Үнийг хөөрөгддөг үндэсний үйлдвэрлэгчид

Нэг сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяар өвлийн хэдэн хувцас базаах болсон талаар буюу үндэсний зарим үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байгааг хөндөж байна. Хүйтэрч эхэлмэгц Монголд үйлдвэрлэсэн хувцас, эдлэл нэг ээлжиндээ худалдан авахаар тооцоо хийв. Дулаан, чанартай, биед эвтэйхэн, чийг татдаггүй зэргийг бодолцох хэрэгтэй. Ийм эдлэлд юуны түрүүнд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хамруулж болно. Хонь, тэмээний ноосон эд дулаан боловч ширүүвтэр, байнга өмсөхөд тохиромжгүйгээс ноолуур хамгийн зөв сонголт болно. Ингээд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт төдийлөн олонд танигдаагүй үйлдвэрээс дотуур, гадуур өмд, цамц, малгай, ороолт, бээлий, оймс, богино загварын даашинз авах гэв. Нимгэвтэр, дотуур өмд 160 000-190 000, сул загвартай гадуур өмсөхүйц нь 280 000, майк 100 000, цамц нь 180 000-220 000, даашинз 200 000-250 000 төгрөгийн ханштай байсан. Малгай, ороолт, бээлий, оймс, өвдгөвч, нуруувчтайгаа 300 000 орчим төгрөг. Нэмээд манайд үйлдвэрлэсэн “Хадлан” хүрэм сонговол 500 000 төгрөгийн үнэтэй юм байна.

Харин нэхий дотортой, гар хийцийн гутлыг “Хархорин” захаас 145 000 төгрөгөөр худалдан авах нь. Эдгээрийг тооцвол өвлийн нэг ээлжийн хувцсанд хоёр сая орчим төгрөг зарцуулах хэрэгтэй. Хэрэв дээрх хувцаснуудыг нэр хүндтэй брэндээс сонговол бараг 30 хувиар илүү үнэтэй тусна. Мөн өвөл өмсөх боломжтой дотортой, ноолууран даавуугаар хийсэн пальто 2-2.5 сая төгрөгийн үнэтэй байна лээ. Пальто авбал бараг 4.5 сая төгрөгөөр өвлийн хувцас базаахад хүрнэ. Заавал үнэ цэнтэй, тансаг зэрэглэлийн гэж болох ноолууран бүтээгдэхүүн сонгох албагүй ч дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурын 40 гаруй хувийг нийлүүлдэг, 30 орчим сая ямаатай улсын иргэний хувьд ноолууран эдлэл сонирхох нь зүй ёсны хэрэг байв. Харин уг бүтээгдэхүүн гарын ая даахдаа тааруу, зөв арчлахгүй бол эсгийрчихдэг муу талтай учраас эдэлгээ, үнэ, орлогоо бодон хямд хувцас сонгосон нь дээр байлаа. Тэгээд хямдавтар хувцас худалдан авахаар импортын бүтээгдэхүүн борлуулдаг зах, худалдааны төв орлоо. Тэндээс дотуур өмд 30 000-40 000, гадуурхыг нь 50 000-70 000, зузаан цамц, даашинз 60 000-100 000, малгай, ороолтны хослол 30 000-40 000, бидний нэрлэж заншсан бойтгон гутлыг 150 000 орчим төгрөгт, өвлийн куртик 300 000-гаар худалдан авав. Нийт өртөг 700 000-800 000 төгрөгт багтсан бөгөөд зөөлөн, дулаан материалаар үйлдвэрлэсэн, өнгө, загварын өргөн сонголттой эд гэж болно.

Шинэ жилийн баяр болж өнгөрлөө. Цөөнгүй эмэгтэй гоёлын даашинз, чимэглэл, зүүлтний эрэлд гарсан. Мөн л Монголд үйлдвэрлэсэн нь ямар үнэтэйг сонирхсон юм. “Шангрила” төвд “монгол” гэсэн тодотголтой олон даашинз байсан нь дунджаар 500 000 төгрөгийн үнэтэй. Гар урлал шингээн, илүү хөдөлмөр зарсан нь 0.8-1 сая төгрөг, түүнээс дээш үнэтэй юм билээ. Харин “Сприт”, “Талли вэйжл”, “Терранова” зэрэг олон нийт, дундаж давхаргынханд зориулсан нэрийн барааны дэлгүүрт гоёлын даашинзуудыг 30 000-200 000 төгрөгөөр зарж байв. Үүнээс гадна ганц хувилбараар, монгол загвар зохион бүтээгч, оёдолчдын ур шингэсэн гэсэн тодотголтой төрөл бүрийн хувцас, эд хэрэглэлийн үнийг тандлаа. Нийлэг материал сонгон, дээлнийх шиг захтай, товч шилбэтэй хавар, намарт тохиромжтой хүрэмний үнэ 1 080 000 төгрөг байв. Уламжлалт хээ, угалз оруулан, шигтгээ чимгээр гоёсон цамц, банзал, даашинз, өмдийг 200 000-400 000 төгрөгөөр борлуулж байна. Арьсаар хийсэн, оймсгүй, доторгүй, богино загварын монгол гутлыг 380 000 төгрөгөөр үнэлжээ. Ээтэн хоншоортой, “бөөрөндөө” өлзий хээтэйгээс л биш тун болхи хийцтэй харагдсан. Мөн “Мишээл Амазонка” нэрийн, энгэрт нь зураг шигтгэж гоёсон подволкийг 150 000 төгрөгөөр борлуулж буй бол “Манго”-ын энгийн загвартай нь 20 000-40 000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Удахгүй Цагаан сар болох тул үндэсний хувцасны худалдаа идэвхжинэ. Мэдээж олон аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн ур хийцийн бүтээгдэхүүнийг харилцан адилгүй үнээр санал болгоно. Энэ жил хурганы арьсан дотортой, торгон дээл, эмэгтэй хүнийхийг 1.5-2 сая төгрөгөөр борлуулж эхэлсэн байна лээ. 32 угалзтай, оймсыг нь зүү ороон гоёсон, ширмэл ултай монгол гутал 2-4 сая төгрөгийн ханштай байгаа юм. Сар шинийн баяр дөхөхөөр өвөрмонголчууд болон бид ч өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санаачилга өрнүүлдэг болоод удсан. Үүнийг аж ахуйн нэгжүүд соргог анзаарч энд тэндгүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулан, хээ хуар, хэлбэр, чимгээр “монгол үнэртүүлсэн”, өнөөх л өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ санал болгодог. Үүний нэг жишээ бол өнгөрсөн жил Цагаан сарын өмнөхөн “Мишээл экспо” төвд хөөрөгний даалин 500 000 төгрөг, мөнгөний орцтой, алхан хээгээр гоёсон, хуруун чинээ хавчаарыг 60 000-гаар зарсан явдал. Мөн арьсан цүнх, хэтэвчний үнэ ижил төстэй загвар, чанартай байж болох импортын зарим бүтээгдэхүүнээс 2-3 дахин үнэтэй байсныг дурдъя. Түүнчлэн Монголд үйлдвэрлэсэн гоёл чимэглэл, эсвэл монгол урчууд, загвар зохион бүтээгчдийн санаа, ур шингэсэн гэр ахуйн жижиг тавилга, гэрлийн бүрхүүл, цаг зэргийн худалдаа элбэгшсэн ч бас л өндөр үнэтэй. Тухайлбал, уламжлалт хээ шингээн, байгалийн чулуу, мөнгө оролцуулан, гадаадад захиалж хийлгэсэн ээмгийг 1.2 сая төгрөгөөр үнэлсэн нь болор, үнэт металлаар хийсэн, дэлхийн зарим брэндийнхээс давсан өртөг юм. Тоононы загвартай гэрлийн бүрхүүлийг 3.2 сая төгрөгөөр зарж буй нь ч иймэрхүү хэмжээтэй импортын гоёмсог бүрхүүлүүдээс 10 дахин их дүн.

Цаашилбал хүнс үйлдвэрлэгчдийн зарим бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг нь “аймар” өндөр үнэтэй гэвэл буруудахгүй. Жишээлбэл, ОХУ-д үйлдвэрлэсэн элэгний нухаш 240 грамм нь 1900 төгрөг бол Монголынх 120 граммтай нь 2400 төгрөг. Импортын жимсний чанамлыг 0.8 литрийг нь 5900, манайд үйлдвэрлэсэн, 0.7 литр хэмжэээтэйг 8500 төгрөгөөр борлуулж байна. Зөгийн бал нэг кг нь Германых 29 000 төгрөг бол дотоодын үйлдвэрийн, цэвэр гэсэн тодотголтой 0.3 кг нь 18 000 төгрөг. Мэдээж импортын хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, чанарыг бид төдийлөн сайн мэдэхгүй тул болгоомжлох нь дамжиггүй. Гэхдээ тогтмол үйлчлүүлдэг, баталгаат дэлгүүрүүдээр борлуулдаг бараанд сэжигтэй хандах нь ч учир дутагдалтай. Үүнээс гадна монголчуудын түгээмэл хэрэглээ цагаан идээний үнэ хаданд гарч, чанар нь шалан дээр буугаад удлаа. Цэвэр шар тос нэг кг нь 30 000-40 000, ааруул кг нь багадаа 30 000, борц кг нь 80 000 төгрөгийн үнэтэйг хямд, боломжийн өртөг гэх хүн цөөн болов уу. Шилэнд савласан, үнээний цэвэр сүүгээр бүрсэн гэх тараг нэг литр нь 6000, 250 грамм ээдэм 2000 төгрөг гэх мэтээр өндөр үнийн жагсаалт урсаж өгнө.

Ажиллах хүчний өртөг хямд нөхцөлд буюу дотооддоо үйлдвэрлэсэн, гаалийн татвар, тээврийн зардлыг хэмнэсэн гэдэг утгаараа дээрх бүтээгдэхүүнүүдийн өртөг хямд баймаар. Гэтэл импортын бараа, таваараас ч харьцангуй үнэтэй байдгийн учир юу вэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр иргэд хичээсэн ч үнэд нь дарлуулсан хэвээр байх уу? Мэргэжилтнүүд бараа, бүтээгдэхүүний үнэ, зах зээлийн зарчимд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, нөгөө талаас тухайн барааг сонгох, эсэх нь хувь хүний эрх гэж байна. Мөн ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг өндөр байгаа талаар гомдоллох боломжгүй, үнэ, зардал зэргийг үл үзэгдэх гар зохицуулдгийг ч дурдсан. Гэсэн ч Монголд үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжихгүй, бид дотоодын бүтээгдэхүүнээ тогтмол худалдан авч, хэрэглэж чадахгүй, урд хөршөөс оруулдаг бүх төрлийн барааны хэмжээ буурахгүй, гадагшаа чиглэсэн валютын урсгал саарахгүй байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ өндөр үнэ тогтоон, хэт ашиг хийхийг л эрмэлзсэнээс нийтэд хүрч, зах зээлээ тэлж чаддаггүйтэй холбоотой болов уу. Үнэ өндөр нь зардал ихийг, зардал их нь масс үйлдвэрлэл хөгжөөгүйг, олноор хийж чаддаггүй нь зах зээл хязгаарлагдмал буйг, худалдан авагч цөөн нь эргээд үнийг хөөргөдөхөд хүргэнэ. Ийм тойргоос гарахын тулд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ заавал өндрөөр үнэлэхийг эрмэлзэн, хэт ашиг хайх хандлагаасаа салж, технологио сайжруулан зардлаа бууруулах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)