Биеийнхээ жинг 50 кг-аас дээш гаргахгүй, долоо хоногт 2-3 удаа спортоор хичээллэх, толигор арьс, торгомсог үстэй байж, гадаадын ганц хоёр хэлээр ярих, спиртийн агууламжтай ундаа хэрэглэхгүй, буруу хооллохгүй, санхүүгийн хувьд өөрийгөө аваад явчих чадвартай байх гэх мэт шаардлагыг өөртөө тавьж явдаг нэгэн бүсгүйг би мэднэ. Бүх зүйл нь эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, нягт нямбай. Хэрэв ажил үйлс нь бүтэхгүй, хэн нэгэнд “андуу ташаа” харагдвал маш их бухимдаж, сэтгэлээр унадаг. Хөдөлмөрч нэгнээ буруутгах гэсэнгүй. Шаардлага нь өндөр байх тусам шаналах нь их харагддаг юм.
Зорьсондоо хүрэх сэн, алдрын од шүүрэх сэн, амьтан хүнд магтуулах сан, даахгүй хөрөнгө хурааж, барахгүй буян хийх сэн хэмээн бид адгаж, “амьсгаадаж” явдаг. Бас хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах, адилхан амжилт гаргах, ижилхэн орчинд амьдрахыг хичээдэг. Түүнд байгаа бүхэн надад байх ёстой, тэр чадсан зүйлийг би бас чадна гэж боддог.
Ийм бодол, хэт их зүтгэл, өөртэйгөө үл эвлэрэх, байгаадаа баярлахгүй байх нь хүний сэтгэл санааг хямруулдаг тухай сэтгэл судлалын салбарынхан нотолдог. Бас бүтэлгүй хайраас болж залуус шаналж, өөртөө итгэлгүй болдог. Цорын ганц хайр минь хэмээн бодож явсан нэгэн чамаас холдоход, түүнд хийсэн гэнэгүй алдаа, хэлсэн хорон үгэндээ өөрийгөө буруутган, өрөө өвтгөдөг.
Уурласан чинь учиртай, уйлж цамнасан чинь гомдолтой байсных биш үү. Үе тэнгийнхэн чинь үр хүүхдээ эрхлүүлж, дүүрэн жаргалтай харагдахад тэдэнтэй өөрийгөө харьцуулж, амьдралынхаа хаана нь алдав, ахиад боломж таарах уу гэж бодлогоширдог. Цаг хугацааг буцааж, цаана нь даваад гарчихаж болохгүй учраас, учрах ёстой бүхэн урд минь бий хэмээн бодоод, дүүрэн амьсгаа авч, тайван байхаас өөр аргагүй.
Ажил мэргэжилдээ нэг л асуудалтай байна уу, Хэн нэгний хувьд хэтэрхий амархан зүйлс “тэс хөндлөн” санагдаад тэнхээ чинь хүрдэггүй юү. Өндөр, гуалиг биш байг, үзэсгэлэнтэй төрөөгүй болог, нимгэн хэтэвч, хөнгөн гунигтай явна уу. Муу хэлүүлэхгүй юм сан, муухай харагдах вий хэмээн ичиж, нэрэлхэж байна уу. Байгаа байдал чинь л энэ юм бол өөрийгөө хүлээн зөвшөөрье, зэмлэж, буруутгахаа больё. Сул дорой, хүч чадалгүй л байг. Бүтэлгүй тохиолдол бүр чинь сургамж. Ялагдаж үзсэн бол оролдож үзсэн гэсэн үг. Зориг гаргасан чинь л мундаг.
Хэн ч чиний өссөн орчин, туулсан амьдрал, мэдэрсэн зүйлсийг мэдэхгүй. Эцэст нь хэлэхэд, ээж, ааваа баярлуулж, энэ хорвоод төрсөн тань, нэр цэвэр, мөр улайхгүй яваа тань, өөд уруугийн ялгамжтай, үнэнч, тахимдуу зантай тань, зөв бодол, зөөлөн сэтгэлтэй байх нь чиний амжилт, ялалт. Өөрөөс чинь өөр хэн ч чамайг өмгөөлж, үнэн дүр төрхийг чинь ойлгож, мэдэхгүй учраас өөртэйгөө эвлэр, бүү буруутга, битгий хүчил. Өөрийгөө хайрла.
Бэлтгэсэн. С.Цэрэндулам