Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон. Тиймээс уг асуудлыг Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар болжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал тул нэн даруй холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой" хэмээлээ.