Вируст хаалга нээж өгч буй нь ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ

Байгаль, сансар огторгуй ч юугаар баян, вирус, нян, бактери гээд бичил биетээр баян ажгуу. Хүн төрөлхтөн саяхан болтол энэ хорвоод олон төрөл зүйлийн зургаан мянга орчим вирус байдаг гэсэн ойлголттой байсан ажээ. Вирус судлалын нэн шинэ түүхийн үүднээс авч үзвэл, XX, XXI зуунд шинээр мянга орчмыг илрүүлж. Вирус нь амьтан, ургамалд байх а

гаад тэдгээрээс хүнд халдварладаг нь тийм ч олон биш гэнэ. Ханиадны, халдварт шар өвчний гэх зэрэг улиг болсон гээд хэлчихэд алдас болох нь өнгөрсөн вирусүүдийг хүний бие махбод таньдаг бөгөөд өөртөө “наахгүйн” тулд хэрэндээ хичээдэг, тэмцдэг аж. Харин өдгөө хүн төрөлхтнийг түйвээж буй шинэ корона нь урьд өмнө байгаагүй бөгөөд тухайлбал сарьсан багваахайгаас хүнд очиход бие махбод танихгүй тул санамсаргүй, гэнэдээд хаалга тайлаад өгчихсөн юм байна. Гэнэт орж ирсэн урилгагүй зочин хүний бие хэмээх үл мэдэх орчинд мөн л байж ядан зүсээ хувирган тийчилж буй нь энэ аж. Тийм болохоор нь эрдэмтэд шинэ хэмээн тодотгожээ.

Коронавирус түйвээж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд дэлхийн вирус судлаачид өдөр, шөнийг умартан ажиллаж буй нь лавтай. Эцэст нь тэд энэ бол ирээдүйд хүн төрөлхтнийг тавгүйтүүлэх олон вирусийн эхнийх нь гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нэгийг яая гэж байхад дахиад юун олон юм бэ, хаанаас вэ гэж асуух хүн гарна. Товчхондоо нэг талаар хүн төрөлхтөн өөрсдөө хэдийн вирус тариад эхэлжээ. Дэлхийн дулаарлаас болж бөмбөрцгийн хоёр туйл орчмын мөс, цэвдэг хайлан нимгэрэх хэрээр доороос нь эртний, сөнөж, устсан хэмээн тооцож байсан бодгал бүрийн үлдэгдэл дэх вирусүүд дэгдэн тархсаар байх аж. Уур амьсгалын өөрчлөлтийн дүнд дэлхийн дулаарал аяндаа аажим явагдаж буй гэж үзэж болох ч хүний хүчин зүйл нэрмээс болдгийг эрдэмтэд судалгааны ажлын дүндээ үндэслэж байнга хэлдэг. Гэтэл ажил хэрэгчээр хүлээж авч, улс, үндэстнийхээ хүрээнд дэлхийн дулааралд нөлөөлөхгүй байх тухайд даацтай арга хэмжээ авдаг нь хэд билээ. Чухам ийм болохоор эрдэмтэд хүн төрөлхтөн өөрсдөө элдэв вируст үүд хаалга нээж өгөх боллоо гэж үзэж буй. Америкийн Үндэсний газар зүйн нийгэмлэгийн ажилтан, Испанийн эрдэмтэн, далай судлаач Энрик Сала “Цаашид хамтаар далайгаа сайтар хамгаалъя. Далай байгаль дахь элдэв бохир зүйлийг цэвэрлэж, тэр дундаа вирусийг ч идэвхгүй байлгаж чаддаг” гэж олон улсын эрдэмтдийн дүгнэлтийг улс орнуудын Засгийн газарт хандаж танилцуулах явцдаа хэлжээ. Дэлхий нийтээр онц “хэрцгий” вирусийн аюулыг мэдэрч буй тул цаашид үүнээс илүү аюултайг нь “сэрээчихгүйн” тулд хичээж, бүх талаар арга хэмжээ авах ёстой нь тодорхой болж байна.

Өнөөдөр дэлхий дахинд байдал ямаршуу байгаа билээ. Нью-Йорк дахь Шинжлэх ухааны академийн гишүүн, вирус судлаач Анатолий Альтштейн “Зуны улирал ирэхтэй зэрэгцээд шинэ вирусийн тархалт намжина” хэмээн өчигдөр хэлэв. Үүний зэрэгцээ тэрбээр “Амьсгалын замын тахал голдуу сэрүүн улиралд дэлгэрдэг, яагаад гэвэл хүмүүс зун уг өвчинд тэсвэртэй байдаг” гэсэн. Мөн өвчний голомт болж буй улс орнуудад эдүгээ авч хэрэгжүүлж буй тусгаарлалт, хөл хорио зэрэг нийгмийн арга хэмжээний үр дүн гарна. Ердөө ирэх долоо хоногт мэдэгдэж эхэлнэ” гэв. Үүний өмнө хойд хөршийн Ус, цаг уурын шинжилгээний төвийн захирал Роман Вильфанд “Энэ вирусийн тархалтын хурд цаг агаараас хамаарна.

Нарны илч нэмэгдэх тусам идэвхжил нь буурна. Гэхдээ үүнийг батлах хэрэгтэй” хэмээн эргэлзэнгүй дуугарч байсан нь судлаачийн хэлснээр нотлогдох шиг. Гэтэл ХБНГУ-ын судлаачид иргэддээ энэ өвчин наанадаж хоёр жил арилахгүй гэдгийг хэлсээр, сануулсаар байгаа юм. Мөн тухайн үед нь хэн ч нухацтай хүлээж аваагүй, харин одоо амаа барихаас наагуур байгаа бас нэг явдал бий. Технологийн магнат Билл Гейтс 2006 онд хүн төрөлхтөнд ойрын ирээдүйд дайн бус, харин вирус гай тарих болно, гэтэл үүнд анхаарч байгаа хүн алга, дэлхий даяараа бэлэн биш хэвээр байна хэмээн шилдэг лекторуудын TEDx тайзнаа хэлж байсан. Энэ цаг үеийн их сэтгэгчдийн нэгэн тэрбээр цэнхэр гаргийнхаа амьдралын зүй тогтлыг үндэслэн тийнхүү дуугарсан бололтой. Хэдхэн хоногийн өмнө орчуулагч Г.Дэлгэрмаа “Шинэ корона намжлаа ч, араас нь өөр, өөр вирус байсхийгээд гарч ирж байх болно” гэж гадаадын эрдэмтэд бичээд байх боллоо. Ямар хэцүү цаг үе ирэх нь энэ вэ” гэж байсан. Өөр вирусийн сураг одоохондоо үгүй ч, өнөөх шинэ корона хүнээс амьтанд халдварлаж эхэлсэн тухай таагүй мэдээ байна. Гадаадад муур, бар гэх зэрэг амьтан өвчилжээ. Тэгэхээр “Ковид-19” хэсэгтээ хүн төрөлхтний амьдралын нэгээхэн хэсэг байх төлөвтэй.

Гурван сарын хугацаанд хүн төрөлхтнөөс далаад мянгынх нь амийг аваад буй заналт вирус “хэрэг тарьчихаад” улс орнуудын удирдагчид ямар арга хэмжээ авах, иргэд нь хэрхэн хүлээж авах, ер нь улсууд хэдий хэрийн хугацаанд ямар хохиролтойгоор даван туулахыг нь холоос хараад буй мэт санагдах. Амны хаалт дээр бараг зодолдуулах нь. БНХАУ-аас нэр заан илгээж байсан амны хаалтыг дундаас нь өөр хүмүүс хэд хэдэн удаа гуйвуулж, үндсэндээ дээрэмдэв. Шанхайн онгоцны буудал дээр Франц улсаас захиалгатай амны хаалтыг ачиж байхад Америкийн тал гурав дахин илүү үнэ төлөөд шууд өөрийн орон руугаа явуулав. Мөн БНХАУ-аас Итали улс руу хэмээн хаягласан амны хаалтыг чехүүд замаас нь булаав. Швед рүү илгээснийг Францын тал авчихсан. Тэр бүү хэл хувь хүний захиалсныг хүртэл замаас нь авсан байв. ОХУ-ын төв телевизийн Нью-Йорк дахь сурвалжлагч Тайландаас өөртөө хоёр хайрцгийг захиалан авчруулж байтал дундаас нь Францын тал авчихсан. Түүнд амны хаалтны оронд ил захидал, мөнгө ирсэн тухай ярьж байлаа. Ил захидалд “Уучлаарай, энэ бүтээгдэхүүнийг туйлын шаардлагатай байгаа хүмүүс рүү илгээхээс өөр аргагүй байдал үүслээ” гэж бичсэн байв. Ийнхүү шинэ вирусийн улмаас лав олон улсын шуудангийн үйлчилгээ гажиж эхэлжээ.

Коронавирусээр өвчлөгсдийг эмчлэх тогтсон эм одоохондоо алга. Урьдчилан сэргийлэх вакциныг АНУ, ХБНГУ, Франц болон БНХАУ-ын Инженерийн академи, Хонконгийн их сургууль, Израиль дахь MIGAL институт, ОХУ-д гэхэд Санкт-Петербург, Новосибирскийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төвүүдэд хийж эхэлсэн. Вакциныг хаана ч гаргаж авсан байлаа, үр дүнг нь үзэх хүртэл хугацаа хэрэгтэй. ДЭМБ-ын Европыг хариуцсан тусгай элч “Вакцин үйлдвэрлэгчид одоогоор бүгд клиникийн туршилт явуулж буй. Хүнд бол наанадаж энэ оны сүүлчээр тарих юм. Түүнээс наана туршиж болохгүй. Муу вакцин вирусээс илүү хортой” гэсэн.

Ийм нөхцөл байдалд аль ч улс орны иргэд хэдийн мэддэг болсноороо аливаа амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалдаг зарчмаар эрүүл аж төрж, ариун цэвэрч байх дэглэмийг баримтлан өөрийгөө болон өрөөлийг аварна.

Хэдэн мянга, сая жилийн турш онгон дагшин байсан байгалийг хүн төрөлхтөн хэрээс хэтэртэл сүйтгэж, экологийн зохист, тэнцвэрт байдлыг алдагдуулах болсонтой урьд өмнө байгаагүй элдэв таагүй бүхэн холбоотой талаар эрдэмтэд, судлаачид ярьж байгаагийн дотор вирус ч багтана. Коронавирусийг агуулагч сарьсан багваахай ширэнгэн ойдоо амгалан тайван байсан бол түүнээс вирус гадагшлахгүй байсан ч юм бил үү. Тэгэхээр Билл Гейтсийн хэлсэнчлэн болон олон орны эрдэмтдийн сануулж байгаачлан хүн төрөлхтөн цөмийн ч бай, өөр төрлийн ч тэр зэвсгээр дайтахаас өмнө байгалиас өөрөөс нь “урган гарах” вирусүүдийн хөлд зүдрэх төлөвтэй ажгуу. Тэр цагт дэлхийн улс орнууд өнөөдөр бие биеийнхээ амны хаалтыг дээрэмдэж байгаа шигээ эв түнжингүй байх бус, харин ч дэлхийгээрээ, гаргаараа нэгдмэл ойлголт, нэг зорилготой байж тэмцэх аваас хүн төрөлхтөн нийтээр аврагдах биз ээ.

Африкаас бусад тивийнхэн бас л муу хүмүүс юм. Экватороос урагш орших улсуудын иргэд эбола зэрэг вируст тарчилж байхад тэдэнд туслах тухай ярих нь бүү хэл мэдээ ч үгүй өнгөрөөж байжээ. НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын томоохон байгууллага зохих арга хэмжээ авсаар тэр вирусийн тархалтыг түр ч болов зогсоогоод байгаа аж.

Харин энэ удаа хөнөөлт вирус Ази, Европ тивийг бүхэлд нь хамрахад л сая энэ нь хэр аюултай болохыг ойлгож, мэдэрч, сандарч байна. Өдгөө улс орнууд дотоод дахь өвчин, тахалтай тэмцээд унтах завгүй байна. Харин БНХАУ шиг вирусийн тархалтыг зогсоож, өвдсөн хүмүүсээ бүрэн эдгээхийн цагт хоорондоо бүү дайтаасай л билээ.

Эдүгээ улс орнууд вирусийн тархалттай өөр, өөрийн бичсэн “зохиолоор” тэмцэж буй ч, ерөнхийдөө ДЭМБ-ын зөвлөмжийг баримтлах маягтай ажиллаж байгаа. Тус байгууллагатай, үгүй ч учраа олно гэж даналздаг АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг нь өвчинд ам гардаггүйг мэддэггүй гэхээр хэнэггүйтсэний улмаас хүн амаа хохироож байна уу гэж харахаар байгаа юм.

Ташрамд, ДЭМБ вирусийг, аюул, хөнөөлийг нь төдийлөн үнэлж чадсангүй бус уу. Тус байгууллагын зүгээс бүхэл бүтэн гурван сарын дараа “Амны хаалтыг бүх хүн зүүх нь дээр юм байна” гэж мэдэгдэх юм. Нэр дурдсан гурван улсын удирдагчид дор бүрнээ аюулыг тоомжиргүй угтаж авснаар өнөөдөр түймэр мэт алдчихаад байна. Тэд битүүхэндээ ДЭМБ-ын зөвлөмжийг удирдамж болгож байсан нь лавтай. Тус байгууллагын байр суурийг тусгай төлөөлөгч Тарик Язаревич нь илэрхийлэхдээ “Өвчтэй хүмүүс, эсвэл өвчтөн асарч буй хүн л амны хаалт зүүнэ, эрүүл хүмүүс зүүх шаардлагагүй, яагаад гэвэл эмнэлгийн амны хаалт вирусээс хамгаалж чадахгүй” гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан. Өвчтэй хүмүүс зүүх нь бусдад халдвар тараахгүй гэж тэр. Ойлгомжтой. Өвчтөн асарч байгаа нь бие муу хүнээс халдвар авахгүй гэж тэр. Нэгэнт ийм юм бол эрүүл хүмүүс зөрөөд өнгөрсөн нэгнээс, хамт унаанд яваа хүнээс вирус “зооглохгүйн” тулд хамгаалж амны хаалт зүүх ёстой бус уу. Өвчнй нууц үе 1-26 хоног. “Халдвар аваад, өвдөхгүй, өөрөөр хэлбэл шинж тэмдэггүйгээр аюул тээж явдаг нь байна” гэж гурван сарын турш өвчтөнүүдтэй “ноцолдсон” эмч нар хэлээд, сануулаад байхад ДЭМБ яагаад авч үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байв. Ойлгомжгүй. Тэгээд ч тус байгууллага “Энэ нь цар тахал юм” гэж бас их хожуу зарласан. Гэх мэтчилэнгийн хүчин зүйлсийн нөлөөгөөр Европын орнууд болон АНУ вирусийн халдварыг тогтоон барихад бэрхшээлтэй нөхцөл байдалд орсон гэж харж байна.

Хүн төрөлхтөн цаашид дэлхий нийтээрээ эв нэгдэлтэй амьдарч, ирээдүйд энд тэндээс босож ирэх вирусүүдийг хаалга тогшсон даруйд нь нухчин дарах тэнхээтэйгээр урагшлахгүй бол өнөөдрийнх шиг гачлантай байдал нэг бус удаа тохиолдох бололтой.