Ерөнхий сайд С.Баярын ажлаа хүлээлгэж өгсөн алхмыг дөрөв дэх засаглалынхан өнгөрсөн оны содон үйл явдлаар санал нэгтэй нэрлэсэн. Тухайн үед үйл явдлын цөмд байсны хувьд таны үгийг сонсох сонирхол олон хүнд байсан. Гэтэл та юу ч яриагүй. Харин одоо эргэн дурсахад болохгүй юмгүй?
-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулах тухай яригдах үед би анх Баяр даргатай нүүр тулж уулзсан. Харахад нүдний шилтэй л хүн байсан. Надад өөр ямар ч ойлголт байгаагүй. Ямар бодолтой, ямар ухаантай юм мэдэхгүй. Гэхдээ тэр үед бид хоёрын хэн хэндээ ямар байхаас үл хамааран улс орны, хоёр намын асуудал яригдаж байсан. Ингээд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Бүтэн жил хамтран ажиллалаа. Үүндээ би сэтгэл хангалуун байгаа. Жижиг сажиг юмаар оролдолгүй, нэг нэгнийгээ алхам тутамдаа хардалгүйгээр, монгол түмнийхээ эрх ашгийн төлөө хэл амаа ололцон ажиллаж чадна гэдэгтээ эхэндээ итгэл муутай байсан, нуух юу байхав.
-Бас л хардсан байх нь ээ?
-Хардсан. Яагаад гэвэл өмнө нь ч бид хамтарсан Засаг байгуулж ажиллаад замын дундаас буцсан түүхтэй. Хоёр тийшээ салаад дууссан. Дахиад ийм байдал давтагдах вий гэсэн хардлага байсан. Долдугаар сарын 1-ний үйл явдал нийгмийг саарлаар будчихсан, бүүдгэр үе байлаа шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулах нь хувь хүний маань хувьд ч эрсдэлтэй алхам. Гэвч энэ бол нэг, хоёр хүний асуудал биш. Тийм ч учраас бид хоёр талаасаа олон олон эрсдэлийг туулан, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. С.Баярын хамгийн том чанар бол туйлширдаггүй, асуудлыг олон талаас нь харж, сонсож чаддаг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг хүн л дээ.
-Эрүүл мэндийн улмаас ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргахад нь та татгалзсан байсан?
-Надад их харамсалтай санагдсан. Яагаад гэхээр улс орныхоо төлөө ихийг хийх хэрэгтэй байдаг. Хийх зүрх сэтгэл мэдрэгдээд, үнэртээд байдаг. Гэтэл эрүүл мэндийн улмаас ажлаа өгөх боллоо. Зөвхөн надад ч биш, олон хүнд харамсал төрүүлсэн байх л даа. Нэг нь замын дундаас буцах болчихлоо. Цаашдаа яахав гэхчлэн тодорхойгүй асуудлууд ч олон байсан. Гэхдээ энэ нь ердөө сайдын суудлын төлөөх зовнил биш юм. Хамтарсан Засгийн газар аль ч утгаараа Монголын нийгмийн захиалга байсан. Нийгмийн хүлээлтийг мэдэрч ажиллаж чадсан гэж би хэлнэ. Эргээд бодоход Ерөнхий сайдын хүсэлтэд татгалзаж суухдаа би их хувиа бодсон шийдвэр гаргасан шиг байгаа юм. Ажиллая л гэж бодсон. Алхам ч гэсэн урагшлах хүсэл тэмүүлэл л юм даа. Ганц Оюутолгойн гэрээ гэдэг бол юу ч биш. Цаана нь Тавантолгой, төмөр зам, үйлдвэржилт гээд олон ажил биднийг хүлээж байна. Энэ утгаараа би Баяр даргад чөлөө олгох тун дургүй байсан. Хэсэг хугацааны дараа үнэхээр ажлаа өгөхөөс аргагүй болсон л доо. Өөрөө ч “Та ойлгоорой” гэж хэлсэн. Тийм үг сонсоод “Бид жаахан азгүй улс юм даа” гэж бодогддог юм билээ. Үнэнийг хэлэхэд би бурхнаас олон юм гуйж байгаагүй юм билээ. Тэгэхэд “Энэ хүнийг эрүүл болгож өгөөч” гэж чин сэтгэлээсээ залбирсан.
-Тухайн үед Алтанхуяг МАХН-ын даргын далласан газар ил гарч, далайсан газар далд ордог мэтээр ярьцгааж байсан. АН-ын даргын хувьд ийм үг сонсоод явах амаргүй л байх. Яг үнэндээ та хоёр ямар харилцаатай байсан бэ?
-Баяр дарга бид хоёрын дунд төрийн эрчүүдийн харилцаа тогтсон. Чухам Баярын оронд өөр хүн байсан бол яах байсныг мэдэхгүй. “За өнөөдөр би таны өрөөнд яваад очъё, асуудлаа ярья” гэж л байдаг, уулзах шаардлагатай үед бие биедээ ахархаж ихэрхэлгүй цаг гаргаж, гүйж л байдаг тийм харьцаа бидний дунд үлдсэн. Зорилтоо зөв чиглүүлж, авч явахын тулд харилцаагаа зөв залдаг хүн юм даа гэсэн бодол надад байдаг юм. Хоёр намын даргын хувьд бид эн тэнцүү харилцаатай байсан. Шийдэж болохгүй, санал нийлэхгүй асуудал байна. Хоёр нам л юм чинь, хоёр хүн л юм чинь зөрчилтэй асуудал байлгүй яахав. Тийм асуудлыг эвтэйхэн хойш тавина.
-Ингэж хойшлуулсан ямар асуудал байна?
-Долдугаар сарын 1-ний үймээн байна. Хойшлуулсаар байгаад сүүлд Элбэгдорж Ерөнхийлөгч болоод бүрэн шийдсэн дээ.
-1993 онд П.Очирбат Ерөнхийлөгч эвслээс гарсныг эс тооцвол АН Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ялалт байгуулсан. Сонгуулийн үеэр Алтанхуяг Элбэгдоржийнхоо эсрэг ажил¬лана гэж харж хүлээсэн хүн олон байсан. Гэ¬тэл та штаб ахлаад, намынхныгаа уриалаад давхичихсан?
-Алтанхуяг, Элбэгдорж хоёр бие биенээ татаж унагаах нь ээ гэж нэг хэсэг ярьсан. Энэ мэтээр АН-ын удирдлагуудын хооронд яс хаядаг олон жилийн уламжлал байгаа л даа. Ц.Элбэгдоржийгоо Энхсайхантай адил хаях гэнэ гэж бас баахан шуугисан. Элбэгдорж бид хоёр уулзаад энэ бүх худал, үнэн яриаг дуусгая, ажиллая гэж сэтгэл, санал нэгдсэн. Хэлэх биш, хийх хэрэгтэй л дээ. Тиймээс ч би сонгуулийн штабаа удирдан, гардаж ажилласан. Үүнээс хойш бид хоёрыг хоорондоо үйлчлээд байгаа гурав, дөрөв, жар, дал дахь хүмүүсийн худал үнэн яриа хүчингүй болсон гэж би хувьдаа бодож явдаг.
-Ерөнхийлөгч намаасаа татгалздаг. Гэхдээ одоо Ц.Элбэгдорж та хоёр уулздаг уу?
-Уулзана, ярина, зөвлөнө.
-Танай намаас Ерөнхийлөгч төрлөө. Хам¬тарсан Засгийн газрын ажил урагшилж байна. Гэтэл өнөөх л намын даргаа авч шидэх тухай яриа АН-д байсаар л байх юм?
-Надтай, надгүй байх л асуудал. Өмнө нь ч байсан, цаашдаа ч байна.
-Яагаад? Танайхан тийм амбицтай юм уу?
-Амбиц гэхээсээ илүү зарим нэгэн ашиг сонирхол байдаг байх л даа. Тэр болгонтой сайдаж, муудаж явах нь утгагүй юм даа.
-Алтанхуяг бол АН-ын биш, Алтангадасын дарга. Намын бус, фракцын хэмжээнд ажиллаж байна гэсэн шүүмж бий. Таны үгийг сонсъё.
-2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Тухайн үед удирдлагаас эхлээд үл ойлголцох, сэтгэл дундуур үлдэх шалтгаан олон хүнд байсан байх. Дараа нь нэг хэсэг хэл амаа ололцохгүй баахан жийлцсэн. Энэ мэтээс улбаатай улс төрийн шарх, сорви л үе үе сэдрээд иймэрхүү яриа гарах шалтаг болоод байдаг юм болов уу даа.
-Ямар эдгэдэггүй шарх сорви бэ?
-Нэг үеэ бодоход илааршиж байна гэж би боддог юм. Дунд нь 20 жил буцалсны хувьд илааршуулмаар байна. Гэтэл үүнийг үргэлж сөхөх сонирхолтой цөөхөн хэсэг бий. Ардчилсан нийгэм юм чинь байлгүй ч яахав.
-Сүхбаатарын Батболд Ерөнхий сайд боллоо. Нуулгүй хэлэхэд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа саараад байгаа нь ан¬заарагдах боллоо. Гол зорилго болгож тавьсан асуудлууддаа анхаарал хандуулахгүй байх шиг харагддаг. Нийгэмд дахиад л хүлээлт бий болчихлоо. Та бүхэн уулзаж, хүлээлт үүсчихээд байгаа асуудлуудаа ярьсан уу?
-Ярьж байгаа. Хэрэв хүлээлт үүсгэж байгаа бол хамтарсан Засгийн газар гэдэг утгаараа энэ чинь тодорхой хэмжээгээр надтай холбоотой л доо. Бид үүнд дүгнэлт хийж, бодитой, тууштай хандах хэрэгтэй. Ер нь хэлж байгаа шүүмжийг хүлээж авах нь зүй ёсны хэрэг.
-Шулуухан ярья л даа. С.Баярыг Ерөнхий сайд байх үед та нарын хооронд болдог байсан уулзалтын тоо С.Батболдын үед цөөрсөн үү? Энэ чинь бас нэг үзүүлэлт шүү дээ?
-Цөөрсөн юм байна шүү.
-Таны хамтрагчийг би шүүмжилье л дээ. Нэг их олон уулзалт, илтгэл хөврөөд л байх юм. Үе үеийн Ерөнхий сайд нар чухал тулгуур асуудлаа шийдэхийн тулд ажилладаг. Гэтэл шинэ Ерөнхий сайд маань дэндүү олон юм руу “үсчээд” байх шиг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Хамтран ажиллаж байгаа гэдэг утгаараа энэ шүүмж надад ч бас хамаатай. Илүү идэвхтэй, санаачилгатай ажиллахыг санал болгож байна гэж ойлголоо. Цөөхөн, гол асуудлууддаа анхаарах нь зөв л дөө.
-Сүүлийн үед таны нэр чацарганатай холбогдоод байгаа. Өнөө айхтар ханиадны үеэр Тэргүүн шадар сайд чацаргана шахсан л гэнэ?
-20 жил улс төрд явахдаа намын ерөнхий нарийн бичгийн дарга, сайд энэ тэр гээд янз бүрийн л ажил хийж явлаа. Олон ч юмыг тэвчиж ирлээ. Би уг нь чацаргана тарьдаг нь үнэн. Чацаргана сонирхдог, энэ ажилд хайртай, дуртай нь үнэн. Тийм учраас энэ мэдээллээ залруулж өгөөч ээ гэж хэлсэн л дээ. Хэл амаа ололц гэж хэл үг байдаг шүү дээ. Тэгээд шүүхэд хандахаас аргагүй болсон. Би чацаргана тарьдаг нь үнэн ч гэсэн улсад ганц кг-ыг шахаагүй. Чацарганын талаар нэлээн судалгаа хийсэн. 2004 онд Сангийн сайдаа өгчихөөд Сэлэнгийн Зүүнбүрэнд овоо хэдэн бут тарьсан. Увсад ч бас тариалсан. Чингисийн хөшөөний ойролцоо бас жаахан юм тарьсан. Одоохондоо шахаад байхаар ургасан юм алга. Увсын ургац сая л ирж байна. Энэ асуудлыг шүүх шийдсэн л дээ. Тэгэхээр яриад яахав. Ганц л юм их эвгүй санагдсан. Миний нэр хүнд гэхээсээ илүү хамтарсан Засгийн газрын нэр хүнд хөндөгдөж байгаа юм. Хамтарсан Засгийн газарт итгэх иргэдийн итгэл гэж бас байна. Үүнийг бодолцох хэрэгтэй.
-Таны бизнес чацарганаас эхэлсэн үү?
-1990-ээд онд Кызыл, Эрээн, Эрхүүг холбон ганзагын наймаа хийж явлаа. Норовын хэдэн хүүхэд энэ хойд Дэнжийн 1000-ын зах дээр хэдэн бор төгрөгийг тоолж өгнө дөө. Дараа нь Баабар, Мэндсайхан хоёртой хамтарч “Өнөөдөр” гэдэг сонин гаргаж байлаа. Сонин маань нэг их амжилт олоогүй. Тэгээд сүүлд нь сурах бичиг хэвлэдэг боллоо. Тэр үед тендер ч гэж байсангүй. Германы нэг хэвлэх машинтай. Эхээ зохиогоод л үзэж тарна.
-Сүүлийн үед төмөр замын маршрут, стратегийн бодлого хөндсөн захиалгат нэвт¬¬рүүлэг, хэвлэлийн мэдээнд нийгэм дарамт¬луулах боллоо. Тэргүүн шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд энэ асуудал багтаж байгаа.
-Тал талаасаа ярьж байж, нухацтай шийдэх ёстой асуудал л даа. Тэгэхдээ бас зөрчил үүсчихээд байгаа нь үнэн. Тодорхой хувийн компаниудад төмөр зам тавих эрхийг нь Засгийн газар өгчихсөн. Гэтэл Монгол Улсын төмөр замын бодлого нь ямар байх вэ, яаж хөгжих юм бэ гэдэг албан ёсны бичиг баримт нь УИХ-аас гараагүй. Байгаа байдал нь л энэ юм. Ярьж, хэлэлцэж байж бодлогоо тодорхойлох учиртай. Түүнээс биш залуус аа, зодолдож, хэрэлдэж байж шийдэхгүй шүү. Төрийн бодлого, улсын эрх ашиг гэж байна. Улс төрийн болон эдийн засгийн хувьд аль нь манайд хэрэгтэй юм гэдгийг хэлэлцье. Аль нэгэн үндэсний компанийн эрх ашгийг засаг хамгаалдаг ч гэж юу байдаг юм. Бодлогоо тодорхойлдог Засгийн газар, УИХ гэж байна. УИХ баримт бичгээ гаргаагүй байхад ингэж бие биеэ чичлээд байх шаардлага ч, эрх ч байхгүй. Асуудал нэгэнт тулчихсан болохоор Засгийн газар зөвшөөрөл олгочихсон байна. Заавал хувийн компани төмөр зам тавих ёстой гэж хэн хэлээд байгаа юм. Хуулиар бол тэгж заагаагүй. Тавилаа гэхэд тэр төмөр замын эзэмшигч нь хэн байх юм? Энэ мэтийн хэлэлцэх олон асуудал байна. Ажлын хэсэг байгуулагдаад 20-иодхон л хонож байна. Энэ хэдхэн хоногт төрийн бодлого боловсруулна гэж юу байхав. Төр болон нийгмийг захиалгат сурталчилгаагаар дарамтлахаа зогсоож, ухаалаг уужуухан байцгаа л даа. Өргөн, нарийн цариг гэхээр Орос, Хятадын стратегийн бодлого гэдгийг бүгд мэднэ. Дэлхий наад шуугианыг чинь ойлгож байгаа. Эцэстээ бидний асуудал биш болж хувирна шүү. Оюун ухаан, эх орны төлөө гэсэн сэтгэл байдаг бол энэ асуудлаа эв зүйгээр хэлэлцэн шийдье.