Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2022.12.26) анхны хуралдаанаа хийсэн. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо(ТББХ)-ны дарга Ж.Мөнхбат өнөөдөр Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан ТББХ-ноос ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг томилоод байна. Одоогийн байдлаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна. Энэ хүрээнд нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна. Мөн улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой. Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороогноос түүврийн аргаар сонгож оролцуулна" хэмээв.