Эх орончийг егүүтгэсэн учир битүүлэг хэрэг

Эгч, дүү хоёр 1980-аад он


Манж Чин улсын эрхшээлд 200 гаруй жил дарлагдсан монголчууд 1911 онд өрнүүлсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхөө үрээр тусгаар улсаа сэргээн мандуулсан түүхийг судсаар нь монгол цус гүйж буй хэн ч мартах учиргүй билээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, улс гэрээ дахин тусгаар тогтнуулсны дараа байгуулсан Богд хаант Засгийн газрын гол удирдагчдын нэг Эрдэнэ дайчин чин ван Ханддорж Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны анхны Тэргүүн сайдаар тохоогдсон юм.

Халуун эх оронч энэ хүн юуны өмнө шинэ тулгар тусгаар улсаа гадаадын гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхээр идэвхийлэн зүтгэж, Хаант Орос, Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Австри, Япон зэрэг улсад ноот илгээн, тэдэнтэй холбоо тогтоохоор дипломат бүх арга хэрэгслийг ашиглаж байжээ.

Хиагтад эхэлсэн Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт оролцогч Дотоод явдлын яамны сайд Билэгт гүн, Да лам Дашжав, Манлайбаатар Дамдинсүрэн нарыг тэрбээр шууд удирдаж, хэлэлцээр хийж, басхүү манай тусгаар тогтнолд тааламжгүй хандаж байсан хоёр хөршийн дипломатчдыг олон улсын хууль эрх, дипломат бодлогоор бултах аргагүйгээр барьж байсан хүн бол чин ван Ханддорж байсан гэж түүхчид тэмдэглэсэн нь бий. Тиймээс ч Орос, Хятадын талаас гурван улсын хэлэлцээрт оролцогч манай төлөөлөгчдийг элдвээр гоочлон, солихыг удаа дараа шаардаж байсан гэдэг.

Тэдний шаардлагыг үл зөвшөөрөгч нь Чин ван байжээ. Эцэст нь харийнхан элдэв арга саам хэрэглэн, дарамт, шахалт үзүүлэн түүнийг улс төрийн тавцангаас зайлуулж дөнгөсөн юм. Богд хааны зохион байгуулсан хэд хэдэн цэнгээнд оролцохоос мултарсан Чин ван нэг удаагийн найранд яалт ч үгүй очиж таарчээ. Сэжигтэй архиар шахуулж, Эх дагинын хишгийг алдаж асгалаа гэсэн хөлчүү ноёдын агсамна лаас зугтаж гарсан түүнийг хиа нар нь Дунд голын мөсөн дээр алагдсан байхад нь олсон гэдгийг бид түүхээсээ мэдэх билээ.

“Тэр алгын чинээхэн газраас юунд тэгтлээ зууралдаад байгаа юм бэ. Тэгж яривал танай улс бүхлээрээ манайх байж байх тийм үе байсан юм чинь”.
В.М.Молотов (ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд)

“Эрт үеэс тогтож ирсэн түүхэн хил, манай нутаг дэвсгэрийн бодит байдалд нийцэхгүй байна”.
С.Аварзэд (БНМАУ-ын ГЯЯ-ны сайд)

Манжийн дарангуйллаас салсан Монгол Улсын түүхэн дэх улс төрийн зорилготой анхны аллагын золиос нь эх оронч чин ван М.Ханддорж байсан гэхэд болно. Ханд ванг егүүтгэсний дараа хөрш улсууд үгсэн тохирч Монгол Улсын тусгаар тогтнолыг үндсэнд нь устгасан ч монголчууд 1921 оны Ардын хувьсгалаар эрх чөлөөгөө эргүүлэн авсан билээ.

