Украин дахь “улаан шугам”

ЕАБХАБ-ын Украин дахь тусгай ажиглалтын газрын байр

Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Вероника Сперл, олон нийттэй харилцах зөвлөх Майк Снайдер болон бидний долоон сэтгүүлч Вена хотоос Украины Киевийг зорьсон юм. Нислэг хоёр цаг орчим үргэлжилж, Украины нийслэл дэх нисэх онгоцны хоёр буудлынх нь нэг “Бориспил”-д газардсаны дараа гадагш гарахад хүйтэн салхи, манантай угтлаа. Нислэг гэснээс хамт явсан сэтгүүлчид болон уулзсан хүмүүс бүгд шахам “Монголд очиж үзэх юм сан” гэцгээж байв. Киргизийн сэтгүүлч бүр Монголын талаар, онгоцны тийз ямар үнэтэйг хэдийн судалсан байсан бол өөр нэг нь “Анх удаа монгол хүнтэй уулзаж байна. Монгол хэл аль хэлтэй төстэй вэ, ямар ч хамаагүй үг хэлээч” гэх жишээтэй. Майк Снайдер “Монголд очиж үзэхийг хүсэж байна. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг би мэднэ. Ноён Майкл Клечески ч тун идэвхтэй хүн дээ” гэж байлаа.

847.7 ам км газар нутагтай Киевийг Зүүн Европын аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёлын төв гэж хэлж болох аж. Дэлхийн II дайны үеэр ихээхэн сүйтгэгдсэн ч богино хугацаанд сэргээсэн энэ хотод өнгөрсөн сарын эцсээр байхад “Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар гэдэг нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу” гэж бодогдсон шүү. Харин иргэд, ялангуяа бүсгүйчүүд нь өлчир гэж жигтэйхэн, шилэн трикотой яваа нь цөөнгүй, жиндүү салхийг ажирч байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.

БҮХ Л ТҮВШНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ

Аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг, Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага болох ЕАБХАБ нь Украин дахь нөхцөл байдалд ихээхэн анхаардаг. Бид тус байгууллагын Украин дахь төслийн зохицуулагч газрын (The OSCE Project coordinator in Ukraine) үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ газар тус улсад хямралтай холбоотой сорилтуудыг даван туулахад нь дэмжлэг үзүүлдэг агаад хүний эрх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цахим гэмт хэрэг, хилийн аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөө, сайн засаглал, жендерийн тэгш байдал, сонгуулийг шударга явуулах зэрэгт анхаардаг аж. Үүнийг 1999 оны зургадугаар сард байгуулсан бөгөөд цэрэг-улс төр, аюулгүй байдалд нь анхаарахын сацуу хүний наймааны эрсдэлийн талаарх мэдээлэл өгч, төсөл хэрэгжүүлж, хяналт тавихдаа Украины төрийн болон ТББ-уудтай хамтран ажилладаг юм билээ. Өөрөөр хэлбэл, бүх л түвшний байгууллагатай нь хамтран ажилладаг агаад 2016 оноос хойш дөрвөн чиглэлд онцгойлон анхаарчээ. Тэдгээр нь Украины Засгийн газрын шинэчлэлийг дэмжих, нийгмийн олон талын оролцоог хангахад идэвхийлэн оролцох, тус улсад үүссэн хямралыг шийдвэрлэх ЕАБХАБ-ын хүчин чармайлтыг дэмжих, уг байгууллагын бусад институт, хөтөлбөр, төсөлтэй уялдсан үйл ажиллагаа эрхлэх аж. Аливаа төслийг Украины Засгийн газрын хүсэлтийн дагуу боловсруулж, Гадаад харилцааны яамных нь зөвшөөрөлтэйгөөр хэрэгжүүлдэг гэнэ. Мөн мөнгө угаахаас сэргийлэх, зөрчилдөөнтэй бүс дэх тэсрэх төхөөрөмжийг “цэвэрлэхэд” дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлд анхаардаг юм байна. Жишээлбэл, сэтгүүлчдийг зөрчилдөөнтэй бүсэд хэрхэн ажиллах талаарх практик сургалтууд зохион байгуулдгийг дурдаж болно.

ХАРИУЦЛАГЫГ “ХАЛДВАРЛУУЛАХ” НЬ

Киевт бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн болон зарим ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, туршлагаас нь хуваалцах боломж олдсон. Тэдний нэг нь “Detector media” ТББ-ын захирал Галина Петренко байв. Уг байгууллага Украины болон бүс нутгийн телевизүүдийн мэдээллийн чанар, мэргэжлийн стандарт мөрдөж буй, эсэхийг нь хянаж, энэ талаарх мэдээллийг түгээдэг аж. Тухайлбал, ОХУ-ын түгээж буй мэдээллийн бусад орон дахь нөлөө, Украинд өрнөж байгаа үйл явдлуудын талаар хойд хөршийн хэвлэлүүдийн цацаж буй суртал ухуулгын стратеги, Украины зүүн хэсэг дэх иргэд мэдээллийн эх сурвалжаа хэрхэн сонгодог зэргийг судалдаг байна. Мөн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн дэмжиж болохыг, ОХУ-ын улс төрийн ток шоугаар ямар мессеж, мэдээлэл өгч байгааг судалснаа хэлж байв. Ингэхдээ социологийн судалгаа хийдэг компанитай хамтран ажилладаг гэнэ.

Дэлхий дахин, Украинд өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг украинчуудын 86 хувь нь үндэсний телевизийн сувгуудаас авч байгаа гэсэн дүн гарчээ. Донбасс дахь зөрчилдөөний талаарх үндэсний телевизүүдийн мэдээлэлд украинчуудын 57 хувь нь итгэдэг гэсэн статистик бий аж. Бас Кремлийн суртал ухуулга, ташаа мэдээллийн эсрэг тэмцэх ёстой гэж тэдний 50 хувь нь үзэж буй нь харагджээ. “Detector media”-гийнхан суртал ухуулга, хуурамч мэдээллийг тогтмол хянах, хэвлэлийн байгууллагын ажилтнуудыг шинэлэг, эерэг агуулга бүхий контент бэлтгэхэд нь дэмжих, сургах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг санхүүгийн хувьд дэмжих шаардлагатай гэж дүгнэснийг Галина Петренко дурдлаа.

2014 онд байгуулагдсан “Ukraine crisis media center” ТББ-ын мэргэжилтэн Тетьяана Огаркова бидэнд Оросын экс тагнуул Сергей Скрипалыг Британид химийн хортой бодист хордож, эмнэлэгт хүргэгдсэн болон 2014 онд Малайзын “Boeing 777” онгоц Украины зүүн хэсэгт осолдоход хойд хөршийн зарим мэдээллийн хэрэгсэл хэрхэн ташаа уламжилсныг жишээгээр үзүүлэв. Тэрбээр “Цэрэг зэвсгийнхээс илүү мэдээллийн дайн аюултай үед бид амьдарч байна. Ташаа мэдээллийн ард хэн ч байж мэднэ. Ийм мэдээлэл маш хурдтай тархдаг нь аюул” хэмээж байлаа.

Киев-Могилагийн сэтгүүл зүйн сургуулийн багш, төгсөгч, оюутнууд “Stop fake” санаачилгыг 2014 оны гуравдугаар сард эхлүүлж, stop¬fake.org цахим хуудас нээжээ. Өдгөө уг цахим хуудас сард 500 000 орчим хандалт авдаг байна. Анхандаа Украины ирээдүйд санаа зовж, олон нийтэд хүрч буй ташаа мэдээлэл, суртал ухуулгыг няцаах зорилготой байсан ч яваандаа энэ нь бусад улс, бүсэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ч судлах болжээ. Тэд Украины аль нэг төрийн байгууллага, Засгийн газраасаа санхүүгийн дэмжлэг авдаггүй гэж байлаа. Товчхондоо, сэтгүүл зүйг ташаа мэдээлэл, суртал ухуулгаас зааглах “улаан шугам” татахыг хичээдэг энэхүү санаачилгын багийн гишүүн Мария Жданова “Гарчиг нь мэдээ, нийтлэлийнхээс огт өөр агуулгатай байх, худал ярьдаг эксперт мэдээлэл цацах, гэрэл зургийг буруугаар ашиглах (киноны зураг авалтын үеэр, эсвэл бичлэгээс “тасдан авч” түүнийгээ огт өөр тайлбартайгаар хүргэх), хөгжилтэй байдлаар хуурамч мэдээлэл хүргэх (жишээлбэл, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенкотой холбоотой хошигносон, егөөдсөн гарчигтай материал нийтэлсэн ч үнэндээ ижил нэртэй тамирчны тухай бичсэн байсан) зэрэг тохиолдол гарсан” хэмээн ярилаа. Мөн “оскаргүй жүжигчин” гэж нэрлэж болохоор хаана л жагсаал болно, тэнд очиж худал дүр эсгэн, яриа өгдөг хүн хэн бэ гэдгийг мэдэж авч, илчилсэн тул тэрбээр телевизүүдээр харагдахаа больсон зэргийг дурдав.

Тэд баримтыг шалгаж, ташаа мэдээллийг илрүүлээд зогсохгүй контентоо цахим хуудаснаас гадна телевиз, “Facebook” дэх пэйж болон подкастаар дамжуулан олон нийтэд хүргэдэг аж. Мөн ташаа мэдээлэлтэй холбоотой дата цуглуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагад сургалт явуулах, сэтгүүл зүйн хурал, уулзалтад оролцох зэргээр идэвхтэй ажилладаг нь анзаарагдаж байлаа. “Stop fake”-ийнхэн сан, зарим орны Элчин сайдын яам болон уншигчдынхаа дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

“Hromadske radio”-гийн сэтгүүлч, хөтлөгч Тетьяана Трощинськагийн хэлснээр тэдний нэвтрүүлгийг интернэтээр болон гар утасны аппликэйшнээр сонсох боломжтой. Тэд шинэ мэдээлэл түгээх, боловсрол олгоход анхаардаг мультмедиа платформ гэж өөрсдийгөө тодорхойллоо. Сард 400-500 мянган хүн цахим хуудаснаас нь мэдээлэл уншиж, эсвэл сонсдог гэсэн статистик гарчээ. Мэдээллийн эх сурвалжаа хянуур шалгадаг тэд хэвлэл мэдээллийн байгууллага аливаа улстөрч, томоохон бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэж үздэг. Тэдний хичээл зүтгэлийг уншигчид нь ойлгож, дэмжлэг үзүүлдгийн ганц жишээ гэхэд нэрээ нууцалсан нэгэн сонсогч дугтуйнд мөнгө хийгээд явуулсан байж. Өөрөөр хэлбэл, зөв зорилго өвөртөлбөл дэмжих хүн цөөддөггүй байх нь.

Сэтгүүлчдийн ёс зүйн хороо нь хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн агаад сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн асуудалтай холбоотой гомдлыг хүлээн авч, шийдвэрлэдэг. Ингэхдээ Украины хууль, сэтгүүлчдийн ёс зүйн кодыг баримталдаг байна.

Өнгөрсөн онд уг хороо 43 санал, гомдол шийдвэрлэсэн бөгөөд буруутай нь тогтоогдвол нөхөрсгөөр анхааруулга өгч, олон нийтэд мэдээлэн, бас мэдэгдэл гаргах зэргээр арга хэмжээ авдаг гэсэн. 2017 онд Харьков хотод автомашины осол гарч, зургаан хүн нас барахад сэтгүүлчид цогцос, цус зэргийг харуулж, жолоо барьж явсан охиныг буруутган, “Баян хүүхдүүдийн бас нэгнийх нь хариуцлагагүй үйлдэл” гэх мэтээр мэдээлж, нүүрийг нь харуулсан гэрэл зураг цацсаныг жишээ болгон дурдаад, мэдэгдэл гаргаж байснаа тэмдэглэв.

Тус хорооны төлөөлөгч Элизавета Кузьменко “Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн дүрэм, стандарт мөрдөхийг сурталчлах, олон нийтийн хүртээлд нийцсэн чанартай бүтээл туурвихыг дэмжихэд анхаардаг” гэж байлаа. 2001 оны есдүгээр сард байгуулагдсан, өөрийгөө зохицуулагч энэ хорооны 14 гишүүн нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, эзэмшигч, сэтгүүлч, их сургуулийн профессор, ТББ-ын төлөөллөөс бүрддэг аж. Украины алдартай сэтгүүлч Андрей Куликов дээрх хороог 2016 оноос хойш тэргүүлж буй гэнэ. Тэд Засгийн газраасаа ямар нэг дэмжлэг авдаггүй юм байна.

Дээр дурдсан мэргэжилтнүүдтэй уулзахад Украины хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ууд ташаа мэдээллийн эсрэг дуу нэгтэй тэмцдэг, хүчтэй, идэвхтэй ажилладаг нь маш тодорхой байлаа. Өрсөлдөгчөө өөрөөсөө муухай харагдуулах гэсэн хэн нэгний хуурамч мэдээлэлд иргэд нь эргэлзэж, шалгадаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг улам хариуцлагатай болгох нь тэдний зорилго.

ЕАБХАБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Ташаа мэдээллийн эсрэг тэмцэх нь” аялалд хамрагдсан сэтгүүлчид бид уг байгууллагын Украин дахь төслийн зохицуулагчийн газрыг удирдаж буй Хенрик Вилладсентэй уулзсан юм. Түүнчлэн ЕАБХАБ-ын Украин дахь тусгай ажиглалтын газрын (OSCE Special monitoring mission to Ukraine) холбогдох мэргэжилтнүүд болон Киев дэх АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төлөөлөлтэй уулзсан. Чөлөөтэй ярилцахын тулд тэнд өрнөсөн яриаг олон нийтэд хүргэхгүй байхыг сануулсан тул дэлгэрүүлсэнгүй.

ОХУ, Украин харилцан буулт хийгээгүй цагт Украины зүүн хэсэгт үүссэн хямралыг шийдэж чадахгүй гэх хүн олон. Ямартай ч Украины тус хэсэг дэх мөргөлдөөнийг зогсооход олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилтыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй, ихээхэн хүчин чармайлт гаргадаг ЕАБХАБ-ын ач холбогдол маш өндөр гэдэг нь тодорхой.

Ташрамд, мэдээлэл өгөх энэхүү аялалд оролцох боломж олгосон Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, ЕАБХАБ дахь АНУ-ын төлөөлөгчийн газарт талархсанаа илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)