Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээний нээлт өчигдөр боллоо. “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” сэдэвт энэ удаагийн үйл ажиллагаанд 400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл 600-гаад хүн оролцож байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлсэн юм.
Олон улсад жуулчлагчийн тоо 2030 он гэхэд хоёр тэрбумыг давж, аялал жуулчлалын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт үүний дараагийн 10 жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас хоёр дахин давах тооцоо судалгааг гаргажээ. Тодруулбал, эко аялал жуулчлалын орлого 2034 онд 945 тэрбум ам.долларт хүрч 14 хувиар, адал явдалт аяллынх 2032 оны үед 1.7 их наяд ам.долларт хүрч 10 хувиар өсөх төлөвтэй гэнэ. Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан аялал жуулчлалын орлого өнгөрсөн онд түүхэндээ анх удаа нэг их наяд ам.доллароос давсан бөгөөд цаашид жил бүр 13 хувиар өсөх тооцоо буй аж. Манай улсад зочилсон жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко, адал явдалт аяллын зорилгоор Монголд ирснийг Аялал жуулчлалын үндэсний чуулганд оролцогчид онцоллоо. Иймд олон улсын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, жуулчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурласан шинэчлэлүүдийг хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх шаардлагатайг дурдсан юм.
Манай улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Мөн нэг жуулчны Монголд зарцуулдаг мөнгөн дүн (дундаж нь 2000 ам.доллар)-г хоёр дахин нэмэгдүүлж, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг дэмжих, нэгдсэн бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх, инновац, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг оновчтой чиглүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд хэлэв.
Ж.Сувд