Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас “Европын өдөрлөг"-ийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулна. Энэ жил Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.
Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулан, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэхээс гадна Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Европын Холбооны асраар зочилж, боловсролын Эрасмус+ тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, төгсөгчидтэй уулзаж зөвлөгөө авах боломжтой.
Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 70 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Түүнчлэн Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Үүгээр ч зогсохгүй бүтэн өдрийн турш урлаг соёлын хөтөлбөр тайзнаа үргэлжилнэ. Түүнчлэн Унгараас зорин ирсэн уран бүтээлч, Don Turito, Magnet brain, the Royal Heartaches хамтлагийн тоглолт багтаж буй юм.
Европын Холбооны 27 улсын Элчин сайдууд өдөрлөгт оролцоно. Манай улсад дээрх улсаас долоо нь Элчин сайдын яамтай бөгөөд бусад нь Бээжин, Сөүлээс хавсран суудаг байна. Австри, Бельги, Болгар, Харват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Голланд, Польш, Португал, Румин, Словак, Словени, Испани, Швед улсууд Европын холбоонд багтдаг. Тиймээс дээрх улсуудын визийг хэрхэн авах мэдээллийг авах боломжтой.