
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Вакцин хийлгэснээр тухайн өвчний эсрэг дархлаажуулалт тогтож дахин тэр өвчнөөр өвчлөхгүй гэсэн үг. Монгол Улсын хувьд 1923 оноос хойш одоог хүртэл вакциныг олон үе шаттайгаар оруулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх 7 төрлийн вакцины дархлаажуулалтыг хийж байна. Үүний үр дүнд Цагаанцэцэг, халдварт саа өвчнийг бүрэн устгаад байгаа аж.
Вакциныг үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үздэг. Үүнд:
- Амьд вакцин,
- Үхүүлсэн вакцин,
- Анатоксин,
- Химийн вакцин.
Вакцинд тухайн өвчний вирус хамгийн бага хэмжээгээр хүнд өвчин үүсгэхгүйгээр дархлаа тогтох хэмжээгээр агуулагддаг. Үүнийг бид вакцин бол вирүс гэх зэргээр буруу ойлгох хандлага их байдаг. Гэвч тодорхой хэмжээнд тухайн өвчнийг үүсгэгч вирүс байж хүнд дархлаа үүсдэг. Жишээлбэл Улаанбурхан өвчний вакцин нь амьд антиген агуулсан вакцин. Гэхдээ энэ нь хүнд ямар нэгэн өвчин үүсгэхгүй, дархлаа тогтоодог.
Аливаа вакциныг эхний удаа нэг тунгаар тариулахад 95 хувь, хоёр дахь удаагаа тариулахад 95 хувийн дархлаа тогтдог байна. Хэдийгээр 2 тунгаа бүрэн авсан ч үлдсэн 5 хувьд нь дархлаа тогтохгүй байж болдог. Энэ нь тухайн хүний дархлаатай холбоотой байдаг.
Вакцинд сөрөг нөлөө бий юу
Вакцин тариулснаар тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ бид вакцин тариулахаас өмнө өөрийгөө болон хүүхдээ эмчид үзүүлсэн байх хэрэгтэй. Түүнчлэн эмчийн зөвлөгөөг сайтар дагах нь зүйтэй. Вакцин хийлгэхээс өмнө дулаан хувцаслах, хоол цайгаа сайн идэж уух, вакцин хийлгэсний дараа тариулсан газраа хөндөхгүй маажихгүй, ус хүргэхгүй байх зэрэг зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй. Мэдээж вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх бидэнд бий. Гэхдээ энэ хир оновчтой зүйл вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал халдварт саагаар өвдвөл насан туршдаа тахир дутуу болдог. Харин үүнээс урьдчилан сэргийлэх боломжийг дархлаажуулалт олгодог байна.