Б.Сумьяабаатар: Чингис хаан онголох газраа гэрээслэн зарлиг болгосон байна

Б.Сумьяабаатар: Чингис хаан онголох газраа гэрээслэн зарлиг болгосон байна

Чингис хаан болон Монголын бусад их хааныг нэг газарт онголсон гэж үздэг, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Сумьяабаатартай ярилцлаа. Тэрбээр 2013 онд жинхэнэ “бөмбөг” тэсэлж, сансрын зураг ашиглан хийсэн нээлтээ олон нийтэд танилцуулсан билээ. Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс байгалийн тогтоц бус, хүний гараар үйлдсэн, нэг км гаруй урт бичээс илрүүлснээ тэрбээр тайлан уншаад их хаадын захиас байх магадлалтай хэмээн таамаг дэвшүүлж, түүнийгээ батлахаар судалж эхэлсэн юм.

Энэ хүн тухайн үед үзэл бодлоо бусдад тулгаагүй ч учир ойлгож, түүхээ мэдэх эрдэмтэн мэргэд тухайлбал, С.Галсан, Г.Мэнд-Ооёо нар үүнийг нь нээлт гэж үзсэн. Мөн энэ судалгааных нь талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэж, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай багийнхны дүгнэлтээр гарцаагүй Монголын их хаадын түүхтэй холбоотой байх магадлалтай хэмээгээд тухайн газрыг хамгаалалтад авч болох талаар ярилцсан удаатай.

Өдгөө ч энэ судалгаа үргэлжилж буй бөгөөд төр, засгийнхан дахин анхаарч эхэлсэн бололтой. Хэл шинжлэл, түүх, соёл судлаач Б.Сумьяабаатарын “Их хориг тийш хөтлөх бичээс”-ийн мөрөөр аялж, энэ судалгааны талаар илүү тодорхой мэдээлэхийг зорьж, түүнтэй уулзсан юм. Дашрамд, энэ эрхэм Хүннү гүрний түүх, соёл, бичиг үсгийн анхны дурсгал хэмээдэг “Алтан хүний бичээс”-ийг мөн л тайлж, уншсан эрдэм номтой нэгэн билээ.

-Шинэ он гараад удаагүй байгаа энэ үед тантай их хаадынхаа талаар ярих болсноо бэлгэшээж байна. Та Монголын их хаадыг нэг дор оршуулсан гэж үздэг.

Яагаад тэр вэ. Хубилай хааныг Бээжинд нутаглуулсан гэх мэтээр монгол хаадын бунхан, шарил нь хорвоогийн энд тэнд байдаг гэдгийг үгүйсгэх болсон шалтгаанаа тайлбарлана уу.

-Өнөөдөр судлаачид бид интернэт гэдэг дэлхий нийтийн өмчтэй, сансрын зураг хэмээх барж идэхгүй бэлэн хоолтой болжээ. Орчин цагийн дэвшилт техник төхөөрөмж ашиглан авсан зургуудаа интернэтэд тавьж, дэлхийн түмэндээ хүртээж буй “Microsoft”, “Earthstar geographics SIO”, “Nokia” зэрэг компанид үнэхээр талархууштай. Таны асуултад хариулахын тулд сансрын нэгэн зургийн талаар тайлбарлах хэрэгтэй.

Тиймээс эдгээр компанийг дурдсан юм. Интернэтэд байгаа тэр зургийг олон улсын эрдэмтэн мэргэд, судлаачид аль хэдийнэ анхаарч, судлан шинжилж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Би тэдний нэг нь болсон заяандаа залбирдаг. Одоогоос гурван жилийн өмнө би энэ судалгааныхаа талаар олон нийтэд мэдээлж байлаа. За, юутай ч, та энэ зургийг хараад уран байгалийн бүтээл үү, ухаант хүний урлал уу гэдгийг нягтлан тунгаана уу.

-Өнгөц харахад гойд зүйл үгүй мэт. Гэхдээ би таны ярьж байсныг гадарлах болохоор үнэхээр ямар нэгэн бичээсийг олж хардаг.

-Би үүнийг байгалийн бүтээл биш, хүний гараар бүтсэн зүйл гэж харсан. Хэнтий аймгийн нутагт байгаа энэ зүйл хэт алс дээрээс харагдахгүй. 700-гаад метрийн өндрөөс бол харин тодорхой харагддаг. Америк болон Оросын хиймэл дагуулын зургийн аль алинд нь байгаа. Тэгэхээр үүнийг зураг уу, бичээс үү гэдгийг эхлээд тайлах учиртай. Гурван урт, нэг нь богино эгнэсэн дөрвөн зураас мэт зүйлийг нь эргүүлж тойруулж, цаана наанаас нь, өнцөг булан бүрээс нь хараад бичээс гэж үзсэн.

Гэхдээ хятан, руни, ханз болон зураг үсэгтэй төстэй нэг ч зурлага алга. Хоорондоо залгаатай тэмдэгтүүд л байгаа биз. Үүнээс үүдээд би үүнийг монгол бичгийн дурсгал байна гэж ухаарлаа. Тэгэхдээ монгол бичигтэй хэн бүхэн үүнийг харангуутаа л шууд уншчихаж чадахгүй. Үг гэж харж буй зүйл маань нэг километр гаруй талбай эзэлсэн тул сансрын зураг дээр нь ажиллахаас өөр замгүй.

Ингээд би уншиж, тайлах арга эрэлхийлсэн. Тэр бол тольдож унших арга. Номын бар болон тамганы үсгийг буруу харуулж сийлдэг ч дарсны дараа зөв гардаг зарчмаар унших хэрэгтэй гэсэн үг л дээ. Ингээд үүнийгээ тольдон босгож харуулахад ийм ойлгомжтой байна. Монгол бичгийн боловсролтой хүн гаргаж уншихад хялбар байгаа биз, одоо.

-Леонардо да Винчи тэмдэглэлээ буруу харуулж, эсвэл толинд тусгаж уншихаар ойлгомжтой байдлаар бичдэг байсныг өдгөө хүн төрөлхтөн мэддэг болсон.

Тэгэхээр эл аргыг монголчууд өнө эртнээс хэрэглэдэг байсан хэрэг үү. Ер нь яагаад буруу харуулж бичсэн юм бол?

-Миний ойлгож буйгаар энэ бичээсийг газрын хүмүүст бус,тэнгэр эзэнд, тэнгэрт хальсан эрхмүүддээ зориулжээ. Тиймээс тэнгэрээс халиахад (харахад) зориулсан байна. Газарт байгаа хүмүүс дэргэд нь очсон ч харахгүй, мэдрэхгүй. Голын сайр гэж эндүүрэм. 1233 онд Монголд ирсэн Сүн улсын элчин Пэн Дая “Хар Татарын тэмдэглэл”-дээ “Монголчууд хүн оршуулахдаа булш босгодоггүй бөгөөд шарилыг булсны дараа сүрэг адуу давхиулж, газрыг нь тэгшилдэг” гэж бичсэн байдаг.

Монгол ардын домог, зарим сурвалжид ч үүнтэй адил зүйл бичсэн байдаг. Яагаад буруу харуулж бичив гэхээр, машид нууцалсны шинж. Миний бодлоор эртний монголчуудын нууцын ухаан шингэсэн тул сансрын эринд буюу өнөө цагт хүрч ирсэн байна. Энэ бол өвөг дээдсийн маань алсын хараа, мэргэн бодол. Монгол хаадын булш бунхан одоо болтол олдоогүй байгаагийн гол шалтгаан энд оршино.

-Тэгвэл Та энэ “мессеж”-ийг юу гэж уншив. Чухам юу гэсэн байна вэ?

-Сум, үг тус бүрийн уртраг, өргөргийг тогтоож, хоёр жил гаруй судалсны дүнд “Хаан тэнгэрийн хөвүүд”гэж уншиж, дэлхийн мэргэдэд толилуулж, цаг хугацааны шалгуурт даатгасан. “Тэнгэрийн хөвүүн” гэдэг нь Дорно дахины түүх соёлд “Тэнгэрийг төлөөлөн, тэнгэрийн өмнөөс тэнгэрийн доорхыг жолоодогч буюу Хуанди гэсэн утгаар түгээмэл хэрэглэгддэг. Энэ нь яах аргагүй монголчуудын өнө эртний хэллэг л дээ.

Монгол хэллэг нь “Тэнгэр заяат”, “Тэнгэрээс заяат”, “Тэнгэр гаралтай”, “Тэнгэрээс гаралтай”, “Тэнгэр удамтай”, “Тэнгэрээс удамтай” гэсэн утгатай. “Монголын нууц товчоо”-нд Алунгоо эх хүүхдүүддээ “...тэмдэг нь тэнгэрийн хөвүүд...” гэж сургаж хэлсэн үг бий. Тэгэхээр энэ бичээс бол дэлхийн үсэг бичиг, тэр дундаа монгол худам бичгийн хамгийн том дурсгал болно.

Бичээс гэж үзээд унших нь нэг хэрэг. Алдаа, оноо аль аль нь байж болдог. Гэвч цаана нь нэг бодлын нэн болгоомжлууштай зүйл байгаа. Юу гэхээр, өвөг дээдсийг маань онголсон газар “Их хориг”-ийн асуудал.

-Та түрүүн сумаар тэмдэглэсэн гэж ярьсан. Тэр сум ямар учиртай юм бэ?

-Уг бичээсийн хөлд хэн ч харсан сум гэхээр хэд хэдэн том тэмдэглэгээ байгаа биз. 447 метр урттай. Тэдгээр суман тэмдэглэгээ бичиг дотроо холилдоогүй, төгсгөл хэсэгтээ байгаа нь олзуурхууштай. Сум бол эртнээс нааш өдий хүртэл чиг заадаг тэмдэг, хил хязгааргүй зүйл. Сүн улсын элчин Пэн Дая, Сюй Тиннар “Хар Татарын тухай хэргийн товч” гэдэг зохиолдоо “Тэмүжиний булшинд 30 ли газар хашаалсан мэт сум хатгасан байв” гэж тэмдэглэсэн нь анхаарал татдаг.

Тодруулбал, Чингис хаан “Гурван мөрөд (голууд)-ийн тэргүүнээ хэн-бээр бүү бууладхун (буулгагтун)” гэж зарлиг болгосон нь “Ихэсийн газар” буюу өвөг дээдсийн онгон шүтээн, оршуулга тахилгын газар байсан учраас тийн айлдсан байх. “Монголын нууц товчоо”-нд ч энэ тухай буй. Энэ мэтээр “Ихэсийн газар”-таа өөрснийхнөө ч хавьтуулдаггүй мөртөө 1235-1236 оны үед хааныхаа онгонд гадаадын элчийг аваачиж үзүүлсэн гэдэг нь юу л бол. Үнэмшил муутай байгаа биз дээ.

Харин дээрх байгууламжийг бүтээхээр эргэн тойронд нь сум мэт мод хатгаж хүрээлснийг Сүн улсын элч холоос харсан байж болзошгүй. Нэг ли гэдэг нь 576 метртэй тэнцэнэ гэхээр 30 ли бол 16.280 км газар. Тэгэхээр энгийн ухаанаар л бодоход, ийм хэмжээний өргөн талбайд бичихийн өмнө, өндөр уулан дээрээс чиг багцаа харж, урьдчилан мод хатгаж, үсгээ биччихээд, дараа нь газар шорооныхоо ажлыг дуусгаж, эцэст нь адуун сүргээр гишгүүлж, үе үеэр нь дагтаршуулан таних тэмдэггүй болгож нууцалсан үйл явц байлтай.

-Тэгвэл сумнууд хаашаа чиглэж, юуг заасан гэж та ухаж байгаа вэ?

-Яг бичээстэй хэсэгт хаадын онгон байхгүй. Төгсгөлд нь байгаа сумны заасан чигт л өвөг дээдсийн маань мөнх нойрсож буй газар байгаа юм биш биз. Тиймээс эл бичээсийг “Их хориг тийш хөтлөх бичээс”, “Онгонд хөтлөх бичээс” гэж нэрлэж болмоор санагдана.

-Ер нь таны нээлт буюу эл бичээсийг илрүүлсэн газар нь Бурхан Халдун уул. Тэгэхээр үнэхээр тэнд хаадын булш байх магадлалтай гэдэг. Ингээд бодохоор бид Их хаанаа олсон мэт. Гэхдээ энэ талаар олонд зарлах хэрэгтэй юү гэдгийг бодож, болгоомжилмоор л санагдах юм.

-Монголчууд их хаад нь хаана байгааг мэдэх ёстой гэж боддог. Тэгж байж Монголын хаад эх нутагтаа нойрсож буйг олон улс хүлээн зөвшөөрнө шүү дээ. Биднийхээр Бурхан Халдун буюу Хэнтий хан уул, түүний сав газар гэсэн үг шүү дээ. Тэр хавьд бас Бунхант буюу Бунхан овоо, Богдын гол, Шарилын дугуй гэсэн нэртэй газрууд бий. Монгол үгийн араг яс нь гийгүүлэгч үсэг байдаг ба эгшгээр амилдаг.

Энэ бичээс QRQ~QRG буюу өнөө цагийн Х, Р, Х (Г) гэсэн үсэг ордог голын савд байгаа. “О” юм уу, “У”-гаар амь өгөөд уншихад “хорго”, “хурх”, цаашлаад “хориг” гэх боломжтой. Их хориг гэдэгтэй очиж холбогдож магадгүй байгаа нь судалгааны минь гол цөм, сүншиг тул олон талаас нь асар их болгоомжтой авч үзэх учиртай.

Монголын үе үеийн хааныг оршуулсан газрын нэр эл бичээс байгаа газар усныхтай үеийн тоо, үсгийн дуудлага дөхүү байгаа нь эрдэм шинжилгээний хувьд туйлаас сонирхолтой. Нөгөөтэйгүүр бидний таамгийг баталж байна гэж болмоор бодогдоно.

-Тийм бол энэ талаараа жаахан тодруулж болох уу?

-Чингис хаанаас авахуулаад их хаадыг оршуулсан газрыг Юан улсын сударт тэмдэглэснийг үзвэл дээрхтэй адил гурван үетэй. Мөн эхэн ба адагт нь мөн л К, К(Г) орсон байна. Мөн 1235-1236 онд Монголд ирсэн Сүн улсын Сюй Тин хэмээх элч Тэмүжиний булшийг үзсэн тухайгаа тэмдэглэснийг Хөдөөд овгийн Пэрлээ “Лү-Коу-хо” гэж, Хэрээд овгийн Жамсраны Баясах “Онон гол” хэмээн буулгасан.

Юутай ч, оршуулсан газрын нангиад галиг дээрхтэй ижил мөн гурван үеэс бүтэхдээ “Л, К, Х” үсгийн бүрэлдэхүүнтэй байгааг тохиолдол гэж үзмээргүй байна. Үеүдийн байрыг солиод харахад л мөнөөх “хурх, хориг, хорго”-д дөхөж очиж байгаа юм. Мөн Биндэрийн төвөөс нэг км орчимд Хүйн овоо, долоон км зайд эртнээс шарил тавьж ирсэн Хони(н)чийн толгой нэртэй довцог бий. Энэ мэтээр ухаж яривал их зүйл байна даа.

-Тантай адил сансрын зураг ашиглан ийм нээлт хийж, түүхийн талаар таамаг дэвшүүлсэн хүн олон улсад байдаг болов уу?

-Би “Microsoft”, “Earthstar geographics SIO”, “Nokia”-гийн (2005.09.10, 2007.10.21, 2008.04.10) сансрын зурагт дулдуйдан судалгаагаа хийсэн. Америкт амьдардаг Дарамбазарын Өлзийхутаг гэдэг залуу бидний мөрөөр хайж олоод “Нээрэн, их сонин дүрс харагдаж байна. Ямар ч байсан содон хэлбэртэй, зүгээр нэг байгалийн бүтээл биш бололтой” гэж цахим захиа ирүүлсэн.

Манай олон эрдэмтэн монгол бичээс байна гэсэн саналтай байгаа. Эсрэг саналтай хүн ч бий л дээ. Тэдний саналыг анхаарч тунгаан үзэх нь эрдэмтэн хүний жудаг. Эрдэмтэн хүн бол асуудлыг дэвшүүлдэг. Түүний нэг нь мөхөс хүмүүн би. Ер нь хүн төрөлхтний түүхэнд иймэрхүү зүйл байна аа. Ийм судалгаа хийдэг хүн ч цөөнгүй. Ертөнцийн гайхамшигт нууцыг агуулсан, одоо болтол бүрэн тайлагдаагүй зураг, дүрслэлүүд байдгийг та бүхэн сайн мэднэ шүү дээ.

-Бид нэг зүйлийг туйлбартай барьж авахгүй, тухайн үед нь жаахан ярьж, шуугиад л өнгөрдөг зантай юм шиг ээ. Таны энэ судалгааны талаар нэг хэсэг мөн шуугиад, магтаад л байснаа таг болчихсон. Сураг сонсох нь ээ, сүүлийн үед чих тавьж байгаа хүн байна гэсэн үү?

-Энэ талаар ярихад эрт байна. Цаг нь болохоор олон түмэндээ мэдээлнэ ээ.

Ийнхүү тэрбээр яриагаа өндөрлөлөө. Ер нь Б.Сумьяабаатар гуай ярилцлага өгөх дуртай биш. Зургаа авахуулах бүр ч дургүй. “Яагаад” гэж асуухаар “Миний зургаас илүүтэй хүмүүст мэдлэг мэдээлэл өгөх зүйлд зай талбайгаа зарцуулсан нь дээр” хэмээдэг.

Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг. Б.Сумьяабаатар хэмээх эрдэмт хүн ийм бөлгөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай