Д.Сумъяа: Элэг бүтэн, эрүүл саруул амьдрах нь миний эцсийн зорилго

Олимпын наадмаас атгаад алдсан алтан медалиа энэ жил ДАШТ-ээс хүртэн, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг “Өнөөдөр” сонин зочны хоймортоо урьж, ярилцлаа. “Рио-2016”-гийн дэвжээнд шилдэг нь байж, олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулсан хоёр гавьяатны нэг тэрбээр “За даа, миний амьдрал, тамирчны замналын талаар хэвлэлд нэлээд бичсэн, би ч ярилцлагадаа багагүй дурдсан. Амьдралаас минь сэдэвлэсэн “Цагаан хадаг” нэртэй кино хүртэл олны хүртээл болчихлоо. Тэгэхээр бидэнд ярих сэдэв, уншигчид шинээр сонирхох зүйл үлдсэн юм болов уу” хэмээн даруухан инээмсэглээд ярилцлагаа эхэлсэн юм.

-Дэлхийн аварга болж, том давааны ард гарсныхаа дараа түр амсхийгээд бэлтгэлдээ орсон гэж сонссон. Эх орондоо ирээд нэлээд хэд хонолоо. Хангалттай амарч чадав уу?

-Өө, сайхан амарч амжилгүй яах вэ. Монголдоо ирсний дараа жүдогийнхонтойгоо хамт Түвшээ аваргын цолны мялаалгад оролцонгоо Булган нутагт сайхан амарсан. Одоогоор хөнгөхөн бэлтгэл хийж байна. Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж, лавхан атгасан болохоор баярласандаа ч тэр үү, ядарснаа мэдрэх сөхөөгүй л явна (инээв).

ДАШТ-ээс хойших хамгийн ойрын тэмцээн аравдугаар сарын сүүлчээр болох Абу-Дабигийн гран при. Энэ тэмцээнд зодоглохоор төлөвлөсөн. Дэлхийн аварга болоод анхны ярилцлагаа уншигч олны хүндлэлийг хүлээсэн “Өнөөдөр” сонинд өгч буйдаа олзуурхаж байна. 

-Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэнийхээ дараа энэ жил дэлхийн аварга болохоор зорьсон нь мэдээж. Танд энэ амжилт л дутуу байлаа.

-Тийм ээ. Дэлхийн аварга болж, олимпод хүртэж чадаагүй алтан медалиар энгэрээ мялаан, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорьсон. Риогийн олимпын дараах хамгийн том зорилт маань энэ байлаа. Мэдээж үүнд хүрэхийн тулд зүгээр нэг мөрөөдөж суух бус, олимпод гаргасан алдаа, оноогоо сайтар дүгнэж, өмнөхөөсөө ч уйгагүй хөдөлмөрлөн, бүр их хичээлээ.

Нөгөө талаар дэлхийн дэвжээнд тааруу амжилт гаргавал монгол түмнийхээ итгэлийг алдана. Тиймээс өмнөхөөс хавьгүй хариуцлагатай, чухал тэмцээн байсан. Ялж, ялагдах бүхий л мөчид хамт байдаг монгол түмнийхээ сэтгэлийн хүч, “Сумъяа чадна аа, хичээгээрэй” гээд дээлийн минь захыг мушгисны ачаар түрүүллээ.

Монголчуудын маань сэтгэлийн дэм ямар сайхан энерги, эрч хүч өгдөг гэж санана. Гадуур явж байхад зөрөөд өнгөрсөн хүн “Сумъяа мундаг шүү, Баяр хүргэе” гэж хэлэхэд хүртэл үнэхээр их урамшдаг. Манай жүдогийнхон энэ жил ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ “Говь”-д сар гаруйн хугацаанд базаасан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од багш нартайгаа зөвлөн, өрсөлдөгч бүрийнхээ барилдааныг нарийн судалж, тус бүрт нь тохирсон мэх, техник боловсрууллаа.

Хамгийн их хүндэлж, дээдлэх учиртай хүн бол яахын аргагүй дасгалжуулагч. Тамирчин өөрийнхөө төлөө санаа зовдог бол багш хүн бүх шавийнхаа төлөө сэтгэлээ чилээдэг. Х.Эрдэнэт-Од багш минь тамирчин байхдаа 57 кг-д барилддаг байсныг спортын хорхойтнууд мэдэх байх. Бид хоёр одоо харцаараа, үйл хөдлөлөөрөө л ойлголцдог болчихож. Надаас дутахгүй намайг мэддэг, цагаа олсон хэрэгтэй зөвлөгөөг хэзээд өгч чаддаг ачтан. Багш минь надад үргэлж тэг, ингэ гэж зөвлөдөг, би яг тэрнийх нь дагуу бэлтгэлээ базаахыг эрхэмлэдэг. 57 кг-д барилдаж, багшийнхаа үргэлжлэл болж яваагаараа бахархдаг.

-Ерөнхийлөгч жүдочдынхоо барилдааныг очиж үзсэн нь юу юунаас илүү нөмөр, түшигтэй байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгчийн сүлд, хийморь биднийг ивээж, амжилтад хөтөлсөн нь лавтай. Төрийн тэргүүн маань ДАШТ үзэж байгаа, амжилт гарган ачийг нь багахан ч атугай хариулъя гээд эрвийх, дэрвийхээрээ зүтгэлээ, бид.

Дэлхийн аварга болсон баярт мөчөө Ерөнхийлөгчтэйгөө, монгол түмэнтэйгээ хамт хуваалцана гэдэг яалт ч үгүй ховор хувь заяа. Үүний сацуу Будапештийн дэвжээ бидэнд ивээлээ харамгүй хайрлан, зургаан медаль хүртсэнд түрүүлснээсээ дутахгүй баярлан, олзуурхаж байна.

Бид ДАШТ-д түүхэн амжилт гаргаж, монгол бөхчүүд өнөөгийн жүдогийн өнгийг тодорхойлж яваа нь Монголын жүдо бөхийн холбооны зөв менежменттэй холбоотой. Амжилт гаргах бүртээ хэрвээ би ганцаараа байсан бол өдий хэмжээний тамирчин болж чадахгүй гэдгээ хамгийн түрүүнд ухаардаг.

-Та олимпод Р.Сильвад тун эргэлзээтэй шүүлтийн улмаас дийлдсэн. Ганцхан жилийн дараа дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө дахиад бүдрэх вий гэж эмээсэн үү?

-Өө, ёстой тэгээгүй. Сэтгэл санаа тогтвортой, тэгэх вий, ингэх вий гэж ер бодоогүй. Бид гадагшаа тэмцээнд явахдаа борц авч очдог. Тэгэхгүй бол бусад орны хоолоор хоолшдоггүй, хүч тамираа сэлбэж чаддаггүй. Барилдахынхаа өмнөх өдөр жингээ сайхан барьж, борцоороо шөл хийж уучихаад л нам унтсан.

-Аваргын төлөө барилдсан Японы бөх Ц.Ёшидад та өмнө нь гурван удаа дийлдсэн. 13 минут үргэлжилсэн хүнд барилдаанд та түүнээс юугаараа илүү байж өвдөг шороодуулав?

-Би зовхи нь өөдөө, золбоо хийморьтой монгол хүн. Монгол түмний минь итгэл намайг хурцалдаг. Хазайхад нутгийн минь уул, ус түшдэг гэдэгт итгэдэг. Японы бөхөд өмнө нь цөөнгүй дийлдэж байсан ч дахиад ялагдах вий хэмээн юу гэж айж, эмээх вэ. Өмнөх ялагдлаа бодолгүй, зөвхөн тэр өдрийн барилдаанд л анхаарлаа төвлөрүүлсэн.

Жүдо бөхийн дүрмийг шинэчилснээс хойш анх удаа 13 минут барилдлаа. Энэ спорт өндөр, жигд хөгжсөн өнөө үед ийм удаан хугацаанд, ачаалалтай барилдах амаргүй. Хэрвээ түүнийг дийлбэл зөвхөн би бус Монгол Улс ялж, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, газрын диваажин Азийн цээжинд оршдогийг дэлхийд мэдрүүлэх хариуцлагатай барилдаан байв. Тэгэхийн тулд шүд зуун, эцсийн хүчээ шавхтал зүтгэлээ.

Ялангуяа цаг сунгаснаас хойших есөн минутад “За Сумъяа чи чадна шүү” гэж өөрийгөө бүр их хурцалсан. Анхаарлаа төвлөрүүлж, шийдэмгий, тэвчээртэй барилдсаныхаа хүчинд түүнийг дийллээ. Монгол хүн ямар тэвчээртэй, хэнээс ч, юугаар ч дутахгүйг дэлхийн дэвжээнд нотолсондоо баярласан. Юу юунаас илүү монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна.

-Дэлхийн аварга болж, алтан медалиа энгэртээ гялалзуулан, баярын нулимстай зогсохыг тань цэнхэр дэлгэцээр үзсэн бөхийн хорхойтнуудын сэтгэл их хөдөлсөн.

Зарим нь дагаад уйлсан тухайгаа цахим хуудсандаа нийтэлж, бусадтай хуваалцаад амжсан. Эгэл жирийн монгол хүн тэгж баярлаж байхад таны сэтгэл ямар их хөдөлснийг төсөөлөхөд ч бэрх байна.

-Монголчууд маань интернэтээр үзсэн байх, би уйлсан. Төрийн дуулал эгшиглэх мөчид үнэхээр их огшиж, сэтгэл хөдлөн, өөрийн эрхгүй л уйлчихсан. Би уг нь сэтгэл хөдлөл, багатай. Хэр баргийн тэмцээнд түрүүлэхдээ сэтгэл хөдлөлөө барихыг хичээдэг.

Алтан медаль авч, шагналын тавцанд зогсох мөчид үнэхээр барьж дийлээгүй. Тэр орой монголчууд маань цахим хуудсаараа дамжуулан урмын сайхан үг харамгүй хайрлахад нь бүр их баярлаж, догдолсон.

-Олон нийтийн сүлжээний ачаар хэн, хэрхэн баярлан хөөрч, уурлан, бухимдаж буйг дэлхийн хаанаас ч мэдрэх боломжтой болсон. Нэг хүн “Нисванис” хамтлагийн “Улаан хэрүүлч” дууг дуурайлгаад танд зориулан

“Өө, нэг япон охиныг 13 минут нухаад, алах шахаа биз дээ чи, тэгсэн биз дээ чи

Чив чимээгүй байснаа гэнэт гарч ирээд, мөрөөрөө байсан намайг барилдуулчихдаг биз дээ чи, тэгсэн биз дээ чи

Өө, зүв зүгээр зурагт үзээд зэрэгцээд сууж байхад, гэрийнхэнтэй минь хамт уйлуулаа биз дээ, чи

Ноднин бас уйлуулаа биз дээ чи, тэгсэн биз дээ чи

Өө, улс төр, улаан луйвар, бөөн хэрүүл дунд зам түгжирч байхад уяраагаа биз дээ чи, огшоогоо биз дээ чи

Амьдрал хэцүү, амь наана там цаана байхад Төрийн дууллаа бүгдэнгээр нь дуулуулаа биз дээ, чи, тэгээ биз дээ, чи” гэж зохиосноо цахим хуудсандаа нийтэлсэн байна лээ. Та уншсан уу?

-Уншсаан, оройжин элгээ хөштөл инээсэн, гоё санагдсан. Бас нэг хүний бичсэн хөгжилтэй сэтгэгдэл надад их таалагдсан. Намайг ДАШТ-д оролцож байх үеэр Монголд төв зам дагуу зүүн гар тийш эргэхийг хориглосон юм билээ.

Тэгсэн чинь тэр хүн “Сумъяа зүүн талдаа үүрч, үүрч байгаад баруун талдаа мэх хийсэн чинь зүүн гар тийш эргэхийг буцаад зөвшөөрчихлөө” гэсэн байна лээ. Манайхан хошин шогийн өндөр мэдрэмжтэй, ёстой нэг шооч хүмүүс шүү, нээрэн.

-Олонх алдартай тамирчин олимпоос медаль хүртсэнийхээ дараа жил ДАШТ-д өндөр амжилт гаргаж чаддаггүй. Амжилтдаа ханаж, эрдэлгүй дэлхийн аварга болсон нь сэтгэл зүй сайтай байгаагийн илрэл биз ээ?

-Тамирчин бүхэн өөр, бүгд цор ганц хувь. Би ч, чи ч дахин давтагдашгүй. Ямар оргилд гарах боломжтой байгаагаа зөв тодорхойлон, түүндээ хүрэхийн тулд хэрхэх шаардлагатайг боломжийнхоо хэрээр ухамсарлан, зүтгэж явна.

Амжилт гаргалаа гэж цээжээ дэлдэлгүй, хүмүүс шүүмжилж байна хэмээн сэтгэлээр уналгүй төлөв даруу байхыг эрмэлздэг. Ерөөсөө байгаа минь л энэ. Амжилтдаа ханаж, ташуураад ч яах билээ. Амжилтаараа бус биеэ авч яваа байдлаараа залуу жүдочдод үлгэрлэхийг хичээдэг.

-Энэ жил таны найз залуу Х.Цогтгэрэл Булганы наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэн, та дэлхийн аварга боллоо. Гэр бүлийн хоёр өнгөтэй байна даа.

Ер нь тамирчны жаргал, зовлонг амсаж яваа тул бие биенээ бүр сайн ойлгодог байх, тийм үү?

-Тийм шүү. Найз залуу маань бас жүдогоор хичээллэдэг, үндэсний шигшээ багийн тамирчин. Бид хоёр үерхээд долоон жил болж байна. 2010 он миний хувьд их өгөөжтэй жил байсан. Тэр жил “Хилчин” спорт хорооны тамирчин болж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, найз залуутайгаа танилцсан. Хамтдаа бэлтгэл хийн, тэмцээнд оролцож, бүхий л зүйлд бие биенээ түшиж явна.

Өөрийн тань хэлсэнчлэн тамирчны жаргал, зовлонг туулдаг төдийгүй надтай адил хүсэл мөрөөдөл, зорилготой болохоор бие биенээ илүү сайн ойлгодог. Хэрвээ намайг ойлгож, дэмждэггүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Энэ жил сайхан өнгөтэй жил байна аа, хоёулаа амжилтад хүрлээ.

-Хэдийгээр олимпын дэд аварга болно гэдэг чамлах амжилт биш ч ялагдаж хүртдэг болохоор сэтгэл тань гонсойсон болов уу. Жил гаруйн дараа эргээд бодоход ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Харин тийм ээ, сэтгэл гонсойсон. Хэрвээ дахиад ганцхан ялсан бол олимпын аварга болох байсан гэж бодохоор харамсмаар. Гэхдээ одоо тэгж суух цаг биш. Учир нь надад алдаагаа засан, олимпын аварга болох боломж, цаг хугацаа байна. Үүнийг л алдалгүй, ашиглахыг хүсдэг. Энэ л юу юунаас чухал. Тэр боломжоо ашиглаж чадахгүй бол алсдаа харамсаж магадгүй л юм.

Хэдэн жилийн дараа дутуугаа гүйцээлээ гээд баярлах, эсвэл харамсахын аль нь тохиохыг цаг хугацаа харуулах байх. Олимпын тухай ярьсных сэтгэлээс гардаггүй сайхан зүйлийн талаар дурсъя. “Рио-2016”-гийн үеэр би наймын тоог ихэд бэлгэдсэн. Учир нь өнгөрсөн жил наймдугаар сарын 8-нд барилдсан юм. Олимп эхэлсний дараахан Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын зургийг цувралаар нийтлэхэд найм дахь нь минийх байсан.

Бүхий л зүйл наймын тоотой холбогдож буйд нэлээд бэлгэшээсэн. Тиймээс Х.Эрдэнэт-Од багштайгаа зөвлөлдөж байгаад найман цаг найман минутад байрлаж байсан газраасаа гарч, тэмцээн болсон ордон руу явсан юм. Даваа гаригт мэндэлсэн болохоор аав, ээж хоёр Сумъяа гэдэг нэр надад хайрласан юм билээ. Даваа гаригт барилдан, 25 насандаа Монголоос мэндэлсэн олимпын 25 дахь медальтан болсон нь ховор тохиолдол болов уу.

-Та зөвхөн тамирчин бус хүнийхээ хувьд ч өдгөө монгол түмний хамгийн хайртай тамирчдын нэг болжээ. Хүн бүхэн хүндэлж, хайрлахын зэрэгцээ амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?

-Ямар ч амжилт, шагнал араасаа хариуцлага дагуулдаг гэдэг яг үнэн. Үүнийг тамирчин бид умартах учиргүй. Амжилт гаргавал олон түмэн магтаж, эх орон нь алгаа тосоод угтана. Эсрэгээрээ алдаа гарган, тааруу оролцвол газар доогуур ортлоо шүүмжлүүлнэ. Өнөөдөр би магтуулж байсан ч маргааш шүүмжлүүлэхийг үгүйсгэх аргагүй. Үүнийг тамирчин бүхэн өөр өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх. Энэ бүхэн спортынхны давж сурах нэг шалгуур мөн.

Тамирчин бүр түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах зорилго өвөртлөн тэмцээнд оролцдог нь лавтай. Бэлтгэлээ хангалттай базааж амжаагүй, бэртэлтэй байсан ч бид тааруу амжилт гаргах эрхгүй. Бага байхад олны шүүмжлэл нөмрөхөд нэлээд эмзэглэдэг байлаа, одоо дасчихсаан.

2009 оны залуучуудын ДАШТ-д оролцсон маань санаанаас ер гардаггүй юм. Замын зардал олддоггүй ээ. Тэр том тэмцээнд өрсөлдөх эрх авчихаад явахгүй л бол болохгүй гэж хэрэндээ тэвдсэн. Аав, ээж хоёр зээл авч, өвөө, эмээ хоёр тэтгэврийнхээ мөнгийг хуу хамаад намайг явууллаа. Гэтэл мeдаль авч чадсангүй. Гэрийнхнийгээ сандарган, зээл авахуулан байж оролцчихоод амжилт гаргаж чадалгүй эх орондоо ирэх үнэхээр санаа зовмоор.

Гэрийнхнийхээ нүүрийг яаж харна аа гэж бодохоос халгамаар. Тийм үед ч гэрийнхэн минь намайг эрвийх дэрвийхээрээ дэмжин, тэмцээн, бэлтгэлд хамаг бүхнээ зориулсных нь ачаар би өнөөгийн амжилтад хүрсэн.

-Бага байхад чинь ээж тань бурхан болсон юм билээ. Ер нь та ээжтэйгээ хамт байсан үеэ хэр санадаг вэ?

-Харамсалтай нь, балчир байсан болохоор багахаан хэмжээний дурсамж л ой тойнд үлдэж. Бид гурвыг хүн болгож төрүүлээд тэнгэрийн оронд одсон ижийдээ баярлаж, өлмийд нь сөгдөж явдаг.

