Х.Энхжаргал: Гурван үеэрээ эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор, профессор, академич Х.Энхжаргалтай ярилцахаар ажлыг нь зорилоо. Эрчим хүчний салбарт хөл тавьсан цагаасаа хойш тэрбээр сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний систем, эх үүсвэр, шаталтын болон ногоон технологийн талаар судалжээ.

Түүний судалгааны ажлууд энэ чиглэлээр суралцагчдад мэдээллийн суурь бааз болдог аж. Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед үйлдвэрийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгальд халгүй технологи нэвтрүүлэх зорилгоор судалгаа хийж буй тэрбээр мэргэжилдээ эзэн нь байж судлаачаас багш, ахлах багш, профессор, академич болтлоо дэвшжээ.

Академич өдөр бүр 04.00 цагт босож заншсан. Ажлын цаг эхлэхээс өмнө судлах, унших, ном бичих зэрэг ажлаа амжуулдаг гэсэн. Харин 08.00 цаг болохтой уралдаад ажилдаа гарна. Бидний ярилцлага үдийн цайны цагаар өрнөсөн юм.

-Баяр хүргэх гэсэн хүмүүсийн цуваа тасраагүй байх чинь ээ. Та өнгөрсөн хоёрдугаар сард академич болсон байх аа?

-Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн цолыг арванхоёрдугаар сарын 23-нд авсан. Дараа нь Шинжлэх ухааны академийн их чуулганаар хэлэлцэж, академич болсон. Хүмүүс баяр хүргэхээр ирээд л байна.

-Хүний бага нас их дурсгалтай, хөгжилтэй байдаг. Хоёулаа эндээс ярилцлагаа эхэлбэл болох уу?

-Би Ховд аймгийн Дарви сумын уугуул. Хөдөөгийн сайхан, байгалийн үзэсгэлэнд бага насаа өнгөрөөсөн дөө. Сумынхаа бага сургуульд суралцсан. Дараа нь “нийслэл хүү” болсон. Улаанбаатарын 39 болон тавдугаар сургуулийг төгссөн. Улмаар Монгол Улсын их сургуулийн Эрчим хүчний факультетийн дулааны инженерийн ангид элссэн даруухан түүхтэй.

-Эрчим хүчний салбарт яагаад насны амьдралаа зориулчихав аа?

-Миний ээж насаараа тогооч, аав жолооч хийсэн. Тиймээс тэр хоёр минь юу мөрөөдөж байна, түүнийгээ сонго гэдэг чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүрхээ чагна, хүслээ дага л гэж хэлсэн. Социализмын үед 10 дугаар анги төгсөгчдөөс хэн хичээлдээ сайн, толгойтой нь их, дээд сургуулийн хуваарь авдаг байлаа. Миний хувьд сурлага гайгүй учраас философич болохыг мөрөөддөг байсан. 

Дунд сургуульд мэргэжил сонгох нь багш нараас их хамааралтай. Манай нийгмийн багш ертөнцийг үзэх үзлийн талаар их сайхан ярьдаг сан. Философи бол том шинжлэх ухаан гэдгийг бат нот ойлгуулсан учраас тэр. Тэр үед даанч сургуульд философийн ангийн хуваарь ирээгүй юм. Математиктаа сайн учир юуных нь хамаагүй, инженер л болно гэж шийдлээ. Ингээд дулааны инженерийн ангийг сонгосон.

Нэгдүгээр курстээ мэргэжилдээ тийм ч дуртай байгаагүй. Тэр үед манайхны ойролцоо нэг монтёр ахынх байдаг байв. Түүний гэрлийн шон дээр гарч буй нь их сонирхолтой харагддаг байлаа. Гуравдугаар курстээ мэргэжилдээ дурласан. Сургууль төгсөхдөө дулаан, эрчим хүчийг цогц байдлаар судалбал оновчтой юм байна гэж бодсон. Ингээд л судалж эхэлсэн. 1988-1991 онд Узбекийн Ташкентад аспирантурт суралцаж, сэргээгдэх эрчим хүчийг хоёр жил шахам судалсан. Уг нь гурван жил сурах байсан ч ээжийн бие муудаад нутаг буцсан.

Хэдийгээр судалгаагаа дутуу орхисон ч Монголдоо гүйцээсэн. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, судалгааны ажлаа хамгаалсан. 2008-2012 онд ОХУ-ын Шинжлэх ухаанны академийн Теплофизикийн институтэд суралцаж, тэндхийн Эрчим хүчний хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. Боловсрол эзэмшсэн байдал товчхондоо ийм.

-Судалгааны маш олон бүтээлтэй юм байна. Гол чиглэл нь юуг “онилсон” бэ?

-Монгол Улсын эрчим хүчний салбарыг цогц байдлаар хөгжүүлэхийг зорисон. Манай улсад эрчим хүчний том эх үүсвэр зайлшгүй хэрэгцээтэй. Экологийн цэвэр дулааны цахилгаан станцыг улс оронд даяар нэвтрүүлэх зорилго тавьж, томоор харж хөгжүүлэх шаардлага байсан. 

Жишээлбэл, дулааны цахилгаан станцаас ашигтай хог хаягдал их гардаг. Үүнийг боловсруулахгүй болохоор орчинд утаа хаядаг, дулааны алдагдал гардаг. Хүрээлэн байгаа орчныг бохирдуулдаг хэдэн хүчин зүйл бий. Үнснээс авхуулаад бүгдийг цэвэр бүтээгдэхүүн болгох судалгаа хийлээ. Бордоо, барилгын материал гаргах боломжтой. Шивээ-Овоогийн уурхайг түшиглээд иж бүрэн судалгаа хийсэн. Үүнээс өмнө дээрх сэдвийг судалсан хүн үгүй. 

3800-4800 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулж, экспортод эрчим хүч гаргах анхны хувилбарыг тооцож гаргасан. Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хөгжлийг дэмжсэн үр ашигтай, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хаягдалгүй ногоон технологиор ажилладаг мультикомплекс зарчимд тулгуурласан экологийн цэвэр, эрчим хүчний үр ашигтай ажиллах ДЦС-ыг байгуулах шаардлагатай. 

Үндсэндээ технологийн үндэс ба шинжлэх ухааны аргачилал боловсруулахад судалгааны минь зорилго оршдог. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэр нар, салхи, усны судалгааг хамтран ажилладаг багш, эрдэмтэдтэй нийлж хийн, цөөнгүй ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Нарны энерги ашиглан дулаан үүсгэх судалгааг иж бүрнээр нь хийсэн. 

Энэ чиглэлээр Дамбадаржаад нарны халаалттай байшин барьж амьдрал дээр хэрэгжих боломжтойг баталлаа. Жишээлбэл, жилд таван тонн нүүрс түлдэг байсан нэг өрх нарны энерги ашигласнаар түлшээ хоёр тонн болгож багасгана. Онолын хувьд 1990 онд судалж, амьдралд хэрэгжүүлсэн. Мөн Монгол орны хаана хаана нарны энергийн халаалтын систем ашиглах боломжтойг тооцож, анхны бүсчлэлийг гаргасан. Үүнийг одоо болтол судалгаанд ашигладаг. 

Миний гаргасан нар, салхины кадастр маань олон улсынхаас нэг их хол зөрөхгүй. Аливаа улс орныг түүчээлэгч салбар бол эрчим хүч. Сүүлийн үед экологийн цэвэр, том хүчин чадлын ДЦС байгуулах шинжлэх ухаан, технологийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байна.

-Монгол Улс эрчим хүчний хомсдолд байнга ордог. Таны судалгаа энэ хомсдолыг арилгахад чухал нөлөө үзүүлэх байх.

-Манай улс сүүлийн 20 жил эрчим хүчний том эх үүсвэрийн асуудлыг тодорхой ярьсангүй. Уг нь төр, засгаас энэ салбарыг хөгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан ч бодит зүйл хийсэнгүй. Өнөөдөр эрчим хүчний салбар түрүүлж хөгжих бус, дундаж л хэмжээнд явна. Эрчим хүч доголдоод Орос, Хятадаас авдаг. Ядаж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох хэрэгтэй.

Бид нэг зүйлийг шийдчихсэн. Энэ нь хөдөөгийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж буй асуудал. “100 000 нарны гэр” төсөл хэрэгжүүлж, өдгөө хөдөөгийн уулын мухарт байгаа айл ч цахилгаантай болсон. Зурагтаа үзээд, гэрлээ асаагаад, зарим газарт хөргөгч ч ашиглаж буй. Энэ бол том хувьсгал. 

ШУТИС-ийн багш нар анхны төслийг боловсруулахад оролцож, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хүрээлэнгийнхэн хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, экологийн цэвэр, том хүчин чадлын ДЦС байгуулах шинжлэх ухаан, технологийн үндэслэл болсон. Жижигхэн зүйлээр дандаа торгоогоод байж болохгүй. Улс асуудлыг томоор харж, алсыг дурандаж байх хэрэгтэй. 

Манай ганц гал голомт “ДЦС-4” өвөлдөө оргил болон суурь ачааллын үед ч дээд чинээндээ тултал ажилладаг. Хуучин тоног төхөөрөмжтэй энэ станцаа тордмоор байна. Үгүйдээ л эх үүсвэр нь байгаа газарт амны станц бариасай. Нүүрсний уурхайн дэргэд станц барих шаардлагатай гэсэн үг. Англи, Америк зэрэг хөгжингүй орнууд уурхайгаа түшиглэн цахилгаан станц барьж, дотоодын төдийгүй гадаадын эрчим хүчний хэрэглээг хангадаг.

-Монголд ийм станц барихаар яригдаж байгаагүй бил үү?

-Багануурт станц барьж буй. Хуучин Засгийн газрын үед станцын бүтээн байгуулалт нэлээд урагшилсан. Өдгөө жаахан удаашралтай байна. Өмнө нь томоохон станц барихаар ярьж байсан. Одоо хүчин чадал нь хумигдсан. Монгол жилд эрчим хүчний 600 мВт орчим хэлбэлзэлтэй ажиллаж байна. 

1200 мВт-ын хүчин чадалтай Монгол Улс 700-гийн хэлбэлзэлтэй байгаа нь таатай үзүүлэлт биш. Аливаа улс оронд оргил ачааллын үед ажилладаг станц гэж байдаг. Тухайлбал, гадаадын оронд үдээс өмнө 07.00-09.00, үдээс хойш 18.00-21.00 цагт буюу ачаалалтай үед нэмэлтээр ажилладаг станц бий. Ачаалал буурах үед станц зогсдог.

Монголд ийм хувьсах горимтай станц байхгүй. Оргил ачаалалтай үеийн үнэ тариф ч өөр байх ёстой. Гэтэл манай улсад ийм зохицуулалт алга. Энэ янзаараа бол эрчим хүчний салбар удахгүй элгээрээ хэвтэх нь.

-Саяхан эрчим хүчний үнэ нэмэгдсэн шүү дээ?

-Өнгөрсөн жил эрчим хүчний салбар 18 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Яагаад өрөнд ороод байгааг хэлэх үү. Нэгдүгээрт, айл өрх бүртэй эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийдэг. Иргэд, аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Дулаан, цахилгааны төлбөрөө сар сардаа төлдөггүй. 

Ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалттай байгууллага, хувийн хэвшлийн зарим компани дулаан, цахилгааны мөнгөө цаг хугацаандаа төлдөггүй юм. Хуулийн нарийн зохицуулалт үгүй учраас нэг хэсэгтээ хариуцлага хүлээхгүй явдаг. Ингээд эрчим хүчний салбарын өр хуримтлагддаг. 

Хоёрдугаарт, утааны асуудал эрчим хүчний салбарыг хөлдөө чирч байна. Утаа бууруулна гээд өвөл шөнийн эрчим хүчний төлбөрийг тэглэдэг. Ихэнх том хэрэглэгчдэд эл хөнгөлөлтийг олгодог. Энэ нь эрчим хүчний салбарт маш том дарамт болдог. Нэг талдаа утаатай тэмцэж буй ч үйлдвэрлэлийн утаа гардгаараа гарна. 

Тиймээс их хэмжээний техникийн алдагдал бий болдог. Улсын төсвөөс цахилгааны хөнгөлөлтийг бүрэн төлж чадахгүй. Тиймээс эрчим хүчний салбар алдагдалд орно. Нөгөө талаар ДЦС-уудыг хувьчлах ёстой. Ядахдаа 49:51 гэсэн хувиар өгчихвөл сэргэнэ, хөгжинө. Дамжуулах том сүлжээ, 220, 110 кВ-ын шугамуудаа төрийн өмчид аваад, бусдыг нь хувьчилбал, зах зээлийн зарчимд нийцэж, илүү хурдан хөгжих болов уу.

-Энэ асуудлыг шийдэх гаргалгаа бий юү?

