Д.Сумъяабазар сайдын шийдсэн “мэх”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, түүний багийн тооцоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани энэ оны төгсгөлд олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжина. Амжихгүй бол ирэх оны эхээр хийнэ. Гэхдээ энэ бол хамгийн өөдрөг төсөөлөлтэй төлөвлөгөө. Эрх баригч хүчин, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн улс төр хийгээд бизнесийн эрх ашиг тэнцэхгүй бол төлөвлөгөө нурна. Хаа сайгүй улс төрийн хагаралдаантай энэ үед төрийн өмчит компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах нь ярвигтай ажил байх нь дамжиггүй. УИХ-ын дарга Г.Занданшатар Японд “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцохдоо “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих ажил хойшилж магадгүй гээд зарлачихлаа. Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг IPO төлөвлөсөн хугацаандаа амжихгүй гэж ярьж яваа. Хэрэг бишдэж мэдэх янз тэдний үгнээс сонсогдоод байгаа юм.

Монголын уул уурхайн салбарт идэвхтэй ажиллаж, олон жилийн хайгуулын үр дүнд алтны томоохон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компанийн ерөнхийлөгч Петер Акерли “Д.Сумъяабазар бол үндэсний бөхийн аварга. Аварга болоход олон жилийн хөдөлмөрөө зарцуулж, арга мэх хэрэглэсэн. Хүн амжилтад хүрсэн арга тактикаа өөрийн мэдэлгүй давтаад байдаг. Тэр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргахад аварга болсон тактикаа ашиглах байх” гэж ярьсан гэдэг. Д.Сумъяабазар улс төрд хөл тавьж, сайдын албан тушаалд хүртэл дэвшихээсээ өмнө бага залуугаасаа тодорсон, уран хурц, ухаалаг барилдаантай, мэхэндээ даацтай бөх байсныг нь монголчууд мэднэ. Үнэн хэрэгтээ ямар арга тактик баримталж барилдсаар аварга цолд хүрснийг бид тодорхой мэдэхгүй. Мэдээж түүнд бяр тэнхээнээс гадна арга техник байсан нь гарцаагүй.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд арилжих Д.Сумъяабазарын “мэх” нэгэнт тодорхой боллоо. Тэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг оффшор буюу татваргүй бүсэд байгуулна. Энэ компани руугаа “Эрдэнэс Тавантолгой”-гоос хөрөнгө тасдана. Ажилтан, машин техник, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үүнд нь багтах юм. Ингээд хөрөнгө болон зах зээлийн үнэлгээг нь гаргаж, олон улсын зах зээлд хувьцааных нь 30 хүртэлх хувийг зарна. Босгосон мөнгөөрөө нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр болон авто замын төслөө санхүүжүүлнэ. Төсөөлөл ёсоор 1-3.5 тэрбум хүртэлх ам.доллар босгоно. Товчхондоо, түүний хийхээр шийдсэн “мэх” энэ. Тавантолгойн ордын нэг хэсэг болох Ухаахудагийн ордыг Хонконгийн хөрөнгийн биржид гаргасан хувилбартай адил. Тодруулбал, “Эм Си Эс холдинг” оффшор бүсэд “Монголиан майнинг корпорэйшн” компанийг бүртгүүлсэн. Түүнийхээ хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржээр арилжиж, хяналтын багцыг нь “барьж” үлдсэн. “Энержи ресурс” компанийг Монголд байгуулан, босгосон мөнгөөрөө Ухаахудагийн ордыг ашиглах олон төсөл хэрэгжүүлсэн. Д.Сумъяабазар сайд ийм замаар Тавантолгойн ордыг хөгжүүлэх мөнгө босгох гэж байгаа бололтой.

Мэхээ даацтай хийхийн тулд түүнд ханасан барьц хэрэгтэй. Одоогоор IPO хийхэд 11 зөвлөх хэрэгтэйгээс зургааг нь сонгоод байгаа. Тендерийн тухай шинэ хуулийг энэ сараас мөрдөж эхэлснээр үлдсэн таван зөвлөхөө шалгаруулалт зарлахгүйгээр сонгох боломж бүрдсэн. Сайн зөвлөхүүд шууд сонгох нь цаг хожих нөхцөл юм. Тэгэхээр тэр одоо сэнжигний барьцтай болсон гэсэн үг. Мэхээ даацтай хийхийн тулд давхар шуудагны барьцанд хүрэх шаардлага бий.

Түүний гаргасан дээрх бүтцийг Засгийн газар баталбал дан шуудагны барьцанд хүрлээ гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгөөс охин компани руу нь тасдаж өгөх бүтэц сайд нарт эргэлзээ төрүүлжээ. Тэд ордыг хуваах нь гэж болгоомжилж буй. Оффшорт байгуулах компани руу “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшиж байгаа найман лицензийн дөрвийг шилжүүлэх эхний “хар зураг” гарчээ. Энэ дөрвөн лицензэд Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун уурхай хоёул багтаж буй. Ордын лиценз хуваагдах нь үнэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” нийт хувьцааных 70 хувийг эзэмшиж, хяналтыг нь “барих” түүний охин компанид очно. Тэгэхээр орд тэс өөр этгээдийн мэдэлд шилжиж буй юм биш.

“Эрдэнэс Тавантолгой”-н хоёр уурхайг чанд хатуу шаардлагатай, олон улсын биржид гаргачихвал улстөрчид “шунал”-аа хавчуулж чадахгүй. Энэ л асуудал эргэлзээ төрүүлэх ивээс болж байгаагаас зайлахгүй. УУХҮ-ийн сайд эхлээд Цанхийн зүүн уурхайд тулгуурлаж хөрөнгө босгох бодолтой байна гэж ам алдлаа. Эхлээд зүүн, хэсэг хугацааны дараа Цанхийн баруун уурхайн лицензийг охин компани руу нь шилжүүлэх тактик боловсруулсан бололтой. “Эрдэнэс Тавантолгой”-д баруун уурхайг нь үлдээвэл “шунал”-аа хавчуулсан улстөрчид тайвширна гэж тооцсон байх. Хоёуланг нь шилжүүлчихвэл “Эрдэнэс Тавантолгой” цаасны компани болж хувирна. Нөгөөдүүл Д.Сумъяабазар сайд руу дээрээс нь ч, доороос нь чулуу нүүлгэх нь дамжиггүй. Цанхийн зүүн уурхайг эхлээд биржид гаргая гэж буй нь түүний дан шуудагны барьцанд хүрэх тактик гэж ойлгоё.

Засгийн газраар “Эрдэнэс Тавантолгой”-н бүтцийн өөрчлөлтийг дэмжүүлчихлээ гэж бодъё. Дараа нь дахиад нэг шуудагны барьцтай болох шаардлагатай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг давж байж давхар шуудагны барьцтай болно. Өөрөөр хэлбэл, Оффшорын эсрэг хууль мэх хийхэд тээг болох юм. Уг нь Оффшорын эсрэг хууль нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтны ашиг сонирхлыг зохицуулахад чиглэсэн. Гэвч “Оффшорт бүртгүүлбэл гадаадын компани болчихдог”, “Оффшор нь хулгайлсан мөнгөө нуудаг газар” гэсэн суртал ухуулгыг улстөрчид нийгэмд хүчтэй тараасан. Тиймээс төрийн өмчит компанийг оффшорт бүртгүүлэх нь гэсэн шүүмжлэл гаргах нь дамжиггүй. Зориуд харлуулах суртал ухуулгын ажил эхлүүлбэл мэх хийхэд бэрх болно. Манай улстөрчид зориуд буруу ойлголт төрүүлэхдээ аатайг бид андахгүй. 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг компанийг нь нийтийн албанд хамааруулах нь өрөөсгөл хэрэг. Гэхдээ л оффшор бол барьц олж авч чадахгүй тэвдүүлэх шалтгаан яалт ч үгүй мөн.

Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн биржид гаргахын тулд Англо-Саксоны эрх зүйн тогтолцоо үйлчилдэг оффшор бүсэд бүртгүүлэхээс өөр сонголт бараг үгүй. Англо-Саксоны эрх зүйн тогтолцоо нь бизнесийн орчны маш сайн зохицуулалттай. Тиймээс хөрөнгө оруулагчид ийм зохицуулалттай газарт бүртгэлтэй компанийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байдаг. Аливаа маргаан гарахад Лондоны шүүхээр шударга шийдвэрлүүлж чадна гэж тэд тооцдог юм. Манайд бүртгэлтэй компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргавал хулхидуулж мэднэ гээд хэн ч тоохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдад манай улстөрчид таагүй ханддагийг дэлхий нийт мэддэг болсон. Оффшортой холбогдуулан дайрах бэрхшээлийг давж чадвал давхар шуудагны барьцтай болж, төлөвлөсөн мэхээ даацтай хийх зам ерөнхийдөө шулуудна.

Гэхдээ мэх хийхээсээ өмнө бага сага бэрхшээл давах учиртай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны бүртгэл бүрэн цэгцрээгүй байгаа. Хувьцаагаа мөнгөөр сольсон иргэд “Миний хувьцаа алга болсон байна” гээд хууль хяналтын байгууллагад гомдол гаргачихсан. Гомдлын тоо 14 мянга хүрэх шинжтэй байна гэсэн. Үүнийг цэгцэлж, учир начрыг нь олоход Эрүүгийн цагдаагийн алба, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн хэдэн сар хамтарч ажиллах шаардлагатай. УУХҮЯ-ныхан IPO хийхээс өмнө амжаад хувьцааных нь бүртгэлийг цэгцэлнэ гэж мэдэгдлээ. Толгой компанийнх нь эзэд хэн нь тодорхой болоогүй байхад “охин”-ых нь хувьцааг арилжих ёс зүйд үл нийцэх агаад итгэл төрүүлэхгүй нь мэдээж.

Оффшорт бүртгүүлэх компанийнхаа хувьцааг “Эм Си Эс холдинг”-той адил Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр зэхэж байгааг дуулгачихъя. Тэднийх “Эрдэнэс Тавантолгой”-н өмнө 300 гаруй компанийн хувьцааг арилжих хүсэлт хүлээж авсан. Тэднийг хувьцаагаа гаргаж дуусахыг хүлээвэл нэр нь хараахан тодроогүй байгаа манай оффшор компани хувьцаагаа хоёр оны мөчлөгт гаргаж амжихгүй. Тиймээс дарааллыг дайрч, бусдын өмнө гарах хэрэгтэй. Манайхан дараалал дайрах яриа хэлэлцээгээ амжилттай хийсэн сурагтай. “Нөөц баялгаараа дэлхийд дээгүүрт ордог ордыг “дараалал дайруулан” бүртгэж болно” гэж Хонконгийн хөрөнгийн биржийнхэн хэлсэн гэнэ. Том баялгийг бирждээ бүртгэвэл тэднийд л ашигтай. Энэ бэрхшээл гайгүй шийдэгдэх бололтой.

Оффшор компаниа дэлхийн түвшинд хүрсэн менежментийн багаар удирдуулна гэж буй. Ашиг орлого өндөртэй төрийн өмчит компанид улстөрчид “гарын хүн”-ээ ажиллуулах сонирхолтой байдаг. Түүгээр дамжуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэж тэр шүү дээ. Оффшор компанидаа улс төрөөс хараат бус, биржийн шаардлага хангасан менежментийн баг томилох ажил бас л хэл ам дагуулж таарна. Баялгаа өндөр үнэлүүлэхийн тулд чадвартай баг бүрдүүлэх шаардлагатай. Энэ бүхний ард гарч чадвал санасан “мэх”-ээ хийж, Тавантолгойн ордыг олон улсын зах зээлд гаргаж, шаардлагатай хөрөнгөө босгох юм.

Гэхдээ биелэх нь тодорхойгүй, бүрхэг асуудал, давах бэрхшээл олон байгаа биз. Ерөнхий сайд С.Баяр асан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг хар толгойгоороо хариуцна” хэмээн зүтгүүлж байж батлуулсан. Том шийдвэрт улс төрийн зориг хэрэгтэй байдаг байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн IPO-н талаар дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, бүтцийг нь өөрчлөх асуудлыг дахин дахин буцааж буй нь ямар учиртай юм бол. Ордыг хуваах нь гэсэн болгоомжлолд эцсийн бүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цэг тавих болов уу. Тэндээс ямар шийдвэр гаргахаас Д.Сумъяабазар сайд шийдсэн “мэх”-ээ хийж амжих, эсэх хамаарах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)