Хорин гуравхан настайдаа аавтай минь ханилж, бид гурвыг өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн ачтан бол яах аргагүй одоогийн ээж минь. Ц.Дэлгэрмаа гэж сайхан хүн бий. Төрсөн ээж минь намайг төрүүлж, өнөөгийн ээж, жүдогийн хамт олон минь дэлхийн хэмжээний бөх болгож хүмүүжүүлсэн.

-Хэвлэлд өгсөн ярилцлагууд, “Цагаан хадаг” киноноос Д.Сумъяаг багадаа өнчирч, аав, ээждээ дэм болохын тулд машин угаан, өвөө, эмээгийн амины охин байсан талаар тань уншигчид аль хэдийнэ мэддэг болсон. Тэгэхээр энэ талаар одоо ярих илүүц.

Ер нь айлын том тул бүхий л зүйлд аав, ээжийнхээ тулах багана, дүү нарынхаа өмөг түшиг нь болж яваа болохоор багаасаа бие дааж, хатуужилтай өссөн нь мэдээж. Энэ бүхэн таны өнөөгийн амжилтад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Асар их нөлөөлж байгаа. Спортын гэлтгүй ямар ч салбарт амжилт гаргахад гэр бүлийн хүмүүжил их чухал. Аав, ээж минь ямар нэгэн ажил эхэлсэн л бол заавал дуусгадаг, үр шимийг нь хүртэхийн төлөө хоёргүй сэтгэлээр уйгагүй хөдөлмөрлөн, тууштай, дайчин байх ухааныг надад сургасан. Биднийг багаас минь бие дааж сурган, аливаа зүйлд хариуцлагатай хандахыг үргэлж захидаг.

-Дэлхийн аварга болсны чинь маргааш би ээжээс тань ярилцлага авсан юм. “Одоо ч олны хөлд дарагдаад, гэрээсээ ч гарах завгүй байгаа болов уу” гээд очтол харин эсрэгээрээ ангиа цэвэрлэн, “Нөхөр маань дугуй засварын газраа ажиллуулан, утасны дуудлагад дарагдаад л сууж байна гэнэ” хэмээсээр угтсан нь их таалагдсан.

Ер нь аав, ээж хоёр тань энгийн мөртлөө эгэлгүй хүмүүс шиг санагдсан. Энэ бүхэн гавьяандаа эрдэлгүй, эгэл амьдарч буй таны амжилтын нууц болов уу?

-Ээ, яг наадах чинь. Аав, ээж хоёр минь энгийн мөртлөө эгэлгүй, бахархахгүй байхын аргагүй сайхан хүмүүс. Би өмнө нь ямар зан ааштай, үзэл бодолтой байсан тэр хэвээрээ байгаа. Хүсэл мөрөөдлийнхөө жимээр амжилтад хүрэх тусам бүр том оргилд гарахын төлөө зүтгэдэг Сумъяа хэвээрээ байгаа нь эцэг, эхийн минь хүмүүжилтэй салшгүй холбоотой.

Мэдээж тэмцээнд оролцон, бэлтгэл хийхийн хэрээр ур чадвар ахин, өдөр бүр шинэ зүйл сурч, амжилт гаргах тусам аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдсөөр байна. Тэр хэрээр би хөгжиж байгаа болов уу.

-Тамирчин байх амаргүй, залуу нас нь бэлтгэл сургуулилалт, тэмцээн гэсээр өнгөрдөг гэдэг. Та ч бас тэгж өнгөрүүлж байгаа нь дамжиггүй. Хааяа ч болтугай жирийн хүн шиг амьдрах юм сан гэж бодогдох юм уу?

-Би дуртай зүйлээ хийж байгаа болохоор огт тэгж боддоггүй ээ (инээв). Жүдо миний амьдралын салшгүй нэг хэсэг, аз жаргалтай байх шалтгаан. Дуртай зүйлээ хийж, хөглөгдөж яваа азтай хүн, би. Өөрийнхөө дуртай, мөрөөддөг байсан зүйлээ хийж яваа маань надад аз жаргал бэлэглэдэг. Зөвхөн би ч бус тамирчин бүхэн залуу насаа хэнээс ч дутахгүй үр бүтээлтэй, зорилготой өнгөрүүлж байна.

Тамирчин бид өөрийнхөө дуртай зүйлийг хүссэн үедээ хийх боломжтой нь давуу тал.

Түүгээр ч үл барам зөвхөн өөрийнхөө бус эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын төлөө зүтгэж яваа нь хэн дуртайд нь олдох хувь биш. Жижиг, том ямар ч тэмцээнд амжилт гарган, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг монгол хүн болж төрсний минь бахархал. Ямар сайхныг нь жирийн хүн бус тамирчид л бүрэн утгаар нь мэдэрнэ, яс, махандаа тултал ойлгодог.

-Бэлтгэл, тэмцээн гээд зав чөлөө тун хомс байдаг юм билээ. Багахан ч атугай чөлөөт цаг гарсан үед юу хийхийг чухалчилдаг вэ?

-Өө, бараг гардаггүй юм аа. Формоо өндөр түвшинд хадгалахын тулд бэлтгэлээ өдөрт хоёр, за тэгээд томоохон тэмцээний өмнө гурван удаа хийдэг. Өглөө гэрээсээ 07.00 цагт гаран, 08.00-10.00-ын хооронд эхний бэлтгэлээ базаана. Гэртээ харьж, цай, хоолоо идэн, жаахан амарч байгаад 16.00 цагаас дараагийн бэлтгэлдээ гарна. Үдээс хойших бэлтгэл 19.00 цагт тарж, замдаа түгжирч харих гэсээр байтал харанхуй болчихно. Гэртээ очоод оройн хоолоо хийж идээд л миний нэг өдөр өнгөрчихдөг.

Хажуугаар нь амьдралаа зохицуулж, төлөвлөсөн ажлаа амжуулж амжихгүй байх нь энүүхэнд. Заримдаа өдрийг сунгачихмаар, нарыг аргамжчихмаар санагддаг шүү (инээв). Амралтын өдөр кино үзэн, найз залуу, гэр бүлийнхэндээ цаг гаргахыг хичээдэг.

Нээрэн, би бүжгийн спортыг чамгүй их сонирхдог. Яг тийм, ийм төрлийг нь гэж онцолдоггүй ээ. Бүжиглэж буй хүмүүсийг харахаар цаанаа л нэг эрхэмсэг, гоёмсог харагддаг. Сурах сан гэж заримдаа бодох юм. Даанч зав гарахгүй юм аа.

-Бэлтгэл хийхээс өөр төрөл, чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломж хомсоороо спорт харгис. Гэр бүлийнхэн, найз залуу тань дэмждэг болохоор бүхий л үед ойлгодог байх. Харин ойр дотныхон нь “Уулзах ч завгүй” гээд гомдоллох юм уу?

-Өө, хэцүү шүү дээ. Форм өндөртэй байхын тулд байнгын бэлтгэл шаардана. Тэр хэрээрээ хувийн амьдралаас авахуулаад бусад зүйлийг хойш нь тавихаас өөр аргагүй. Тэгсээр байгаад ганцаардмал болгочихдог юм байна аа. Нэг найз маань уулзъя, юм ярьж сууя гэхэд нь би хэчнээн хүссэн ч тэгэх завгүй, боломжгүй байх нь энүүхэнд.

Тэгээд л дэмий “За найз нь өнөөдөр бэлтгэлтэй, амжихгүй нь. Маргааш уулзъя” гээд аргална. Маргааш нь дахиад бэлтгэл, тэмцээн давхацвал уулзаж амжихгүй. “Яалт ч үгүй бэлтгэлээ хийхгүй бол болохгүй” гээд ойлгох найз байхад “За ганц өдөр бэлтгэл хийхгүй байлаа гээд алдах зүйл байх биш. Хэдэн өдөр дараалан завгүй байхдаа яах вэ” гээд гомдох нь ч цөөнгүй. Юу ч гэсэн зорилгодоо хүрээдэхье, тэгсний дараа найзуудтайгаа уулзах цаг хангалттай гарах байх аа.

-Одоо танд түрүүлж үзээгүй ганцхан тэмцээн байгаа нь олимп. Дараагийн зорилго тань яалт ч үгүй олимпоос алтан медаль хүртэх болов уу. Зөвхөн барилдааны арга, техник бус хүнийхээ хувьд олимпын аварга болоход тэр л дутуу байна, үүнийгээ засчихъя гээд өөрчилж, шинээр сурахаар төлөвлөсөн зүйл бий юү?

-Энэ нууц хэвээрээ үлдэг. Өөрийгөө өөрчилж, олимпын аварга болох хэмжээнд бэлтгэж чадсан, эсэхийг цаг хугацаа харуулаг. Тэгнэ, ингэнэ гэчихээд төлөвлөсөндөө маргааш хүрч чадахгүй бол өнөөдөр тэгж ярьсны хэрэггүй биз дээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна. Саяхан л юм шиг санагдавч өнгөрсөн жил олимпод оролцчихоод эх орондоо ирж байж.

Тэгэхээр цаг хугацаатай уралдан, бэлтгэлээ уйгагүй базаан, хичээх л юу юунаас чухал. Бэлтгэлээ сайн хийн, бэртэл гэмтлээс холуур л байж чадвал алсдаа болох байх. Хэдхэн хоногийн дараа олимп болох гэж буй мэт мэдрэмж төрөөд байх юм. Ер нь бэлтгэлээ өдөр бүр ачаалалтай хийж байж л формоо удаан хадгална, тэр хэрээр дэлхийн дэвжээнд тогтмол амжилт гаргаж чадна.

Формондоо ороход урт хугацаа, хөдөлмөр шаарддаг мөртлөө бэлтгэл өчүүхэн цалгардахад л алдагдах гэмтэй. Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш нь тавьсан. Найз залуу маань ч дэмжиж, ойлгож байгаа.

-57 кг-ын бөхчүүдээс тантай барилдаан таардаггүй, Токиогийн олимпод гол өрсөлдөгч гэж хэн, хэнийг онцолж байгаа вэ?

-Одоо тэгж хэн нэгнийг онцлох боломжгүй ээ. Учир нь жүдо бөх дэлхийд, улс бүрт жигд хөгжсөн болохоор тэр бид хоёрын дунд л гол өрсөлдөөн өрнөнө гэж таахад бэрх. Нөгөө талаар өрөөсгөл ойлголт. Тамирчин бүхэн миний өрсөлдөгч. Аль ч орноос, хэн ч цойлж, цахиур хагалахыг үгүйсгэх аргагүй.

-Аливаа зүйлийг гэгээлэг, өөдрөгөөр төсөөлөх сайхан. Токиогийн олимпод зорилгодоо хүрсний дараах Сумъяа ямар байх бол?

-Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Ер нь элэг бүтэн, эрүүл саруул амьдрах нь миний эцсийн зорилго. Спорт залуу насны ажил тул тийм боломж, бололцоо бүрдүүлэхийг эрэлхийлж, амжилтын төлөө зүтгэж явна. Олимп, дэлхийн аварга болох нь олон мөрөөдлийн минь нэг мөчир нь.

14 настайгаасаа хойш жүдогоор хичээллэж буй Д.Сумъяа аварга маань ярилцлагынхаа төгсгөлд Монголд жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Ерөнхийлөгч Х.Баттулга, МЖБХ, БТСГ, “Хилчин” спорт хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн хамт олон, Шигшээ багийн дасгалжуулагч нар, Бат-Очир эмч, хүчний бэлтгэл хийлгэдэг Энхтөр багш, гэр бүлийнхэн, монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай