Тусламж нэртэй өвс, тэжээлийг мөнгөө төлсөн малчид л хүртэж байна

Монгол орны бүх нутгаар өнгөрсөн зун газрын гарц муу, зуншлага тааруу байсан нь мал тарга хүч дутуу авч, өвөлжилт, хаваржилт хүндрээд буй. Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаа бөгөөд цасны зузаан 0-40 см хүрч хатуурсан нь мал бэлчихэд ихэд бэрхшээл учруулж байгаа юм. Мал бүү хэл, машин ч явахгүй газар байгаа гэдгийг Төв аймгийн Баянжаргалан суманд манай сурвалжлах багийнхан очиход олон малчин хэлсэн юм.

Бид өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Баян, Баянжаргалан сумаар өвөлжилт, хаваржилт ямар байгааг, олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулсан, цэцэрлэг, сургуулийн сурагчдаас малчдад зориулан цуглуулсан хандив тусламж зорилтот хүмүүстээ хүрсэн, эсэхийг газар дээрээс нь сурвалжиллаа.

ТУСЛАМЖИЙГ МӨНГӨӨР ОЛГОЖЭЭ

Хаврын урь орж, энд тэнд цас тарлаж эхэлсэн хэдий ч хүйтний эрч харих болоогүй, замд үе үе ширүүн салхилж шуурч байлаа. Нүцгэн уулс, толгод цайвартаж, энгэр ээвэр газартаа зузаан цас ханзрах болоогүйгээ илэрхийлэх мэт мөс болон гялалзана. Замгүй хэсгээр нь давхихад төмөр хүлгийн дугуйн аясаар мөс цөмөрч, туулах чадвар муутай машин суучих гээд явахад бэрхтэй.

Шувтарч буй хэдий ч эрчээ алдаагүй байгаа хахир өвөл мал, малчдад ямархуу “бэлэг” барьсныг илтгэх тэмдэгтэй зам дагуу байнга учирч явлаа. Төв аймгийн Баян сумаас Баянжаргалан руу салдаг уулзвар өнгөрөөд төд удалгүй хээр морины сэгтэй таарав. Үзвээс өлдөж, эцсийн хүчээ шавхан босохоор тэмцсэн нь илэрхий. Эрүүгээрээ хөлдүү газарт тулан, хойд хөл дээрээ өндийх гээд чадаагүй бололтой. Тэр чигээрээ үрэгдсэнийг уншигч та зургаас харж буй биз ээ. Хээрийн амьтан, нохой шувууд үхсэн адууны сэрвээнээс нь эхлэн идэж, далных нь ясыг гартал зулгаасан байлаа.

Иймэрхүү сэг зэмтэй Баянжаргалан сум ортол нэлээд олон таарав. Зарим айл үхсэн малынхаа адсага, турсагыг хуулан аваад, гарсан улайг нь хээр 5-10-аар нь овоолон хаясан байхтай ч тааралдана. Эндээс Төв аймгийн зүүн урд талын сумд ямархан нөхцөлд өвлийг давсныг төсөөлж болох биз ээ. Бид явсаар Номт гэх газар өвөлжиж буй малчин Л.Отгонбатынд очлоо. Тэднийх адуу, үхрээ овъёос, хивгээр тэжээж, нэлээд хэсгийг нь нэмнэжээ. Гэрийн эзэн, эзэгтэй нар “Энэ жил бусдаас онцгой, гойд хүйтэн жил байлаа. Өмнөх жилүүдэд зуд болно гэж анхааруулдаг, 100 жилд тохиогоогүйгээр хүйтэрнэ гэж мэдээлж байсан ч энэ жилийнх шиг ингэж тачигнаагүй. Ялангуяа нэгдүгээр сарын 17-ноос хойш орон даяар их хүйтэрсэн.

Тэр үед манай энд тасралтгүй 10 хоног шуурлаа. Тэр шуурганаар мөн ч олон мал хорогдсон доо. Шуурганд хүн малгүй л уруудчих гээд, адуу, хонио ээлжээр манаж машиндаа хонож байсан. Адуугаа шөнө нь манасан нэг маань гэртээ ирэхэд зөрөөд сумын төв орж, шатахууны саваа дүүртэл бензин аваад шөнөжингөө асаалттай хоноод маргааш нь дахиад л саваа дүүргэнэ. Ийм маягаар олон хоносон. Тэжээл, бензинд л их мөнгө зарж байна. Ойролцоогоор 5-6 сая төгрөг зарцуулчихаад байгаа шүү. Манайх гаднаа өнөөдөр 20 гаруй адуу, 40 орчим үхэр тэжээж байгаа.

