Хамтарсан Засгийн газар байгуулагдаад долоон сарын хугацаа өнгөрлөө. Хагас жилийн дотор тэд хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төслөөсөө гурвыг нь хөдөлгөжээ. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын төслийг дэмжих тогтоол, Монгол-Францын уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил ахицтай байгаа. Олон жил гацсан, гадаад, дотоодын эрх ашгийн зөрчилтэй гэх эдгээр гол төслөө гараанаас гаргаснаар хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго биелсэн гэж үзэх хүн цөөнгүй байна. Тиймээс АН-ынхан одоо Засгийн газрыг орхиж, МАН-ын лайг хуваалцаж, хариуцлага үүрэхээс өөрсдийгөө аврах боломжтой. Хамгийн зөв цаг нь яг одоо байж мэднэ. Илүү удвал оройтно. Угаас унаж яваа нэр хүндээ бүр алдана, дахин сэхэхгүй байх эрсдэлтэй. Засгийн газарт хамтарснаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, дотроос нь хяналт тавина гэсэн тэдний “гэгээн” зорилго хэдийн мөхчихлөө.
Хамтрагч биш, дагалдагч
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа хамтарч буй гурван намын зорилтуудаас тусгасан. Хэрэгжүүлэх арга нь өөр ч чиглэл ижил зорилтууд байсан учраас 80 хувь нь уялдана гэж мэдэгдсэн юм. Ингээд МАН-ын хөтөлбөрөөс нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжил, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх, цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, АН-ынхнаас хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтуудыг багтаасан байна. ХҮН намын тухайд эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах саналыг нь оруулжээ. Ер нь бол олон нийтэд ингэж л мэдээлсэн, бид ч тэгж л ойлгосон. Гэвч хэрэг дээрээ АН, ХҮН намынхан ердөө л утсан хүүхэлдэй, МАН-ын хүслийг гүйцээгчид болж хувираад байна. Тэд Засгийн газрын бодлогод хамтрагчийн байр сууринаас оролцож, санал бодлоо хэлж, мөрийн хөтөлбөрөөсөө хэрэгжүүлж, дотроос нь хянаж буй зүйл алга. Мөрийн хөтөлбөрт АН-ын санал тусгагдаагүй, эсвэл тусгасан ч хэрэгжүүлдэггүй. Засгийн газрын шийдвэрт тус намын сайд нар саналаа тусгаж чаддаггүй тухай гишүүн Ч.Лодойсамбуу ярьжээ. Эдүгээ АН-ынхан МАН-ынхны аль хэдийн бэлдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, хамтарсан Засгийн газрыг өмгөөлж, хэрэгтэй үед нь товчлуур дарагчид л болж хувирсан байна. Ингэж хамтрагч биш, дагалдагч болж удаан явах тусам АН өөрийн амийг хорлож буй хэрэг болно.
Ерөнхий сайдын эс үйлдэхүйгээс болоод олон зуун иргэн нь сайжруулсан гэх түлшинд угаартан амиа алдсаны, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам бүр хумигдсаны, эдийн засгийн эрх чөлөө алдарсны, засаглалын тогтолцоо хямарсны бурууг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэхэж, Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж буй. Гэвч түүнийг гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нараас өөр хүн дэмжиж зүрхэлсэнгүй. Огцруулах, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ахин 29 гишүүний гарын үсэг хэрэгтэй. УИХ-ын гишүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт хариуцлага тооцох санал гаргахад АН-ын дарга нь тэдэнд хариу арга хэмжээ авах тухай ярьдаг болтлоо ардчилалд аюул учраад байгаа юм. Л.Гантөмөр долоон сарын дотор АН-ыг Монголын хоёр дахь том нам биш, МАН-ын дагуул болгож хувиргасны нэг баталгаа нь энэ. Анх Засгийн газарт нэгдсэн зорилгоо, хүчтэй сөрөг хүчин бай хэмээн санал өгсөн иргэдийн итгэлийг тэд бараг л алдаад байна.
Хувийн өмчийг хамгаалах амлалтынхаа эсрэг хөдлөв
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй. Засгийн газрын хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Авлигатай тэмцэнэ, хууль бусаар баяжсан төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэсэн агуулга нь тун зөв сонсогдоно. Гэвч үүний ард ямар “ажиллагаа” өрнүүлэх бол хэмээн олон нийт хардаж байна. Ардчилсан намынхан хувийн өмчийг хамгаална хэмээн сонгуулиар амласан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус намын зүгээс тусгасан гэх нэг үзэл санаа нь ч энэ. Гэтэл АН-аас томилогдсон ХЗДХ-ийн сайдын гараар хөрөнгө хураах хуулийн төсөл өргөн бариулах гэж буй нь тун хоржоонтой сонсогдоно. Эрүүгийн хуулийн 22.1-т “Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол уг хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-8 жилээр хасаж, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Эсвэл 1-5 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалт бий. Үүнийгээ илүү тодруулж, нарийвчлах байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Гэтэл заавал бие даасан хууль болгох гэж байгаа нь улс төрийн зорилготой, хэлмэгдүүлэлт хийх эрсдэл дагуулж болзошгүй гэсэн байр суурьтай хуульчид ч цөөнгүй байна.
Гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар “Төр гэмт хэрэгтнүүдээ бүгдийг мэднэ. Харин барьсан болгондоо хариуцлага хүлээлгэдэг үү гэвэл үгүй. Ялангуяа улс төртэй холбоотой хүн байвал ийм эрх ашгийн төлөө хамтар, үгүй бол ялаа үүр гэдэг барьцаанд оруулдаг. Сонгогдсон дарангуйлагчид бүгд авлигатай тэмцэнэ, ард түмнийхээ төлөө явна, олигархиудыг эсэргүүцнэ гэж гарч ирдэг. Одоо тэгээд өмч хувьчлал, дараа нь мөнгөтэй хүн бүрийг шалгадаг болох уу. Дарангуйлал ингэж эхэлдэг. Хянаж шалгах нь алхам алхмаар нэмэгдсэнээр авлига ихсэх үндэс болдог. Энэ бол хаан болох хүсэлтэй этгээд стратеги төлөвлөгөөгөө хамтарсан дээрээ яаралтай хэрэгжүүлэх гэсэн санаа. Түүнд олгосон цаг хугацаа урт биш учраас энэ мэт “багаж”-аа яаралтайгаар оруулж ирж, бэлдэх гэж байна” гэжээ.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газар хиймэл оюун ухааны статистик батлахаар ажиллаж буйг мэдээлсэн нь олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлээд байна. Үүний хүрээнд хийх 10 ажлын нэг нь Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах гэжээ. Хүний нэр төрд халдсан, баримтгүй гүтгэсэн гэдэг нь батлагдвал одоо ч Эрүүгийн хуулиар зохицуулж буй. Гэтэл бас л тусдаа ийм агентлаг байгуулж, худал, үнэнийг шүүнэ гэдэг нь их хэлмэгдүүлэлтийн үеийн эхлэл мэт санагдана. Өнгөн дээрээ бүгд л зөв сонсогдовч улс төрийн зорилгоор эдгээр хуулийг ашиглахгүй гэх баталгаа үгүй.
Ийнхүү АН-ын сайд нарын гараар могой бариулж, эргээд асуудал үүсвэл тус намынханд хариуцлагаа чихээд бултахаа манай Ерөнхий сайд хэдийн давхар тооцсон байгаа. АН-ынхан харин олон жил гудамжинд явсан “уй гашуу”-гаа албан тушаалаар тайлах гэж байгаад МАН-ын хамаг үйл лайг үүрэх нь. Гэхдээ бас ч гэж оройтоогүй байна. Боломжтой, том төслүүдээсээ хөдөлгөчихлөө, одоо л Засгийн газрыг орхиж, МАН-ынханд хариуцлагаа бүрэн хүлээх боломж олго. Өөрсдийнхөө үлдсэн жаахан нэр хүндийг авар, АН-ынхаан. Ардчиллын нэрээр овоглосон, энэ тогтолцоог хамгаалж явах учиртай намынхан ядаж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн өмчтэй байх эрх чөлөөг хумиж, хааж боосон, коммунизмыг санагалзсан шийдвэрүүдийн автор болчихгүй үлдэх учиртай биш үү.