Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хэрэгжиж буй айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Хэлэлцээний үеэр хоёр тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцав. Мөн далайд гарцгүй улс орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх замаар тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.
Гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.
Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалт, экспортыг харилцан дэмжих, стартап компаниудыг хөгжүүлэх чиглэлд хоёр улсын төр, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Сайд нарын танхимын дарга А.Жапаров Киргизийн Аялал жуулчлалын хөгжлийг дэмжих сангаас тус улсыг сурталчлах арга хэмжээг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахыг санал болгожээ.
Монголын аж ахуйн нэгжүүд энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бишкек хотноо зохион байгуулах “Кыргызстан ЕХРО-2023” олон улсын үзэсгэлэнд оролцох юм. Талууд мөн хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлж байна. Мөн түүх, соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэж, Монгол, Киргизийн өв, соёл, зан заншлыг хоёр улсад харилцан таниулах хүрээнд Монгол, Киргизийн соёлын өдрүүд, соёл, урлагийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тогтов.
Талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров. Мөн “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төсөл боловсруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.