Барсболд сайд аа, Энхболд дарга аа, хорт утааны багаар хангаад өгөөч

Барсболд сайд аа, Энхболд дарга аа, хорт утааны багаар хангаад өгөөч

АРХИВ /2001 оны арванхоёрдугаар сарын 21. Баасан. № 298 (1455)/

Алив бос. Багаа өмсөөд гүй. Холын бараа харагдахгүй ч, хоолой чинь хорсохгүй. Үзэмжгүй муухай гэж голох ч хэрэг байхгүй. Гэр хорооллынхны баагиулдаг утаанд “дарлуулж” байхаар баг углаад чөлөөтэй алхсан нь дээр. Нүүр царай танигдахгүй гэж шалтаг хайж байна уу? Энэ хэн бэ гэдгийг илтгэх тодоос тод ялгах тэмдгээр тамгалчихаж болно шүү дээ. Өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол хэрээс хэтэрч ялангуяа өглөөгүүр таван алхмын цаадхыг ч харж чадахгүйд хүрлээ. Хорт утааны баггүйгээр хотын гудамжаар алхах аргагүй болох нь.

Улаанбаатарт жилдээ таван сая тонн нүүрс “залгидаг” дулааны цахилгаан станцууд ажиллаж байна. Үүний дээр 50-иад мянган хуучин голдуу автомашин хар утаа хаяж, хотын агаарын бохирдолтод хувь нэмрээ оруулж буй. Түүнчлэн гол бохирдуулагч гэр хорооллынхны ганцхан жилд хэдэн зуун мянган тонн нүүрс, мод түлж, утаа баагиулж сууна. Гэр хорооллын дутуу шаталттай болхи зуухыг боловсронгуй болгох тухай сүүлийн хэдэн жил улиг болтлоо ярьсан. Уг нь хэрэгжиж эхэлсэн л гэнэ. Тэр нь үр дүнгээ өгч, бид цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалтлаа өдий.

Тэгээд ч нийслэлийн хүн амын талаас илүү хувийг эзэлдэг гэр хорооллынхныг өртөг өндөртэй шинэ зуухаар хангана гэвэл үлгэр. Нэн ядуу нь бүү хэл, дундаж төсөвтэй өрхүүд ч шинэ зууханд мөнгө зарцуулах дургүй байна. Гэрийн утааг багасгах ажлын хүрээнд эхний ээлжинд хотын 75 мянган гэрийн зуухыг шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ жил 15 мянган зуух солино гэсний дагуу тендер зарлаж, хамгийн их бохирдолтой Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд тараав. Тэгээд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гэр хорооллоос утаа май савсахаа больсон нь үгүй. Өглөө эртхэн хараарай. Нийслэлийн утаа улам өтгөрсөөр. Нэг зуух 44.700 төгрөгөөр үнэлэгдэж, ихэнх өрхөд зээлээр олгосон. Харин цааш нь...

Байгаль орчны сайд хотын мээр хоёр биелшгүй энэ төслөө мөрөөдөж л сууна. Үүнийхээ оронд гэр хорооллыг нийслэлээс зохион байгуулалттайгаар нүүлгэх тухай зоригтой шийдвэр сэдэж болохгүй гэж үү. Энэ талаар “Өнөөдөр” сониноос зохион байгуулсан редакцын уулзалт, ярилцлагын үеэр Байгаль орчны сайд У.Барсболд “Заавал гэр хорооллын айлуудыг нүүлгэж Чингисийн үеийнх шиг уйлаан майлаан болгон бужигнуулаад яах нь вэ. Одоогийн нөхцөлдөө тохируулаад арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн бодолтой байна.

Улс төрийн хувьд их л дуулиантай хэрэг болох байх даа... Ер нь яг энэ асуудлаар эцсийн үг хэлэх хүн бол Дэд бүтцийн сайд Б.Жигжид” хэмээн тайлбарласан. Үнэндээ гэр хорооллыг нүүлгэнэ гэвэл бөөн эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Гэхдээ эсэргүүцэж суух зуураа бид амьсгалын замын өвчинд нэрвэгдэж хорт хавдрын аюулд тулж, өглөөд өлмийгөө үзэх үгүйтэй мөргөлдөж амьдрах нь. Хотоос зайдуу шинэ хороололд гэр хорооллыг нүүлгэхийн цагт бол ядаж нийтийн тээврийн бэрхшээл цэгцэрч төмөр зам ч амь орох биш үү.

Хотын агаарын бохирдол бидний эрүүл мэндэд асар их хохирол учруулах болсныг нотлох судалгаа шинжилгээний баримтууд улам зузаарсаар. Одоо бид яах вэ? Бүгд нэг дуугаар хорт утааны баг захиалцгаая. Юутай ч нийслэлчүүдийн тав орчим хувийг буюу 30-аад мянган хүнийг хангах хорт утааны баг одоо манайд байна. Нэмж авъя. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа ч мартаж болохгүй. Тэд бүр төрийн өндөрлөгүүдэд зориулсан тусгай шүүлтүүртэй баг өмсөг. Байгаль орчны сайд хотын мээр ч гэсэн багтай явбал хэзээ ч биелэхгүй шинэ зуухаа мөрөөдөж суух зуураа утаа тортогноос уушги, цээжээ хамгаална. Хорт утааны багтай найзлахаас өөр арга өнөөдөр алга. Хэрвээ бид багжиж чадвал Азийн багт Монгол болж дэлхий дахинаа монголчуудын нэр ер бусынхаар түгнэ ээ.

“Өнөөдөр”-ийн редакц У.Барсболдод хорт утааны баг бэлэглэхээр болсон талаараа 2001 оны арванхоёрдугаар сарын 22-ны ¹ 229 (1456) дугаартаа мэдээлж байв. Сайдаас гадна хотын дарга М.Энхболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд нэжгээд баг өгөхөө дурдаад байсан юм.

2001 оны арванхоёрдугаар сарын 28. Баасан. № 304 (1461)

«ӨНӨӨДӨР»-ийн бэлэг Засаг даргад очив

Д.САЙНАА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод “Өнөөдөр” сонин бэлэг гардууллаа. Бэлгийг маань талархан хүлээж авсан Засаг дарга харин задалж үзсэнгүй.

“Бэлгийн морины шүдийг үздэггүй, та нарыг явсны дараа л...” хэмээн хаширлав. Гэхдээ тэр бэлгэнд авсан хорт утааны баг, түүнийг дагасан редакцын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана гэсэн юм. Улаанбаатарт 80-аад мянган гэр, 160 орчим нам даралтын уурын зуух бий. Мөн автомашинууд гээд утаа үйлдвэрлэгчид олон ажээ. Засаг дарга төсөв санхүүгийн хүндрэлээс хамааран утаатай тэмцэх ажилд санаа зовоохоос хэтрэхгүй байгаагаа ч нуусангүй. Энэ нь утаагүй зуух нэвтрүүлэх, автомашины утааны хэмжээг тогтоох үзлэг зэрэг аар саархан арга хэмжээний хүрээнд байгаа гэнэ.

“Өнөөдөр” сонины санаачилга санамж, дохио өгсөн ач холбогдолтой болсон ч Улаанбаатар утаагүй хот болох асуудалд хүч хүрэхгүй л байна. Энэ нь Засгийн газар, улсын хэмжээнд авч үзэж шийдвэрлэх асуудал мөн. Бидэнд ч бодож, төлөвлөж байгаа зүйл бий. Харин сониныхон маань ард түмэнд бодит талаас нь зөв ойлголт өгч бидний ажлыг дэмжиж байгаарай хэмээн М.Энхболд хэллээ.


2001 оны арванхоёрдугаар сарын 27. Пүрэв. № 303 (1460)

“Өнөөдөр” сонин бэлгээ гардуулав

А.БААСАНДОРЖ


“Өнөөдөр” сонин оны өвөрмөц бэлгээ өчигдөр тараав. Гэр хороолол, машин тэрэг, мөн станцуудын утаа, хогноос болж Нийслэл хотын агаар ихээхэн бохирдож, зарим өглөө амьсгалахад, орчин тойрноо харахад ч бэрхтэй болоод байгааг уншигч та сайн мэдэж буй. Тиймээс нийслэл хотынхоо агаарыг бохирдлоос хамгаалах их ажилд ханцуй шамлан орохыг “Өнөөдөр” сонин уриалсан билээ.

Нийслэлийн агаарын бохирдол хотын мээрт ихээхэн хамаатай. Байгаль орчны сайдад бол бүр ч их хамаатай болж таарна. Улаанбаатарын ард иргэдийг гэрэл цахилгаан, халаалт дулаанаар хангаж байдаг том том цахилгаан станцуудыг харьяалж суудаг Дэд бүтцийн сайд ч энэ их ажлаас хоцрох ёсгүй нь мэдээж. “Өнөөдөр” сонины редакц өөрийн санаачилсан энэ ажилдаа хамтран зүтгэхийг уриалж дээрх эрхмүүдэд хорт утааны баг бэлэглэхээр шийдсэнээ өмнө нь мэдээлсэн. Өчигдөр тэдэнд бэлгийг нь гардуулав.

Залуу сайд У.Барсболд даанч их ажилтай байсан тул бэлгийг хүлээж авах үүргийг дэд сайд А.Болат болон газрын дарга нартаа даалгажээ. Өчигдөр үдээс хойш бид яаман дээр нь очиж хурлын танхимд нь бэлгээ гардуулав.

Дэд сайдыгаа манай бэлгийг гардан авахад нэр бүхий, хариуцлагатай 13 ажилтан бараа болон ирсэн бөгөөд “Өнөөдөр” сонин нийгмийн олон хурц, эмзэг асуудлыг хөндөж байгаад талархаж явдгаа илэрхийлээд хотын агаарын бохирдлыг багасгахын төлөө хамтран зүтгэхээ халуун дотноор илэрхийлсэн юм.

Дараа нь бид Дэд бүтцийн яамыг зорив. Сайдтай уулзах гэсэн хүн үүдэнд нь олон байсан ч тэрбээр биднийг дугаар дайруулан өрөөндөө хүлээж авав. Бидний сэдсэн ажлыг эрхэм сайд зүйтэй хэмээн дэмжээд, шинэ он гарангуут энэ асуудлаар санаж сэдэж буй ажлынхаа талаар ярилцана гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай