Ам бүл гурван сая, зургаан зуун мянгуулаа билээ, бид. Хүн амын тоогоороо тэргүүлээгүй ч цахим хөгжил, хэрэглээгээрээ дэлхийд нүүр улайхааргүй, бүр толгой цохино гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн нь саяхан. Энэ мэдээж сайн. Цахим орчныг давуу тал болгож, ажил амьдалдаа зөв, ашигтайгаар эргүүлсэн хүн олон. Харин сөрөг тал нь монголчууд нийтээрээ нийлж нэгнээ цахим орчинд шүүмжилж, бүр “дүүжлэх” эмгэгтэй болсон шиг. Хаврын синдром гэдэг шиг сонгуулийн жилд эл эмгэг бүр газар авсныг хууль, хяналтын байгууллагын ажилтнууд тодотголоо.
Тодорхой хэлбэл, инфлүүнсэр (influncer) эмэгтэйчүүдийг цахим орчинд гоочлох, доромжлох нь хэрээс хэтэрсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаяр нэгэнтээ мэдээлэл хийх үеэрээ “Бидний дунд цахим булли буюу нийгмийн гадуурхалд өртсөн, үзэл бодол, зан заншлаараа гадуурхалд орчихсон хохирогч олон. Энэ гэмт үйлдэл, сөрөг халдлага, довтолгоог түргэн хугацаанд зогсоох шаардлагатай” хэмээн ярьсан нь үүний нотолгоо юм.
Гэвч хохирогч эмэгтэйчүүдээс цөөн бүр маш бага хувь нь хуулийн хяналтын байгууллагад гомдол гаргадаг юм байна. Цагдаагийн байгууллагад 2024 он гарсаар цахим орчинд нэгнээ доромжлох нэр төрийг нь гутаахтай холбоотой 76 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрийн 34 нь эмэгтэй хохирогч аж.
Жилийн өмнө нэвтрүүлэгч Д.Одзаяаг “Үнэтэй даймонд бөгж луйвардсан” гэх мэдээллийг нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнийг нь иргэд ямар ч цензургүйгээр цааш түгээсэн. Тэр ч бүү хэл, зарим редакцгүй сайтууд онцлох мэдээ болгон олон нийтэд цацсан юм. Харин нэвтрүүлэгч Д.Одзаяа Баянгол дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, багагүй хугацаа, эдийн засгаа зарцуулсан гэдэг. Улмаар оны өмнөхөн дээрх мэдээлэл ташаа болохыг баталж, нэр төрөө сэргээсэн удаатай. Тодруулбал, худал мэдээ тараасан нь тогтоогдсон тул тараасан арга хэлбэрээрээ няцаах үүргийг шүүхээс хариуцагч нарт даалгаснаар уг асуудал төгсгөл болсон. Нэвтрүүлэгч бүсгүй энэ мэтчилэн олон шүүмжлэлийн гол цөм, хилс явуулгын өгөөш болсоор ирсэн.
Дахин нэг жишээ дурдахад тэрбээр өнгөрсөн зун аялж, зугаалж яваад мөн л хийгээгүй үйлдлийнхээ төлөө олон нийтийн шүүмжлэлд өртсөн. “Шүүмжлүүлсэн” хэмээн бичиж буй минь дэндүү зөөлрүүлсэн хэрэг. Үнэндээ түүнийг сошиал орчинд “яллаж”, бүр “дүүжилсэн” билээ. Нэгэн иргэн түүний нэрийг дурдаж “Ийм гоё хүүхэн дуучин нөхөртэйгөө манай нутгаар амраад явахдаа ингэж бузарлачихаад явчихсан. Манай нутгийнхан байгалиа хайрлаад чихрийн цаасаа ч өвөртөлчихдөг зон олон. Бас л эвгүй юм аа. Ай хөөрхий хүний ухамсраа гэж” хэмээн зурагтай пост оруулсан. Уг пост дахиад л газар авч, зарим нь түүнийг цахим орчинд үгийн муухайгаар хэлсэн. Дуучин Заяа буюу түүний нөхөр энэ талаар “Энэ бидний отоглосон газар. Ингээд сайхан найзуудтайгаа аялж яваад сүлжээ ортол юу юу ч болсон юм дээ. Бид жил бүр гэр бүлийн найзуудаараа аялахдаа байгалиа ямар байсан тэр чигээр нь үлдээж, хогоо ачаад хогийн цэг дээр хаяад л явдаг. Дээрээс нь аль болох аялагчдаа зөв аялахыг уриалж, дүрсжүүлж явдгийг ч та нар маань мэдэх байх. Энэ удаад ч ялгаагүй уриалсаар, үлгэрлэсээр, хогоо ачсаар л яваа шүү” хэмээн тайлбар хийж, нотолгоо болох бичлэгээ цахим орчинд байршуулсан байдаг. Тухайн бичлэгт тэд жорлонгийн нүх ухаж, зориултын хаалт босгож, хэрэглээд буцахдаа шороогоор булж дарсан хийгээд өөрсдийн болон өрөөлийн хогийг түүж цэвэрлэж буй үйл явц гарч байв. Харамсалтай нь, өмнөх сөрөг ташаа постод лайк дарж, цааш түгээсэн шиг эл бичлэг тийм ч их хандалт аваагүй юм.
Үүнээс гадна дуучин М.Нарантуяа буюу Нара олон нийтэд танигдаж эхэлснээсээ авхуулаад өнөөдрийг хүртэл аливаа сөрөг мэдээний бай болоод удаж буй. Хиймэл будмал, хамраа өндөрлөсөн, мэс засал хийлгэсэн, хөвсгөр, бандгар гэхчлэн элдвээр нь хэлж, түүн рүү давшилсаар, дайрсаар ирсэн. Бүр тулгар биетэй байхад нь иргэд олон нийтийн сүлжээнд түүнийг барьж идэх нь холгүй тавлаж, зохисгүй үгээр хэлж байв. Сонгууль “хаяанд ирсэн” эл өдрүүдэд ч түүнийг тойрсон элдэв гооч үгс жиргээнд нисэж, сошиалд хөвөрсөөр л. Энд бичих нь битгий хэл уншихад ч нүд өвтгөм эдгээр хорон хурц үгс өсвөр болон бага насны хоёр хүүтэй эх хүний сэтгэлд ирт мэс шиг хурцхан тусдаг болов уу. Эсрэгээрээ Нара нийгэмд олон ч удаа шүгэл үлээсэн. Тухайлбал, тэрбээр “Өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт бүх сургуульд байна”, “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хэмээх байгууллага юу ч хийдэггүй” гэх зэргээр шүүмжилсэн нь байгаа онож, олон нийтээс эерэг үнэлгээ авч чадсан. Түүнчлэн пэйж хөгжүүлж, олон дагагчтай болсон бизнесмен эмэгтэйчүүд ч эл замыг тойрч биш туулж яваа.
Инфлүүнсэр эмэгтэйчүүдийн талаар ийн сөрөг мэдээлэл цацаж, олон нийтийн амны зугаа болгодог нь цаанаа учиртай ажээ. Ийм сөрөг мэдээлэл цацдаг бүхэл бүтэн бүлэглэл, арми байдгийг мөрдөгч хэлж, өмгөөлөгч батлав. Инфлүүнсэр эмэгтэйчүүд нийгэмд нөлөөлөх хэмжээний олон дагагчтай. Тэд пэйжээ байнга хөгжүүлж, тасралтгүй хөдөлмөрлөж байдаг. Энэ нь тэднийг нэр нүүрээ нуусан хар санаатнуудын хандалт авах өгөөш болоход хүргэжээ. Тодорхой хэлбэл, сонгуулийн пиар хийгчид инфлүүнсэр эмэгтэйчүүдийн оруулсан пост болгоны дор элдэв худал агуулга бүхий сэтгэгдэл бичиж, олныг бухимдуулж, өөрсдөө анхаарлын төвд ордог байна. Мөн инфлүүнсэр эмэгтэйчүүдийг нэрийг дурдаж, элдэв гүтгэлэг тараадаг. Ийм мэдээлэл хуурай өвсөнд гал авалцах шиг хурдтайгаар цахим орчинд тархаж, сонгуулийн пиарчдад хандалт авчирдаг. Троллууд ч үүнийг нь зогсоо зайгүй цааш түгээж байдаг аж. Харин инфлүүнсэр эмэгтэй хэр олон дагагчтай байна тэр хэрээрээ “шархална”. Гэвч ихэнх тохиолдолд инфлүүнсэрүүд хариу арга хэмжээ авдаггүй, гомдол гаргадаггүй гэнэ.
Харин хуулийн байгууллагаас цахим гүтгэлэг, дайралт болгоныг screen shot буюу зураг болгон хадгалж авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл хуулийн байгууллагад гомдол гаргахдаа SS хавсаргах нь чухал баримт юм. Нөгөө талаар хар пиарчид асуудал буруугаар эргэснийг ойлгонгуутаа постоо устгадаг аж. Ер нь зорилгодоо хүрчихээд бичсэн зүйлээ устгаж ч мэдэх юм. Дараагийн зөвлөгөөг өгье. Хэрэв та цахим дайралт, гүтгэлгэд өртсөн бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах заалтыг үндэслэн хуулийн байгууллагад гомдол гаргаарай. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Мөн Монгол улсын Иргэний хуулиар иргэний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндээ хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл, Иргэний хэргийн шүүхэд хандаж, нэр төрөө сэргээж, хохирлоо ч нэхэмжлэх эрхтэйг өмгөөлөгч хэлсэн. Эцэст нь, хэлэхэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид цахим орчинд эмэгтэйчүүдийг буллидах нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг онцолсон билээ.