Мал цагаасаа эрт турж, арваннэгдүгээр сараас л хивэг, тэжээл идэж эхэлсэн. Хотоос махны ченжүүд дууддаг, тэд иргийг 80-90 мянга, сэрхийг дээд тал нь 70 орчим мянган төгрөгөөр үнэлж аваад явдаг. Ер нь бол үүнээс багаар л үнэлж авна шүү дээ. Тэглээ гээд бид яалтай билээ. Хэлсэн үнээр нь өгөөд л мал, машиныхаа тэжээлийг авах мөнгө болгож байна” хэмээж сууна. Л.Отгонбатын хувьд 1993 оноос хойш мал дагасан нэгэн бөгөөд нэг бус удаа зудтай нүүр учирч байсан ч өнөө жилийнх шиг их хүйтэнтэй төдийлөн таараагүй хэмээн шогширсон юм.

Гэрийн эзэн хивэг овъёосоо зуурч, хошуувчинд хийгээд хоёр хүүтэйгээ нийлэн адуундаа эхэлж зүүгээд, “зооглож” дууссаных нь дараа хошуувчаа салган авч, дүүргээд үхэртээ өгөх гэх мэтээр энэ айлын оройн ажил үргэлжлэх юм билээ. Тэднийх энэ жил туслах малчин ажиллуулаагүй бол нэг, хоёрдугаар сарын хүйтэн өдрүүдэд зутрах байснаа нуусангүй. Дундговиос 70 орчим настай хүн ирж өвөлжиж буй бөгөөд өдөртөө хонинд нь явдаг аж. Хонь нь хараахан төллөх болоогүй ч хоньчин өвгөн ихэд хянуур явах юм билээ.

Сургууль, цэцэрлэгийн багачуудаар нэмнээ, оо, сойз, ариун цэврийн цаас, лаа шүдэнз авчруулж, зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон илгээх гэж байгааг олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжилсэн. Шүүмжлэл дагуулсан тэдгээр хандив зудтай энэ сумын малчдад хүрсэн, эсэхийг айлуудаас лавлахад “Хандив, тусламж гэж тийм зүйл огт ирээгүй шүү дээ. Тийм зүйл цуглуулж байгаа гэж дуулаа ч үгүй юм байна. Баянжаргалан сумаас хоёр айлын дунд нэг шуудай хорголжин тэжээл, гурван боодол өвсийг тусламж гэж өгсөн. Үүнийхээ хөлсөнд 23 мянган төгрөг хурааж байгаа. Төв аймгаас ч гэсэн нэг шуудай багсармал тэжээл, нэг боодол өвс олгосон. Боодол өвсөө 8500 төгрөгөөр өгсөн юм. Тэгэхдээ мөнгөө бэлнээр нь тушаахгүй бол өгөхгүй гэж байсан. Өнжмөл буюу дотроо ширхэг ч ногоонгүй, цав цагаан өвс ийм үнээр олгосон нь хачин санагдсан. Өнгөрсөн намар хадсан өвс ч ийм үнэ хүрэхгүй шүү дээ” гэсэн.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ОСГОХ ШАХСАН МАЛЧИД БАЙВ

Баянжаргалан сум бол адууны нутаг гэж хууччууд хэлэлцдэг. Харамсалтай нь, энэ нутгийг өнгөрсөн намраас 2000 гаруй адуу оторлуулж, ургасан өвсийг нь талхисаар юу ч үгүй болгосныг нутгийн малчид ам уралдан ярьж байна. Тэд “Гурван ламын адуу гээд 2000 гаруй адуу өнгөрсөн намар энд оторлож байгаад он гарахаас өмнө урагшаагаа цас багатай, хүйтний эрч сул нутаг руу явсан. Тэдгээр адуу өвөлжөө, хаваржааны минь газрын бэлчээрийг идэж дуусгасан юм. Хэрэв тэр адуу энд ирээгүй бол мал эрт тэвээрэг алдаж, тэжээлд орохгүй байсан” гэцгээж байлаа.

Л.Отгонбатынхаас хол саахалтын зайтай Н.Отгонбаатар хэмээх Баян сумын уугуул, “Их Майдар” төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор өвөлжөө хаваржааны газаргүй болсон айлынх өвөлжиж байв. Тэднийх отрын жижиг гурван ханатай гэрт амьдарч буй. Том охин, хүү нь оюутан, бага нь дөрвөн настай. Оюутнууд хот руу явж, бага хүүтэйгээ, арванхоёрдугаар сард Шарын голоос ирсэн өвгөнтэй, өнчин хурга, өргүүлж буй хоёр бяруутайгаа жижиг гэртээ шавааралдан амьдарч байв. Мөн л өмнөх айлынхан шиг өнөө жилийн хүйтнийг гайхширч, өөрсдөө амь алдах шахсанаа үл тооно. Н.Отгонбаатарынд хонь хариулахаар ирсэн өвгөн “Шарын голд арванхоёрдугаар сар гартал би хөвөнтэй дээлтэй л байдаг юм. Гэтэл энд ирээд хэдий зузаан хувцасласан ч осгоход ойрхон байна” хэмээв.

“Хэдэн мал маань мэнд л орж байна. Гэхдээ өөрийн болон айлын тавиулууд нийлсэн цөөнгүй үхэр үхсэн. Ус уучихаад ирсэн үхэрт өвс тавьж өгчихөөд хонио эргүүлэхээр мордоод ирэхэд шүдлэн гуна босоогоороо осгож, төд удалгүй пидхийн унаж, үхэж байв, тэр хүйтнээр. Энэ хоёр бярууг гэрт хоёр хонуулж байна. Голд нь орсон хүйтнийг арилгаад л буцаан гаргаж буй. Тэгээд дараагийнхыг нь оруулж ирдэг. Голынх нь хүйтнийг гаргамагц дороо л сэргээд ирж байна. Бидэнд уг нь нэмнээ л их хэрэгтэй байлаа. Элгэвч, нэмнээ сургуулийн хүүхдүүдээс хандиваар авах гэж байгаа тухай фэйсбүүкээр шүүмжилж буйг хүүхдүүдээсээ сонссон.

Хэрэв цуглуулсан бол тэр нь бидэнд огт ирээгүй. Би ч яах вэ үхрийнхээ нэмнээг авч, адуугаа нэмнэчихээд л өвлийг барлаа. Энэ өвөл шатахуун тэжээл хоёрт л их мөнгө зарж байна шүү дээ. Шатахуун ховордсон үед манай суманд тасраад, хил залгаа Хэнтийн Дэлгэрхаан орж бензин авах гэж зовсон. Тус сумын баруун урд байрладаг ШТС-ын ажилтнууд гэх эхнэр, нөхөр хоёрын ааш гэж адсага, үнэхээр хүнд сурталтай юм билээ. Найз маань тэр ШТС-ынхны дансанд мөнгөө шилжүүлчихээд байхад мөнгө нь орж ирээгүй гэж бензин олгохгүй цаг гаруй гадаа зогсоосон.

Гэтэл дансных нь хуулгыг шалгуулахад аль хэдийнэ мөнгө данс руу нь ороод ирсэн байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 20.05 цагт бензин авах гэлээ. Шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгө 5000 төгрөг төл” гэж шаардаж, илүү төлбөр төлүүлж байсан. Бид арга ядаад л тэр хүйтнээр хол зам туулж шатахуун авахаар зорьсон юм шүү дээ” гэж Н.Отгонбаатар ярив.

Нэгдүгээр сард 10 хоног эрс хүйтэрч, тасралтгүй шуурсан өдрүүдэд адуу нь шуурганд уруудан, зарим нь ижлээсээ тасарсныг гэрийн эзэн хайхаар гэж мордох гэж байхад нь саахалтынхан нь хориглосон аж. Хэрэв тэгж явсан бол осгож үхэхийг ч үгүйсгэх аргагүй хэмээн эхнэр нь хэлнэ лээ. Гэрийн эзэгтэй хонио дагаж шуурганд уруудаад, тогтоох гэж өдөржин хөөцөлдөөд хүчрэхээ больж, нар шингэх үест хөл нь гуйвж, мориндоо мордож чадахгүй, унаа нь ч хөдөлж чадахгүй зогссон гэнэ. Энэ үед том хүү нь адуунаасаа ирж явахдаа тааралдаагүй бол амиа алдаж болзошгүй байж. Хүү нь ээжийгээ өргөж, дүүрч гэртээ авчирчээ.

Харин энэ үед дөрвөн настай хүү нь гэртээ гал хөс ч үгүй бас л осгохын даваан дээр сууж байсныг саахалт өвөлжиж буй малчид бидэнд хэлсэн юм. Энэ тухай гэрийн эздээс лавлахад эхнэр нь “Эхэндээ халууцаж байснаа төд удалгүй даарч эхэлсэн. Том хүү минь тааралдаж намайг эмээл дээрээ дүүрч ирсэн. Манай хүн тэр үеэр сүргээсээ тасарсан унагатай гүү хайхаар явж, саахалтынхан тааралдаж хориглоод, унагатай гүүнээс илүү амь чинь чухал гэж загнаж байж буцаасан гэнэ лээ” хэмээсэн юм.

Хүйтний ам цаашилж буй ч хахир хаврын жихүүн урт өдрүүдэд малчид өвлөөсөө дутахгүй зутарч болзошгүй нь ажиглагдсан. Баянжаргаланд өвөлжиж буй малчдын өгүүлснээр Хэнтийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг хүртэл малын овоолсон сэг зэм энд тэндгүй тааралдаж байгаа гэнэ. Малчид “Портер” зэрэг ачааны машиндаа үхсэн малаа ачиж яваад хаа тааралдсан газраа хаяж буй юм билээ. Урин цаг ирэхэд тэдгээр сэг зэмнээс өмхий үнэр салахгүй, халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлэх нь гарцаагүй юм билээ. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага үхсэн малын сэг зэмийг устгахад анхаарвал яасан юм бэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай