МИАТ-ийн онгоц утаанаас шалтгаалан 28 удаа саатжээ

МИАТ-ийн онгоц утаанаас шалтгаалан 28 удаа саатжээ

АРХИВ /2001 оны арванхоёрдугаар сарын 22. Бямба. № 299 (1456)/

Д.БЭХБАЯР


Өнөөдөр Буянт-Ухаа орчмын айлуудыг нүүлгэх тухай жаахан ярилцъя. Ингэж ярих зайлшгүй шаардлага байна аа. Уг нь энэ асуудал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн л дээ. Манай сонинд “Буянт-Ухааг нүүлгэх үү, бор гэрээ зөөх үү” гэсэн нийтлэл гарч байсан. Харин өнөөдөр Буянт-Ухаа ч, бор гэрүүд ч нүүгээгүй л байна. Яагаад заавал энэ хоёрын нэгийг нүүлгэх гээд байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ нь нөгөө л утаатай холбоотой. Ер нь нисэх буудлаас хааш хаашаа дөрвөн км-т юу ч байх ёсгүй аж.

Манай Буянт-Ухаа буудлын орчимд бол гэр хороолол төдийгүй томоохон шатахуун түгээх станцууд бий. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2000, 2001 онуудад Буянт-Ухаагийн гэр хорооллын айлууд эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар онгоц буух зурвасын яг дээд талд буюу Морингийн даваа хавьд буух 500 гаруй айлд газрын зөвшөөрлийг хот, дүүргээс өгчихсөн байгаа. 200 гаруй айл хэдийнэ буужээ. Хуучнаар 100 дугаар цэцэрлэгийн орчимд ч олон айл бий. Нисэх буудлын хойд талаар суурьшсан айлуудын яндангийн утаа цаг агаарын хэвийн нөхцөлд онгоц буух зурваст орж тогтдог.

Салхитай үед Морингийн даваанд шинээр буусан айлуудын яндангийн утаа онгоцны зурваст өтгөн манан үүсгэдэг ажээ. Чухамдаа энэ утаа агаарын тээврийн компаниудад лай болоод байна. Дэлхийн томоохон авиа компаниуд нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс дүрмийн дагуу 4000 метрийн өндрөөс харагдаж байх шаардлагыг тавьдаг. Харин утаа суунагласан манай өвлийн улиралд гадаад, дотоодын онгоц бууж чадахгүйд хүрч, эргээд ниснэ. Бээжинд, эсвэл Эрхүүд буух зэргээр зорчигчдод сэтгэл санааны болоод авиа компаниудад их хэмжээний хохирлыг учруулж байна.

МИАТ-ын онгоц өнгөрсөн жил утаанаас шалтгаалан 28 удаа цагаасаа хоцорч буусан. Энэ онд 20 гаруй удаа буулгүй эргэж нисчээ. Бээжинд буух нэг удаагийн тохиолдолд 20 мянган ам.долларын зардал гардаг гээд бод доо. Ийм зардлыг тооцоод үзвэл 111 цаг 12 минут саатаж, нийдээ 40 гаруй сая төгрөгийн алдагдлыг энэ компани хүлээжээ. Зөвшөөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлуудын утаа дотоодын төдийгүй гадны авиа компаниудад хүндрэл учруулж, бүр өвлийн улиралд нисгэхгүй байх шийдвэр гаргахад хүрдэг уламжлал тогтлоо.

“Эйр Чайна” компанийн онгоц гэхэд өнгөрсөн жил утаанаас үүдэн 13 удаа саатсан бол энэ оны нэг, хоёрдугаар сард зургаан удаа бууж чадаагүй гэнэ. Солонгосын “Кореан-Айр” компани утааны улирал дуустал буюу хавар хүртэл онгоцоо нисгээгүй. Шинэ оны эхний улиралд ч утаа суунагласан өвөл үргэлжлэх бол дээрх хоёр авиа компани мөн л ийм шийдвэр гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Харин холбогдох газрын мэргэжилтнүүд, Буянт-Ухаа орчмын айлуудыг яаралтай нүүлгэх шаардлагатай. Эсвэл утаа бага гаргадаг зуух, техник хэрэгслийг эдгээр айлд тавья. Утаа цаг агаарын мэдээлэлд нөлөөлж байна. Бид эндээс тэнгэр цэлмэг, салхигүй гээд мэдээлнэ. Гэтэл уг мэдээллийг авсан онгоц Улаанбаатарт ирээд буух гэтэл бөөн хөх манан суунагласан байх жишээтэй. Ер нь тодорхой арга хэмжээ авахгүй бол утаанаас шалтгаалан аймшигт мэдээг сонсгохгүй гэж хатуу хэлж чадахгүй.

Засгийн газраас саяхан онгоцны нөөц буудлыг Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд барихыг зөвшөөрсөн. Буянт-Ухаа онгоцны буудал ганц зурвастай учир салхитай болон утаа тогтсон үед онгоцыг Хөшигийн хөндийд буулгаж байх асуудал яригдаж байгаа. Буянт-Ухаагийн гэрүүдээ нүүлгэж чадахгүй болохоор өөр газар онгоцны буудал ярих гэж байна гэсэн шүүмжлэл ч байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай