байгуулах нэрээр цементэн ширэнгэ болгон хувиргаж, улсдаа ганц байсан ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээ ч устгачхаад сууж байна. Хан уулаа бид Чинлин шиг ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан бол аялал жуулчлалын нэгэн брэнд үүсгэн, халиун буга, саарал чоно, бор гөрөөс, олон төрлийн эмийн ургамлаа үзүүлээд орлого олох боломжтой л байж. Харамсалтай нь, төрийн бодлогын алдаа, тогтолцооны авлигын улмаас Хан уулын ардаа бөөн бухимдал, түгжрэл дунд амьдарч, экологийн аялал жуулчлалаас мөнгө олох боломжоо үгүй хийчхээд суугаа билээ.