Төлбөрийн баримтын төвөг чирэгдэл багасаагүй

Л.Ганбат цахилгаан барааны дэлгүүрээс сүүлийн үеийн загварын лед дэлгэцтэй зурагт авчээ. Шинэ байрандаа товхинох гэж чадлаараа мэрийж буй залуу хос зурагт авахын тулд цалингаасаа хуримтлал үүсгэх, хэрэглээгээ танах зэргээр хэрэндээ л хичээсэн байна. Гэвч өнөөх эд нь сар болов уу, үгүй юү асуудал дагуулжээ. Дэлгэц нь үе үе жирэлзэж, хачин муухай паржигнаж дуугараад унтардаг болсон гэнэ.

...Өөрөөр хэлбэл, худалдагч, худалдан авагчийн хооронд үл ойлголцол үүсэхээс сэргийлж, алгын чинээхэн “цаасанд” шаардлагатай бүх мэдээллийг багтаадаг аж. Харин манайхан НӨАТ-ын баримтыг амны алчуур шиг л үздэг. Цахим системд бүртгүүлсэн л бол хэрэгцээгүй гэж үздэг. Буцаан олголт авах, сугалаанд оролцох хэрэгсэл төдийхнөөр ойлгодог...

IPTV үйлчилгээний доголдлоос боллоо гээд эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ өнөөх нь байсхийгээд асаж, унтардаг болж. Бүтээгдэхүүндээ зургаан сарын чанарын баталгаа өгсөн цахилгаан барааны дэлгүүрт зурагтаа тэврээд очсон аж. Гэтэл түүнийг сар гаруйн өмнө зургаан сая төгрөгийн зурагт худалдан авсныг дэлгүүрийнхэн “таг мартжээ”.

Худалдаа хийснийг нь гэрчлэх гол баримт болох “Баталгаат засварын хуудас” гэсэн алгын чинээ бичгийг Л.Ганбат гээснээс ийм байдал үүсжээ. Ингээд худалдаа хийсэн баримтаа шалгалаа. Үнийн дүн нь тохирч байвч чухам ямар бүтээгдэхүүн худалдан авсан нь тодорхой бус, “цахилгаан бараа” гэсэн ерөнхий зүйл падаанд бичсэн байв. Дэлгүүрийн зүгээс “Манайхаас яг ямар бараа авсныг төлбөрийн баримтад тодорхой тусгаагүй байгаа учир баталгааны хуудсаа заавал авчрах хэрэгтэй” гэдэг шаардлага тавьсан гэнэ. “НӨАТ-ын баримт дээрх үнийн дүнг анзаарснаас биш, бүтээгдэхүүний нэр, төрлийг нь огт хараагүй” хэмээн ярьсан тэрбээр зургаан сая төгрөгөөр “шатсандаа” харамсаж, ШӨХТГ, МХЕГ, Татварын ерөнхий газар гээд холбогдох байгууллагад энэ асуудлаар гомдол мэдүүлсэн ч тусыг эс олсон талаараа ярив.

Австрали, Канад зэрэг улсад эд зүйл худалдан авсан баримтад тухайн барааг хаанаас, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан, хэрхэн буцаах, эвдрэл гэмтэл гарвал хэнд хандах ёстойг ойлгомжтой, дэлгэрэнгүй бичсэн байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, худалдагч, худалдан авагчийн хооронд үл ойлголцол үүсэхээс сэргийлж, алгын чинээхэн “цаасанд” шаардлагатай бүх мэдээллийг багтаадаг аж. Харин манайхан НӨАТ-ын баримтыг амны алчуур шиг л үздэг. Цахим системд бүртгүүлсэн л бол хэрэгцээгүй гэж үздэг. Буцаан олголт авах, сугалаанд оролцох хэрэгсэл төдийхнөөр ойлгодог. Угтаа энэ нь таныг хэр оновчтой худалдаа хийсэн бэ гэдгийг нотлох, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэлээс хамгаалах, шаардлагатай үед маргааныг эцэслэх чухал баримт болдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна.

Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татвар төлөгчийг урамшуулах замаар холбогдох хуулийн хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор шинэчлэн найруулж, баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлээд таван жил гаруй боллоо. Үүнээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо тогтмол нэмэгджээ. 2016 онд 2300, 2017 онд 2900, 2018 онд 3600 гаруй, өнгөрсөн жил 4000-аар өссөн гэнэ. Өдгөө дунджаар татвар төлөгч 700 мянга орчим иргэн төлбөрийн баримтаа сар бүр тогтмол бүртгүүлдэг байна. Улсын төсөвт төвлөрүүлж буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн үзүүлэлттэй ч НӨАТ суутган төлөгчийн тоо төдийлөн нэмэгдээгүйг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч хэллээ. Түүнчлэн НӨАТ-ын баримттай холбоотой элдэв маргаан, гомдол, зөрчил гаарсныг онцлов.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ НЭРИЙГ ЗААВАЛ НЯГТАЛ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “НӨАТ-ын падаан нь төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, худалдаа эрхлэгчийн утасны дугаар, хаяг, бүтээгдэхүүний нэр, код, үнэ, төлбөрийн мэдээллийг агуулна” гэж тусгасан байдаг. Гэвч энэ заалт амьдралд “буудаггүй”. Иргэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэлгүйгээс баримт дээрх мэдээллийг тэр бүр ойшоодоггүй, үйлчлүүлэгчийн хувиар шаардлага тавьдаггүй, аж ахуйн нэгжүүд ч хууль, стандартаа мөрдөхийг чухалчилдаггүй. Манай худалдаа, үйлчилгээний байгууллагууд чухам юу худалдсан нь тодорхойгүй, бараа, бүтээгдэхүүн гэсэн ерөнхий “шошготой”, буруу зөрүү, дутуу бичигдсэн, эсвэл өөр нэгний баримтыг өгөх нь бий. Энэ нь аж ахуйн нэгж, хэрэглэгчийн дундах маргааны үндэс болдог гэдгийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрынхан хэлсэн. Бүгдийг нь биш юм гэхэд өндөр үнийн дүнтэй худалдаа хийсэн баримтуудаа хадгалж, бүтээгдэхүүний нэрийг нягталж хэвших нь Л.Ганбатад тохиолдсонтой ижил эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд дурдлаа.

ХЯМДРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР ХУЛХИН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛДАГ

Иргэн Г.Цээпил “ТБД Андууд”-ын автобусны буудлын дэргэд байрлах “Аngel baby” хүүхдийн хувцас, хэрэгслийн дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч. Сонголттой, бага насны хүүхэдтэйгээ үйлчлүүлэхэд тохиромжтой (тэрэг санал болгодог) учраас тийш зорьдог гэнэ. Тэднийх үйлчлүүлэгчдээ төлбөр тооцоо хийхэд нь хоёр сонголт санал болгодог аж. Авсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг 10 хувь хөнгөлүүлэх, эсвэл НӨАТ-ын баримт авах. Тэрбээр энэ тухай “Эднийх боломжийн үйлчилгээтэй. 100 мянган төгрөгт хувцас хунар авахад 10 хувиар хөнгөлөөд, 90 мянгыг авдаг. Би байнга ийм хөнгөлөлт эдэлдэг” гэж ярив.

Бараа, бүтээгдэхүүний үндсэн үнийг хөнгөлөх нэрийдлээр НӨАТ-ын баримт олгохгүй байх нь нэг төрлийн зөрчил гэдгийг бүсгүй мэдэхгүй учраас энэ тухай ойр дотнынхондоо сайрхан ярьж байна. Манай худалдаа, үйлчилгээний төвийнхөн нийтлэг гаргадаг энэ зөрчлийн талаар Татварын ерөнхий газрын “1800-1288” зөвлөгөө, мэдээллийн төвийн ажилтан “Ямар нэг байдлаар бараа, бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлсэн л бол төлбөрийн баримт заавал олгоно. Хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүн худалдвал төлбөрийн баримт олгохгүй гэсэн зохицуулалт, журам хуульд байхгүй. Хэрэв ийм шалтгаанаар баримт олгохоос татгалзвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай. Хамгийн гол нь иргэд баримтаа нэхэж, үйлчилгээ үзүүлэгчдэдээ шаардлага тавих хэрэгтэй” гэв.

Томоохон дэлгүүрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг “зад” хямдруулах нэрийдлээр өсгөж, иргэдийг хууран мэхэлдэг тохиолдол бишгүй. Хөнгөлөлт үзүүлэх нэрийдлээр баримт өгөхөөс татгалздаг газрууд ч тэднээс ялгаагүй гэнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ТУСГАЙ ЭРХТЭЙ

“Сонгдо” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн Ц.Сандаг хоёр сая гаруй төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Эмнэлгээс гарах болж, төлбөр тооцоо хийхэд эмнэлгийн ажилтан “Манайх НӨАТ өгдөггүй” гэжээ. Баримттай холбоотой мэдээлэлд арай ойр учраас түүний охин нь эмнэлгийн холбогдох хүмүүст хандаж, шаардлага тавьсны эцэст алгын чинээ “цаасаа” авсан байна. Эмнэлгийн ажилтан түүнд “Манайхаас олгодог НӨАТ-ын баримтаас буцаан олголт ордоггүй, зөвхөн сугалаанд оролцох эрхтэй” гэжээ. Ингээд тэр цахим төлбөрийн баримтын системээрээ дамжуулан Татварын ерөнхий газарт тус эмнэлгийг “ховложээ”. Утсаар ч гомдол мэдүүлжээ. Холбогдох хууль, журмаар эрүүл мэндийн байгууллагуудыг НӨАТ суутган төлөгч биш гэж үздэг учраас тэдний олгосон баримт зөвхөн сугалааны эрхтэй байдгийг тэр мэджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн үйлчилгээг албан татвараас чөлөөлнө” хэмээн тусгасныг иргэд мэддэггүйгээс “Эмнэлгүүд өчнөөн олон саяар эмчилгээ, үйлчилгээ үзүүлчихээд баримт өгөхгүй байна. Үнийн дүн нь баталгаажсангүй” гэх гомдол байнга шахам ирүүлдэг аж.

ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАРИМТ ОЛГОХГҮЙ БАЙХ ШАЛТГААН БИШ

Зах, худалдааны төвийнхөн төлбөрийн баримт өгөхдөө тун хойрго. Нэхэл дагал болж, шаардуулж байж өгөх нь түгээмэл. МХЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагаас шалгахад худалдаа эрхлэгчдийн олонх нь төлбөрийн баримт олгох машинтай байдаг гэнэ. Харин түүнийхээ хэргийг гаргах тун дургүй бололтой. “Захын худалдаачид төлбөрийн баримт олгохгүй байна” гэсэн гомдол Татварын ерөнхий газрын “1800-1288” тусгай дугаарт иргэдээс ирүүлдэг зөрчлийн 60-70 орчим хувийг эзэлдэг гэдгийг мэдээллийн ажилтан хэлсэн. “Уг нь манайх баримт өгдөг. Хэвлэх машин ажиллахгүй байна. Цахим шуудангаа үлдээчих үү. Түр хүлээх үү” гэх зэргээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулах нь түгээмэл аж.

Зах, худалдааны төвийнхний адил НӨАТ-ын падаан өгөх дургүй бас нэг “этгээд” сүүлийн үед бий болсон нь онлайн худалдаа эрхлэгчид. Дэлхий нийт төлбөрийн цаасан баримтыг цахимжуулах чиглэлд анхаарах болсон. Харин манайд үүрэн телефоны зарим компани, таксины үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд ийм санаачилга гаргаж эхлээд буй. Онлайн худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгч хоорондын төлбөрийн баримтаас үүдэлтэй маргааныг хэрхэн шийдэх талаар мэргэжилтнээс лавлахад “Энэ цаг үед онлайн худалдааг хэн ч эрхлэх боломжтой. Тухайн иргэн, аж ахуйн нэгж хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан л бол төлбөрийн баримт өгөх нь зүйн хэрэг. Онлайнаар харилцаж, худалдаа, үйлчилгээ үзүүлнэ гэдэг баримт олгохгүй байх шалтгаан биш” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)