Эмгэгтэй болтлоо архинд “дурласан” эмэгтэйчүүд олширчээ

Гудамж, талбайд “тасарчихсан” хэвтэж буй эрчүүдийг хүмүүс тоодоггүй, харин эмэгтэй хүн байвал эвэртэй туулай үзсэн мэт болдог. Арчаагүйгээр нь дуудан, ам хэлээ билүүдэх нь байхад, арай ч дээ гэж халаглаж харамсах нь ч бий. Хэвлийдээ ураг бүрэлдүүлж, амьнаасаа амь тасалдаг учир эмэгтэй хүн ингэтлээ дор орж болохгүй учраас тэр. Гэтэл сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд архидан согтуурах, тэр тусмаа донтох эмгэгтэй болох нь ихэссэнийг тоо баримт харуулж байна.

Хүчирхийлэл, хүн амины хэрэг, зодоон гээд муу, муухай бүхэн архинаас үүдэлтэй. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 21 984 удаа гарсны тал нь буюу 10 111 нь согтуугаар үйлдэгджээ.

Улаанбаатар хотод ч мөн адил архидан согтуурсны улмаас үүссэн зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар өссөнийг НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн хэлж буй. Согтуугаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 43 мянга гаруй хүнийг эрүүлжүүлснээс 32 мянга орчим нь нийслэлд байв. Нийт эрүүлжүүлсэн хүний 3154 буюу 9.7 хувь нь эмэгтэй. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 539 хүн буюу 20.6 хувиар өссөн үзүүлэлт. Эрүүлжүүлэх байрны байнгын үйлчлүүлэгч нь эмэгтэйчүүд болсноор зогсохгүй, 18 хүртэлх насныхан ч тэнд цөөнгүй саатдаг гэнэ. Эрүүлжүүлэх байранд “морилогсдын” 87.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшин тааруу хүмүүс аж. Тэнд саатуулсан хүний олонх нь согтуугаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь ч цөөнгүй. Энэ оны эхний таван сарын байдлаар 10 320 хүн согтуудаа жолоо барьж байсныг ТЦА-наас илрүүлсэн. Энэ сарын 13-нд гэхэд иргэн О согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зорчигч хоёр эмэгтэйг гэмтээсэн. Тэд ч мөн согтуу байсан нь шалгалтын явцад тодорхой болсон билээ. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо дарвин, архи хэтрүүлэн уусны улмаас зөрчил, гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийнхан хэлж буй.

Цар тахлын улмаас баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон ч хүнсний дэлгүүрүүдээс архи, согтууруулах ундаа худалдан авч, орой үдэш, амралтын өдрүүдэд ахуйн хүрээнд архидан согтуурсаар. Авдар, авдраар нь худалдаж аваад хүнсний дэлгүүр хаасан буюу 22.00 цагаас хойш зарж байсан этгээдүүдийг цагдаа нар илрүүлсээр байгаа. Үнийг нь хэд дахин нугалж зарсан ч архины хамааралтай болсон хүмүүс шөнө, оройн цагаар худалдан авдаг байна.

НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол, эрүүлжүүлсэн хүний тооноос харагдаж байна. Энэ сарын 15-наас “Архигүй орчин” аяныг цагдаагийн байгууллагаас өрнүүлж эхэлсэн. Аяны зорилго нь архины хор хөнөөлийг таниулах, үүнтэй холбоотой гарч буй гэмт хэргийг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх юм. Бид “Эмзэг цэг-хяналт шалгалт” тусгай арга хэмжээг сүүлийн хоёр жил явуулж байгаа. Архи, согтууруулах ундаа борлуулж буй аж ахуйн нэгж, байгууллагынхныг 7901 зөрчил илрүүлэн, хуулийн 329 этгээд, 7652 хүнд 496 830 000 төгрөгийн торгууль ногдуулжээ. “Ковид-19”-тэй холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчин архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. 70 гаруй байгууллагын тусгай эрхийг түдгэлзүүллээ. Тэд илэрсэн зөрчлөө арилган, тусгай зөвшөөрлөө сэргээж эхэлсэн. Ер нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, Улаанбаатар хотын хэмжээнд архины хамааралтай 5-8 мянга гаруй хүн байгаагийн найм орчим хувь нь эмэгтэйчүүд. Тэднийг ар гэрийнхийнх нь тусламжтайгаар архины албадан эмчилгээнд хамруулдаг. Нөхөртэйгөө хамт архи ууж, хоорондоо маргалдсаны улмаас цагдаад ханддаг тохиолдол цөөнгүй. Үүнээс болж хүүхэд хохирч байна” гэсэн юм.

Эр хүн архи уувал айл гэрийн тал, эмэгтэй хүн согтуурвал бүхэлдээ сүйрдэг гэсэн үг бий. Согтуу эмэгтэй өндрөөс үсрэх гэсэн, амиа хорлохыг завдсан зэрэг сэтгэл сэртхийм дуудлага онцгой байдлын албанд сүүлийн үед цөөнгүй ирэх болж. Гудамж талбай, нийтийн тээвэр, олон нийтийн газарт согтуу эмэгтэйчүүд орилж чарлан, гар, хөлөө савчин, уйлж унжиж яваа нь цөөнгүй харагддаг. Нялх үрээ дагуулчихаад хөлөө олохгүй гуйвж яваа эх хүнийг харах юутай эмгэнэлтэй. Саяхан автобусанд нэг согтуу эмэгтэй охиноо дагуулаад явж байхтай таарав. “Ээж, энд суу” гээд хир буртаг болсон цүнхнээсээ ус гаргаж өгөхөд “уухгүй” гэж хараал урсган, цохиж авах нь өр өвтгөм. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр балчир охин ээжээсээ ямар үлгэр дуурайл авч буй бол. Түүн шиг эцэг, эх нь архины хамааралтай болчихсон гэр бүл манайд цөөнгүй. Нөхрөө согтоохгүй гээд өмнөөс нь хүртчихдэг, эсвэл эхнэртээ үглүүлэхгүйн тулд архи уулгаж сургадаг хүмүүс байдаг аж. Эр хүн архи ууж болно, эмэгтэй нь болохгүй гэсэнгүй. Савнаасаа бусдыг дийлдэг сархдаас бүх нийтээрээ хол байх, хүртсэн ч тохируулан хэрэглэх хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй биз. Бага багаар уусаар эцэстээ архинд донтох эмгэгтэй болдгийг мэргэжлийн эмч нар нь хэлж байна. Жирэмсэн, нялх хүүхэдтэй, хөхүүл эмэгтэйчүүд хүртэл архи уух нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Архи, тамхи нь урагт шууд нөлөөдгийг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын эмч нар хэлсэн. Дан ганц архи биш, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь ч урагт сөрөг нөлөөтэй. Нэг жишээ татахад, хоёулаа тамхи татдаг залуу хос хүүхэдтэй болжээ. Хүүхэд нь унтаж чадахгүй уйлагнаад, тайван бус байдаг байж. Тиймээс хүүхдээ салхилуулангаа, тэд тамхи татдаг гэнэ. Хүүхэд нь тамхины утаанд илүү сайн унтаж буйг анзаарсан эцэг, эх СЭМҮТ-д хандсан аж. Хэвлийд ураг бүрэлдэхээс л ээж нь тамхи татдаг байснаас тэдний хүүхэд донтох өвчтэй буюу янжуурын шарталттай төржээ. Жирэмсэн үед эхийн ууж идсэн болгон ихсийн хоригоор дамжин урагт шууд ордоггүй ч мансууруулах бодис, архи, тамхи чөлөөтэй нэвтрэх чадвартайг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэг хэлэв. Ээж нь архи уувал ураг ч мөн адил гэдсэндээ сархад хүртэж байдгийг тэрбээр онцолсон. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Б.ЭНХЧИМЭГ: АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ 160 ГАРУЙ ЭМЭГТЭЙ ЭМЧЛҮҮЛСЭН

-Архины хамааралтай хэчнээн хүн танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна вэ. Эмэгтэйчүүд архинд донтох эмгэгтэй болох нь нэмэгдсэн гэх юм. Ийм байдал ажиглагдав уу?

-Манай эмнэлгийн Донтох эмгэг судлалын тасаг 30 ортой. Тэдгээрийн дөрвийг эмэгтэйчүүдэд зориулсан. Эмэгтэйчүүд архидан согтуурах нь нэмэгдэж буй нь үнэн. 2009-2014 онд хэвтэн эмчлүүлсэн эмэгтэйчүүд жилд 85-аас хэтэрдэггүй байв. Харин сүүлийн үед жилд 150 гаруй эмэгтэй эмчлүүлж байна. Өнгөрсөн онд 160 гаруй эмэгтэй хэвтжээ. Сэтгэцийн эмнэлэг хэрнээ архинаас гаргадаг төв шиг л болсон. Дийлэнхдээ архины солиоролтой хүмүүс ирж байгаагийн цөөнгүй нь эмэгтэй. Мөн сайн дураараа манай эмнэлэгт хандах эмэгтэйчүүд нэмэгдэж байна.

-Эмчилгээ хийлгэж буй бүсгүйчүүд голдуу хэд орчим насных бол?

-Олонх нь 35-50 настай. Мөн 55-65 насныхан архинд донтох эмгэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж, зөвлөгөө, мэдээлэл авах нь түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ насныхан тэтгэвэрт гарахдаа сэтгэл зүйгээ бэлдэхгүй байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа ач, зээгээ харах уу, өөрийн сонирхсон зүйлээ хийх үү гэдгээ төлөвлөөгүй учир сэтгэл санаа нь хямарч, архи хэтрүүлэн хэрэглэх тохиолдол цөөнгүй. Ханиа алдсан, ганцаардсан, хийх зүйл олдохгүй байна гэх зэрэг шалтгааны улмаас ахимаг насандаа архи хэтрүүлэн хэрэглэж, донтох явдал гарах боллоо.

-Архинд донтох эмгэгтэй хүнд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Хор тайлах эмчилгээ хийнэ. Архинаас болж бүх эрхтэн хорддог учраас эрдэс, аминдэм, тэжээлийн дутагдал үүсдэг. Үүнийг нөхөх эмчилгээ хийж байгаа. Өөр нэг гол эмчилгээ нь сургалт. Сургалт явуулснаар дан ганц архины асуудлыг шийдэх бус, стрессийг яаж даван туулах, сэтгэлийн хямралаа зөв тайлах, зорилготой амьдрах зэргийг зааж сургадаг. Эцэг, эх нь гэр орондоо байнга архидан согтуурах нь хүүхдүүдийн сэтгэцэд хэрхэн нөлөөлдгийг таниулж ойлгуулдаг юм. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсаар байвал шингэрүүлсэн хий үнэртэх, мансууруулах бодис хэрэглэх, гар утсанд донтох зэрэг сэтгэцийн олдмол өвчтэй болгох эрсдэл давхар бий болгодог. Тиймээс архинд донтох эмгэг нь гэр бүлийн өвчин юм.

-Эмэгтэйчүүдийн архинд орсон шалтгаан нь ихэнхдээ юу байдаг бол?

-Амьдралын бухимдал, асуудлаас үүдэн архи хэтрүүлэн хэрэглэж, донтсон байдаг. Зарим эмэгтэй баяр ёслолыг хэтрүүлэн тэмдэглэх зэргээс архи уух сонирхол, зуршилтай болох нь бий. Хувь хүний сэтгэл хөдлөл бас нөлөөлдөг. Амархан хөөрч, баярладаг, хэт их нээлттэй хүмүүс найз нөхдийн хүрээллээс шалтгаалан архи хэтрүүлэн хэрэглэсээр донтох эмгэгт өртдөг.

-Нэгэнт архинд донтсон эмэгтэй гарахдаа эрэгтэй хүнээс илүү удаан байдаг гэдэг. Энэ үнэн үү?

-Эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд хаттай, амьдралын хүнд хүчрийг үүрэх чадвартай, бухимдлаа тайлаад яваад байдаг юм шиг хэрнээ донтох эмгэгээс амархан салж чаддаггүй. Зан төрхийн хувьд өөрчлөгдөн, тархинд гэмтэл үүсдэг учир тийм амар байдаггүй юм. Эрэгтэй хүн донтолтын эцсийн шатанд орсон ч зорилго тавиад, өөртөө маш сайн дүгнэлт хийж, нэг шийдвэл архинаас гарч чаддаг. Эмэгтэйчүүд энэ тал дээр сул. Уулын уруу бөмбөг өнхрүүлэхтэй адил нэг уруудвал амархан доройтдог. Энэ нь хувь хүний сэтгэл зүйтэй хамаатай. Мөн эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өөхлөг давхарга ихтэй, дотоод шүүрлийн булчирхайн онцлог зэргээс шалтгаалж сархад биед нь удаан хугацаанд хадгалагдах, богино хугацаанд тархинд нь голомтот өөрчлөлт оруулдаг.

-Дунджаар хэдэн жил архи уусан хүмүүс танайд эмнэлэгт хандаж байна вэ?

-5-10 жил архи уусан хүмүүс голдуу ирдэг. Гэхдээ олон жил уувал эмгэг үүсдэг гэсэн үг биш. Хувь хүний онцлогоос шалтгаалж зургаан сарын хугацаанд ч донтох өвчтэй болж болно. Архийг ойр ойрхон замбараагүй хэрэглэсэнтэй холбоотой. Архи ууж болох стандарт хэмжээ гэж байхгүй. Насанд хүрсэн хүний эрүүл элэгний хоргүйжүүлэх чадвартай уялдуулан үүнийг тайлбарладаг. Эмэгтэй хүн хоногт дээд тал нь 50 гр-аас хэтрүүлэн ууж болохгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл элэг хоногт 50 гр архийг л хоргүйжүүлж чадна. Түүнээс их бол бүрэн гүйцэд задалж, хоргүйжүүлэн биеэс гадагшлуулж чадахгүй гэсэн үг. Дутуу задарсан бүтээгдэхүүн биед удаан хугацаанд хуримтлагдсанаар өөхөн эдэд нэвтэрч, уураг тархинд голомтлог өөрчлөлт бий болгодог. Зөвлөгөө, мэдээлэл авч буй хүмүүсийн олонх нь “Би архи уудаггүй, шар айраг, дарс хүртдэг” гэж ярьдаг. 50 гр архи, 200 гр дарс уух яг адилхан үйлчилгээтэй. Тодруулбал, өдөр бүр 50-100 гр архи уухад болох юм байна гэж хүмүүс буруу ойлгодог. Энэ нь явсаар архинд донтох эмгэг үүсгэнэ. Нэгэнт донтсон бол дээрх хэмжээгээр ч ууж болохгүй. Эмчилгээ хийлгэсний дараа тохируулж ууж болох юм гэж бас л ташаа боддог. Донтох эмгэг үүссэн бол архинд дуртай эсүүд тархинд бий болж, өөрчлөлт гарна. Ходоодонд дусал архи ороход л эргэж сэдэрдэг. Эмчилгээний дараа нэг ч хундага архи уухгүй байснаар үр дүн гарна.

-Донтох эмгэгтэй болсноо яаж мэдэх вэ?

-Архинд донтох эмгэгийг анхдагч бөгөөд даамжран архагшдаг өвчин гэж тодорхойлдог. Эхлэл, дунд, төгсгөл үе гэж хувааж болно. Хүмүүс донтолтын эхний үедээ манайд төдийлөн ханддаггүй. Энэ үед архи даах чадвар сайн байдаг учраас ажил төрлөө зохицуулж чаддаг. Дунд үед илрэх олон шинж, тэмдэг байдгаас хоёрыг нь онцолж үздэг. Нэгдүгээрт, шартана. Хоног дараалан уудаг болно гэсэн үг. Шараа тайлах маягаар нэгээс дээш хоног уувал шарталт илэрч байна гэж үздэг. Түүнээс хэтрүүлэн архи ууснаас маргааш нь толгой өвдөх, дотор муухайрахыг шарталт биш, хордлого гэж үздэг юм. Шарталтыг мэргэжлийн хэлээр биеийн хараат байдал гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, үгүйлэх зовиур юм. Хоёрдугаарт, зан төлөвийн өөрчлөлт гарна. Архи уухгүй хэдэн сар, жил болсноо хүмүүс гарчихлаа гэж ойлгодог. Харин нэг уухаараа хэдэн өдөр дараалбал донтох өвчтэй болсон гэсэн үг. Хий юм харж, солиорч эхэлбэл донтолтын төгсгөл үед оржээ гэж ойлгож болно. Ер нь архинд донтох эмгэгтэй хүмүүс насан туршдаа эмч, сэтгэлзүйчтэй холбоотой байж, муу зуршлаа даван туулсан хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд солиорлын үедээ ирэх эмэгтэйчүүд цөөнгүй болсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)