Кибер дайралт Монголыг онилжээ

Дэлхийн III дайн аль хэдийнэ интернэтэд буюу кибер хэлбэрээр өрнөөд эхэлчихсэн гэж судлаачид үзэж буй талаар “The Week” цахим хуудаснаа мэдээлжээ. Кибер дайны үед ямар арга хэмжээ авах талаар дэлхийн 76 улс эрх зүйн баримт бичиг боловсруулсан байна. Шинэ оны өмнөхөн Энэтхэг, Пакистан хоёр кибер дайн эхлүүлжээ. Эдгээр улсын хакерууд нисэх онгоцны буудлын сүлжээнд халдаж “цахим хил” зөрчсөн байна.

Дэлхий даяаршихын хэрээр улам давжаарч, хаа хол гэж санадаг АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль монголчуудын хувьд саахалтын айлд нь болж буй үйл явдал шиг л ил болж өнгөрсөн. Техник технологи хөгжсөний хүчинд Монголын телевизүүд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулж, энэ талаарх мэдээлэл цахим орчинд цаг тутам шинэчлэгдэж байв.

Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп сонгуульд ялсан нь олон хүнийг алмайруулсан. Үүнээс улбаатайгаар сонгуулийн үйл явцад хакерууд нөлөөлсөн үү гэсэн асуулт гарч ирснийг уншигчид мэдэж буй.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба, Холбооны мөрдөх товчооноос ОХУ-ын кибер халдлагад Америкийн олон чухал байгууллага өртсөн нь сонгуулийн үйл явцад нөлөөлсөн, үүнд Оросын дипломатчид голлох үүрэгтэй оролцсон гэж үзэж, дээрх байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргасан. Ингээд АНУ дахь Оросын дипломат байгууллагын 35 ажилтныг гэр бүлийн хамт 72 цагийн дотор тус улсыг орхин гарахыг шаардсан билээ. Харин кибер халдлагын тухайд ОХУ хүлээн зөвшөөрөөгүй.

Дэлхий дахинд кибер дайны гэнэтийн дайралтууд нэг бус удаа гарч байгаа бол манай улсад нөхцөл байдал ямар байна вэ.

Манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэх талаар тусгасан байдаг. Гэвч хоёр хөршөөс маань манай улс руу чиглэсэн кибер халдлага сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болжээ.

Энхтайван, аюулгүй байдлын судалгааны нийгэмлэгийн шинжээч гишүүн, судлаач Л.Галбаатар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ “НҮБ-ын мэдээлснээр кибер халдлага нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамаарах бөгөөд дэлхийн эдийн засагт жил бүр нэг тэрбум ам.долларын хохирол учруулдаг. Монгол Улсад хоёр хөршөөс гадна АНУ, Тайвань, БНСУ-аас кибер халдлага үйлдэх нь түгээмэл.

Тиймээс кибер аюулгүй байдлаа хангах, цахим орчинд бусад улс, этгээдтэй сөргөлдөх аюулаас сэргийлэх зорилгоор хөрш хоёр оронтойгоо хоёр болон гурван талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг тодруулах, түүнийг шинжлэн судлах шаардлага нэгэнт үүсчээ” хэмээн тэмдэглэжээ.

Тэрбээр энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээ ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох Цахим засаглалын онол, практикийн олон улсын X хуралд “Кибер аюулгүй байдлын асуудлаарх улс орнуудын хамтын ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлын харилцааг зохицуулах олон улсын дүрмийн төслийн үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэх юм.

АНУ, БНХАУ, ОХУ, Израиль, Франц зэрэг улс цахим орчин дахь зөрчил, мөргөлдөөнд бэлтгэж буйг судлаачид ярьдаг. Америк 2011 онд “Цахим орчны олон улсын стратеги” хэмээх баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас олон улс үүнд санаа тавьж, онцгой анхаарч буй. Манай улс ч ялгаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулсан.

Гэвч Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2015 онд дуусаж. Өөрөөр хэлбэл, 2016 оноос эхлэн кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас өөр бие даасан бодлогын баримт бичиг манай улсад байхгүй явж ирсэн гэсэн үг. Гэтэл кибер аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй үйлдэл биш, кибер халдлага улам бүр бэлтгэгдсэн, хохирол ихтэй болж буйг судлаачид тэмдэглэжээ.

Манай хоёр хөршөөс эхлээд кибер дайралтууд өдөр, цаг бүр Монгол Улсын үүдийг тогшсоор байхад Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль бидэнд алга. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч батлагдаж, хөрсөн дээр буулгүй жилийн нүүр үзчихлээ.

Цахим орчинд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхын тулд кибер аюулгүй байдалдаа тэд хэрхэн анхаарч буйг судлах нь чухал. ОХУ-ыг бодлого, эрх зүйн зохицуулалт төдийгүй цахим эринд бодитоор эргэлт буцалтгүй хөл тавьсан гэж судлаачид тэмдэглэсэн байдаг бол манай урд хөршийн интернэтийн хувьсгал нь Хятадын эрх мэдэл, хүч чадлын хурдацтай өсөлтийг тэтгэж, геополитик, эдийн засаг болон цэргийн хүчний төв болох аргаар дэлхийн томоохон “кибер хүч” болоход эргэлзэх зүйлгүй болсон гэж үздэг.

Хятад улс мэдээллийн технологийн салбараа дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч болгож хөгжүүлэх замаар АНУ болон барууны голлох орнуудаас хамаарал багатай байх, дэлхийн интернэтийн засаглалд илүү нөлөөтэй болохыг зорьж байгаа нь нууц биш болсон тухай судлаачид бичсэн байгаа юм.

Харин манай улсад сүүлийн таван жилд кибер аюулгүй байдлыг хангах буюу цахим орчин дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах арга зам, туршлагын талаар дотооддоо төдийгүй олон улсын түвшинд хэлэлцэн, мэдээлэл солилцож байгаа. Гэхдээ үүнийг цахим орчин дахь хүний эрх, эрх чөлөөний бодит баталгаа гэж үзэхэд бэрхшээлтэй гэнэ.

ОХУ, БНХАУ манайхтай кибер аюулгүй байдлын харилцаагаа өргөжүүлэх нь Монголын гуравдагч хөрш болох Япон, АНУ-тай тогтоосон харилцааг сулруулж болзошгүй гэж зарим шинжээч үзсэн байдаг. Мөн хоёр хөршийнхөө аль нэгэнтэй нь л илүү ойртвол Монголын хувьд аюултай байж болзошгүй гэжээ. Тиймээс хоёр хөршийнхөө харилцаанд тэнцвэрээ байнга хадгалж, гуравдагч хөрш болох Япон, Өмнөд Солонгос, Канад, АНУ зэрэг улсаас тусламж авах бодлогоо цаашид баримтлах нь манайд илүү ашигтай гэж судлаач, шинжээч нар үзэж буй.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас “Дэлхий нийтийн кибер аюулгүй байдлын индекс”-ийг санаачлан боловсруулсан юм билээ. Тухайн улсын кибер аюулгүй байдлын хөгжлийн түвшин, техникийн арга хэмжээ, байгууллагын бүтэц, чадавх, олон улсын хамтын ажиллагаа гэсэн таван хүрээнд гаргасан уг индекст манай улс 0.412 гэсэн оноотойгоор зургаан улсын хамт XV байрт эрэмбэлэгдсэн байна.

Харин ОХУ 0.50 оноотойгоор XII, БНХАУ 0.441 гэсэн оноотойгоор XIV байрт тус тус эрэмбэлэгджээ. Цаашид манай улс “Дэлхий нийтийн кибер аюулгүй байдлын индекс” дэх байраа ахиулах, үүний тулд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүй, техникийн арга хэмжээ авах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах төдийгүй олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж судлаачид хэлж байгаа юм.

Үүнээс гадна Касперскийн аюулгүй байдлын тайланд дурдсанаар кибер халдлагад өртөх хамгийн их эрсдэлтэй 20 улсаас Монгол Улс IV байрт жагсжээ. Энэ бүхнээс харахад манай улсын кибер аюулгүй байдал эмзэг түвшинд байна дүгнэж болохоор. Гэтэл энэ тухай дуугарах эрх мэдэлтэн байхгүй, шинэ сэдэв мэт хүлээж авч буй нь харамсалтай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай