Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулан нэвтэрхий толь зохиож байжээ

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Сумьяабаатартай ярилцлаа. Тэрбээр 2020 оны босгон дээр бидэнд сайхан мэдээ дуулгасан юм. Их хаантай холбоотой нэгэн гайхалтай эх сурвалжийг судлаад, Монголын анхны нэвтэрхий толь бичиг болохыг нь мэдэж, өдгөө үргэлжлүүлэн судалж байгаа аж. Энэ талаар түүнээс тодруулахаар уулзлаа.

-Шинэ оны өмнөхөн Та нэгэн эрдэм шинжилгээний хурлын үеэр Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан монгол нэвтэрхий толь байгаа талаар ярьсан. Тэр тухай жаахан тодруулж болох уу?

-Сүүлийн үед “Британика” зэрэг гадаадын нэвтэрхий толь бичгийн тухай л илүүтэй ярьж, шуугих болж. Тэгтэл нэвтэрхий толь нь байтугай тухайн улс нь ч сураггүй байсан эрт цагт бидний өвөг дээдэс нэвтэрхий толь бичиг гэдэг зүйлийг зохиосон байна. Ингээд зогсохгүй хэвийг нь босоо монгол бичгээр сийлж, бархнуудад (ном, бичиг барлах газар) тараадаг байсан түүхэн баримт сурвалжид байгаа.

Хубилай хааны байгуулсан Монголын Хөх гүрэн буюу Юан улсын судрын 12 дугаар дэвтэрт “Арван есдүгээр он, дөрвөн сар. Шарагчин тахиа өдөр монгол уйгур үсгээр бичсэн нэвтэрхий толь бичгийг хэв сийлж тархаав” гэж тэмдэглэсэн байна. Энэ бол монголчуудаас дэлхийн соёлын өвд оруулсан үнэт хувь нэмэр. Дэлхийн соёлын түүхэнд алтан хуудас болон бичигдэх учиртай гэж боддог. Тэрэг тэргээр ачих нэвтэрхий толийн тэр олон бар хаашаа оргүй алга болох вэ дээ. Хэзээ нэгэн цагт хагас дутуу ч атугай гарч ирэх байх гэж итгэж, сэтгэлээ баясгадаг даа. Монгол бичгийн “Монголын нууц товчоо” саяхныг хүртэл олдоогүй л байсан. Тэгтэл Төвдийн номын санд хэсэг бусгаараа хадгалагдаж байгааг олж, илрүүлсэн шүү дээ.

-Тэгэхээр сурвалж судар номд байх нь нэг хэрэг. Үүнийг хэн, хэзээ олсон, хэрхэн мэдээлсэн нь чухал. Энэ талаар тодруулна уу?

-Үүнийг 1960-аад онд миний бие монгол сурвалжаас олж, дэлхийн монгол судлалд анх оруулсан юм. Тэр тухай “Монгол хэл, утга зохиол, аман зохиолын ном зүй. 1. Монгол хэл.1972 он” гэдэг бүтээлийн 16-17 дугаар тал, “Шинэ хөдөө” сонины 1990.1.11. дугаар 2 (1515), Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн нарын “Монгол хэлний товч тайлбар толь. 2013.1287 дугаар талаас нэхэн үзэж болно. Түүнээс хойш мөн л нэгэн жаран улиран оджээ.

Тэр цагт бид залуу байлаа. Шинэ соргог зүйлийнхээ тухай ахмад эрдэмтдэдээ заавал мэдээлж, санал зөвлөгөөг нь сонсдог бичигдээгүй хуультай байв. Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, Ш.Лувсанвандан, Ш.Нацагдорж, Н.Ишжамц, Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав, С.Бадамхатан нарт дуулгахад бүгд л “Сонин, соргог мэдээ байна. Сонин, хэвлэлд нийтлүүл” гэж урам хайрласан. Ц.Дамдинсүрэн гуай “Наадхаа надад бичээд аль. Би хуанлидаа оруулчихъя” гэснийх нь дагуу бичээд өгсөн. Тэрбээр “Мянган жилийн хуанли”-даа оруулсан байсан. Тэр бүтээлээ шатаалгачихсан юм шүү дээ. Орчин цагийн “Монгол нэвтэрхий толь” гэдэг том бүтээл зохиож, хэвлүүлэх гэж байх үед ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраад уг нь эл толь бичгийн тухай ярьж, хүссэнийх нь дагуу дэлгэрэнгүй тайлбартайгаар бичиж өгсөн боловч оруулаагүй, огт дурдалгүй өнгөрсөн юм. Магадгүй шинэ цагийн толь бичгээ “анхных” гэсэн тодотголтой гаргасан болохоор тэгсэн байж мэднэ. Цагийг эзэлсэн монгол өвөг дээдсийнхээ өв соёлыг дорд үзэх, гүн ухааных нь үндсийг үл ухаарах, зүй ёсны байранд нь тавьж чадахгүй, хий хоосон цээжээ дэлдэж цэцэрхэх аястай болчих вий дээ гэсэн бодол хааяа сэтгэлийн мухарт цогших юм даа. Күнз мэргэн хүртэл “Эртнийхдээ (эртнийхээ юманд) итгэ, бас хайрла” гэж сургасан байдаг.

-Нэг зүйл тодруулъя. Тухайн цагт, өөрөөр хэлбэл, Та эл сурвалжийг олсон үедээ болон дараа нь, түүнчлэн өдгөөг хүртэл олон улсад эл сурвалжийг Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан гэдгийг мэдээгүй байжээ гэж ойлгож болох уу. Ер нь чухам юунд үндэслэж Чингис хааны мэндэлсний 120 жилийн ойд зориулсан нэвтэрхий толь гэж үзэв?

-Урьд хожид үүнийг хэн маань ч ажигласангүй. Дэлхийн монгол судлалд шинээр орж буй энэ санааг танай сонин анхлан нийтэд түгээж байгаа нь өрсөлдөөнт мэдээллийн зууны тэргүүн эгнээнд яваагийн шинж гэлтэй.

Хубилай хааны 19 дүгээр он бол аргын тооллын 1282 он. Тавдугаар жарны хар морин жил. Чингис хааны төрсөн 1162 он бол гуравдугаар жарны хар морин жил. 1162-оос 1282 он хүртэлх 120 жил, тодруулбал, хар морин жил нь таарч байна. Монголчууд жарны тоололтой, жар жаран жилээр ой тэмдэглэдэг. Ялангуяа 120 нас, 120 жилийг Дорно дахинд их эрхэмлэдэг уламжлалтай. Тиймээс үүнийг энгийн нэгэн тохиолдол гэхэд бэрх байна. Тэгэхээр Чингисийн ач хүү Хубилай, өвөөгийнхөө мэлмий гийсний 120 жилийн ойг тохиолдуулан монгол бичгээрээ Монголын анхны нэвтэрхий толийг зохиолгож, хэв сийлж тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс гарч ирж байна. Удам угсаагаа сануулан, Чингис өвөөгийнхөө алдар нэрийг дуурсгаж, ойд нь зориулан хүн төрөлхтний түүхэнд мөнхрөхүйц соёлын бэлэг барих нь элдвээр хэлүүлж асан тэр үеийн Хубилай хааны нэр төрд ч их тустай байсан байх.

2022 онд Чингис хааны мэлмий гийсний 860, энд дурдагдсан нэвтэрхий толийн 740 жилийн ой тохионо. Тэр цагт Чингис хааныхаа музейг барьж дуусгаад, эдгээр ойг давхар баяр болгон тэмдэглэвэл юутай сайн хэмээн бодож сууна. Тэнгэр заяат дэлхийн монголчууд тийм сайхан цагтай золгох байх аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)