Түүх давтагддаг гэдэг. Ханд вангаас хойш Монгол Улсын Гадаад явдлын яамыг тэргүүлж байсан 17 дахь сайд Содномын Аварзэд газар шорооныхоо төлөө тэмцсэнийхээ золиос болж хэлмэгдэн, эцэст нь учир битүүлгээр амиа алдсан хэргийг тухайн үед золгүй явдал, согтуу явсан гэх мэтээр халхавчлаад өнгөрөөсөн юм. Хэрэг хуучирдаггүй гэж ярьдаг. Дээрх хэргийг шалгаж байсан хууль, хяналтын байгууллагын ажилтнууд өдгөө амьд сэрүүн байгаа. Гэрч, эмчилж байсан эмч нь ч бий. Хэргийг сэргээн шалгахад болохгүй гэх зүйлгүй. Тэр үед чухам юу болсон талаар доор өгүүлнэ.

ХОНИНЫ БЭЛЧЭЭРТ ЭГЧИЙНХЭЭ ОЁСОН ДЭЭЛИЙГ ӨМСӨӨД ЭРДМИЙН МӨР ХӨӨВ

С.Аварзэд 1922 онд одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр хэмээх газарт ард Намчингийн хүү болон төржээ. Түүнийг гурван настай байхад эцэг, эх нь мөнх бусыг үзүүлж, тэрбээр ах, эгч нарынхаа гар дамжин, асрамжинд нь өссөн байна. Хүүг 11 нас хүрмэгц Тайшир сумын бага сургуульд оруулахдаа хүргэн ахынх нь нэрээр овоглосноор Намчингийн хүү Аварзэд Содномын гэх овогтой болсон түүхтэй.

Сумын захиргаанаас С.Аварзэдийг сургуульд авч явах болоход малд нүдтэй хүүг гар хөлийнхөө үзүүрт хөдөлгөж байх гэсэн үү хүргэн ах, эгч нар нь эрс татгалзсан гэдэг. “Үгүй ядаж л сургуульд өмсүүлээд явуулчих хувцас алга” хэмээн шалтаг хэлж хойш суухад нь хүргэн ахындаа дүүтэйгээ хамт мал маллаж байсан эгч нь гадаа хураалттай бараан дотроос олон өнгийн даавуу зүйж хийсэн хөвөнтэй тэрлэг гарган өгч, дүүгээ ном сургахаар явуулжээ. Тэр тэрлэгийг арав гаруйхан настай эгч нь хонь хариулж явахдаа элдэв өнгийн даавууны өөдөс зүйж, дүүдээ өмсүүлнэ хэмээн гараараа оёж бэлтгэсэн байж.

Энэ тэрлэгийг өмссөн хүү эрдмийн мөр хөөн сургуульд орж, 1937 онд төгсөөд Эрхүү хотын Зоо-мал эмнэлгийн техникумд суралцаж, малын бага эмч болж, нутагтаа иржээ. Аймагтаа малын бага эмч, Мал аж ахуйн яаманд орчуулагч, эмчээр ажиллаж байгаад 1945 онд Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид элсэн оров. Орос хэлтэй, орчуулагч хийж байсан, орос мэргэжилтнүүдтэй хамт ажилласан туршлагатай түүнийг энэ сургуульд нэг жил суралцуулаад Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль руу шилжүүлсэн байна.

Олон улсын хуульч мэргэжилтэй болж төгссөн С.Аварзэдийг 1952 оны долдугаар сард нутагтаа ирэхэд нь ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 1953-1954 онд Улсын прокурорын орлогч, 1954-1955 онд Засгийн газрын Зохион зааварлах хэлтсийн дарга, дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад явдлын яамны сайдаар томилжээ.

1957 оны зун, ЗСБНХУ-ын санаачилгаар эхлүүлсэн Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд оролцох манай төлөөлөгчдийн тэргүүнээр ГЯЯ-ны сайдаар ажиллаж байсан түүнийг томилсон юм. Энэ томилолт С.Аварзэдийг албан тушаалаас нь буулгаж, Элчин сайд, нэгдлийн дарга, жолооч болж, эцэст нь амиа алдах нэг шалтгаан болсон юм. Бүх юм ингэж эхэлжээ.

