Шүүгчийн захирамжаар “Мобиком”-ын дансыг битүүмжлэхээр болжээ

Монголд үйл ажиллагаа явуулж буй нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаад өгч буйгаа мэдэгдсэн албан бичиг “Мобиком”-ын ерөнхий захирал Тацүяа Хамада илгээсэнтэй зэрэгцээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Мобиком”-ын дансыг битүүмжлэх захирамж баталлаа. Түрээсийн төлбөрөө төлөлгүй нүүсэнтэй нь холбогдуулж, “Монтрейд”-ийнхэн шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгч өнгөрсөн зургадугаар сард захирамж гарган, дансыг нь битүүмжлэхээр болсон аж. Гэвч “Мобиком”-ын хуульчид шүүгчийн захирамж нь тус корпорацын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагаварт хүргэсэн хэмээн гомдол гаргасан байна. Түүнийг нь уржигдар шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэн, дансыг нь битүүмжлэх нь хуульд нийцсэн арга хэмжээ хэмээн үзжээ.

Харин “Мобиком”-ын ерөнхий захирлын хэвлэлийнхнийг “дарамталсан” албан бичигт “Монтрейд” гэх компанитай тус компани гэрээ байгуулаагүй, “Ньюком проперти”-тэй дамжуулан түрээслэх гэрээний үндсэн дээр түрээслэн хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, цаг тухайд нь түрээсийн төлбөрийг төлж байсан. “Монтрейд”-тэй гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй” хэмээн бичсэн байв. Тэгвэл яагаад “Монтрейд”-ийнхэн Монголын анхны үүрэн телефоны оператор корпорацын харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг шүүхийн шийдвэрээр битүүмжлүүлэх болов гэдгийг уншигчид гадарлаж буй биз ээ. Японы хөрөнгө оруулалттай, Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KD¬DI-ийн салбар “Мобиком”-ынхон Чингэлтэй дүүргийн нутагт байрладаг “Монтрейд” компанийн эзэмшлийн оффисын барилгыг түрээсэлдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, “Теди” төвийн баруун талд гэсэн үг л дээ. Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нд дуусахаас өмнө “Монтрейд”-ээс байраа чөлөөлөхийг хүсэж мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 31 хүртэл байрнаасаа гараагүй учраас тухайн хугацааны төлбөр болох 1.3 тэрбум гаруй төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан юм билээ. Ингээд шүүгч дээрх захирамжийг баталсан аж. Гэхдээ уг маргааны эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.

“Монтрейд”-ээс дээрх оффисыг дамжуулан түрээслэгч “Ньюком проперти” компанийнхантайгаа “Мобиком”-ынхон өнгөрсөн тавдугаар сарын 31-нд байр болон эд материал хүлээлцэх акт үйлдэн чөлөөлж, өдгөө “Монполимет”-ийн барилгыг түрээсэлж буй юм билээ.

ШЕЗ-ИЙНХӨН ИРГЭДИЙН ГАРГАСАН ГОМДЛЫГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ШИЙДЭЭГҮЙ ГЭВ ҮҮ

Дээрх нэгэн байрны түрээсийн маргаантай холбоотой гомдол Чингэлтэйн шүүхээс гадна Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй аж. Гэхдээ дамжуулан түрээслэгч “Ньюком проперти” ХХК-ийнхан гомдол гаргажээ. Гомдлын үндэслэл нь эхлээд түрээсэлж байсан уг байрыг эздийг нь хүлээн авахыг даалгах гэж байж. Дараа нь “Ньюком проперти” ХХК тухайн оффисыг өөрсдөө эзэмшиж байсныг тогтоолгох гомдол, хүсэлт гаргасан байна. Тухайн гомдлыг нь анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ш.Оюунтуул хүлээн авдаг байсан бөгөөд илт нэг талыг барьсан ажиллагаа явуулж байсан учраас Шүүхийн ерөнхий зөвлөлд “Монтрейд” компанийнхан гомдол гаргажээ. Учир нь хэргийн оролцогч “Ньюком проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжавтай шүүгч нэг ангийн найз байсан гэнэ. Анх тэрбээр ийнхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байснаа өдгөө “Ньюком проперти” ХХК-ийн өмгөөлөгч хэмээн явж буй аж. ШЕЗ-д гаргасан гомдолдоо “Монтрейд”-ийнхэн “Шүүгч Ш.Оюунтуул нь хэргийн оролцогч Н.Баасанжавтай найз нөхдийн харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрч, эл хэргээс татгалзан гарах хүсэлт гаргасныг тус Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хэргийг өөр шүүгчид шилжүүлсэн. Иймд шүүгч Ш.Оюунтуултай холбогдуулан нэмж гомдол гаргаж байгаа бөгөөд шүүгч Ш.Оюунтуул санаатайгаар шүүгчийн ёс зүйг зөрчсөнийг тогтоож хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна.

“Монтрейд” ХХК-ийн “Ньюком проперти” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан. Тус компанийн удирдлагад түрээсийн гэрээг цаашид сунгахгүй талаар хэдэнтээ мэдэгдсэн боловч сайн дурын үндсэн дээр байгуулдаг гэрээг хүчээр, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр байгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд “Ньюком проперти” ХХК-ийн захирал Д.Даваамаа хоёр удаа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 31, 2019 оны гуравдугаар сарын 4-нд нэхэмжлэл гаргасан байдаг. Манай компанийн эсрэг гаргасан нэхэмжлэл бүр шүүгч Ш.Оюунтуулд хуваарилагдсан байдаг юм” хэмээн анх тавдугаар сарын 21-нд гомдол мэдүүлжээ.

“Монтрейд”-ээс ШЕЗ-д удаа дараа гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуултай холбоотой гомдлыг уг нь тус зөвлөлийн дэргэдэх Сахилгын хорооныхон 30 хоногийн дотор хянаад хариу өгөх хууль, журамтай. Гэвч хоёр сар өнгөрчихөөд байхад ШЕЗ ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, сахилгын хэрэг үүсгэсэн, эсэх нь ч мэдэгдэхгүй байгаа аж. Аргаа барсан гомдол гаргагч талынхан Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргатай утсаар нь холбогдоход танай гомдлоос гадна өөр бусад иргэн, аж ахуйн нэгжээс шүүгч Ш.Оюунтуултай холбоотой хэд хэдэн гомдол гаргасан байдаг, хараахан шийдээгүй талаар ярьсан байна. Гэхдээ “Монтрейд” компанийнханд ШЕЗ-өөс одоо болтол ямар ч хариу өгөөгүй байгаа нь шүүгч нь ч, тэднийг сонгон шалгаруулж, шүүгчээр томилуулах санал гаргадаг тус зөвлөлийнхөн ч хууль, журмаа зөрчөөд буй мэт.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)