БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэгийн мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн нурууны мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай 2 хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
ГССҮТ, БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны дагуу тэрбээр өнгөрсөн зургадугаар сард тус төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн хүнд гажиг, нурууны мурийлттай (Scoliosis) 12, 14 насны хоёр хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж байсан билээ.
Мөн энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тэргүүтэй холбогдох албаны хүмүүс профессор Мехмет Айдоганыг хүлээн авч уулзан, нурууны мурийлт болон нуруу нугасны төрөлхийн эмгэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэ арга туршлагаас хуваалцаж, төвийн эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж чадавхижуулах, хамтын үйл ажиллагааны дагуу цаашид хийх ажлуудаа хэлэлцсэн байна.
Профессор Мехмет Айдоган ГССҮТ-д ажиллах хугацаандаа эмч мэргэжилтнүүдэд зориулан "Metastatic bone tumors" сэдвээр сургалт хийж, эмчилгээний арга зүйн талаар туршлага солилцсон байна.