Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудал хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гарын үсэг цуглуулж буй. Сүүлийн долоон жилд 800 орчим хүн сайжруулсан түлшинд угаартан нас барсанд 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн эс үйлдэхүй буруутай, хариуцлага үүрэх ёстой гэж тэрбээр үзсэн юм. Мөн авлига, ядуурал улам бүр нэмэгдэж, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдаж, дарангуйлал тогтон, засаглалын хямрал нүүрлэсэн гэдэг үндэслэл гаргаж, үүнд хариуцлага хүлээн огцрохыг шаардсан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж, нэмээд татварын дарамт, тооцоолол, судалгаагүй элдэв шийдвэрийн хохирогч болж буй иргэд ч түүнийг дэмжиж байгаа.
МАН эрх барьсан есөн жилд бидний амьдралын чанар ийнхүү мууджээ. Гэтэл нөхцөл байдлыг ийм болгосон хүнийг нь биш, хариуцлага шаардаж, сайжруулах, өөрчлөхийг хүссэн Ч.Лодойсамбууг огцруулах “хөдөлгөөн” өрнөөд эхлэв.
Дэмжихгүй ч татгалзаагүй 116 гишүүн байна
Гишүүн Ч.Лодойсамбуугийн өөрийн нэр дээрх албан бичгээр гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санаачилгад Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар л албан ёсоор дэмжиж, гарын үсэг зурсан юм. Мөн Засгийн газраа хамгаална гэдгээ зургаан гишүүн мэдэгдсэн. Үлдсэн 117 хүнээс Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь хасах хэрэгтэй. Тэр огцрохгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа. Үлдсэн 116 гишүүн нь тэгвэл яагаад хар, цагаан дуугүй байна вэ. Тэдний дундаас Ерөнхий сайдад хариуцлага тооцохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн хүмүүс бий гэнэ. Гэхдээ шулуухан илэрхийлчхэж бас зүрхлэхгүй байгаа бололтой юм. Хэрэв дэмжиж буйгаа илчилбэл гарын үсэг зурсан гишүүдийн адилаар хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ, хэвлэлээр дэлгүүлж, элдвээр гүтгүүлнэ хэмээн эмээж буй. УИХ-ын гишүүд нь хүртэл үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг нийгэм бий болгосны нэг баталгаа нь энэ. Гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар “Намын дарга, Ерөнхий сайд нь мэдээж гишүүддээ өөрийг нь огцруулахыг дэмжихгүй хэмээн мэдэгд гэсэн чиглэл өгсөн байгаа. Гэтэл зургаан хүн л намын даргаа дагаж. Бусад нь огцруулахаас татгалзахгүй байна. Энэ бол Ерөнхий сайд нам дотроо хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн илрэл” гэжээ. Тиймээс ийнхүү “төвийг сахисан” гишүүдэд найдвар тавьж буйгаа тэрбээр ярьсан байна лээ. Нөгөө талаар албан ёсоор гарын үсгээ зурах 32 гишүүн гарч ирэхгүй бол иргэдээс дэмжлэг хүснэ гэсэн юм.
Ерөнхий сайд хэний эсрэг хувьсгал хийх вэ
Хариуцлага хүлээж, огцрох шаардлага тавьж буй иргэдийн төлөөлөлд ч, УИХ-ын гишүүнд ч Ерөнхий сайд шууд тайлбар өгдөггүй. Харин үйлдлээрээ харуулдаг юм. Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцруулахыг шаардан жагсахад тэднийг гадаадын захиалгаар “өнгөт хувьсгал” хийх нь гэсэн мэдээлэл цацсан. Зөрүүлээд Засгийн газрыг хамгаалсан жагсаал хийлгэсэн. Энэ сарын 11-нд дахин дээрх намаас жагсаал зохион байгуулахаар товломогц хаа хамаагүй Ц.Элбэгдорж тэргүүтнийг байхгүй албан тушаалаас нь “огцруулах” жагсаал болгон хувиргав. Одоо гишүүн Ч.Лодойсамбууг MCS компанийн захиалгаар ажиллаж байна гэж ойлгуулахаар оролдож буй. Энэ бүх “ажилд” төсвийн мөнгө урсаж байгаа нь лавтай. Нэгэн жиргээч “Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л улсыг сайн удирдсан бол хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийм их зардал гаргаж, ажил болох шаардлагагүй. Ямар нэг зүйл хэдийчинээ буруу байна, төдийчинээ энерги үрэгдэнэ” хэмээн бичсэн байна лээ.
Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотойгоор үндэсний компаниуд ба Засгийн газар хооронд тодорхой зөрчил үүсээд буй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн, бас хийгээгүй ажилд нь иргэд, УИХ-ын гишүүд дүн тавьж, хариуцлага нэхэхэд бурууг нь дээрх асуудалтай холбоод байдаг нь сонирхолтой. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагт болсон ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Ингэхдээ “Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ талаар “Ерөнхий сайд зоригтой өөрчилье, эсвэл хувьсгал хийе гэжээ. Дахин хэлье. Тэрбээр Засгийн газрын гал тогоог барьж, Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр, бодлогыг базаж Ерөнхий сайдаар дөрвөн жил ажилласан. МАН сүүлийн арваад жил шахам дангаар засагласан. Үүний үр дүн бол өнөөгийн Монгол Улс. Хүсэл, зориг, чадвар байвал сарын 25.5 хувь байсан инфляцыг нэг жилийн дотор 2.2 болгож чаддаг гэдгийг Аргентины Ерөнхийлөгч Хавиер Милей харууллаа. Гэтэл 10 жил засаглачхаад, одоо хэний эсрэг, юун хувьсгал хийнэ гэсэн үг вэ” гэжээ. Энэ бүхэн нь Ерөнхий сайдын хамгаалах ажиллагаа “төгсөрсөн”-ийх нь нэг илрэл биз ээ. Уг нь эрх баригчдын бодлого буруудаж, дарамт шахалт хэрээс хэтэрсэн нөхцөлд иргэд хувьсгал хийдэг. Гэтэл сүүлийн 10 орчим жил эрх барьсан, өөрөө үүний хоёр жилд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дөрвөн жилд нь Ерөнхий сайд хийж буй намын дарга хэнтэй тэмцэх юм бол. Өөртэй л тэмцэж, өөрийгөө огцруулах хувьсгал хийх гээд байна гэсэн логик эндээс гарна.
Аливааг будилаантуулах, бантагнуулахдаа манай Ерөнхий сайд үнэхээр гарамгай аж. Утаа, түгжрэл, өрөөс өр дамжсан зовлонт амьдралын шалтгаан нь эрх баригчид, Ерөнхий сайд биш, харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болж хувираад байна. Тархиа угаалгаад сурчихсан, тогоон дотор чанагдсаар үхдэг мэлхий мэт болсон цөөнгүй хэсгийн хувьд шүү дээ. Ийм хүмүүс бол эрх баригчдын хувьд “ард түмэн” юм. Эдгээр ард түмэнтэйгээ хамтраад өөдөөс нь шүүмжилсэн, дуугарсан болгонтой тэмцэх хувьсгал хийх гээд байгаа юм даг уу даа. Эрүүл саруул ухаантай иргэд бол хар пиарын мэдээлэлд нь тархиа угаалгахгүй, автахгүй, хэний, ямар зорилготой явуулга гэдгийг ялгаж салгана.
Одоо Хан-Уул дүүргийн иргэд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулж буй гэнэ. Гэхдээ түүнийг сонгосон 40 мянга гаруй иргэн бол ийм явуулгад автахгүй. Харин ч дэмжиж буй гэдэгт итгэлтэй байна. Үүнийг Засгийн газрын зүгээс хийж буй ээлжит явуулга гэдгийг ч иргэд ойлгоно. Ерөнхий сайд өөрийг нь огцруулах санал гаргасны дараа гишүүн Ч.Лодойсамбуутай уулзах хүсэлт тавьсан юм билээ. Гэхдээ тэр очоогүй, уулзах шаардлагагүй гэж үзсэн байна. “Огцруулах үндэслэл нь буруу байвал тайлбараа олон нийтэд ил тод тавь, үнэн бол хариуцлагаа хүлээ” гэсэн байр сууриа хадгалжээ. Ингээд найрах аргад нь автаагүй тул түүнийг харлуулах ажиллагаа үргэлжилсээр, одоо Л.Оюун-Эрдэнийг биш, Ч.Лодойсамбууг огцруулах акц болж хувирсан байх нь. Гэхдээ УИХ-ын гишүүнийг иргэдийн саналаар эгүүлэн татах хууль, эрх зүйн зохицуулалт манай улсад үгүй. Хуулиар олгосон бүрэн эрхээ УИХ-ын гишүүн эдэлж, Засгийн газарт хариуцлага тооцох санал оруулах нь ардчилсан орны хувьд маш эрүүл үзэгдэл. Эрүүл бүхнийг буруу мэт харагдуулах цуврал арга хэмжээ авч, өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүнийг огцруулахаар турхирах нь яавч хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайдын хандлага биш.
Ийнхүү тэмээ гэхээр ямаа гэдэг зарчмаар манай Ерөнхий сайд ажиллаж байна. Өөрийг нь шүүмжилж, хариуцлага яримагц хөндөж буй асуудлыг нь шийдэхийн төлөө ажиллахын оронд тухайн хүн рүү нь анхаарал хандуулан элдвээр бичүүлж, гүтгэн дуугүй болгох, мохоох арга хэмжээнд илүү санаа тавина. УИХ-ын гишүүний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл, халдашгүй байдал огт хамаагүй. Хууль жирийн иргэнд үйлчилдэг, харин эрх мэдэлтэнд хамаагүй гэлтэй. Бас өөр хэн нэгнийг буруутнаар тодруулна. Өөрөө бол ямар ч буруугүй аж. Хууль, эрх зүйгээ өөрчилж, Ерөнхий сайдад илүү эрх мэдэл өгөхдөө өмнөх УИХ-ын гишүүд хэн энэ албан тушаалд очих вэ гэдгийг бодох ёстой байж. Буруу хүнд эрх мэдэл өгвөл “дарангуйлагч” л бий болгодог аж. Засгийн газар тогтвортой байх нь чухал. Гэхдээ иргэдийн амьдралыг бодитоор өөд татаж, улс орноо хөгжүүлэх зөв бодлого явуулж буй нөхцөлд шүү дээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ тэгж ажиллаж чадахгүй гэдгээ сүүлийн дөрвөн жилд хангалттай харуулаад байна. Зургаан жилийн дотор иргэдийн амьдрал хэрхэн доройтож, ардчиллын үнэт зарчим яаж хумигдсан нь түүний ажлын бодит үр дүн биш гэж үү.