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тогтоодог болчихвол дэвшил гарна. 2015 оноос хойш эрчим хүчний үнийг нэмээгүй. Гэтэл цахилгааны үнэ үйлдвэрлэсэн өртгөөсөө 25 хувь, дулааны үнэ хоёр дахин хямд байна. Нөгөө талаар эрчим хүчний салбарт ажиллагсадын тоо хэт олон. 

Жишээ нь, 1000 хүн шаардлагатай “ДЦС-4”-д 1200 ажилчин ажиллах жишээтэй. Дээрээс нь дарга даамлынх нь орон тоо өссөн. Хоёр орлогчтой байх ёстой газар 4-5 хүн ажиллаж байна. Тэгсэн хэрнээ бодлого оновчгүй, хэрэгжилт тааруу. Бас нэг хүндрэл нь эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг газруудыг оновчлох асуудал маш сул. Бодлогын хувьд 20-30 жилийн төлөвлөгөө гаргах ёстой. 

Улаанбаатарт хэдийд шинэ ДЦС барих, хэзээ өргөтгөх, ямар үед парк шинэчлэл хийх зэрэг нь тодорхой байх ёстой. Өнөөдөр хамгийн бага ажилласан станц л гэхэд 40 жил болсон. Тиймээс тодорхой зохицуулалт хэрэгтэй. Жишээ нь, зундаа “ДЦС-4”-ийн хүчин чадлыг зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг болгох боломжтой. Одоо дулаан, цахилгаан аль алиныг нь үйлдвэрлэдэг. 

“ДЦС-3” зөвхөн дулаан үйлдвэрлэдэг бол аажимдаа алдагдлаа багасгаж, эрчим хүчний хүрэлцээ сайжрах болно. Үүнийг хийхдээ сайтар тооцож байж шийдэх хэрэгтэй. Ингэхгүй бол гадаадаас импортлох хэмжээ улам нэмэгдэнэ. Зүүн хойд Азийн эдийн засаг, эрчим хүчний орон зайд Монгол Улсын түлш, эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, эрчим хүчний эзлэх байр суурийг бэхжүүлэх ерөнхий зорилтыг хамтад нь авч үзэж байж хөгжинө.

-Хоёулаа ажлын яриагаа түр завсарлая. Удамд тань эрчим хүчний мэргэжил эзэмшсэн хүн таниас өөр бий юү?

-Гэр бүлийн хүн маань цахилгааны инженер. Хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү маань эрчим хүчний мэргэжилтэй. Том хүү эрчим хүчний сургууль төгсөөд дулааны шугам сүлжээний инженер болсон. Бага хүү АНУ-д дээд сургууль төгсөж, дараа нь мастер хамгаалсан. 

Монголд мөн эрчим хүчний сургуульд төгсөж, одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна. Охин маань менежментийн чиглэлээр Тайваньд суралцсан. Нагац өвөөгөөрөө яривал миний хүүхдүүд эрчим хүчний мэргэжлийг гурав дахь үедээ удам залгаж явна. Нэг үгээр хэлбэл, үе удмаараа, гэр бүлээрээ эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байна.

-Амьдарлынхаа ихэнх хугацааг судлах, бичих ажилд зориулжээ. Чөлөөт цаг гардаг уу?

-Чөлөөт цагаараа байгальд алхах, аялах дуртай. Монголын ихэнх нутгаар очсон. 330 гаруй сумтай бол 200 гаруйд нь очжээ. Загас барих дуртай. Сонирхол нэгтэй хүмүүстэй мэтгэлзэх сонирхолтой. Аливаа юмыг эергээр харж, амьдралд хэрэгжүүлэх, санал солилцох үүднээс мэтгэлзэхэд цаг зарцуулдаг. 

Эрчим хүчний чиглэлийн томчууд олон. Хоёр ч академич бий. Тэдэнтэйгээ Монголд эрчим хүчийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцдаг. Мөн боломж олдвол нутаг руу “гүйчихдэг”. Сутай хайрхан хэмээх төрийн тахилгатай уулын өвөрт төрсөн. Тэндээ байнга очдог. Сайхан ч газар.

-Манай улс эрчим хүчний асар их нөөцтэйн дээр цөөнгүй судалгаа хийжээ. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Эрчим хүчний 16 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж буй. Байгалиас хамааралтай учраас нарыг зөвхөн өдөр ашиглана. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ чиглэлийн эх үүсвэрийн зөвшөөрөл өгөхдөө нөөцлөх чадварыг харж олгоосой. Өдөр сэргээгдэх эрчим хүчээ нөөцлөөд ид ачааллын үед нь хэрэглэдэг байх нь чухал. Ийм загвар манайд одоохондоо алга. Цаашид зөв бодлого баримталбал 16 хувиар өсгөх боломжтой.

-Манайхан энэ янзаараа Азийн супер сүлжээнд орох боломжтой юу?

-Дэлхий нийтээр төлөвлөж ярьдаг болсон цагт Монгол, Япон, Хятад, Солонгос гэж тусад нь авч үзэх боломжгүй. Тиймээс Азийн супер сүлжээнд орох нь зөв, зайлшгүй шаардлага ч бий. Сэргээгдэх эрчим хүчинд түшиглэн эл сүлжээнд нэгдэх юм. Харамсалтай нь, яаж орох, хэрхэн нэгдэх төсөл алга. Монголын боловсруулж буй эрчим хүчийг өөр оронд экспортлох тухай яригдах ёстой атал одоогоор хөгжлөөс хоцорч байна. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төр, засгийн дэмжлэг жаахан дутагдаад байна.

-1990 оноос хойш ярьсан “ДЦС-5” ажил хэрэг болохгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Эрчим хүч, боловсрол хоёр дээр яав ч намчирхаж боломгүй. Сүүлийн жилүүдэд жаахан улс төр ороод, намаас намын хооронд эл асуудал мартагдаж орхигдоод л байгаа. 2000 оноос өмнө эрчим хүчний салбар улстөрждөггүй байлаа. Энэ станцыг Улаанбаатарт барих албагүй. 

Шивээ-Овоо, Адуунчулуун, Оюутолгойн уурхайд барих боломжтой. Хамгийн тохиромжтой нь Шивээ-Овоо. Хойд хөрштэй 220, 110 кВ-ын шугамаар холбогдсон. Тэр шугамаа бараадах хэрэгтэй. Хаа хол эх үүсвэр барьчихвал төв шугамтай ойртуулах гэж их зардал гарна.

-Академичийнхаа хувьд олон улсад хэр танигдсан бэ?

-Бүтээлийн тоо 396 давсан. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд 50 орчим илтгэл, 122 өгүүлэл маань хэвлэгдсэн. ОХУ-ын эрдэмтэдтэй хамтарч гаргасан бүтээл олон. Ялангуяа суурь судалгааны төсөл олныг хийсэн. Олон улсын хэмжээний хурал зөвлөгөөн ч зохион байгуулсан. Гадаадын цөөнгүй оронд илтгэлийг маань хэлэлцэж, эшлэл авсан л харагддаг юм.

-Монголын эрчим хүчний салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөгжинө л гэж боддог. Жишээ нь, миний шавь нараас эрчим хүчний ирээдүйг бараанаар харах нэг ч хүн алга. Сайхан ирээдүйн талаар ярьдаг. Улс төрийн талаасаа хөгжүүлэхгүй байгаа мэт харагдавч жинхэнэ гал тогоонд нь ажиллаж буй хүмүүс гэгээлэг зүйл ярьдаг. “Багш аа болгоно, болно оо” гэж зүтгээд байдаг.

-Академич болчихлоо. Цаашид юу хийх вэ?

-Шинжлэх ухааны эрдэмтэн, академич боллоо гээд нэг их сэтгэл хөдлөөд байдаггүй. Хийх юмаа хийж явсаар өнөөдөртэй золголоо. Цаашдаа ч хийсээр л байх болно. Хоёрдугаарт, нарны эрчим хүчийг ашиглах талаар дорвитойхон бүтээл туурвиж сууна. Болж өгвөл нар, ус, салхины нэгдсэн иж бүрэн атлас гаргана.

Хүн зорилготой байх хэрэгтэй. Өдөр бүхэн шинэ юм бодож, сэтгэж ярилцаж байх хэрэгтэй. Ер нь судалгааны ажил нэг хүнийх байдаггүй. Ард нь баг хамт олон байдаг. Энэ багаа цаашид өргөжүүлж, хүнд хүртээлтэй, ард түмэнд хэрэгтэй зүйл хийхээр зорьж явна. Би сайндаа өдий зэрэгт хүрсэн юм биш.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)