МОНГОЛЫН ТҮҮХЭН ХИЛ “ХАЛДЛАГА”-Д ӨРТӨЖ, ГАЗАР НУТГАА АЛДЛАА

Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээг ЗХУ-ын талаас тус улсаас БНМАУ-д суугаа Элчин сайд В.М.Молотов тэргүүлсэн юм. Тэдний төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг тогтоох санал, гар зураг бэлтгэхдээ Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан их хэмжээний газрыг өөрийн улсын нутаг дэвсгэрт багтаасан байж. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй, манай түүхэн хил, нутаг байсан юм.

Оросууд урьдаас бэлтгэсэн, Монголын нутгийн багагүй хэсгийг өөрийн нутаг дэвсгэрт оруулж зурсан газрын зургийнхаа дагуу хилээ тогтоохоор манай төлөөлөгчдөөс шаардаж эхэлсэн гэдэг. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дотоод явдлын яамны орлогч сайд Д.Батаа, Хязгаарын цэргийг удирдах газрын дарга Б.Цэдэн-Иш, С.Аварзэдийн саналаар бүрэлдэхүүнд нь оруулсан геологич Ж.Дүгэрсүрэн, орчуулагч, багш Шагдарсүрэн нарын цөөн хүн байв.

Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, ГЯЯ-ны сайд С.Аварзэд Зөвлөлтийн талын саналыг хүлээж авах боломжгүй гээд “Эрт үеэс тогтож ирсэн түүхэн хил, манай нутаг дэвсгэрийн бодит байдалд нийцэхгүй байгаа”-г баримтаар нотлон, өөрийн чиг шугамаа тууштай хамгаалж байсан юм. Эх орон, газар нутгаа гэсэн түүний байр суурь өөрчлөгдөлгүй, хилийн хэлэлцээ сунжирсанд Зөвлөлтийн тал, ялангуяа Элчин сайд В.М.Молотов ихэд дургүйцэж байсныг түүний удаа дараагийн шахалт, доромжлол, үг, үйлдэл нотолдог. Дипломатч Б.Дашцэрэн 1989 онд С.Аварзэдтэй уулзаж, яриаг нь соронзон хальсанд бичиж авчээ.

Тэдний ярианы гол сэдэв нь Монгол, Зөвлөлтийн хилийг тогтоох хэлэлцээний үеэр болсон үйл явдлын талаар байсан юм. Тэдний ярианаас үзвэл, дээрх хэлэлцээнд оролцогч Зөвлөлтийн талын тэргүүн, Элчин сайд В.М.Молотов “Тэр алгын чинээхэн газраас юунд тэгтлээ зууралдаад байгаа юм бэ. Тэгж яривал танай улс бүхлээрээ манайх байж байх тийм үе байсан юм чинь” гэх зэргээр ярихдаа Монголын удирдагчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсныг дурджээ. Тэдний хооронд болсон ярианы хэсгээс хүргэе. Энэ тэмдэглэл Монголын уран зохиолын академиас эрхлэн гаргасан “XXI зууны судар” цувралын “Цагаан морин жил” номд хэвлэгджээ.

Б.Дашцэрэн: -Хэлэлцээ (хил тогтоох) хийхийг хэн санаачилсан юм бэ, яагаад ийм хэлэлцээ хийх болов?

С.Аварзэд: -Хилийн асуудлаар яриа гардаг байсан. Тувачууд мал хөөх, хил давуулж алдсан манай малчдын малыг буцааж өгдөггүй, хадлан, бэлчээрийг зүй бусаар ашиглаж байна гэж иргэдээс гомдол гаргадаг байсан юм. Хилийн хэлэлцээ хийх асуудлыг би Цэдэнбалаас сонссон. Бодвол тэр санаа нь Зөвлөлтийн талаас гарсан болов уу.

Хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд би Цэдэнбалд хэлж байж геологич Дүгэрсүрэн (Монголын анхны геологич Жалцавын Дүгэрсүрэн)-г оруулсан. Дүгэрсүрэн гуай ямар ч гэсэн тэр хавийг баялаг ихтэй газар гэдгийг мэдэж байсан. Стратегийн ач холбогдол бүхий баялагтай гэдэг нь үнэн юм шиг байна лээ. Зөвлөлтийн төлөөлөгчид ирээд хил тогтоох төлөвлөгөөгөө бидэнд өгсөн. Гэтэл Увсаас хойш, Тэсийн голоос хойших бүх нутгийг өөрийнхдөө оруулаад зурчихсан гар зургийг санал болгосон.

Б.Дашцэрэн: -Өөрөөр хэлбэл, зураг дээр тэмдэглэсэн тэр хэсгийг Зөвлөлтийн нутаг гэж байгаа хэрэг үү?

С.Аварзэд: -Газар нь маргаангүй манайх. Авна гэсэн шаардлага тавьсан. Бид бүх социалист лагерийг хамгаалж байгаа. Ийм учраас бид ашиглах хэрэгтэй байна. Танайх дангаараа хийчихэж чадахгүй гэдэг байсан юм. Би хариуд нь миний мэдэх асуудал биш байна. Хилийн асуудлыг манайд Ардын их хурлын тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл, төрийн дээд байгууллага шийдвэрлэдэг. Хэн нэгэн хүн гэрээнд гарын үсэг зурах тийм ёс манайд байхгүй.

Хоёрдугаарт, энэ хил бол манай түүхэн хил. Хилийн зурвасыг өөрчлөх шаардлага байхгүй. Манай төлөөлөгчид ийм байр суурин дээр хатуу зогссон. Нөгөөдүүл (хоёр улсын хил тогтоох Зөвлөлтийн талын төлөөлөгчид) чинь тэр зургаараа бол Тэсийн голоос хойш, Тагнын нурууг оруулаад бүгдийг нь авчихаж байгаа юм. Гэтэл одоогийн хил бий шүү дээ. Түүнийг өөрчилж зураад ирсэн. Тэгэхээр их урьдаас бэлдсэн байх нь. Тэгээд л би ерөөсөө хөдлөөгүй. Молотов намайг шахаад байдаг. Цэдэнбал эзгүй байсан. Түүнээс өөр мэддэг хүн алга гээд би хойшлуулаад байсан хэрэг.

Б.Дашцэрэн: -Өөрөө түүнийг ашиглаад хойшлуулаад байсан юм биз дээ?

С.Аварзэд: -Үндсэндээ тийм. Хэлэлцээг би мухардалд оруулсан. Мухардалд оруулахгүй, юу гэж буулт хийх юм бэ. Буулт хийнэ гэдэг чинь түүхэн газар нутгаа өгнө гэсэн үг. Зөвлөлтийн нөхөд шинэ жилээс өмнө хилийн хэлэлцээнд гарын үсэг зурна гэж шахах болсон. Би хэлдгээ хэлээд л суугаад байлаа. Молотов явган явах дуртай хүн байсан. Нэг орой хурал тарсны дараа тэрбээр “Намайг гаргаж өгөхгүй юү” гэв. Бид жаахан алхлаа.

Тэгтэл “Иймэрхүү Гадаад явдлын яамны сайд шүү юмыг үзэхээрээ нэг болсон доо, бид” гэж занангуй хэлэв. Намайг хэлж байгааг би мэдэлгүй яах вэ. Тэднийг жаахан ухралт хийх болов уу гээд би хүлээгээд байлаа. Тэгж байтал шинэ жилийн баяр ч болов. Нэг өдөр хэлэлцээ болдог юм байна. Улс төрийн товчоонд танилцууллаа. Энэ үеэр Цэдэнбал даргын туслах нэг бичиг авчирч өгсөн. Москвагаас Хрущёв (ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга)-ын ирүүлсэн цахилгаан мэдээ гэнэ.

Үүнд “Танай Гадаад явдлын яамны сайд Москвад хачирхал төрүүлж байна” гэж дурджээ. Д.Дамба (МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн) гуай “Энэ одоо юу гэж байгаа юм бэ” гэж асууж байна. Бусад нь таг дуугүй суусан. Ер нь Дамба гуай намайг дэмжиж байсан юм.

Удалгүй Цэдэнбал Москвагаас ирлээ. “Монгол, Зөвлөлтийн найрамдлын түүхэнд байгаагүй муухай юм та нар хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулжээ” гээд ёстой бууж гарсан даа. Хэлэлцээний явцыг тухай бүрт нь илтгэж байсан тухайгаа би хэллээ. Тэгээд “Ер нь улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэгэн төлөөлөгчийн саналаар болдог зүйл биш. Төрийн дээд байгууллага шийдэх ёстой. Миний ганц тулгуурладаг юм энэ” гээд хэлчихлээ.

Хоёр дипломатч ийн ярилцсан байдаг.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тэр хурал бараг шөнөжин үргэлжилж, эцэст нь Монгол, Зөвлөлтийн найрамдалт харилцаанд сэв суулгах зүйл хийсэн С.Аварзэдийг Хил тогтоох төлөөлөгчдийн тэргүүнээс өөрчилж, түүний оронд Л.Цэнд (БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга)-ийг томилсноор дээрх хэлэлцээнд гарын үсэг зуран, Монголын түүхэн хил “халдлага”-д өртөж, бид газар нутгийнхаа нэг хэсгийг алдсан юм.

Оросууд Давст хэмээх ганц уул л авсан юм шиг сүүлд яригддаг байж билээ. Энэ тухай хуучин нийгмийн үед үүнээс өөр зүйл ярьдаггүй байсан. Хаалттай сэдэв байсан болоод тэр биз ээ. Үнэн хэрэгтээ бол ах нар Монголоос нэлээд хэмжээний газар тасдаад авчихсан юм билээ.

Эх оронч сайд асан С.Аварзэд энэ талаар “Одоо зөвхөн Давст уулын тухай яриа болсон юм шиг ойлгодог бололтой. Давст уул бол нэг хэсэг нь. Чухамдаа Увсын хойд тал, Тэсийн голоос хойшлоод Тагнын нурууг давуулаад маш өргөн газар авсан юм шүү дээ. Дээр нь Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг буюу Шишигтийн гол, Шишигтийн нуруу гээд маш сайхан, баялаг ихтэй газрыг оросууд өөрсдийн нутагт оруулаад зурсан газрын зураг авчирсан. Түүгээрээ ч авсан. Нийтдээ 2000 орчим ам км нутаг багтсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Монгол, Зөвлөлтийн хил тогтоох БНМАУ-ын төлөөлөгчдийн тэргүүнээс С.Аварзэдийг өөрчилсний дараа тэрбээр эмнэлэгт хэвтжээ. Эмчлүүлж байх хойгуур нь Ю.Цэдэнбал түүний ажлын өрөөнд хэд хоног сууж, бичиг баримт, хил тогтоох хэлэлцээртэй холбоотой материалуудыг үзэж байгаа талаар нэг ажилтан нь дуулгажээ.

“За энэ ч биш боллоо гэж би ойлгосон. Тэр баримтууд дотроос олон юм устгана даа” хэмээн түүний ярьсан нь бий. Тэрбээр оросуудын авах гээд улайраад байсан газрыг манай түүхэн хил, нутаг дэвсгэр гэдгийг бүхий л баримтаар нотолсон ч тэд хүлээж аваагүй юм. Арга ядсан тэрбээр нутгийн хоёр малчныг авчирч, хил тогтоох хэлэлцээнд оролцогчидтой уулзуулж, нутаг орных нь тухай яриулж, тувачуудын гаргадаг зүй бус үйлдлийг гэрчлүүлж байсан гэдэг.

Үргэлжлэл бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай