Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

Хамарын хийдийн ойролцоогоос нүүсэн ч 10 хүрэхгүй км-ийн зайд буужээ

Болсон сүүний цөцгий шиг бядгүй, юуханд ч хэгзэрч, элс нь сул асгараад ирэх говийн эмзэг зөөлөн хөрсийг хайр найргүй онги татсан ачааны том машины арзгар дугуйн мөрийг хараад Н.Батцолмон хэмээх хөдөөх эр чин сэтгэлээсээ харуусан шогшров. “Манай энэ хавьд ийм машины мөр байгаагүй юм шүү дээ. Саяын хэд хоногт энэ гайтай компани байр сууцаа зөөх төдийд л ийм боллоо. Цаашид уурхай нь ажиллаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх байна” хэмээн ярих энэ эр Хамарын хийдийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч юм. Алсаас өндөр уул, ургаа хадгүй, бартаа саадгүй харагдах ч тулаад очихоор огцом гуу жалга, дов сондуултай, элсэн дундаас цухуйх төдий чулуу ч намхан машины “гэдэс гүзээ”-г хага татаж мэдэх элдэвтэй говийн замд “балчирдана” хэмээн бидний унааг голж, өөрийнхөөрөө хөл залгуулж яваа нь энэ.

“Хамарын хийдийн ойролцоо уурхай ажиллаж, олборлолт явуулахаар ажилчдын байраа төвхнүүлж, бэлтгэлээ базааж байна” гэсэн нутгийн иргэдийн барим тавим яриа, дүрс бичлэг өнгөрсөн долоо хоногийн эхээр цахим сүлжээнд түгсэн. “Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа” гэдэг шиг ашигт малтмал гэхээр амиа тавих шахаж, юуг ч хайрлаж, хамгаалахаа мартдаг шийдвэр гаргагчидтайгаа мэдэх хэдий ч түүх, соёлын дурсгалтай, аялал жуулчлалын томоохон төв болж буй, нийтээрээ “Энергийн төв” хэмээн итгэж, сүсэлдэг Хамарын хийдийг ухуулахыг зөвшөөрсөн гэдэгт нь эргэлзэж нэг өдрийг өнгөрөөв. Хоёр, гурван өдөр өнгөрсөн ч олны шуугиан намжсангүй тул сураг ажиг тавьтал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж буй нь баттай боллоо. Гэвч Хамарын хийдтэй хаяа залган кэмпээ байрлуулж, тусгай хамгаалалттай газрыг ухахаар нэгэнт шулуудсан бөх зүрхтэй компанийн талаар тодорхой мэдээлэл олдоогүйн зэрэгцээ нэг нь нөгөөгөөсөө зөрүүтэй оочин цойчин мэдээллүүд эргэлзээ төрүүлсэн олон асуултад хариу өгч чадахгүй байсан тул газар дээр нь очиж сурвалжлан цэгцтэй мэдээлэл бэлтгэх, бодит байдлыг тодруулах зорилго тээн үдшийн бүрийгээр нийслэлээс мордож, үүрийн харанхуйгаар Сайншандад буусан юм. Харин Хамарын хийдэд ирэхэд бага үд болж байв.

Нийслэлээс гарч явах үед буюу лхагва гаргийн орой “Хамарын хийдийн ойролцоо олборлолт хийх гэж байсан компанийн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэлээ” гэсэн утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархсан билээ. Харин байгаль хамгаалагч Н.Батцолмон “Худлаа мэдээлэл их цацагдаж байна. Өчигдөр гэхэд л уурхайг татан буулгасан, үйл ажиллагааг нь зогсоосон гэж фэйсбүүкээр баахан тараасан нь худлаа шүү дээ. Ажилчдын байр болгохоор тохижуулсан чингэлгээ тэрүүхэн тэнд нь зөөж тавьсан. Хүмүүсийг хуурч, төөрөгдүүлэн, санааг нь амраах гэж байхгүй юу. Ингэж тайвшруулж байгаад л ухна. Хөрсөө хуулуулахаас өмнө л тэмцэж, зогсоохгүй бол нэгэнт хөрс хуулаад эхэлчихвэл байдал улам хүндэрнэ” хэмээсээр биднийг угтсан юм.

Хэрэг зоригийг минь сонсонгуутаа эхнэрийнхээ гараа гаргаж урласан хошмогтой ягаан тэрлэгийг хам хум бүслээд, гаднаас нь харахад асдаг л байгаа даа гэмээр, дотор нь суугаад явахад бартаат замыг танк шиг туулдаг суудлын тэргээ асаасан түүний шалмаг түргэн хөдөлгөөнөөс “Энэ сайхан нутгаа би л хамгаалах ёстой” гэсэн бодлыг нь уншиж ядах зүйл байсангүй. Тэрбээр гурав дахь жилдээ байгаль хамгаалагчаар ажиллаж буй аж.

Жуулчдын зорьж очдог Хамарын хийд, сүсэгтнүүдийн эргэл мөргөл хийдэг Шамбалын орноос зүүн хойш гарч, энхэл донхолтой замаар элэг бөөрөө доргитол донсолгож явахдаа бид “том толгойтой” компанийн талаар ярьсаар л явав. Н.Батцолмон “Хүмүүс Хамарын хийд, энергийн төвийг ухах гэж байгаад ер итгэж чадахгүй байна шүү дээ. Энд тэндээс холбогдож, асууж байна. Өчигдөр Сүхбаатар аймгаас нэг хүн холбогдоод, “Энэ худлаа биз дээ” гэлээ. “Үнэн. Яах аргагүй ийм юм болоод байна” гэхэд “Арай ч дээ. Нутгийн иргэд газар орноо хамгаалж сайн тэмцээрэй. Хүч дутвал очиж хамгаалалцахад бэлэн шүү” гэсэн. Энэ ч тэгж хүний хүчээр шийдэгддэг эд биш байх. Гэхдээ хүмүүс ингэж хандаж байгаа нь сайхан юм” хэмээснээ гэнэт нэгийг санав бололтой “Эдний бичиг баримтыг үзэх гэхээр хэл мэдэхгүй гээд хөдөлдөггүй юм. Өмнөх жилүүдэд энэ газарт хайгуул хийж, өрөмддөг байсан. 2017 оны намар хэсэг өрөмдөөд, арваннэгдүгээр сард буусан. Тэгээд өнгөрсөн хавар дулаарангуут дахин хайгуул хийж эхэлсэн. Тэгэхэд нь би Зүүнбаянгийн цагдаа, Хамарын хийдийн цагдаатай хамт очсон юм. Тусгай хамгаалалттай газарт хэн, юу хийж байгааг үзэж шалгах эрх, үүрэгтэй шүү дээ, бид. Тэгэхэд нэг хятад, хэдэн монгол байсан. Хятад нь хэл мэдэхгүй гээд толгой сэгсрээд суучихна. Монголчууд нь бид юу ч мэдэхгүй, хөлсний ажилчид гэнэ. Ингээд юу ч үзүүлээгүй, шалгах, учир байдлыг тодруулах ямар ч боломж байгаагүй тул би аймаг руу хамгаалалтын газрын захиргаандаа мэдэгдэж, цагдаа нар газар, хэлтэс рүүгээ ярин, нэмэгдэл хүч дуудаж, шалгахад ямар ч бичиг баримтгүй, машиных нь гэрчилгээ ч зөрчилтэй, нэлээд асуудалтай байсан. Тэгээд тэднийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэцгээж байтал шалгалгүй өнгөрсөн” гэв.

-Яагаад шалгаагүй юм бэ?

-Нэлээд дээрээс заавар ирсэн байх. Би тэр талаар ярьж болж байна уу, үгүй юү.

-Та хэлж байж л юу болсныг хүмүүс үнэн, зөвөөр нь мэднэ шүү дээ.

-Дээрээс том дарга яриад байна. Энэ хүмүүст арга хэмжээ авч болохгүй нь гэцгээж байсан.

-Хэн?

-Аймгаас ирсэн цагдаа нартай хамт машинд сууж байсан юм. Гэтэл нэгнийх нь утас дуугарч, яриад, “Энэ хүмүүсийг явуулахгүй бол болохгүй нь. Дээрээс ярьж байна” гэсэн. Тэр тийм ч бага цолтой хүн байгаагүй. Ингээд арга хэмжээ авч чадаагүй өнгөрсөн. Зун нь бас л болохгүй боллоо гэж цагдаа, сэргийлэх ирж, үзэж харж, шалгаад явсан. Хэд хэдэн удаа ийм явдал болсон ч тухай бүрт нь хуулийн байгууллагынхан руу танил талаараа яриулаад арга хэмжээ авхуулаагүй. Тэгэхэд юу юугүй ухах гээгүй болохоор харьцангуй тайван байсан. Одоо бол ажилчдын байр, шатахуун түгээгүүр, цахилгааны эх үүсвэртэй кэмп байгуулаад, юу юугүй ашиглах нь. Хөрс хуулж эхлэхээс нь өмнө тэмцэж, зогсоох ёстой гэсэн бодолтой суугаа.

Ийн ярьж явтал бартаа саадыг ажирдаггүй гүжирмэг машин элсэнд сууж орхилоо. Н.Батцолмон хүрз, жоотуу ч гэсэнгүй, үсэрч буугаад хошмогтой ганган дээлийнхээ ханцуйгаар жийрэглэж байгаад дугуйг нь хий эргүүлсэн сул элсийг малтаж гарав. Азаар айхтар их элс биш аж. Хөнгөн тэрэг ч сууж юу шалих вэ. Элсийг нь жаахан зайлуулаад, хамт яваа хоёр залуугаар түрүүлэхэд төвөггүй гарчихлаа.

Эргэн тойронд сүлжин хэрсэн машин техникийн мөр шив шинэ, тов тодхоноороо, хагарсан шил, ундааны сав, хятад үсэгтэй цаасан хайрцагны уранхай сэлтийг хөглөрүүлж орхисон хоосон буурин дээр ирэв. Компани энд кэмпээ төвхнүүлэхээр буусан ч Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт буулаа гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад биднийг очихын өмнөх өдөр нүүжээ. Тэнд байх дагтаршиж дарагдан сүр бараа нь багассан овоолоостой шороог өнгөрсөн жилийн өрөмдлөгийн ул мөр хэмээн байгаль хамгаалагч баталсан. Иймэрхүү овоолсон шороо, өрөмдлөгийн нүх энэ хавьд тоймгүй олон гэнэ билээ.

“Ашгүй, юмаа зөөгөөд явж. Нэг хэсэгтээ л ухахаар дайрахгүй болов уу” гэх тайвшралыг үргээсэн “Энүүхэнд, тусгай хамгаалалттай газраас ч гаргаагүй буулгачихсан. Хүмүүсийг хуурах гэж л үүнийг хийсэн” гэх байгаль хамгаалагчийн үг худлаа байгаасай хэмээн бодсоор цааш хөдлөв. Тэр хавьдаа өндөрлөгт тооцогдох довцгийн баруун энгэрт зогсоо, жолоочгүй ковш алсын бараа ажиглах харуул манаа мэт. Уурхайнхны авчирч орхисон техник гэнэ. Түүний хажуугаар өнгөрч, ааргийг дамжсаар огцом уруудахад бартаа саад ихтэй толгодын дундах хэсэгхэн тэгш дэвсэгт “Галын аюултай” гэсэн бичигтэй аварга том (тус бүр нь 50м3 багтаамжтай) ёмкостиуд хэд хэдээрээ хөндөлдөн гулдайж харагдана. Газар нутгаа гарын арван хуруу шигээ мэддэг байгаль хамгаалагчаар замчлуулаагүй бол говийн сархиаг нугачаа ихтэй аараг толгод дундаас энэ мэт далдалсан зүйлсийг олно гэдэг бүтэшгүй зүйл байсан биз.

Ухаж сэндийчих бүү хэл, чулууг нь хөндөлгүй хайрлаж хамгаалдаг, сүсэлж биширдэг газар нутгийг сүйтгэх нь хэмээн бухимдсан олныг тайвшруулж, хуурсныг нь нүдээр үзүүлж, батална хэмээн Н.Батцолмон машинаа асаав. Хүн, малын бараа ч цөөхөн харагдах ээрэм говийн амар амгаланг эвдэх, онгон дагшинг сүйтгэх аюул хаяанд ирснийг тунхаглах мэт том оврын техникүүд байсхийгээд л тааралдах аж. Замд хүнд даацын ачааны гурван машин зөрөлдөн зогсож буйтай таарлаа. Өчигдөр зөөсөн чингэлгийг ачиж яваад нэг нь мотороо цохиулж, нөгөө хоёр нь орхиод явж чадалгүй хамт хээр хоносон гэнэ. Тэд “Чингэлгүүдийг энүүхэнд буулгасан. Одоо очиход хүнгүй л байгаа болов уу. Хятадууд нь аймгийн төв орж хоносон байх. Тэд монголоор ганц ч үг хэлэхгүй хэрнээ бидний ярьж байгааг сүрхий ойлгодог бололтой дог шүү. Нутгийн иргэд ирж баахан хараасныг ойлгоод байна билээ” гэхчлэн бидний сурвалжлах ажилд тус болохыг хичээж, үзсэн дуулсан бүхнээ хуваалцав.

Тэндээс цааш 5-6 км яваад нөгөө газарт нь хүрлээ. Түрүүнийхтэй ижил шатахууны хоёр ёмкость, вакум цонх, төмөр хаалгаар тоноглон, ажилчдын сууц болгохоор бэлтгэсэн 20 гаруй чингэлэг, хоёр ширхэг цахилгаан үүсгүүрийг хээр талд ундуй сундуй буулгаж орхижээ. 200 кВ хүчин чадалтай хоёр цахилгаан үүсгүүр багахан сумын төвийг өлхөн гэрэлтүүлчихнэ гэж мэргэжлийн хүн хэлсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй уурхай шатахууны ганц, хоёр ёмкость авчирдаг бол эднийх зургааг авчирчээ. Энд олборлолт хийхийн тулд тус компани багагүй хөрөнгө, хүч хаяж буй нь эндээс харагдаж буй биз.

Биднийг тэнд очихтой зэрэгцээд тал талаас машин, мотоциклтой хүмүүс цуглав. Газар шороогоо хамгаалах нэгэн зорилгод зангидагдсан нутгийн иргэдийн зарим нь хэвлэлийнхэн ирснийг сонсоод үгээ хэлж, дуу хоолойгоо хүргэхээр яарсан нь энэ аж.

Дорноговь аймгийн Өргөн сумын I багийн иргэн Д.Мядагмаа “Хэцүү байна даа, хүүхдүүд минь. Улс орон ингэж эзэнгүйдэх ч гэж. Үе дамжин нутаглаж ирсэн өвөлжөө минь энүүхэнд байдаг. Өвөлжөөгөө хүргэндээ өгчихөөд манайх өөр газар өвөлжиж байгаа. Гэтэл саахалт айлынхан ийм юм болоод байна гэж өчигдөр утсаар хэллээ. Би баахан сандарч, ийш тийш утас цохилоо. Сум руу утасдахад “Бид уулзсан. Нүүнэ гэж хэлсэн” гэсэн. Гэтэл нүүх нь бүү хэл, чингэлэг нэмж авчраад байна. Аргаа барж суутал та нар ирэх дуулдаж, зүтгэсээр ирлээ. Энэ хавь булаг шанд ихтэй, говьд цөөрсөөр байгаа баянбүрдийн нэг, жинхэнэ бэлчээр нутаг. Устай газар говийн хамгийн амин чухал цэг шүү дээ. Гэтэл ингээд ухах гээд байж болох уу даа. Сум, багт мэдэгдэхгүй нууцаар ухах гэж явдаг улс юм уу. Манай дарга нар мэдсэн ч сэм нийлээд ухуулж байдаг юм уу. Ямар ч байсан нутгийн иргэдэд хэн ч, юу ч хэлээгүй. Хулгайч аятай ингэж яваа юм байна” гэсэн бол тус багийн иргэн Ц.Батханд “Нутгийг минь ухахыг би л лав зөвшөөрөхгүй. Дээгүүрээ хөөцөлдөөд бичиг баримтаа авсан юм уу, яасан юм. Яасан ч байсан ухна гэвэл би л лав тэмцэнэ. Нутаг усаа хамгаална, эднийг зайлуулна. Энэ газар чинь эзэнтэй” хэмээн эрсхэн хэлэв.

Хамарын хийдийн хамба лам Ц.Дөш “Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өв соёлыг хадгалж, тээж өдий хүрсэн түүх, соёлын дурсгалт дагшин орныг ухна гэж юу гэсэн үг вэ. Тусгай зөвшөөрөл гээчийг нь өгчихсөн юм бол цуцалж хүчингүй болгох, орон нутгийг улам сайн хамгаалах, улсын хамгаалалтад авхуулах хүсэлтэй байна. Салхи ихтэй, эмзэг зөөлөн хөрстэй газрыг ухвал энэ хавь тэр чигээрээ тоос, элс болно. Юун аялал жуулчлалын бүс, энергийн төв манатай, нүүрсний тортог л болох байх. Энэ хөрсөн дор үлэг гүрвэлийн яс, өндөгнөөс эхлээд нүүрснээс өөр баялаг их бий гэдэг юм. Сайн судлагдаагүй газраас нүүрстэй хамт өөр зүйлс ч ухахыг үгүйсгэх аргагүй. Монголд баялагтай газар олон байна. Заавал энэ олон хутагтын авшиг шингэсэн дагшин орныг ухах шаардлага байна уу” хэмээн эрх мэдэлтнүүдэд уламжилсан.

Газар дээрээ байдал ийм л байна. Нэг компани Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт олборлолт хийхээр ирж. Тэгэхдээ Монгол Улсын хуулиар бүрдүүлэх ёстой 26 төрлийн бичиг баримтаас нэгийг ч авчраагүй, наад зах нь олборлолт явуулах гэж буй компанийн нэн тэргүүнд хийлгэх ёстой суурь бичиг баримт болох ТЭЗҮ, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд авсан Эрдэс баялгийн зөвлөлийн протокол ч үгүй яваа болохоор нь тэднийг бүдүүн зүрхтэй гээд байгаа юм. Тэд иргэдийн эсэргүүцэл, бухимдлыг намжаахаар нүд хуурсан нүүдэл хийсэн ч тусгай хамгаалалттай газар нутгаас гарсангүй. Бас тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр байгаа. Энэ хүртэл Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт олборлолт эхлүүлэхээр завдсан компанийн нэрийг дурдаагүй, тэдний талаар ямар нэг мэдээлэл өгөөгүйг анзаарав уу. Учир нь компанийн талаар тодорхой мэдээлэл орон нутагт алга. Тусгай зөвшөөрөл нааш, цааш шилжүүлсэн олон компанийн нэрэн дунд албан тушаалтнууд нь төөрч, ээдрээтэй түүхийнх нь учрыг олохгүй будилж сууна билээ.

Энэ талаар дараа, дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)