Ташаа мэдээлэл ганц Монголын зовлон биш

- ЕАБХАБ бүс нутгийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулсаар байна -

Зул сарын баярын уур амьсгал орж, намар нь арай дуусаагүй, навч нь улаан, шараараа энд тэндгүй хөглөрч байхтай зэрэгцэн Австрийн нийслэл Венад очоод ирлээ. Тэндхийн өвөл арванхоёрдугаар сард эхэлдэг гэх. Хатан хаан Сисси, суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт, сэтгэлзүйч, философич Зигмунд Фройдын эх нутаг гэдгээрээ алдартай тус улсын энэхүү хотын байшин барилгууд нь ямартүүх агуулж буй бол гэж эрхгүй бодогдуулж, гудамжаар нь жуулчид олноороо сүлжилдэнэ. Тэд морин сүйх хөлөглөж, хоттой танилцах нь ердийн үзэгдэл. Венийн оршин суугчид найрсаг гэж жигтэйхэн, хаа нэгтээ хэрхэн хүрэхийг асуувал “Би тийшээ явж байгаа. Цуг явъя” гээд замчилж, утсан дээрээсээ “Google map”-ээ гаргаж ирээд, яг таг зааж өгнө.

Тус хотноо НҮБ, ОПЕК, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) зэрэг олон улсын томоохон байгууллагын уулзалт болдог. Эдгээрийн нэг, Венад төвтэй ЕАБХАБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн газраас өнгөрсөн сарын 17-21-нд “Ташаа мэдээллийн эсрэг тэмцэх нь” аялал зохион байгуулж, Азийн орны сэтгүүлчдийг хамруулсан юм. Тодруулбал, Киргизийн хоёр, Узбекистанаас мөн тооны, Тажикистан, Казахстанаас тус бүр нэг болон Монголоос миний бие оролцсон. Төв Азийн орнуудын сэтгүүлчидтэй хамт Австрийн Вена, Украины Киевт очиж, мэргэжилтнүүдтэй уулзан, үнэтэй мэдээлэл, туршлагаас нь хуваалцсан билээ. Аливаа этгээд ямар нэг зорилго өвөртөлж дамжуулсан мэдээллийг ташаа хэмээн ойлгож болох юм.

Вена хотын төв дэх Хофбургийн ордонд ЕАБХАБ байрладаг. Тэнд бид хамгийн түрүүнд тус байгууллага дахь Словакийн төлөөлөгчийн газрын орлогч дарга Катарина Заковатай уулзсан юм. Энэ онд уг байгууллагыг Словак улс даргалж буй агаад халаагаа ирэх жил Албанид шилжүүлэх аж. Даргалагч орны хувьд улс орнуудын энх тайван байдалд анхаарч, зарим орон дахь мөргөлдөөн, хямралыг шийдвэрлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хэрхэн анхаарч буй талаараа Катарина Закова дурдлаа. Аливаа даргалагч орон нь ЕАБХАБ-ын томоохон уулзалтуудыг (терроризмын эсрэг, кибер аюулгүй байдлын, эдийн засгийн зэрэг) зохион байгуулдаг жишигтэй. Тухайлбал, энэ сарын 5, 6-нд Бүгд Найрамдах Словак Улсын нийслэл Братиславт ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтыг зохион байгуулсан. Гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар нүүр нүүрээ харан ярилцах боломж олгодог уг уулзалтаар энэ удаа тус байгууллагын 2019 оны үйл ажиллагааг дүгнэн, олон улс, бүс нутагт тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын асуудлын талаар хэлэлцсэн юм. Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт болдог уг уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, хүний наймаа, терроризм, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангахад тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн юм.

НЭГ ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХДАА НӨГӨӨГ НЬ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ

Сэтгүүлчид бид ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгчийн газрын ахлах зөвлөх Андрей Рихтертэй мөн уулзав. Уг байгууллага нь бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах зэрэгт чиглэсэн маш олон ажил хийдэг, ихээхэн туршлагатай гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрбээр “Өнөө үед мэдээллийн дайн маш аюултай болсон. Пропаганда буюу суртал нэвтрүүлэг, ташаа мэдээллийн эсрэг хүчтэй тэмцэх хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн мөнгө олох, улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд ашиглаж байна. Пропагандагийн дайн, үзэн ядах үг хэллэг нь олон нийтэд, хүний эрхэд аюултайгаас гадна хэвлэл мэдээллийн зах зээлд сөрөг нөлөөтэй. Үүнтэй тэмцэхэд олон нийтийн дэмжлэг чухал” хэмээн тодотголоо.

ЕАБХАБ-аас өнгөрсөн сарын 18-нд “Үзэн ядах үг хэллэгийн тархалт, цахим орчин дахь ташаа мэдээллийг багасган, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах нь” сэдэвт уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр хууль бус контент (хэт туйлширсан, хүчирхийлэлд уриалсан, террорист агуулгатай), ташаа мэдээлэл түгээхийг зогсоох болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад шаардлагатай алхмууд, технологийн хөгжил, онлайнд түгээж буй мэдээллийн зөв, бурууг тогтоох зэргийн талаар хөндсөн юм. ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгчийн газрыг тэргүүлж буй Харлем Десир “Хууль бус, хор хөнөөлтэй контент нь ардчилсан нийгэмд ихээхэн уршигтай. Цахим орчинд хэн нэгний уур хилэн шингэсэн, ташаа мэдээлэл цацахыг таслан зогсоох шаардлагатай. Гэхдээ хүний үг хэлэх эрх чөлөөг хамгаалах учиртайг мартаж болохгүй” гэсэн бол уулзалтад оролцогчдын зүгээс “Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах нь хүний салшгүй эрх. Ташаа мэдээлэл түгээж буйтай тэмцэх гэж яарахдаа энэ эрхийг нь үгүй хийчихгүй байх ёстой” хэмээн санал нэгдэж байлаа. Харлем Десир саяхан “ЕАБХАБ-ын гишүүн орнуудад сүүлийн 25 жилд 400 орчим сэтгүүлч амиа алдсан. Хүн амины хэрэгтний 15 хүрэхгүй хувийнх нь хэргийг л шийдсэн” гэж сануулсан удаатай.

Бидний долоон сэтгүүлч ЕАБХАБ дахь Гүрж улсын төлөөлөгч Ани Габричидзетэй уулзсан юм. Тэрбээр ташаа мэдээлэлтэй холбоотой тулгарсан сорилтуудын талаар туршлагаасаа хуваалцахдаа ТББ-ууд баримтыг шалгахад (fact check) ихээхэн анхаардгийг тэмдэглэж байв. Тэдгээр нь Засгийн газрынхаа чадахгүй байгааг хийж, орон зайг нь нөхдөг ч гэж хэлж болох аж. Гүржид ташаа мэдээлэлтэй холбоотой хэд хэдэн сорилт тулгарсан нь эх сурвалжийг нь олоход хэцүү, зарим тохиолдолд үнэн бодит мэдээллээс ялгаж танихад бэрхшээлтэй, зохицуулах дүрэм журамд холбогдох эзэнд нь ямар шийтгэл ногдуулах талаар бүрэн тусгаагүй байсныг дурдлаа. Тус улсад хуурамч, түүхийг гажуудуулсан, видео, гэрэл зурагт өөрчлөлт оруулсан, худал статистик дурдсан тохиолдол цөөнгүй гарч байсныг тэрбээр өгүүлсэн юм. Тухайлбал, тэндхийн “Asaval-Dasavali” сонинд “Гүрж улс Ираны цагаачдаар дүүрч байна. Гүржид борлуулсан орон сууцын 70 хувийг Ираны иргэд худалдан авчээ” гэсэн мэдээллийг нийтэлж байж. Үнэн хэрэгтээ 2015-2018 онд гадаад иргэдэд борлуулсан орон сууцын хамгийн олон нь оросуудад ногдсон гэнэ. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 31-нд нэгэн улстөрч “Гүржийн нийт экспортын 67 хувь нь ОХУ-д ногддог” хэмээн ярьсан байна. Гэтэл 2017 онд Гүржийн экспорт 2.7 тэрбум ам.долларт хүрсний 14 хувь нь ОХУ, 23 хувь нь Европын орнуудад ногдсон гэж байлаа. Энэ мэт мэдээлэл цацагдаж буйг харгалзан иргэдийнхээ ойлголтыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар тэмцэж буй юм байна, гүржчүүд.

ЕАБХАБ гэж хэн бэ

  • 1975 оны наймдугаар сарын 1-нд Финландын Хельсинкид байгуулагдсан ЕАБХАБ нь 57 гишүүн улс, хамтын ажиллагааны түнш 11 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн хамгийн том, бүс нутгийн аюулгүй байдлын байгууллага. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд улс төрийн яриа хэлцэл хийх, шийдвэр гаргах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хямралын менежмент болон зөрчлийн дараа сэргээн босгох зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг аж. ЕАБХАБ нь цэрэг, улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цогц үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүний салшгүй нэг хэсэг нь авлигатай тэмцэх, мөнгө угаахын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх асуудал байдаг гэнэ. Улс орнуудын төлөөлөл оролцдог уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлддөг. ЕАБХАБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн газар нь Ардчилсан институт, хүний эрхийн газрын үйл ажиллагааг дэмжих зэргээр, ер нь дээр дурдсан бүхий л чиглэлд идэвхтэй, өндөр үүрэг хүлээн оролцдог байна. Сонирхуулахад, өнгөрсөн сарын эцсээр дээрх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийн төсөлд өгөх санал боловсруулсан байх жишээтэй.

Монгол Улс ямар оролцоотой вэ

  • Монгол Улс энэхүү байгууллагад 2012 онд албан ёсны гишүүнээр элсжээ. Европ, Ази, Америк тивийн 57 гишүүн орных нь хамгийн “отгон” нь манайх юм. ЕАБХАБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хүрээнд Монгол Улс хамтран ажиллахыг зорьж буй. Ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гол арга хэмжээнүүдэд нь оролцохыг хичээж байгаа юм. Мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон үр бүтээлтэй, нягт хамтран ажиллахад анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд тус байгууллагатай хамтран Улаанбаатарт “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон түүний Азийн түнш орны хооронд хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь”, “Хүний наймааны эсрэг шинжээчдийн олон улсын бага хурал”, “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” бүс нутгийн бага хурал зохион байгуулсныг энд дурдаж болно. Манай улс ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөл, Байнгын зөвлөлийн болон Хүний аюулгүй байдлын асуудлаарх уулзалтад тогтмол, идэвхтэй оролцож буй. Тус байгууллагын зүгээс манайд сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр бодит дэмжлэг үзүүлэхээ саяхан болж өнгөрсөн Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер нь илэрхийлсэн юм.

“ИНЭЭДТЭЙ ЗҮЙЛ ТӨДИЙ МЭТЭЭР  ХҮЛЭЭН АВЧ, ЗӨВШӨӨРӨХ ЁСГҮЙ”

Эстони, Латви, Литви улс өнгөрсөн жилүүдэд ОХУ-аас түгээсэн, түгээж буй ташаа мэдээлэлтэй дорвитой тэмцсээр буй тухай уншиж байв. Эдгээр улсын нэг, цахим засаглалын хөгжлөөрөө тодорч буй Эстони улсын төлөөлөлтэй уулзах завшаан тохиосон нь олзуурхууштай. Тодруулбал, бид ЕАБХАБ дахь тус улсын төлөөлөгч Сандэр Сүүнтэй уулзсан. Тэрбээр “Ташаа мэдээлэл гэдэг нь хэн нэгэн худлаа, эсвэл зөвхөн инээдтэй зүйл хэлж, бичиж байгаа хэрэг биш. Үүний төлөө хэн нэгэн мөнгө төлж байдаг. Зарим хүн “Ардчилсан нийгэмд хэн ч юу ч гэж хэлж болно” гэх нь бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн урсгал чөлөөтэй байх ёстой нь мэдээж. Гэвч хүссэн хэн ч “Энэ сайд тэнэг” гэж хэлдэг байж таарахгүй. Нийгмийн оюун санаа эрүүл байх учиртай. Бид сурагчдад ч ташаа мэдээллийн талаар ойлгуулдаг. Сайн боловсролтой, энэ талаарх мэдлэгтэй бол аль нь ташаа мэдээлэл вэ гэдгийг төвөггүй мэдчих учраас тэр” хэмээсэн. Тус улсад сонгуулийн үеэр “Фэйсбүүк”, “Твиттер”-т ташаа мэдээлэл цацдаг цөөнгүй аккаунт илрүүлж байсан бөгөөд тэдгээртэй бүх л тал хамтдаа тэмцэх нь маш чухал хэмээн тодотгож байлаа.

БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ

Сауле Мухаметрахимова хэмээх казах бүсгүй бидэнд ЕАБХАБ-ын үйл ажиллагаа, ташаа мэдээлэлтэй холбоотой үүсэж буй сорилтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан тэрбээр ЕАБХАБ-ын 57 гишүүн орон эдийн засаг, хүн ам зэргээсээ үл хамааран тэгш эрхтэй оролцдог хэмээн дурдсан. Ерөөс энэ байгууллага олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засаг, хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хүрээнд гэхэд сайн засаглалыг дэмжих, авлигыг зогсоох, улс орнууд усны нөөцөө хуваалцахтай холбоотой асуудлыг хөнддөгөөс авхуулаад цааш “салаална”.

Уг байгууллага нь Ардчилсан институт, хүний эрхийн газар (шударга сонгууль явуулахыг сурталчлах, иргэний нийгмийг дэмжих, жендерийн тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх үйл ажиллагаа явуулдаг), дээр дурдсан Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгчийн газар, Үндэсний цөөнхийн эрхийн дээд комисс (нийгэмд идэвхтэй, үр нөлөөтэй оролцохыг сурталчлах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр ажилладаг), Парламентын ассамблей зэрэг институттэй аж.

ЕАБХАБ нь ташаа мэдээлэлд мониторинг хийн, үүнд хяналт тавьж, судалдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, баримтыг шалгадаг. Тус байгууллагын нэрийг барьж худал пэйж (facebook.com/ therealosce) үүсгэсэн байсныг ч Сауле Мухаметрахимова сонирхуулав.

Асуудлаа бие даан шийдэж чадахгүй байгаа улс орнуудад ЕАБХАБ-ын дэмжлэг маш чухал гэж санагдлаа. Хоёр тал хэлэлцээ хийж чадахгүй байгаа тохиолдолд уулзалтыг нь зохион байгуулж өгөх жишээтэй.

ХАЙХРАМЖГҮЙ ХАНДВАЛ ХАРАМСАХАА МЭДДЭГ

Вена хотод өндрөөрөө гуравт эрэмбэлэгдэх (41 давхар) “IZD tower”-ын 37 дугаар давхарт ЕАБХАБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн газар бий. Тэнд бид Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн (International press institute) өмгөөллийн асуудал хариуцсан захирал Рави Прасад болон “Wiener Zei¬tung” сонины орлогч эрхлэгч Томас Сейферт нартай уулзах завшаан тохиов.

Дээрх хүрээлэн нь 100 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагын редактор, удирдлага, сэтгүүлчдийн нэгдсэн сүлжээ аж. 15 улсын мэдээллийн хэрэгслийн эрхлэгч хэвлэлийн эрх чөлөөний төлөө нэгдэхээр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд 1950 онд байгуулсан түүхтэй гэнэ. Энэхүү хүрээлэн нь хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хамгаалах, тэднийг өмгөөлөх, улс орнуудад хэрэгжүүлж буй холбогдох хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж байлаа. Тухайлбал, Туркийн сэтгүүлчдийг суллах, Египетэд баривчлагдсан сэтгүүлчдийг өмгөөлөх кампанит ажлыг дурдаж болох аж. Мөн сэтгүүлчдийн амиа алдсан тохиолдлыг 1997 оноос хойш бүртгэж буй юм билээ.

“Times of India”, BBC, “Deutsche welle” зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай Рави Прасад “Бид Австри, Чех, Финланд, Польш, Испани улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ташаа мэдээллийг судалсан” гэв. Ингэхдээ эрхлэгч, сэтгүүлч, мэдээний продюсертэй нь ярилцаж, ташаа мэдээллийн эх сурвалж, хэлбэр, зорилгод анализ хийхэд анхаарчээ. Түүний өгүүлснээр Финландад “Faktana, kiitos” (англиар “Facts please!”) санаачилгын хүрээнд сэтгүүлчид сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын үнэ цэнэ, ташаа мэдээллийг хэрхэн таних талаар оюутнуудтай уулзалт зохион байгуулдаг туршлага бий гэсэн.

Польшид улс төр нь хэт туйлшрахын хэрээр ташаа мэдээллийн “хөрс”-ийг тэжээдэг нь анзаарагджээ. Тэнд олон нийтийн TVP телевизийн сүлжээг эрх барьж буй нам нь хяналтдаа байлгадаг гэнэ. Тус улсад шилжилт хөдөлгөөн, үндсэрхэг үзэл зэрэгтэй холбоотой ташаа мэдээлэл цацагдаж буй аж. Иргэдийнх нь 50 хувь нь “Фэйсбүүк”-ийг мэдээллийн эх сурвалж болгодог гэсэн статистик ч бий юм байна. Харин тус улсад “Oko.press” хэмээх ашгийн бус, баримтыг шалгаж нягтлах, эрэн сурвалжлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий агаад ташаа мэдээллээс сэргийлэхийн ач холбогдлыг үнэлдэг уншигчдынхаа санхүүжилтийн ачаар алздаггүй бололтой. Рави Прасад мөн Каталони муж улс Испаниас тусгаар тогтнох асуудлаар 2017 онд бүх нийтийн санал хураалт явуулах үеэр ташаа мэдээлэл маш ихээр цацагдаж байсныг тэмдэглэв. Тэрбээр “Ташаа мэдээллийн цаана нь хэн байгаа нь мэдэгддэггүй, маш аюултай. Ийм мэдээлэл ялангуяа сошиал орчинд маш хурдацтай тархаж байгаад анхаарууштай” гэж байв. Эндээс харвал цахим орчинд хэдийн “үүрээ зассан” ташаа мэдээллийн хор уршгийг улс орнууд ойлгож, иргэддээ үүнд автахгүй байхыг анхааруулж, холбогдох байгууллагууд нь хяналт тавьж, судалгааг идэвхтэй хийж байна.

Сонирхож үзтэл, анхны дугаараа 1703 оны наймдугаар сард гаргасан “Wiener Zeitung” нь Европт алдартай, “хөгшин” сонинуудынх нь нэг юм байна. Томас Сейферт “Аливаа асуудлын талаар нийтлэхдээ бичих ёстой юу, үгүй юү гэдгийг бодолцох, энэ талаар олон улсын хууль тогтоомжид хэрхэн заасныг судлах нь зүйтэй” гэж байв. Тэрбээр “Авлигын хэмжээ төдөн хувиар өслөө л гэдэг. Хүнд санаа зовох зүйл олон байхад түүнийг нь нэг их анзаарч, тоодоггүй. Авлигын эзнийг “царай зүстэй” нь бичих хэрэгтэй. Таны амьдралд нөлөөлөх эмнэлэг, боловсролд зарцуулах хөрөнгөөс энэ хүн ингэж хумсалсан гэж жишээ, харьцуулалт, тоо баримттайгаар хүргэх нь зөв” хэмээж байлаа. Косово, Сьерра Леон, Конго, Бурундид ажиллаж байсан тэрбээр мөн “Хүмүүс баатарт дуртай тул нийтлэлээ баатартай бичиж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дүрслэн багтаах нь үр дүнтэй. Зөрчилдөөнтэй асуудлын талаар мэдээлэхээсээ өмнө “Хүлээзнээрэй” гэж өөртөө хэлээд, талуудыг урьж, “За, хамтдаа хэлэлцье” хэмээж яагаад болохгүй гэж” хэмээсэн. Товчхондоо, “чаатны өрөө” нээж, “Чиний санаа, өнцөг юу вэ” гэж тал талын байр суурийг сонсохоо мартчихдаг тал бийг хэлж байлаа. “Хоёр өндрийг” сүйтгэсэн талаар Нью-Йоркоос, дараа нь Афганистанаас хэдэн долоо хоногийн турш мэдээ бэлтгэсэн, 2003 онд дайны үеэр Багдадад ажиллаж байсан тэрбээр “Өч төчнөөн асуудал байхад юу ч хийж чадахгүй үлдвэл яах вэ” гэж өөрөөсөө асуудаг нэгэн аж.

Ерөөс мэргэжилтнүүд чөлөөт, бие даасан, ёс зүйтэй, үнэн бодит мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эрүүл, шударга нийгмийг бий болгоход чухал нөлөөтэйг онцолж байлаа. Ийм ч учраас ташаа мэдээлэлд хайхрамжгүй хандвал хожим харамсахаа мэдэж, сэргийлдэг байх нь. Харин манайд редакцгүй цахим хуудас, эсвэл “Фэйсбүүк” дэх аль нэгэн пэйжээс авхуулаад олон сувгаар бусдыг гүтгэсэн, гутаан доромжилсон, ташаа мэдээлэл ямар ч шүүлтүүргүй цацагдсаар байна. Иймээс иргэд ямар мэдээллийг, хэн, ямар зорилгоор, аль хэрэгслээр түгээв гэдгийг ч анзаарах цаг иржээ.

Үргэлжлэл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)