Монгол уг нь парламентын засаглалтай улс. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн заасан юм. Гэвч Үндсэн хуулийн энэ заалт бэлгэдэл төдий болж, үнэндээ бид ямар засаглалтай нь ч мэдэгдэхээ болив. МАН 2016 оноос үнэмлэхүй олонхоор эрх барьснаас хойш өнөөдрийн хөл, толгой нь олдохгүй болсон засаглалын хямралыг баталгаажуулжээ. УИХ хууль баталж, бодлогоо тодорхойлсны дагуу Засгийн газар хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах учиртай. Гүйцэтгэх засаглал нь ажлаа сайн хийж буй, эсэхийг парламент хянана, чадахгүй байна гэж үзвэл хариуцлага тооцно. Ийм л тогтолцоотой байсан юм. Харамсалтай нь, өнөөдөр УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулах санал гаргах төдийд л элдвээр дарамтлуулж, гүтгүүлж, бүр гэрийнх нь хаягийг олон нийтэд зарладаг болж.
УИХ-ын гишүүний халдашгүй эрх хаачив
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарган, гарын үсэг цуглуулж буй. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудсаараа анх мэдэгдэж, улмаар олон нийтэд үндэслэлээ танилцуулсан. Одоогоор Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нарын гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад байна. Энэ тухай санал гаргамагц л Ерөнхий сайдын талаас хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн нь мэдээж. Сайжруулсан түлшний чанараас болж олон зуун иргэн амиа алдаж буйн хариуцлагыг Засгийн газраас нэхэхээр MCS хэмээх компанийн буруу болгочихно. Яаж ийгээд өөрөөсөө асуудлыг холдуулж, өөр нэг буруутан олж өгнө. Ч.Лодойсамбууг хэрхэн зохион байгуулалттайгаар харлуулж байгааг бид өнгөрсөн хэдэн өдөр хангалттай харлаа. Хувийн мэдээллүүд, гэрийнх нь хаягийг хүртэл олон нийтэд зарлав. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг орон юм сан. Одоо хэн нэгэн тавилттай “жүжигчин”, эсвэл худал мэдээлэлд тархиа угаалгасан, хөөрүү иргэн гишүүний гэрийн гадаа очиж, биед нь халдвал яах вэ. Яагаад Монгол Улсад энгийн иргэн байтугай УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, эрх баригч талыг шүүмжилж болохоо больчихов. Хэзээнээс УИХ нь Засгийн газраа биш, Ерөнхий сайд нь парламентаа хянадаг, баздаг болчихсон юм бол. Ч.Лодойсамбуугийн хэлснээр яагаад “залуу дарангуйлагч”-ийг төрүүлчхэв.
Хуулиар олгосон бүрэн эрх ба хамгаалалт
Нэг намыг үнэмлэхүй олонхоор сонгохын сөрөг үр дагаврыг сүүлийн 10-аад жилд бид ийнхүү хүртэж байгаа хэрэг. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болж, төрийн бүх шатанд эрх барьсан. Үндсэн хуулийг хоёронтоо өөрчилсөн. Эдгээр өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж өгсөн юм. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй болгосон. Мөн өнөөдөр түүнийг “хамгаалж” буй 43.1 буюу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэсэн заалтыг оруулсан байна. Үүнээс өмнө хэн нэгэн УИХ-ын гишүүний зүгээс аль нэг сайд, эсвэл Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан л бол парламентаар хэлэлцэж, олонхоороо шийдэх боломжтой байсан хэрэг. Харин нийт гишүүний дөрөвний нэг гэдэг босго тавьсан нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах, хамгаалах заалт болсон аж. Манай улсад нэг Засгийн газар дунджаар 1.5 жил л ажилладаг, маш тогтворгүй байсан учраас дээрх заалтыг оруулсан байна. Мөн эл өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй байхад хязгаар тавьж, Үндсэн хуулийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн дэвшилт заалт оруулж байв. Гэвч 2023 оны өөрчлөлтөөр уг заалтаа цуцалж орхисон. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсныг санах хэрэгтэй. Ингээд 100 хувь УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нартай, хэнийг томилох, огцруулахаа шийдэх бүрэн эрхтэй, бас өөрт нь хариуцлага тооцохын тулд заавал 32-оос цөөнгүй УИХ-ын гишүүн нэгдэх хуулийн хамгаалалттай Ерөнхий сайд бий болжээ. Аль ч Ерөнхий сайдад олгоогүй бүрэн эрх түүнд байна гэсэн үг.
Үүн дээр нэмээд тэрбээр сөрөг хүчингүй, өөдөөс нь дуугарч, шүүмжлэх хүнгүй парламент бүрдүүлж авсан байна. МАН 2024 оны УИХ-ын сонгуулиар олонхоо бүрдүүлж, 68 суудал авсан ч 42 төлөөлөлтэй АН, найман гишүүнтэй ХҮН намынхныг эгнээндээ нэгтгэж, хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөвхөн том төслүүдээ хөдөлгөх зорилготой байгаагүй нь мэдээж. Эрх мэдлээ илүү удаан хадгалахын тулд бүгдийг ийнхүү өөрийнхөө талд оруулж, албан тушаалаар амыг нь үдсэн гэж болно. Намын бодлого нэрийн дор АН, ХҮН намын УИХ-ын гишүүд нь дутагдлын хажуугаар ч дуугүй өнгөрдөг болоод удав. Харин сөрж дуугарсан Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нартаа намын дарга Л.Гантөмөр нь хариуцлага тооцно хэмээн сүрдүүлсэн. Одоо Ш.Бямбасүрэн гишүүндээ бас хариуцлага тооцох биз. Сөрөг хүчин нэртэй ИЗНН, Үндэсний эвслийнхнийг ч хурган албан тушаал амлан чимээгүй болголоо. Ингээд парламентын 126 гишүүний олонх нь Л.Оюун-Эрдэнийн “угжны хурга” болох нь тэр. Ингэж л “залуу дарангуйлагч” мэндэлдэг байх нь. Гишүүн Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийн талаар “Тэр 2033 он хүртэл эрх мэдлээ хадгална гэж ил тод зарлаж яваа шүү дээ” гэсэн билээ. Хамгийн олон жил Ерөнхий сайд хийсэн түүхэн рекорд тогтоох хууль, эрх зүйн боломжийг МАН үнэмлэхүй олонх байхдаа түүнд бэлдээд өгчхөж. Нөгөө талаар олон нийт энэ намыг дахин олонх болгон сонгож, зорилгодоо хүрэх замыг нь засжээ. Нэг намыг олонх, тэр дундаа үнэмлэхүй олонх болгон сонгохын бас нэг сөрөг тал нь энэ. Үндсэн хуульд парламентын нийт гишүүний дөрөвний гурвын саналаар өөрчлөлт оруулдаг. Гэтэл энэ босгыг МАН дангаараа хангасан учраас эрх барьсан найман жилдээ ийнхүү Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хуваарилалтыг солихуйц хэмжээнд тогтолцооны өөрчлөлт хийчихжээ.
Засгийн газар тогтвортой ажиллах нь улс оронд хэрэгтэй гэдэгтэй маргахгүй. Хамтарч нэгдсэн цаг үеэ ашиглаад хөгжлийн томоохон төслүүдээ урагшлуулах нь ч чухал. Гэхдээ хамтраад үр бүтээлтэй, улс орондоо хэрэгтэй ажил хий гэж тогтвортой байх боломж бүрдүүлж, эрх мэдлийг нь нэмсэн болохоос парламентын дээр суу, бүгдийг захиргаад, айлга, сүрдүүл гээгүй байлтай. Илүү эрх мэдэлтэй, хамгаалалттай болсон юм бол тэр хэрээрээ ажлаа сайн хийх үүрэгтэйг л манай Ерөнхий сайд мартаад байх юм. Иргэдийнхээ амьдралыг өөд нь татах бодит ажил хийж, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээж, огцорч чаддаг байх ёстой юм. Хөшигний ард нуугдаж, эсрэг дуугарсан хүн бүрийг дарамтлах биш. Бас амиа алдсан иргэдээ хулгайч, архичин байсан учраас л үхсэн, өөрсдийнх нь буруу гэж бухчихаад уснаас хуурай гарах гэж оролддог Ерөнхий сайд байж таарахгүй. Хамгийн гол нь энэ бүхэндээ тавьж буй тайлбар, хариу үйлдэл бүрээрээ ард иргэдээ нэмж доромжлоод байгаа юм.
Уг нь тэр өөрөө намын дарга М.Энхболдыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулаад л өнөөдрийн сэнтийд хүрэх замаа зассан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ ах нартаа “Битгий ард иргэдээ хэтэрхий их басамжлан доромжлооч. Улс төрд ирэх, бас явах цаг гэж бий. Жаахан соёлтой байгаач, амь биш, заяа биш” хэмээн хэлж байжээ. Өнөөдөр түүний хэлсэн эл үгийг өөрт нь зориулах цаг иржээ. Тэнэг тайлбар, хар пиараараа ард түмнийг хэтэрхий битгий басамжлан доромжлооч. Улс төрд ирэх, бас явах цаг хугацаа гэж бий шүү дээ.
Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн ч өөрийн толгойтой, ард түмний жинхэнэ төлөөлөл нь цөөн гэдгийг бид өнгөрсөн олон үйл явдлаас харлаа. Гэвч ардчилал Монгол Улсад арай ч бөхчихөөгүй байна. Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоогоо зөв голдиролд нь оруулж, хэр хэмжээгээ мэдэрч ажиллах талаар дуугарах хүн энэ олон гишүүн дотроос гарахгүй гэж үү. УИХ-ын дарга ядаж хууль тогтоох байгууллагаа хамгаалж дуугарахгүй юм уу. Эс үйлдэл хийж, болохгүй, бүтэхгүй бүхнийг хүлээн зөвшөөрч байна гэдэг нь сонгогдсон иргэдийнхээ төлөө ажиллахаас татгалзаж буй хэрэг биш үү, УИХ-ын гишүүд ээ.