“Сэлэм” С.Бямбацогт өөрийгөө хохирогч гэжээ

“Сэлэм” С.Бямбацогт өөрийгөө хохирогч гэжээ

Төрийн албан тушаалтны нөмөр нөөлгөөр хууль, журмыг уландаа гишгэгчид олшров. Замын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, салаавч гаргасан Ц.Баярцогтын дуулиан намжаагүй, хэрэг зөрчлийг нь шүүх шийдээгүй байхад нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газарт сэлэм эргүүлж, танхайрав.

Энэ сарын 11-12-нд шилжих шөнийн 01.55 минутын үед Баянгол дүүргийн нутаг, “Castle” гэх диско баарны гадаа хамгаалагчидтай нь гар зөрүүлэх үеэрээ сэлэм гарган далайж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарлаа. Уг бичлэгт сэлмийг хуйнаас нь гарган агсамнаж буй С.Бямбацогт тод харагдаж байна.

Баарныхан энэ үеэр цагдаагийн байгууллагад хандахад тэрбээр зугтсан гэнэ. Тухайн үед ДК дугаартай автомашин унаж явсан гэх мэдээлэл бий. Үүнийхээ дараа тэрбээр Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт байрлах “River beach” амралтын газарт очиж, мөн л шуугиан дэгдээсэн байна.

ТЭРБЭЭР ӨМНӨ НЬ МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ДУУДАГДАЖ БАЙВ

Тэрбээр ах С.Мөнхчулууныхаа үүсгэн байгуулсан “VIP security” хэмээх хамгаалалтын албыг удирддаг аж. МҮЭСТО, СТӨ зэрэг байгууллагаас авахуулаад томоохон баарнуудыг ч эднийх хамгаалдаг байсан бөгөөд өдгөө зарим хүнд хамгаалалтын тусгай үйлчилгээ үзүүлдэг ажээ.

СУИС-ийг төгссөн тэрбээр багадаа хамтлагт дуулдаг байсан гэнэ. Мөн хүмүүнлэгийн үйлсэд гар татдаггүй, соёл, урлагийнхныг ивээн тэтгэдэг гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүнчлэн 2012 оны арванхоёрдугаар сард хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон хэргээр найман хүний хамт Баянзүрх дүүргийн шүүхэд дуудагдаж байсныг эх сурвалж мэдээлэв. Тухайн үед цагдаагийнхан хэргийн газраас 500 гаруй хасаа, хөзөр хураан авч, мөрийнд тавьж байсан мөнгийг нь улсын орлого болгож байсан гэнэ.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар тэрбээр ялаас мултарч байсан аж. Өдгөө түүнийг Баянгол дүүрэгт мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг, хуулиар хориглосон тоглоом тоглосоор байгаа тухай олон хүн хэлж байна. Энэ сарын 11-нд буюу хэрэг гардаг өдөр “Arigu-lounge art” хэмээх шөнийн клубээ нээжээ. Улсын их дэлгүүрийн дэргэд шөнийн клубээ нээсэн хүн яагаад “Castle” бааранд очиж зодоон хийсэн нь тодорхойгүй байна.

БАРУУН ГАРЫН ШУУ НЬ ХУГАРСАН УЧИР ХОРИОГҮЙ ГЭВ

Түүнд холбогдох танхайрсан хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй. Баарны гадна болсон зодооны улмаас хүн бэртээгүй гэнэ. С.Бямбацогт энэ талаар цахим хуудсандаа “Тоглоомон сэлэм сугалахад юун сүртэй юм бэ. Жинхэнэ сэлэм энэ муусайнуудад хурцадна” хэмээн бичсэн талаар зарим хүн мэдээлэв.

Харин “River beach” амралтын газарт гурван хүн бэртсэн гэнэ. С.Бямбацогт тэнд хоёр хүний хамт очсон бөгөөд хэсэг залуутай маргалдсан аж. Тэд мөрийтэй тоглож байгаад маргалдаж, зодолдсон гэх албан бус мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Энэ сарын 12-ны 06.35 цагийн үед зодоон боллоо гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу очиход зарим хүн зугтсан байв. Тэднийг хайж байгаа. Зодооны улмаас С.Бямбацогтын баруун гарын шуу хугарч, дагуулж очсон хоёр хүнийх нь нэг даландаа хутгалуулан, нөгөө нь толгойдоо гэмтэл авсан. Тиймээс тэднийг хориогүй, гадуур шалгаж байгаа” гэлээ.

Түүний хийсэн үйлдэл нь хорих ял сонсох шийтгэлтэй аж. Гэвч тэрбээр өчигдөр ах С.Мөнхчулууныхаа хамт хэвлэлд хандаж, энэ талаарх мэдээллийг устгуулан, өөрийгөө хохирогч хэмээн тайлбарлаж явсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай