С.КОНЮШОК: УКРАИНЫГ ДЭЛХИЙ ДАХИН ТАМИРЧДААР НЬ МЭДНЭ

Монголд албан ажлын шугамаар ирсэн Украины нэртэй тамирчин, хүчний экстрим спортын дэлхийн аварга Сергей Конюшоктой манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.

-Сергей Александрович, та Монголд өмнө нь ирж байсан уу. Манай орны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Танай сайхан оронд анх удаагаа хөл тавьж байна. Дөнгөж өнөө өглөө онгоцноос буусан болохоор хоттой, хүмүүстэй сайн танилцаж амжаагүй байна. Монголчуудыг түүхийнх нь талаас муугүй мэднэ. Бусад зүйлсийн хувьд Википедиа дээрх мэдээллээс цаашгүй ээ.

-Та хүч тамирын спортын хүн. Харин Монгол алдартай бөхчүүдийн орон. Монголын хүчтэнүүдийн тухай сонсож байсан уу?

-Танай нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэдгийг сонсоод “Аргагүй баатруудын өлгий нутаг юм даа” гэж бодсон. Учир нь хүч тамирын спортын тамирчдыг баатрууд хэмээн нэрлэдэг. Танай бөхчүүдийг төдийлэн сайн мэдэхгүй ч Стронгмэний төрөлд удахгүй Азиас, тэр дундаа Монголоос хүчтэй өрсөлдөгчид гарч ирнэ гэж найдаж байна.

-Та яагаад хүмүүсийн тэр бүр сонирхон хичээллэдэггүй хүч тамирын спортыг сонгосон юм бэ?

-Цэцэрлэгийн багшийнхаа нөлөөгөөр тамирчин болсон гэх үү дээ. Багш маань хичээлээ нэлээд шинэлэг арга хэлбэрээр заана. “Хэн түрүүлж цэцэрлэгийн хашааг тойрч ирэх вэ”, “Хэн савлуураас удаан дүүжлэгдэх вэ” гэх зэргээр хүүхдүүдийг дандаа уралдуулдаг байсан. Энэ бүхэн намайг спортод дур сонирхолтой болгож, улмаар каратэ, усанд сэлэлт, пауэрлифтинг, хүчний экстрим төрөл зэрэг олон спортоор хичээллэхэд хүргэсэн гэж боддог.

Гэхдээ хүчний спортоор хичээллэхэд жинхэнэ нөлөөлсөн хүн бол Арнольд Шварценеггер. Бусад хүүхдүүдийн адил түүн шиг болохыг мөрөөдөж, 13 настайгаасаа паурлифтингээр хичээллэж, туйвантай ноцолдох болсон доо. Улмаар 2003 оноос хүчний спортын төрлүүд дундаа хамгийн шилдэг нь болох Стронгмэнд хүч сорих болсон.

-Ингэхэд Украинд хүчний төрлийн спорт хэр хөгжсөн бэ?

-Украиныг дэлхий дахин Чернобылийн аймшигт осол, тамирчдаар нь мэддэг. Андрей Шевченко, ах дүү Клчико нарын нэрийг сонсоогүй хүн ховор байх. Хүчний спортын хувьд Зөвлөлтийн үеэс л өндөр хөгжсөн. Өдгөө Украинд Стронгмэн сонирхогчдынхоо тоогоор хөлбөмбөг, боксын дараа ордог.

-Өнгөрсөн жил та дэлхийн аварга болсон. Тэр тухайгаа яриач?

-Ноднин нутагтаа болсон ДАШТ-ий 110 кг-ийн жинд Голланд, Эстонийн хүчтэй тамирчдыг ардаа орхин түрүүлсэн юм. Тэрхүү тэмцээнд Узбекистан, Казахстан зэрэг Ази тивийн төлөөлөгчид оролцсон.

-Нэрт жүжигчин, бодибилдингч Шварценнеггер жил бүрийн хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр АНУ-д “Арнольд классик” хүчтэнүүдийн шоуг зохион байгуулдаг. Энэхүү “Хүч тамирын олимп”-д оролцох бодол танд байгаа юу?

-Би 2011 онд энэ тэмцээнд оролцож үзсэн. Бэлтгэлээ сайн базаасан ч тодорхой шалтгааны улмаас яг тэмцээн дээр өөрийгөө бүрэн гүйцэд дайчилж чадаагүй. Уг арга хэмжээний үеэр нэг дор 40 гаруй төрлийн тэмцээн зохиогддог, тайлбарыг нь хүн болгон ойлгож чаддаггүй... гээд бэрхшээлтэй зүйл олон байдаг. Гэхдээ “Арнольд классик” ойрын хугацаанд олимпийн наадам шиг нэр хүндтэй тэмцээн болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?

-Долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Өдрийн бэлтгэлийн үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут. Заримдаа ажлын шугамаар гадагшаа явах үе тохиолдоно. Ийм үед ч бэлтгэлээ цалгаруулдаггүй, зочид буудалдаа хөнгөвтөр дасгал хийдэг.

-Хүчний спортоор хичээллэдэг хүн чанартай хоол тэжээлээр зарцуулсан энергиэ нөхдөг. Та ямар хүнс, бэлдмэл хэрэглэдэг вэ?

-Тахианы цээж мах, чанасан өндөг, хатаасан жимс, таргаар хооллодог. Ер нь амттан хэрэглэгдэггүй. Мөн илүүдэл жингээс зайлсхийхийн тулд өдөрт 200-300 грамм уурагны коктейль уудаг. Би 2009 оноос хойш “Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Чанар, үнийн хувьд боломжийн байдаг юм. Энэ бүтээгдэхүүн нь олон жилийн түүхтэй, баталгаатай, допингийн жагсаалтад ордоггүй бодисуудыг агуулсан байдаг. “Барселона”, “Спартак Москва”- гийн хөлбөмбөгчид хүртэл хэрэглэдэг.

-Таны шүтэн биширч, хүндэлдэг тамирчин хэн бэ?

-Нэгдүгээрт Арнольд Шварценнеггерийг нэрлэнэ. Мөн Зөвлөлт-Оросын нэрт хүндийг өргөгч, зохиолч, улс төрч Юрий Власов, Украины нэрийг дэлхийд гаргаж буй ах дүү боксчин Виталий, Владимир Кличко нарыг хүндэлдэг. Тэд бол спортын амжилтаасаа гадна олон нийтэд үзүүлж буй нөлөө, биеэ авч яваа байдлаараа үлгэр жишээ болсон хүмүүс. Мөн Усэйн Болт, Майкл Фелпс нарын сод тамирчдыг биширдэг.

-Сүүлчийн асуулт. Украин хүний хувиар нэг зүйлийг сонирхъё. Та Киевийн “Динамо”-г дэмждэг үү, эсвэл Донецкийн “Шахтёр”-ыг балиашигладаг уу?

-Үнэнийг хэлэхэд би хөлбөмбөг нэг их сонирхдоггүй. Уг нь Киевт төрж, өссөн гэдэг утгаараа “Динамо”-г дэмжих ёстой баймаар. Гэвч цөөнгүй хөлбөмбөгчин бусдаас илүү цалин хөлс авдаг, нэрд гарсан байдлаа буруугаар ашиглаж, спортынхоо нэр хүндийг унагасан зүйлс хийх нь элбэг. Магадгүй энэ тал дээр “Шахтёр”-ынхан Киевийн “Динамо”-гоос арай дээр байх.

Р.МАНЛАЙ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай