УИХ-ын гишүүн Л.Болд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар 2017 оноос хойш маргаж, нэг нэгнээ шүүхэд өгсөөр гурван жил өнгөрсөн. Уг асуудлыг гурван шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Болсон явдлыг эргэн сануулахад, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Б.Хурц, Л.Болд нар маргалдсан. УИХ-ын гишүүн Л.Болд “Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц таны байцаасан хоёр хүн амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг өвдсөн байхад нь хүчээр байцаалт авсан.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, хэрэгтэн шиг байлгасаар бурхны оронд явуулсан. Тэд “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэсэн. Тэр захиалагч нь хэн юм бэ” гэсэн. Харин Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 000 ам.доллароор зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл ирсэн. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал нь ял авсан. Би цааш нь ярих уу” хэмээсэн юм. Улмаар Л.Болд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан. Б.Хурц ч нэр төрөө сэргээлгэхийг хүссэн билээ. Шүүх байгууллага тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хангах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд тэдний хэлсэн зүйлийн аль аль нь нотлогдоогүй тул шүүх харилцан уучлал гуйж, хэвлэлээр залруулга нийтлэх тогтоол гаргажээ. Гэсэн ч нэхэмжлэл гаргагчид шүүхийн эл тогтоолыг биелүүлээгүй байна.