Боловсролыг дэмжсэн монгол цэргүүдийн хүчин чармайлт

Боловсролыг дэмжсэн монгол цэргүүдийн хүчин чармайлт

БЕДЕ ШЕППАРД


Олон улсын хүний эрхийг хамгаалдаг “Human rights watch” байгууллагын Хүүхдийн эрхийг хамгаалах газрын дэд захирал

Монголын тал нутгийн гайхамшгийг санагдуулам дүр зураг Африкийн нэгэн тосгонд үлджээ. Өмнөд Суданы хөдөөгийн Рабкона хэмээх жижиг хотын бага сургуулийн хашааны дотор талын ханан дээр байгалийн тэр үзэсгэлэн гоог зурж буулгасан байдаг. Ханан дээгүүр “урсах” гол Монголын хуурай улирлын үеийн бор хөрснөөс эрс ялгарч харагдана.

Энэ бүс нутгийн жирийн иргэдийг хамгаалуулахаар илгээсэн НҮБ-ын энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтсан монгол цэргүүд уг зургийг зурсан юм. Сэргээн засах төслийн хүрээнд тэдний гүйцэтгэсэн ажлыг урлагийн хамгийн мэдрэмжтэйд тооцдог аж. Тэд 50 мянга орчим ам.долларын өртгөөр есөн анги танхимыг сэргээн засаж, гурвыг шинээр барьсан байна. Мөн бүх өрөөг цахилгаантай холбож, сурагчийн 1534 ширээ засаж сэлбэжээ.

2013 оны аравдугаар сард тус сургуулийг дахин нээх ёслолын ажиллагааны үеэр Монголын цэргийн командлагч, хурандаа Ч.Түмэндэмбэрэл үг хэлэхдээ түүний удирдсан батальон боловсролын төслүүдийг л сонгож авснаа тайлбарласан юм. Учир нь, Өмнөд Суданы ирээдүйн Ерөнхийлөгч, парламентын гишүүн, мужуудын захирагч болох хүүхдүүдэд боловсрол чухал гэдгийг тэрбээр онцолж байжээ. Харамсалтай нь, ёслолын энэ ажиллагаанаас хойш хоёр сар ч болоогүй атал тус сургуульд нэг ч хүүхэд суугаагүй юм.

2013 оны арванхоёрдугаар сард Өмнөд Суданд иргэний ширүүн дайн дэгдсэн билээ. Ерөнхийлөгч Сальва Киирийн талыг баримтлагч цэргийнхэн болон Дэд Ерөнхийлөгч асан Рик Мачарыг дэмжигчид хоорондын мөргөлдөөн нийслэл Жубагаас эхэлсэн бөгөөд хойд нутгийн Рабкона хотод ч хүрсэн. Засгийн газрын талыг баримтлагч цэргүүд сургуулийн анги танхимыг хуарангаа болгон ашиглаж байгаад 2015 оны арваннэгдүгээр сард явсны дараа л сурагчид нь сургуульд хамрагдаж эхэлжээ.

Ганц Рабконагийн бага сургуульд ийм хувь заяа оногдоогүй юм. Дэлхийн хаана ч дайн дэгдэхэд Засгийн газрын цэргүүд сургуулиудын байрыг булаан эзэлж, хүүхдүүдийг хөөн гаргаж, эсвэл бүр галын шугам руу татан оруулдаг. Сурагчид, багш нар болон сургуулиуд хүссэн ч, хүсээгүй ч халдлагын бай болдог. Ийм тохиолдолд боловсролын салбар дайны золиос болсоор буй.

Тиймээс дэлхийн орнууд ирэх гуравдугаар сарын 28-29-нд Аргентинд болох олон улсын бага хуралд оролцож, дайны үед сургуулиудын аюулгүй байдлыг хангахыг шаардах гэж байна. Сурагч, багш, сургуульд халддаг жишгийг шүүмжлэн буруушаасан, улс төрийн хувьд олон улсын хүлээх үүрэг болох Аюулгүй сургуулиуд тунхаг бичгийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.

Сургуулиуд халдлагад өртөх магадлалыг аль болох багасгаж, үүний сөрөг үр дагаврыг бууруулах талаар Засгийн газруудын авч болох арга хэмжээг уг тунхаг бичигт тусгажээ.

Энэхүү гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах замаар халдлагыг зогсоохоор уг баримт бичигт гарын үсэг зурсан орнууд зорьж буй юм. Хуарангаа болгох зэргээр дайны зорилгод сургуулийн байрыг ашиглах явдлыг багасгах, халдлагад өртүүлэхгүй байхаар тэд мөн тохиролцоно.

Сургуулийг халдлага болон цэргийн зориулалтаар ашиглуулахгүй байх хамгийн сайн туршлагаасаа хуваалцаж, тийм арга боловсруулах, энэ нь иргэний зориулалттай барилга гэдгийг нь хүндэтгэн үзэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уг тунхаг бичгээр үүрэг болгох аж. Энэ тунхаг бичгийг дэлхийн 57 улс хэдийнэ сайшаагаад байна. Харин Монгол Улс яах бол?

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын цэргүүд сургуулийн байрыг байлдааны ажиллагаанд ашиглуулахгүй байх үүргийг нэгэнт хүлээсэн. Рабконагийн бага сургуулийн байрыг сэргээн зассанаараа тэд зэвсэгт мөргөлдөөнд өртсөн орнуудад ч хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хамгаалж буйгаа илэрхийлсэн билээ.

Аргентинд болох уулзалтын үеэр ч Монголын Засгийн газар Аюулгүй сургуулиуд тунхаг бичгийг сайшаан, дэмжиж буйгаа илэрхийлэх боломжтой. Африкт Монголын энхийг сахиулагчдын гаргасан хүчин чармайлтаас үзвэл энэ нь хялбар сонголт байж мэднэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай