Анхны 126 гишүүнтэй парламент бүрдээд хагас жилийг үджээ. Идэвхгүй, “хэлд орж” амжаагүй олон ч гишүүнийг иргэд танихгүй хэвээр байна. Тэгвэл зарим нь ёс зүйгүй үг, үйлдлээрээ олонд нүдлэгдэх болов. Ялангуяа жагсаалтаар сонгогдсон, иргэдийн саналаар биш, тухайн намынх нь үзэмжээр шууд гишүүн болсон хүмүүсээс ёс зүйгүй байдлаараа олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр буй юм. Ц.Мөнхтуяа хэмээх эмэгтэй АН-ын жагсаалтаар гишүүн болсныг сүүлийн өдрүүдэд иргэд мэдэж авлаа. Тэрбээр ээжээсээ өнчирч хоцорсон дөрвөн хүүхдэд зориулж босгосон хандиваас өөртөө завшсан тухай мэдээлэл цацагдаад байна.
Рекетчин эмэгтэй
УИХ-ын гишүүн нийт ард түмнийг төлөөлж ажиллах учиртай. Гэвч хууль тогтоогчдод байх хамгийн эхний, ёс зүйн шалгуурыг хангаагүй гэдгээ Ц.Мөнхтуяа гишүүн үг, үйлдлээрээ нотлов. Тэрбээр албан ёсны цахим хуудсандаа “Үнэнийг цаг хугацаа шүүдэг болохоос өчүүхэн өт хорхойнууд шүүдэггүй юм. Атаархал, хорсол ханхлуулсан мөнгөний боолууд надаас холхон байгаарай. Намайг чадах гэж яваад өөрсдөө ниргүүлдэг шүү” хэмээн бичжээ. Ниргээд ниргээд явчихдаг бололтой юм. Үүнээс нь харахад гишүүн өөрийгөө “бурхан” гэж эндүүрдэг мэт. Нийгмийн сүлжээнд удган, хатан эх гэх мэтээр өөртөө нэр өгсөн, сэтгэцийн өөрчлөлтэй хүн цөөнгүй. Эсвэл “Миний мууг үзэж, элдэвлэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа, хөөрхий” хэмээн түүний бичсэнээс үзвэл рекетчин гэж ч ойлгогдохоор байна. Ямартай ч төрийн түшээ хүн байх дүр төрх эндээс огт харагдсангүй. Тэгвэл энэ хүн хаанаас гараад ирсэн юм бэ.
Тэрбээр бага ангийн багш мэргэжилтэй нэгэн аж. 2017 оноос багш нарын цалинг нэмүүлэх хөдөлгөөнийг санаачилсан, энэ салбарынхаа “цогтой тэмцэгчид”-ийн нэг байсан бололтой. Үнэн ба зөв намын А.Отгонбаатартай хамтарч МАН, АН-ыг шүүмжилж, шударга ёсны төлөө тэмцэхийг уриалж явсан юм байна. Тэгснээ 2024 оны сонгуулиар яагаад ч юм АН-д элсэж, ногоон гэрлээр дээш татагдан, жагсаалтын 16-д бичигдсэнээр УИХ-ын гишүүн болжээ. Тэрбээр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулсан, үүнийхээ 135 мянга гаруй гишүүнтэй цахим хуудасны админ. Тэндээ бол “хатан” нь аж. Багшаар ажилладаг хүн бүрээс татвар албадан хураадаг тухай энгийн багш нар дургүйцэн ярьдаг. УИХ-ын гишүүн болсон ч тэрбээр шударга ёсны төлөө тэмцсэнгүй, багш нарынхаа эрх ашгийг хамгаалах ямар нэг хуулийн төсөл санаачилсангүй. Гэхдээ Боловсролын сайд руу асдаг нэг л ажилтай.
Сүүлийн өдрүүдэд түүний харилцаа, хандлага, ёс зүйгүй байдлыг илчилсэн үйл явдлууд болж байна. Ц.Мөнхтуяа гишүүн өөрийнхөө байгуулсан “Багшийн хайр” ТББ-ын нэрээр өнчин дөрвөн хүүхдэд байр авах хандивыг 2022 оноос цуглуулснаар 80 орчим сая төгрөг бүрдүүлсэн аж. Уг мөнгөөр 2023 онд байр авах болжээ. Тус төрийн бус байгууллагынх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Идэржавхлан хэмээх залуу энэ талаар анх олон нийтэд мэдээлсэн юм. Тэрбээр “Нэг өрөө аятайхан байр олтол цуглуулсан хандиваас 25 сая төгрөг л үлдсэн байсан. Яагаад гэж асуутал 25 саяыг нь тэмцээнд зарцуулчихсан, Л.Энх-Амгалан сайд ийм хэмжээний мөнгө өгнө, тэгэхээр нь нөхөөд хийчихнэ гэсэн. Үлдсэн 25 сая нь хаана байна гэтэл “Би нэг юманд ашиглачихсан, удахгүй буцаагаад өгчихнө. Танихгүй хүүхдүүдийн төлөө зүгээр хандив цуглуулна гэж юу байсан юм гэсэн” хэмээн бичжээ. Улмаар уг залуу өмнөөс нь асуудлыг шийдэхээр төрсөн дүүгийнхээ түрээсэлдэг хоёр өрөө байрыг суллуулж, хүүхдүүдийг оруулсан гэнэ. Увуулж цувуулсаар тэр байрны мөнгийг Ц.Мөнхтуяа тэргүүтнүүд өгсөн юм билээ. Тухайн үед хүүхдүүд насанд хүрээгүй байсан, байрны сургаар хамаатных нь сайн ах, эгч нар гарч ирсэн тул болгоомжлоод холбооныхоо нэрээр гэрчилгээг нь авах саналыг гүйцэтгэх захирал нь тавьсан байна. Гэтэл мөнгөө төлж дуусгахдаа Ц.Мөнхтуяа гишүүн байрны гэрчилгээг Мөнхтулга гэдэг хүний нэр дээр гаргуулж авчээ. Одоо хүүхдүүдийн том нь насанд хүрчихсэн тул түүнд байрыг нь шилжүүлэхийг Б.Идэржавхлан шаардаж, асуудлыг олон нийтэд дэлгэсэн нь энэ. Гишүүн энэ талаар лайв хийхдээ “Хүний хайр даахгүй, босгоод бүтээгээд өгсөн юманд олигтойхон амьдарч чадахгүй тийм юмнуудтай би дахиж харьцахгүй. Олон мянган багшийнхаа өмнө нүүрээ улалзуулж гуйгаад байртай болгоод өгсөн, одоо амьдарч чадахгүй бол хохь нь. Их дургүй хүргээд байвал тэр байрыг чинь аваад, хөөж гаргаад, ядарсан нэг ахмад багшаа оруулсан ч болно” гэжээ. Олон нийт шүүмжлээд ирмэгц “Мөнгө зээлсэн хүнийхээ нэр дээр түр шилжүүлсэн юм. Өөрийн мэт бодож асуудалд оролцсон нь миний буруу байж, надад хамаагүй байсан юм байна” гэсэн тэнэг тайлбар хийнэ лээ. Угаасаа л өөрт нь ямар ч хүртээлгүй, түүнд биш, багш нар, иргэд сайн дураараа өнчин хүүхдүүдэд хандивласан мөнгөөр авсан байрыг яах, ийхийг хаа хамаагүй Ц.Мөнхтуяа яагаад шийддэг юм. Энэ бүхэн нь өнчин хүүхдүүдийн нэр барьж мөнгө идэх гэсэн, ашиг хонжоо харсан үйлдэл гэдгийг баталж буй юм.
Мөн тэрбээр харааны бэрхшээлтэй багшийг хэрхэн доромжилж буй бичлэг нь ч нийгмийн сүлжээнд цацагдсан байна лээ. Ийм увайгүй хандлагатай, ёс зүйгүй хүн хууль тогтоогч болж таарахгүй. Тиймээс олон нийтийн зүгээс ч, АН-ын зарим гишүүнээс ч намынх нь нэрийг гутаасан энэ эмэгтэйг эгүүлэн татахыг шаарджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа ийм байр сууриа илэрхийлсэн байна.
Суурь хүмүүжлийг албан тушаал нөхөхгүй нь
Жагсаалтаар гарч ирсэн бас нэг ёс зүйгүй гишүүн бол М.Нарантуя-Нара. Тэрбээр УИХ-ын сонгуулиар ИЗНН-д элсэж, дэд дарга нь болон жагсаалын хоёрдугаарт бичигдсэнээр гишүүнээр сонгогдсон юм. Дуучин байсан эл бүсгүй нийгмийн сүлжээнд идэвхтэй байж олонд танигдсан. Хүүхэд, эмэгтэйчүүд, ээжүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, шударга гэж итгэж болохоор хүн. Гэвч хувийн зан араншин, үг хэлээрээ ёс зүйгүй нэгэн гэдгээ харуулаад байдаг юм. ИЗНН-ыг дахин парламентад суудалтай болгоход түүний нэр нөлөө, дэмжигчид тус болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ИЗНН бол 2000-2020 он хүртэл парламентад тасралтгүй төлөөлөлтэй явсан ганц гуравдагч хүчин. Харьцангуй нэр цэвэр нам. М.Нарантуяа-Нара өмнө нь хоёр ч удаа тойрогт бие даан нэр дэвшээд сонгогдож чадаагүй юм. Тиймээс энэ намын нэр хүнд, нөлөө нь түүнд ч хэрэг болсон. Тойрогт нэр дэвшсэн бол Нара сонгогдох магадлал муу байв.
Ийнхүү гишүүн болсон бүсгүй энгийн иргэн байсантайгаа адил ёс бус үг хэл хэрэглэсэн хэвээр л явна. УИХ-ын гишүүн, ард түмнийг төлөөлөх хүн бүх талаар үлгэр дуурайлтай байх ёстой. Гэвч арилжааны лайв хийж, мэдэгдэлгүйгээр хилийн дээс алхахаас эхлээд Ёс зүй, дэгийн байнгын хороогоор нэг удаа зөрчлөө хэлэлцүүлээд авсан юм. Үүнийг нь туршлагагүйтжээ гэж үзэж болох ч суурь хүмүүжил, харилцааг нь УИХ-ын гишүүний албан тушаал засаж хүчрэхгүй байгаа бололтой. Тэрбээр цахим орчинд иргэдийг харааж, доромжлон хэрэлдсээр байна. Эвгүй үгээр хараасан нь бас л олны шүүмжлэлийг дагуулаад авлаа.
Эдгээр эмэгтэйн ёс зүйн асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэхийг, цаашлаад эгүүлэн татахыг олон нийт шаардаж буй юм. Ялангуяа Ц.Мөнхтуяаг эгүүлэн татаж, жагсаалтаар түүний ард байсан Р.Амаржаргалыг оруулж ирэх нь шударга гэж иргэд үзэж байна. АН-ын дарга Л.Гантөмөр бүрэн эрхийнхээ дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүнд шаардлага тавьж буй хоёр гишүүндээ биш, харин намынх нь нэр хүндийг шороотой хутгаж буй Ц.Мөнхтуяадаа л хариуцлага тооцох ёстой.
Энэ удаагийн парламентад анх удаа нийт гишүүний 25 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдоод буй. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэх шаардлагатай байгаа. Хүйсийн харьцаа тэнцвэржсэнээр төрийн бодлого илүү хөрсөн дээр буусан, иргэдээ бодсон шинж чанартай болж өөрчлөгддөгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Гэвч эмэгтэй л бол хэнийг ч хамаагүй сонго гэсэн үг биш. Мэдлэг, ур чадвар, ёс зүйн шалгуурт тэнцэж байж хууль тогтоох байгууллагын босгыг алхах учиртай. Энэ шалгуурыг намын дарга нар тавьдаггүйгээс болж жагсаалтаар сонгогдсон гишүүд, тэр дундаа эмэгтэйчүүд нь ийнхүү чих халууцуулж, олны дургүйцлийг төрүүлж байна. Эмэгтэй хүйс нь ёс зүйгүй үйлдлийг хаацайлах шалтгаан болохгүй. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй.