Сонирхол татсан групп ашиглан өсвөр насныхныг урхидаж байна

Дэлхийн хаана ч байхаас үл шалтгаалан цахим орчин дахь дарамт, зүй бус үйлдлийн эзлэх хувь, хэмжээ төдийлөн ялгаагүй, хэлбэрийн хувьд олон янзаар илэрч буйг хуульч, судлаач Л.Галбаатар өөрийн судалгаандаа дурджээ. Эл байдлаас шалтгаалан АНУ, Английн иргэдийн 28 хувь нь цахим сүлжээн дэх нууцлалын тохиргоог өөрчилсөн буюу дахин сайжруулан тохируулсан бол, 27 хувь нь цахим орчинд мэдээлэл, зураг оруулахгүй байхаар шийдсэн, 16 хувь нь нээлттэй мэдээллээ өөрчилсөн буюу нуусан, 47 хувь нь дээрх үйлдлийн аль нэгийг хэрэгжүүлсэн байна. Харин манай улсад цахим хэрэглээний аюулгүй байдал улам алдагдаж, өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн өгөөшийг үмхсээр байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-нд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн фэйсбүүкт хуурамч хаяг нээж, насанд хүрээгүй охидтой харилцан, нүцгэн зургийг нь авсан хэргийг илрүүлэн шалгаж эхэлсэн. Эрхэлсэн ажил, мэргэжилгүй, 21 настай залуу хуурамч хаяг нээж, өөрийгөө 16 настай хэмээн танилцуулан, 13-14 насны 300 орчим охинтой харилцаж байсан нь тогтоогдсон юм. Хамгийн ноцтой нь тэдгээр охины дөрвийнх нь цээж нүцгэн зургийг авчээ. Энэ мэтээр элдэв хаяг нээж, охидын толгойг эргүүлж, эрхшээлдээ оруулдаг, дарамталдаг, айлган сүрдүүлдэг тохиолдол цөөнгүй гарах болов.

“10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус”, “Бангтан” зэрэг өсвөр насныхны сонирхол татсан группэд бусдын зураг, нэр ашиглан хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, гэмт хэргийн золиос болгож байна. Цахим хэрэглээ төдийлөн дэлгэрээгүй байхад сонины “Танилцъя” гэсэн зарын цаана садар самууныг сурталчилсан, залилан мэхэлсэн гэмт хэрэг нуугддаг байв.

“Гулгаа массаж”, “Санхүү өгнө, авна” гэх зарын цаана биеэ үнэлсэн, бусдын биеийг үнэлүүлж байсан нь илэрсэн. Садар самуун, гэмт хэрэгт уруу татах арга улам нарийсаж, цахим орчинд бага насны хүүхдүүдийг элдэв тоглоом, өгүүллэгээр урхидаж, группийнхээ гишүүдийн тоог нэмдэг болжээ. Он гарснаас хойш бага насны хүүхдүүдийг уруу татсан, садар самууныг сурталчилсан гурван группийг цагдаагийн байгууллага хаасан байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгаж, админд нь хариуцлага тооцжээ.

Цагдаагийн газрын мэргэжилтнүүд ЭМО группийн админ 15 настай охин болон энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн 20 орчим хүүхэдтэй ярилцахад гэрийнхнээсээ тусгаарлагдсан, ганцаардсан үедээ цахим гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж сэдсэнээ хэлсэн байх юм. Тиймээс өсвөр насны хүүхдэдээ эцэг, эхчүүд илүү анхаарал халамж тавьж, хэнтэй, хэрхэн нөхөрлөж байгааг нь хянаж, цаг зав гаргахгүй бол бусдад уруу татагдах, гэмт хэргийн золиос болоход ойрхон байна. Ажил хөдөлмөр эрхэлж, хэтэрхий завгүй байснаас үр хүүхдээ мартдаг гэмтэй. Гэмт хэрэгт холбогдсоных дараа л “Ингэнэ гэж бодсонгүй” хэмээн халагласан ч оройтсон байдгийг хууль, хүчнийхэн сануулсаар байна.

Өсвөр насны хүүхдүүд хэсэг бүлгээрээ нэгдэж, хэн нэг нь муу зүйл сэдэхэд хор уршгийг нь бодолгүй, дагадаг аж. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт явагдаж, эсрэг хүйстнээ сонирхож эхэлдэг. Мөн эл үедээ өсвөр насныхан маш их эрч хүчтэй болж, зарим үед үүнтэйгээ зөрчилдөн, эцэг, эхээсээ зай барьж, тэр орон зайг нь үе тэнгийн найз нөхөд нь эзэлж, ирээдүйнхээ төлөө санаа зовнидог гэж сэтгэлзүйчид дүгнэжээ. Өөрийгөө таньж мэдэх гэсэн их хүсэл, аливаа эрсдэлийг тооцож чадахгүй гэнэн томоогүйгээсээ болж хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болсоор байна. Орчин цагт тэдний хамгийн сайн найз нь компьютер, ухаалаг гар утас болсон.

Тэд энэ “зэвсэг”-ээрээ хязгааргүй орон зайд нэвтэрч, ямар ч шүүлтүүргүй мэдээлэлд тархиа угаалгаж байна. Тиймээс 15-аас доош насны хүүхдэд фэйсбүүк хаяг нээж өгөх хэрэггүйг мэргэжлийн байгууллагынхан хэлж буй. Хаягтай байлаа ч аль хуудсанд орж, ямар мэдээлэл авч байгааг нь эцэг, эхчүүд хянах хэрэгтэй. 16-гаас доош насны хүүхдээ эцэг, эхчүүд хяналтдаа байлгах хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Хүний амь бүрэлгэх, хулгай, дээрэм хийх, хүчингийн гэмт хэрэгт бага насны хүүхэд холбогдсон бол эцэг, эхчүүд нь давхар хариуцлага хүлээдэг. Гэвч хууль сахиулах байгууллагаас сануулсаар байхад хүүхдэдээ тавих эцэг, эхчүүдийн хараа, хяналт төдийлөн сайжрахгүй байна. Он гарснаас хойш хоёр хүүхэд ахуйн хийд хордож нас барлаа. Өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүрэгт 13 настай хүүхэд ахуйн хий үнэрлэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Түүнийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, торгох арга хэмжээ авч, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг сануулсан ч 10 хоногийн дараа өнөөх хүүхэд дахин ахуйн хий үнэрлээд хордож нас барсан юм.

Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг “шидэт” фэйсбүүк эдүгээ хэн дуртай нь хүссэнээ бичдэг, нэгнийгээ үгээр иддэг, үзэн ядалтаа илэрхийлдэг, садар самуун, ёс бус зүйлийг нээлттэйгээр олонд тараадаг “хогийн сав” болсон. Тиймдээ ч зүс таньдаг, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн найзын саналаас би татгалздаг.

Хамаатныхаа 14 настай хүүхдийг найзаар бүртгэснээс хойш түүний сэтгэгдэл намайг залхаах болов. “Тийм хөвгүүнд хайртай боллоо, тэр намайг санаж байгаа болов уу, ганцаардаж байна” гэх зэрэг сэтгэгдлийг өдөрт хэдэн арваар нь бичиж, доор нь их мэддэг нөхдийн зөвлөгөө, заавар хөврөх нь үнэхээр халширмаар.

Мөн санаандгүй байдлаар нэг танилынхаа хүүхдийг фэйсбүүкт “Бангтан” гэх группийн гишүүн болохыг нь мэдсэн юм. Тэр хэдийгээр хаалттай групп ч найзын хүсэлтийг минь ямар ч шалгуургүйгээр бүртгээд авчихлаа. 16 572 гишүүнтэй уг группийн олонх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч буюу өсвөр насныхан бололтой. Хачирхалтай нь, тус группэд дандаа солонгос жүжигчдийн зураг байрлуулах бөгөөд гишүүд нь өөрсдөө өгүүллэг зохиож оруулдаг юм байна. Элдэв өгүүллэг бичээд төгсгөлд нь таалагдаж байвал үргэлжлэлийг нь оруулна гэжээ. Мэдээж доор нь маш олон зүрх дарж, “тэсэн ядан хүлээж байна”, “гоё болжээ” гэх зэрэг сэтгэгдэл бичсэн байв. Тухайлбал, “Гурван хүсэл” өгүүллэгийн хэсгээс ямар нэгэн засваргүй сонирхуулъя.

Жимин “Ийм жоохон охин байсан хэрэг үү?”

Жонгүүг “Ахлах ангийн сурагч гэж хэлсэн биз дээ”

Хусог “Гэхдээ ийм жоохон гэж ёстой бодсонгүй”

Жонгүүг “Мннн”.

Юнги “Үнэн хачин шүү…бассейнд жирэмсэн болоод таарчдаг” гэхэд ихэнх нь инээлээ.

Хусог “Та хоёр яг санаандгүй тохиолдолоос болж жирэмслэсэн үү? Аягүй бол Жонгүүг жирэмсэн болгочоод Айюү-гаас айсандаа бассейны тухай зохиочихсон юм биш үү?”

Энэ хэсэгт монгол хэлний зөв бичих дүрмийн алдаатай, найруулгагүй үг, өгүүлбэр цөөнгүй байгааг уншигч та анзаарсан байх. Солонгос нэр ашиглан, хар ярианы хэлээр бичдэг, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан энэ мэтээс сурагчид юу олж авах вэ. Үүний доор маш олон хүүхэд лайк дарж, үргэлжлэлийг нь бичихийг хүсэж буйгаа илэрхийлсэн нь одоогийн өсвөр насныхан уран зохиолын ном уншихаас илүү утга, учиргүй энэ мэт зүйлд дурладаг болсныг харуулж байна.

Өсвөр насныхны сонирхдог группэд голдуу ганцаардлын талаар бичдэг бөгөөд “Нийгэм аюултай болсон, бүх зүйл хоосон, цус үзмээр байна, хэн ч чамайг тоохгүй” гэх зэрэг хэнд ч хэрэггүй мэт ойлголтыг хүүхдүүдэд өгч, аажмаар амиа хорлоход уриалжээ. Ялангуяа бага насны охидыг урхидахдаа нас ойролцоо хөвгүүний зураг тавьж, эхлээд танилцаж, аажмаар зургаа солилцож, дасган “Унтаж байгааг чинь хармаар байна” гэх зэргээр лавшруулан хувийн мэдээлэл, зургийг нь авдаг байна.

Урхиндаа оруулсны дараа хэн гэдгээ илчилж, “Мөнгө өгөхгүй бол зургийг нь найз нөхөд, эцэг, эхэд чинь харуулна” гэж сүрдүүлдэг аж. Цаашлаад сул талыг нь ашиглан, бэлгийн дарамтад оруулсан тохиолдол нэг бус удаа гарсан. Өсвөр насныхныг цахим урхинаас хол байлгахад эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч бүрийн оролцоо чухал байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)