Агаарын бохирдлоос жилд гурван сая хүн нас барж байна

АРХИВ /2001 оны арванхоёрдугаар сарын 21. Баасан. № 298 (1455)/

Нийслэл хотын маань өглөөг сааралтуулж буй энэ утаа хаанаас гараад байна вэ? Энд цаг агаар нөлөөлж байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу? Цаг агаар хүйтрээд ирэхээр агаарын бохирдол ихэсдэг. Учир нь айл бүхэн түлш түлээгээ их хэмжээгээр хэрэглэж цахилгаан станцуудын ачаалал хэд дахин нэмэгддэгтэй холбоотой. Үүнээс үүдэн хотод утааны хиймэл орчин бий болдог юм байна. Өвлийн улиралд цаг агаар ихэнхдээ тогтуун салхи шуургагүй байдаг.

Энэ нь утааны дээрх хиймэл орчинг үүсгэхэд нөлөөлнө. Судалгаагаар хотод хамгийн их агаарын бохирдолттой газруудыг тогтоосон байна. Энд баруун дөрвөн зам Зурагт, Толгойт, Зуун айл, Гуравдугаар эмнэлгийн орчмын газрууд багтжээ. Үүнээс харвал агаарын бохирдлын суурин эх үүсвэр нь гэр хорооллын байрлалтай холбоотой гэсэн дүгнэлт хийж болно. Ер нь Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдсөн агууламжаасаа хэд дахин хэтэрч хүний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөхүйц болсон аж.

Ус цаг уурын хүрээлэн болон БОЯ-ны харьяанд Агаарын чанарын алба ажиллаж байна. Агаарын хяналт шинжилгээ чанарын хоёр мэргэжилтэнтэй энэ алба нь Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар байгааг судлах зорилготой. Саяхан агаарын бохирдлыг хэмжих зориулалттай найман багаж Итали улсаас улсаас ирсэн. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тодорхой хэмжилтийг эдгээрээр хийнэ. Нэлээд үр дүнтэй судалгаа хийгдэж байгаа. Мөн авто тээврийн хэрэгслийн талаар авах арга хэмжээний тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн.

Өнөөгийн явж буй тээврийн хэрэгслийн утааг багасгах техникийг машинд суулгах зэрэг арга хэмжээ авч байна. Ер нь агаарын бохирдлоос хамгаалах асуудлыг нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм гэж Ус цаг уурын орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар ярилаа. Агаарын бохирдлын нөлөөг хөдөлгөөнт болон суурин (айл өрх, цахилгаан станц) гэж ангилж үздэг.

Тээврийн хэрэгсэл нь агаарын бохирдолтын 40 хувийг үүсгэж байгаа тухай судалгаа бас байна. Холбогдох байгууллагуудаас гэр хорооллын айлууд хэдий хэмжээний утаа гаргаж байна, тэр нь агаарт хэрхэн нөлөөлж буйг судлах аж. Мөн дизель хөдөлгүүрээр ажилладаг микроавтобусуудад хэмжилт хийж эхэлнэ.

Өнөөдөр хотод 250 мянган томоохон оврын уурын зуух байгаа гэнэ. НҮБ-ын Хүн амын сангаас гаргадаг “Хүн ам ба байгаль орчин” тайланд бичсэнээр дэлхийн 2.7-3 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалан жилд нас барж байна. Үүний 90 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог ажээ. Агаарын бохирдолт нь амьсгалын замын халдварт өвчнийг үүсгэж улмаар хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой муугаар нөлөөлдөг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай